| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0164/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/189 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 17.8.3.2., |
| Улсын яллагч | Г.Тамир, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/189
2023 03 16 2023/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Г.Тамир, шүүгдэгч Э.М /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн “2311 00000 0151” дугаартай, 186/2023/0164/Э индекстэй хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ххххтоотод оршин суух хаягтай гэх, урьд ял шийтгэлгүй, Э.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газрын баруун талд автомашины зогсоол дээр байрлах иргэн Т.Гын эзэмшлийн “Тоёота приүс 20” маркийн 41-61 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санаатайгаар өшиглөж, түүнд 1.080.000 төгрөгний хохирол учруулж, “бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Гын:...”Бөртэ” оёдлын үйлдвэрт оёдолчиноор ажилладаг. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд өөрийн 41-61 УБМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приүс 20” маркийн тээврийн хэрэгслийг “Бөртэ” төвийн эсрэг талд “Бөмбөгөр” худалдааны төв рүү орох зам дагуу “Чинүгэн” төвийн харалдаа, хойно зам дагуу тавьсан. Би ажпаа хийгээд байж байхад 09 цаг 03 минутад цагдаагаас залгаад гараад ирээч гэхээр нь машин дээрээ очиход миний машины хойд талын гүпер хагарчихсан, зүүн хойд талын корлан цөмөрсөн байдалтай байсан. Би миний машиныг эвдсэн эрэгтэйг огт танихгүй, хойд гүпер хагарсан, зүүн хойд талын гэрэл хагарсан, зүүн хойд талын корлан цөмөрсөн, зүүн хойд талын хаалганы бариул доод хэсэгтээ жижиг хонхойсон байна, өөр автомашинд учирсан гэмтэл байхгүй. Хойд гүпер хагараагүй бүтэн, хаалга болон зүүн хойд кирло хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,
2.2. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, автомашины хойд гүпер гол хэсгээрээ хагарч, бутарсан. Зүүн хэсгээрээ цуурч ашиглах боломжгүй болсон. Зүүн хойд талын гэрэл гадна хэсгээрээ хагарч, цуурсан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 4-7 дугаар тал/,
2.3. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “ халимаг үстэй 25-30 орчим насны эрэгтэй зам дагуу ертөнцийн зүгээр баруун зүгт харуулан байрлуулсан саарал өнгийн “Тоёота приүс 20” маркийн тээврийн хэрэгслийн гэрэл рүү 2-3 удаа цохиж байгаа дүрс”, “Тоёота приүс 20” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэг рүү өшиглөөд хальтарч, унах бөгөөд босож ирээд тус тээврийн хэрэгслийн хойд талын гүпер рүү өшиглөж, хагалж буй дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл. /хх-ийн 21-24 дугаар тал/,
2.4. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 14-16 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс:...хохирогч Т.Гын мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-16 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 дугаар тад/, 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 50 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 53-54 дүгээр тал/, хохирогчтой шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.2.Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газрын баруун талд автомашины зогсоол дээр байрлах иргэн Т.Гын эзэмшлийн “Тоёота приүс 20” маркийн 41-61 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санаатайгаар өшиглөж, түүнд 1.080.000 төгрөгний хохирол учруулж, “бусдын эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Т.Гын:...”Бөртэ” оёдлын үйлдвэрт оёдолчиноор ажилладаг. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд өөрийн 41-61 УБМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приүс 20” маркийн тээврийн хэрэгслийг “Бөртэ” төвийн эсрэг талд “Бөмбөгөр” худалдааны төв рүү орох зам дагуу “Чинүгэн” төвийн харалдаа, хойно зам дагуу тавьсан. Би ажлаа хийгээд байж байхад 09 цаг 03 минутад цагдаагаас залгаад гараад ирээч гэхээр нь машин дээрээ очиход миний машины хойд талын гүпер хагарчихсан, зүүн хойд талын корлан цөмөрсөн байдалтай байсан. Би миний машиныг эвдсэн эрэгтэйг огт танихгүй, хойд гүпер хагарсан, зүүн хойд талын гэрэл хагарсан, зүүн хойд талын корлан цөмөрсөн, зүүн хойд талын хаалганы бариул доод хэсэгтээ жижиг хонхойсон байна, өөр автомашинд учирсан гэмтэл байхгүй. Хойд гүпер хагараагүй бүтэн, хаалга болон зүүн хойд кирло хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,
- 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “автомашины хойд гүпер гол хэсгээрээ хагарч, бутарсан, зүүн хэсгээрээ цуурч ашиглах боломжгүй болсон. Зүүн хойд талын гэрэл гадна хэсгээрээ хагарч, цуурсан” гэжээ /хх-ийн 4-7 дугаар тал/,
- 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “халимаг үстэй 25-30 орчим насны эрэгтэй зам дагуу ертөнцийн зүгээр баруун зүгт харуулан байрлуулсан саарал өнгийн “Тоёота приүс 20” маркийн тээврийн хэрэгслийн гэрэл рүү 2-3 удаа цохиж байгаа дүрс, “Тоёота приүс 20” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэг рүү өшиглөөд хальтарч, унах бөгөөд босож ирээд тус тээврийн хэрэгслийн хойд талын гүпер рүү өшиглөж, хагалж буй дүрс бичлэг бичигдсэн байна” гэжээ. /хх-ийн 21-24 дугаар тал/,
-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 14-16 дугаар тал/, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг санаатайгаар өшиглөж, түүнд 1.080.000 төгрөгний хохирол учруулж, “бусдын эд хөрөнгийг гэмтээж” байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Мгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Т.Г нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэрэг байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Мг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ