| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0180/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/196 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/196
2023 03 20 2023/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч Э.О /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн “2311 00000 0136” дугаартай, 186/2023/0180/Э индекстэй хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суух хаягтай боловч одоо ххх тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Э.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.О нь 2023 ны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Монгол” гэх нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Г.Этэй маргалдан улмаар түүний толгой, зүүн нүдний доод зовхи, баруун зулай, дух, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд уруулын салстад шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Эийн:...2023 оны 01 сарын 18-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 02 цагийн үед “Минт” бааранд архи уугаад бага зэргийн согтолттой Чингэлтэй дүүргийн 8 шаргын хажууд байдаг Тэлмэн /98111353/ гэх танил найзын түрээслэж ажиллуулдаг “Монгол” гэх нэртэй караокед ганцаараа орж үйлчлүүлсэн. Тэлмэн тухайн үед ажил дээрээ байсан болохоор текен дээр нь сууж Тэлмэн яриа өрнүүлж цагаан архи гэх нэртэй архинаас 100 граммаар 3 удаа авч уусан. Тэгтэл зүс таних Ананд гэх залуу танихгүй залуутай караокены өрөөнөөс гарч ирэхээр нь Анандтай ойр зуурын юм яриад байж байтал Ананд бүгдээрээ нэг өрөөнд орж сууя миний төрсөн өдөр болж байгаа юм аа гэхээр нь би хамт орохыг хүсээгүй юм тухайн үед караоке нь хаах дөхчихсөн байсан болохоор оруулах боломжгүй гэж байсан. Тэгээд би авсан шоттой архиа ууж дуусаагүй байсан болохоор уугаад сууж байтал Анандтай хамт явж байсан залуу надтай барьцсан байдалтай архи уугаад бид нар яагаад үйлчлүүлж болдоггүй юм гээд намайг өдөж хатгасан байдалтай хэг ёг гээд байхаар нь чи яах гээд байгаа юм гээд нойлын өрөө орчихоод гарч ирэхэд намайг үгээр өдсөн хатгаад хаанахын залуу юм гээд надруу хандаад байхаар нь чи яг яах гээд байгаа юм залуу гэсэн чинь намайг зодолдоё үзье гээд намайг оролдоод текний өмнө байхад өдөөд байхаар нь би тухайн хүнийг гараараа далайхад намайг түрүүлж гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиход миний хамарнаас цус гарч тонгойход намайг дээрээс дарж унагааж толгой, нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохьсон би өөрийгөө хамгаалсан байдал хариу үйлдэл хийж тухайн хүнд гар хүрч цохиж зодоогүй. Манай таньдаг найз Тэлмэн байсан болохоор бид хоёрыг салгахаар нь нойл орж цусаа арилгаад толинд харахад нүд таглагдчихсан байхаар нь цагдаа дуудна гэж тухайн хүмүүст хэлэхэд Ананд намайг чадахгүй байж дуугүй байхад яадаг юм гээд надруу уурлаж надруу асаж надруу дайраад байхаар нь Тэлмэн тэр хоёрыг салгаж цааш авч гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Ананд-Очирын:...2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болж би гадуур Дөлгөөнцогт, Одбаяр, Шинэцэцэг гэх найзуудын хамт гадуур тэмдэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад найз Тэлмэнгийн ажилуулдаг Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороонд байрлах Монгол нэртэй караокед 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд очиж үйлчлүүлсэн. Бид нар өрөөнд ороод 0.75 литр Эдэн нэртэй архи 1 шилийг захиалж дуулж сууцгаан би дундуур нь Тэлмэнтэй уулзах гээд текен дээр очиход урдны зүс мэдэх танил Энхтөр текен дээр архи уугаад зогсож байсан. Бид юм ярьж зогсоод миний төрсөн өдөр болж байгаа талаар хэлэхэд надад баяр хүргэн 100 граммаар виски захиалж текен дээр ууцгаасан. Ингээд байж байтал цаанаас өрөөнөөс Одбаяр гарч ирээд намайг орьё гэсэн. Тэгэхээр нь би хүнтэй юм ярьж байна гэж хэлсэн чинь Энхтөр нь Одбаярт хандаад би танилтайгаа юм ярьж байна чи ороод байж бай би найзыг чинь оруулаад өгье гэсэн чинь Одбаяр согтуурхаад чи Энхтөрийг мэддэг юм уу би найзыгаа аваад орлоо гэсэн чинь Энхтөр уурлаад Одбаярыг чи пизда минь оролдоо гээд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Энхтөр Одбаярлуу зодолдох гэж байгаа юм шиг нүүр тулаад ойртоод очсон. Тэгээд хорондоо бие биенийгээ багалзуурдаад авсан. Одбаяр Энхтөрийн нүүрлүү нь хоёр удаа гараараа цохиод хавсарч унагаагаад дээр нь багалзуурдсан. Тэгсэн чинь текний бармен, захирал Тэлмэн нар гарч ирээд салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1685 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Эийн биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун зулай, дух, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд уруулын салстад шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ. /хх-ийн 16-17 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтаст хэргээс: хохирогч Г.Эийн мэдүүлэг /хх-ийн 7-8, 10 дугаар тал/, гэрч М.Ананд-Очирын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1685 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/, хохирогчтой шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.О нь 2023 ны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Монгол” гэх нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Г.Этэй маргалдан улмаар түүнийг цохиж баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун зулай, дух, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд уруулын салстад шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Г.Эийн:...нойлын өрөө орчихоод гарч ирэхэд намайг үгээр өдөж хатгаад хаанахын залуу юм гээд надруу хандаад байхаар нь чи яг яах гээд байгаа юм залуу минь гэсэн чинь намайг зодолдоё үзье гээд намайг оролдоод текний өмнө байхад өдөөд байхаар нь би тухайн хүнийг гараараа далайхад намайг турүүлж гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиход миний хамарнаас цус гарч тонгойход намайг дээрээс дарж унагааж толгой, нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохьсон би өөрийгөө хамгаалсан байдалтай хариу үйлдэл хийж тухайн хүнд гар хүрч цохиж зодоогүй. Тухайн манай таньдаг найз Тэлмэн байсан болохоор бид хоёрыг салгахаар нь нойл орж цусаа арилгаад толинд харахад нүд таглагдчихсан байхаар нь цагдаа дуудна гэж тухайн хүмүүст хэлэхэд Ананд намайг чадахгүй байж дуугүй байхад яадаг юм гээд над руу уурлаж над руу асаж над руу дайраад байхаар нь Тэлмэн тэр хоёр салгаж цааш авч гарсан гэх мэдүүлэг ./хх-ийн 7-8, 10 дугаар тал/,
- гэрч М.Ананд-Очирын:...тэгэхээр нь би хүнтэй юм ярьж байна гэж хэлсэн чинь мөн Энхтөр нь Одбаярт хандаад би танилтайгаа юм ярьж байна чи ороод байж бай би найзыг чинь оруулаад өгье гэсэн чинь Одбаяр согтуурхаад чи Энхтөрийг мэддэг юм уу би найзыгаа аваад орлоо гэсэн чинь Энхтер уурлаад Одбаярыг чи пизда минь оролдоо гээд тэр хоёр маргалдаад эхэлсэн ба Энхтөр Одбаярлуу зодолдох гэж байгаа юм шиг нүүр тулаад ойртоод очсон. Тэгээд хорондоо бие биенийгээ багалзуурдаад авсан ба Одбаяр Энхтөрийн нүүрлүү нь хоёр удаа гараараа цохиод хавсарч унагаагаад дээр нь багалзуурдсан. Тэгсэн чинь текний бармен, захирал Тэлмэн нар гарч ирээд салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1685 дугаартай дүгнэлт. /хх-ийн 16-17 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нүүрэн тус газраа цохиулж хохирсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Оын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Э.Оыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Э нь шүүгдэгч Э.Оаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ