Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох 201614000456 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн туслах мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, дүүгийн хамт ** аймгийн ** сум ** багийн *-* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Б-ын Б- /РД: хх00000/

Шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино баарны гадна талд буюу худалдааны гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Б.Ц-ийг зодож биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Баарны гадна гал асууснаас болж маргаан болсон. Би бага зэргийн согтолттой байсан. Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн байгаа. Энэ хэрэгт хохирогчийн буруу байгаа гэж бодож байна. Гэхдээ маргах зүйлгүй. Хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. -

Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед найз Г-, дүү Б- нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байх Казино бааранд орж хүний 2 ширхэг пиво ууж бүжиглэж байгаад баар хаахад гарсан. Би баарны гадна үүдэнд нөгөө хоёроосоо жаахан зайтай утсаар ярьж байхад Б- ирээд Г- ах хүнд зодуулаад байна гэхээр нь би Казино баарны урд очиход Г- 2-3 залуутай маргаад зогсож байхаар нь би салгаад цагдаад дуудлага өгөх гээд утсаа гаргаж ирэхэд Г-тай маргалдаж байсан залуучууд надруу дайраад намайг цохиод авахаар нь би зугтаагаад бараан 2. захын худалдааны төвийн явган хүний зам дээр гарахад 4-5 залуу миний араас ирээд намайг унагаагаад хөл болон гараараа цохисон. Би газраас босоод зугтаагаад 6 микрийн аюулгүйн тойрог хүрэхэд араас нөгөө залуучууд ирээд намайг дахиж зодсон. Тухайн үед Б- гэдэг залууд их зодуулсан. Б-ын араас найзууд нь гүйж байсан. Би дотроо Б-ын найзууд намайг нийлээд зодож байна гэж бодож байсан. Гэхдээ хэн нь яг цохиж байгааг хараагүй. Ямар ч байсан Б- бол намайг зодсон. Б- намайг гараа, хөлөөрөө өшиглөж зодож байсан. Гэхдээ ямар нэг завсгийн зүйлээр бол зодоогүй. ...би зугтаагаад худалдааны гудамжаар гүйж байхад араас Б- ирээд намайг хавсарч унагаасан. Би эмчилгээний төлбөр болон хувцасны төлбөрт нийт 1.000.000 төгрөг хохиролдоо авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-22 ху/,

-Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Г-ын хамт баарны үүдэнд зогсож байхад баарнаас 3 танихгүй залуу гарч ирээд Г- ахаас тамхи байна уу гэж асуухад Г- ах байхгүй гэхэд футболктой залуу нь тамхи байлгачихаач гээд маргалдаж байгаад Г- ахыг гараараа цохисон. Тэр үед би Ц- ах дээр очоод Г- ахыг хүн зодоод байна гэж хэлээд Ц- ах ирэхэд Г- ахтай маргалдаж байсан футболктой залуу хажууд нь байсан. Ц- ах та нар яаж байгаа юм би цагдаа дуудлаа гээд утсаа гаргаж ирэхэд нөгөө залуучууд ална шүү гээд Ц- ах зугтаагаад 6-р микрийн ард байх аюулгүйн тойргийн харалдаа гүйгээд явсан. ...Ц-ийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байна. Тэр үед Г-ын утас руу Ц- ээжийнхээ утаснаас яриад зодуулчихлаа манайд хүрээд ир гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

-Гэрч Э.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Тайгер бааранд Б-, Н-, А- нар сууж байсан. Бид нар бааранд архи уусан. Баар хаах гэж байхад М- түрүүлээд Баянжаргалыг Лофт баарнаас авч ирнэ гэж хэлээд явсан. Би нойл орчихоод Б-, Н-, А- нарын араас нь гарахад Б- танихгүй нэг залуутай баарны үүдэнд маргалдаж байсан. Б-ыг бид нар салгасан. М-ын машинд суулгаад хөдлөх гэж байхад Б-тай маргалдаж байсан залуутай хамт явж байсан нэг залуу өөрийнхөө дээгүүр өмсөж байсан хувцсаа тайлж газар хаяад намайг чи зод чадах уу гээд Б- луу хашгираад М-ын машин луу пивоны шил шидсэн. Тэр үед Б-ын машинаас буугаад тэр залуутай зодолдоод араас нь гүйгээд явсан. Уул нь хохирогч гээд байгаа залуугийн араас Б- хөөсөн гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

-Гэрч Г.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б- баарны гадаа сууж байсан танихгүй залуутай гэнэт маргалдсан. Яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Б- маргалдаж байсан залуутай зодолдож эхлэхэд А- бид хоёр салгасан. Тэр үед М- машинтайгаа ирээд Б-ыг суулгасан. Тэр үед А- Д- бид 3 Б-тай зодолсон залуугийн найз нарыг одоо болио хэдүүлээ ингээд салсан нь дээр гэж хэлээд эргээд М-ын машин руу явж байхад араас пивоны шилийг машин руу шидсэн. Бид нарыг эргээд харахад нэг залуу гүйж ирээд ...та нар чаддаг юм бол намайг зодчих гэж хэлээд Б- луу дайраад эхлээд нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэр залууг Б-т эргүүлээд цохиод нөгөө залуу газар унасан. Б- дээр нь гараад нөгөө залууг цохиод нөгөө залуу газар унасан. А-, М- бид 3 очоод салгасан. Б-тай зодолсон залуу зугтаагаад байрны зүг Хангайн бүс худалдааны төвийн шинэ замаар зугтаагаад явахад Б- араас нь гүйсэн гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

-Гэрч О.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...баарны гадаа ирэхэд Б- танихгүй нэг залуутай зодолдож байхаар нь би Б-ыг салгасан. Тэр үед Б-тай зодолдож байсан залуугийн найз нар нь пивоны шил шидсэн. Тэр үед би Б-ыг салгаад авч явах гээд зогсож байхад Б-тай нэг залуу зодолдоод эхэлсэн. Б-тай зодолдож байсан залуу нь 6-5-р байрны зүг гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 30 ху/

 -Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Лофт баарнаас Баянжаргалыг аваад эргээд Тайгер баарны гадаа ирэхэд Б- танихгүй залуутай хамт зодолдож байхаар нь Б-ыг салгаад машиндаа суулгах гэтэл Б-тай зодолдож байсан залуугийн найз нарын нэг нь ирээд одоо хохирогч гээд байгаа залуу өөрийнхөө хувцасыг тайлаад намайг цохь гээд хэрүүл өдөөд байхаар нь би тэр залууг яв гээд гараараа түлхсэн. Тэр залуутай хамт явж байсан залуучууд миний машин луу лаазтай пиво шидсэн. Тэр үед Б- машинаас гарч ирээд хохирогч гээд байгаа залуутай пиво шидчихлээ гээд андуураад зодолдсон гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

-Гэрч Б.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б- машинаас буугаад нөгөө залуу руу очиход нэг залуу нь хувцсаа тайлаад чи намайг цохь гээд ууж байсан пивоныхоо шилийг хагалаад чаддаг юм бол намайг зод гээд байсан. М- Б-ыг авч явах гэсэн боловч Б- хувцсаа тайлаад байсан залуутай зодолдож байгаад нөгөө залуу нь 6-5-р байрны зүг зугтаагаад явахад Б- араас нь гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

-Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б- бид хоёр Ц-ийг гэртээ харьчихсан байх гэж хоорондоо яриад харих гэж байхад Ц- ээжийнхээ утаснаас залгаад зодуулчихлаа хүрээд ир гэхэд яваад очиход Ц- гутал, хувцас нь байхгүй, нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Б- бид хоёр Ц-аас юу болсон талаар асуугаад би цагдаад дуудлага өгнө гэхэд нөгөө залуучууд намайг зодсон гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 42 ху/,

-Гэрч И.Б-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б- эхлээд нэг залуутай зодолдож байгаад дараа нь хувцасаа тайлаад байсан залуутай зодолдсон. Нүцгэн байсан залуу эхлээд гүйгээд явсан. Би Б- ахыг болиоч гэхэд миний үгэнд орохгүйгээр араас нь гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 45 ху/,

-Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн ахлах ахлагч Мөнхтөрийн хамт 24 цагийн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж Согоот багийн аюулгүйн тойргийн орчимд шалгалт хийгээд зогсож байхад Хангайн бүсийн худалдааны гудамжны зүгээс дээгүүрээ хувцастай хоёр эрэгтэй хүн нэг нэгнийхээ араас гүйгээд 6-5-р байрны урд ирээд нэгнийгээ цохиод авахаар нь би болиочээ гэж хэлэхэд салсан, хоорондоо юм ярьж байгаад нэгнийгээ хөөгөөд явчихсан гэсэн мэдүүлэг /хх 47 ху/,

-Гэрч Г.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байхад шөнийн 01 цагийн үед хүү Ц- гаднаас уйлаад нүцгэн орж ирсэн. Би юу болсон талаар асуухад гадаа явж байгаад баахан банди нарт зодуулчихлаа гэсэн. Нүүр хэсэг нь цус болчихсон. Өмссөн хувцас нь байхгүй, гуталгүй орж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

-Шүүх шинжилгээний албаны 624 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Ц-ийн биед баруун хацарт шарх, баруун нүдний зовхи, нүдний алимны салстад хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээ, зүүн мөр, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөг, зүүн гуянд зулгаралт үүсчээ. 2. Баруун хацарт үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 49 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 53 ху/

 -Б.Б-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 62-67-р ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино баарны гадна талд буюу худалдааны гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлан танхайрч Б.Ц-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Ц-ын “...Би газраас босоод зугтаагаад 6 микрийн аюулгүйн тойрог хүрэхэд араас нөгөө залуучууд ирээд намайг дахиж зодсон. Тухайн үед Б- гэдэг залууд их зодуулсан. ...Ямар ч байсан Б- бол намайг зодсон. Б- намайг гараа, хөлөөрөө өшиглөж зодож байсан. Гэхдээ ямар нэг завсгийн зүйлээр бол зодоогүй. ...би зугтаагаад худалдааны гудамжаар гүйж байхад араас Б- ирээд намайг хавсарч унагаасан” гэсэн мэдүүлэг /хх 19-22 ху/, мөн гэрч О.Б- /хх 28 ху/, гэрч Э.Д- /хх 29 ху/, гэрч Г.Н- /хх 33 ху/, гэрч О.А- /хх 30 ху/, гэрч Б.М- /хх 26 ху/, гэрч Б.Б /хх 32 ху/, гэрч Г.Г- /хх 42 ху/, гэрч И.Б /хх 45 ху/, гэрч Н.Отгонбат /хх 47 ху/, гэрч Г.Б /хх 41 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун хацарт шарх, баруун нүдний зовхи, нүдний алимны салстад хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээ, зүүн мөр, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөг, зүүн гуянд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 624 дугаар дүгнэлт /хх 49 ху/, эд зүйлийн үнэлгээ /хх 53 ху/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1. 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ. 

Хохирлын хувьд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчи 1.000.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хохирогч Б.Ц- нь хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Б-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 3/гурав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА