Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0875

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “М” ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  нар,

Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, О.Энарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0303334 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч О.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ц.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн бичгээр гаргасан шаардлага хэвээрээ байгаа. Өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэлийн үндэслэлүүдээсээ гол гол зүйлээ хэлье гэж үзэж байна. Хамгийн гол гол үндэслэлүүдээ хэлье.

Хэлний бэрхшээлтэй байснаас болоод сайн ойлгож чадаагүй. Үүний гол үндэслэл нь нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай буюу хятад иргэн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад сайн мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах үндсэн эрхүүд хангагдаагүй. Ингэж хангаагүй учир хангалттай баримт мэдүүлэг гаргаж чадаагүй.

Нэгт. 3 дугаар зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар хэрэглэх ёстой байсан учир зөвшөөрөхгүй байгаа. учир нь нэхэмжлэгчийн хийсэн ажил нь олон улсын тээвэр байсан учир иймд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. холбогдох зохицуулалт байгаа. 12.1.2 12.1.4 гэх байдлаар олон улсын тээвэрлэлт, татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх тухай зохицуулалтуудыг гаргасан байдаг. Энэ зөвлөмжийг улсын байцаагч нар дагах ёстой.  Монгол улсын хуульд заасан байдаг. Ямар тээвэрлэлтийг олон улсын тээвэрлэлт гэж үзэх талаар тодорхой заасан байдаг. Улсын дээд шүүхийн 350 дугаар тогтоол гарсан байдаг. Мөн маргаан таслах зөвлөлийн тогтоол байдаг.  Хэрвээ дор хаяж нэг улсын хилээр нэвтэрсэн байх юм бол олон улсын тээвэр гэж хэлээд байгаа.Татварын улсын байцаагч нарын шалгалтын цар хүрээ нь үүнийг огт тогтоогоогүй. Дотоодоо хийсэн тээвэр юм уу? Олон улсын тээвэр гэдэгт багтаж байгаа юм уу гэдэг нь шалгалтын цар хүрээнд огт байгаагүй. Зөвхөн Монгол улсад оршин суугч этгээдээс авсан тал дээр төвлөрөөд явсан байгаа. Үүнтэй холбоотой баримтыг хуулийн этгээдийн бүртгэлийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газраас нотлох баримтын шаардлага хангуулаад хавтаст хэрэгт авагдсан байгаа. Олон улсын тээвэрлэлт гэдэг нь захиргааны хэрэг шүүхэд хянагдаж байх явцад манайх мэргэшсэн татварын зөвлөлийн аудиттай хамтраад нэг бүрчлэн нэхэмжлэгчийн бүх машинуудыг гаалийн мэдээнд тусгагдсан байдлаар авч үзсэн.  Мөн 2 нэр бүхий хуулийн этгээдүүд нь туслан гүйцэтгэхээр ажиллаж байсан. Олон улсын тээвэр гэдэг нь эдгээр баримтуудаар тогтоогдоно.  3 дахь зөрчлийн хувьд байцаагч нарын шүүхэд өгсөн тооцоололд 40 сая төгрөг гэсэн байдаг. Энэ нь хувь хүний албан татвартай холбоотой. Эдгээр баримтууд нь н.Нэргүй гэх хүнээс машиныг худалдаж авсан байдаг. Борлуулалтын орлогод худалдаж авсан тус хувь хүн өөрөө татвар суутган төлөх үүрэгтэй. Энэ нь холбогдох баримтуудаар тогтоогдох ба нотлох баримтын шатанд нэмж судлуулна гэж бодож байна. н.Нандин гэх хүний байрны төлбөртэй холбоотойгоор холбогдох баримтуудаас харахад авлага гэж бүртгэсэн. Энэ бол данснаас гарахдаа буруу бүртгэл хийгээд цалин гэж ойлгогдохоор бичсэн байдаг. Бусад санхүүгийн тайлангуудад авлага гэж бүртгэгдээд байгаа учир ингэж оногдуулах ёсгүй байна гэж үзээд 3 дугаар зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 5 дахь зөрчлийн хувьд 4сая төгрөгийн үнийн дүнтэй хий бичилт гэж үзсэн. Үүнийг 2018 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудаас харах юм бол  эдгээр ажлууд нь байсан гэдэг нь татварын системд бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ дүнгээр зөвшөөрөхгүй байгаа. Зөрчлийн тухай хууль хэрэглээд 30 хувийн торгууль оногдуулсан гэснийг зөвшөөрөхгүй байгаа. Энэ талаар Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярих байх. Нэмэлтээр ирсэн баримтуудын хувьд хавтаст хэргийг аваад үзэхээр хамгийн эхлээд Хоули гэдэг хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж тогтоосон байдаг. Эрх үүргийг тайлбарласан байдаг. Үүнтэй холбоотой маш олон хуудсан баримтууд байдаг. Энэ нь дандаа төлөөлөгчөөр томилоод яваад байгаа тэмдэглэл болон холбогдох баримтуудыг харахаар нэрийг нь л бичсэн байдаг. Түүн дээр ганц ч гарын үсэг зураагүй байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдахдаа оролцогчид мэдэгдэх, сонсгох, тайлбарлаж өгөх эрхийг нь хангах ажиллагаа огт хийгдээгүй. Тус актыг мэдэж сонсож ойлгосон гэдэг нь маш эргэлзээтэй. Мэдээж ойлгоод явж байхад нь акт тавьсан юм шиг логик харагдаад байдаг. Хуульч хүний хувьд би хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж хэлж байгаа юм. Орчуулагч орсон баримт бас байхгүй.  Орчуулагч орсон тэмдэглэл бичсэн байгаа. Энэ орчуулагч оролцсон тэмдэглэлд орчуулагч нь Монголоор уншиж чадахгүй учир хоёулаа гарын үсэг зураагүй байдаг. Энэ нь нөхөөд хийсэн юм уу? Эсхүл уулзалт хийсэн юм уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдахгүй байна. Манай зүгээс огт хийгээгүй юм байна гэж харагдахаар байна. Баримтаа цуглуулж өгч чадаагүй. Мэргэжлийн туслалцаа авч чадаагүй буюу оролцоог нь бүрэн хангаагүй байна. Дээрээс нь цар тахлын үе таарсан байсан. Ийм асуудлууд байсан учир үүнийг харгалзаж үзнэ үү. Ноцтой зөрчил гарсан байна гэж үзэж байна.

 Татварын хяналт шалгалт явахдаа өгсөн баримтуудыг нь буцааж гаргаж өгдөггүй. Баримтыг нь авчхаад буцааж гаргаж өгдөггүй. Баримтыг нь ямар жагсаалтаар авсан юм бэ гэдэг нь тодорхой биш асуудлууд харагдаад байна. Өөрөөр хэлбэл баримтаар нь шахсан байдал харагдаад байгаа юм. 62 дугаар хуудсанд манайхаас өгсөн хүсэлт байна. Маргаан таслах газарт хандах гэж байсантай холбоотойгоор ийм баримт хүссэн байна. Маргаан таслах комиссын хуралдаанаар ч гэсэн баримт байхгүй гэдгээ хэлж байсан. Компанийн зүгээс сүүлд аудитаар дүгнэлт гаргуулах гэхэд анхан шатны баримтууд нь олдоогүй юм байна. Цөөхөн хэдэн баримтуудад нь үндэслээд дүгнэлт гаргасан байдаг. Мэдээллүүдийг цуглуулахад нилээд цаг орсон нөхцөл байдал байна. Яг эдгээр зөрчлүүд нь бодитой баримтаар тогтоогдож тооцоолол нь хийгдсэн хууль ёсны акт биш байна. Иймд хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.  

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хууль дүрмийн дагуу явагдаагүй байна. Наад захын оролцогчийн эрхийг хангах ажил хийгдээгүй байна. Татварын байцаагчийг эрх бүхий албан тушаалтан гэж томьёолсон байдаг. Эрх бүхий албан тушаалтан төрийн тодорхой тусгай албан хаагч, тодорхой чиг үүргийн хүрээнд албадлага хэрэгжүүлэх боломжтой. Татварын байгууллага нь өөрөө орчуулагчаа томилоод ажиллагаанд оролцуулах боломжтой. Эрүүгийн процесс дээр заавал хорих ялтай этгээдийг өмгөөлөгчтэй оролцдог. Өмгөөлөгч авахгүй байлаа гэхэд улсаас өмгөөлөгч томилж өгдөг. Үүнтэй яг адилхан үүрэг нь байсан гэж харагдаад байна. Хяналт шалгалтыг томилолтгүй явуулсан гэдгийг би өмнө нь хэлсэн. Энэ нь хориглох үйл ажиллагаанд хамаардаг.10 хоног гэж татварын хяналт шалгалт гарсан байдаг. Гэтэл 2018 оноос хийгээд байгаа нь ноцтой зөрчил.

Зөрчлийн тухай хууль нь 2017 оноос мөрдөгдөж эхэлсэн. Нэхэмжлэгчийн 2016 оны татвар төлөлтийн байдалд бүтэн шалгасан байдаг. Энэ шалгалтын хувьд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сараас эхэлж зөрчил гэж тодорхойлогдох болсон үйлдлүүдэд Зөрчлийн тухай хуульд ашиглаж зөрчил гэж харж байна. “Э” ХХК-ийн материалыг яагаад авсан талаар хэллээ. Манай зүгээс тухайн компанийн материалыг гаргаж өгөөгүй учир хөнгөлөлт, чөлөөлөлтөд оруулахгүйгээр татвар авагдсан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тус хуулийн этгээд нь ямар байдлаар манайхаас ямар үйлчилгээ авч байсан, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан юм бэ гэдэг нь хангалттай тогтоогдож байна. Татварын хяналт шалгалтад ямар байдлаар хандсанд ач холбогдолтой байсан талаар шүүх анхаарч үзээсэй  гэж үзэж байна. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар зөвшөөрөхгүй байгаа. 3 үндэслэлийн альд ч хамаарахгүй байхад мөн 200 гаруй хоног хийсэн атлаа үүнийгээ хялбаршуулсан журмаар тогтоох шаардлагагүй гээд акт гарсан байна. Аудитын дүгнэлт ямар үр дагавартай вэ. Тухайн хяналт шалгалтын үед  тогтоох ёстой байсан зүйлүүдийг нөхөж гаргаж өгч байгаа юм. Биднийг буруутгаж байгааг тогтооход ач холбогдолтой гэж үзээд байгаа. Тэр үр дагавар нь ч биелэгдсэн ба акт нь хангалттай үндэслэлтэй байгаагүй гэдгийг тогтоосон гэж үзэж байна. Аудитын дүгнэлт нь заавал биелэгдэх үр дагавар бий болгоогүй ч гэсэн үнэн бодит байдлыг тогтоох хангалттай баримт болно.

Эхний зөрчлийн тухайд торгуулийг нь зөвшөөрөхгүй байгаа. Хоёрт бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Гурав дахь зөрчлийн хувьд торгуулийг зөвшөөрөхгүй байгаа. 4 дэх зөрчлийн хувьд 16.521.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 5 дахь зөрчлийн хувьд бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Нийтдээ 452 сая төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрч байгаа гэж үзэж байвал 232.374.794 төгрөг байгаа.  Татварын байцаагч нар үнэхээр өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрөөд тодорхой үүргээ ухамсарлаасай гэж хүсэж байна. Бид зөрчил хүлээн зөвшөөрч байгаа болохоос биш актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Акт нь бүхэлдээ хууль зүйн хувьд процессын маш их зөрчилтэй. Томилолтгүй хялбаршуулсан журмаар хийсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн гаргасан, оролцоог хангаагүй акт байдаг. Иймд бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Өмнөх мэтгэлцээнийг анхаарч үзээсэй” гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баримт материал авчаад буцааж ирүүлэхүй байна гэлээ. Бид нар баримтуудыг өгөөгүй юм шиг яриад байна. Бид нар дээр хүн нь өөрөө ирээд авсан ба маргаан таслах зөвлөлд хандахгүй гэдгээ ч хэлсэн. Орчуулагчийн тухайд нэг зүйл хэлмээр байна. Заавал дандаа итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байдаг. Албан бичгээр хандаад итгэмжлэл өгсөн байдаг. Тэдгээрт нэг бүрчлэн тайлбар мэдээгээ бидэнд өгсөн. Энэ чинь бас маш урт хугацаанд шалгасан байгаа. Бүгдийг нь  танилцуулаад албан бичгийг нь өгөхдөө хүртэл нарийн бичигт нь утасдаж хэлсэн. Хоули гэдэг хүн нь энэ Монголчуудыг ингэж давраахгүй гээд ажилчид нь хэлээд байдаг байсан. Ийм асуудал гаргаад байгаад гайхаж байна. Гадаад улсын иргэн ч гэсэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол хуулийг нь дагаж мөрдөх хэрэгтэй гэж үзэж байна” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьд нь шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон. Өмнөх шүүх хуралдаанд нилээдгүй хэлэлцсэн. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбоотойгоор хэлэх хэдэн зүйл байна. Олон улсын тээвэр мөн эсэх талаар ач холбогдол өгөөгүй гэж байна. Ер нь хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуульд зааснаар эрх зүйн байдлыг тодруулж байж хийдэг. Өөрийн дурдаад байгаа оршин суугч этгээдийг нь тогтоох юм бол аль  эрх зүйн  хууль тогтоомжийг хэрэглэх нь тодруулаад явдаг хуулийн зохицуулалттай байдаг. Олон улсын татвар ногдуулдаг байж болно. Эхлээд үүнийг олон улсын тээвэр гэхээсээ илүү хүнд нь буюу татвар төлөгч нь тодруулж шийдвэрлэсэн байдаг. Татварын улсын байцаагч нар тодорхой тайлбар өгсөн байдаг. Маргаан таслах зөвлөлд ч гэсэн эдгээр асуудлыг хэлэлцээд шийдвэрлэсэн байдгийг харгалзаж өгнө үү.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д орчуулагч хэлмэрч оруулах талаар зохицуулсан байдаг. Хэрвээ хэлмэрч оролцуулах хүсэлт гаргах юм бол эрхээр нь хангах заалт байна. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хамгийн түрүүнд тухайн холбогдогчид  хэрэгтэй холбогдуулж эрх үүргийг нь тайлбарласан байдаг. Хэрвээ орчуулагч ур чадвар хүрэхгүй байвал татгалзах эрх нь байгаа. Мөн прокурорын хяналтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны ямар ч шатанд гомдол эрх нь нээлттэй буюу прокурорт гомдол гаргах зохицуулалтууд байгаа. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байсан бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

Төрийн албан ёсны хэл бол Монгол хэл. Тухайн хүн хятад хэлээр ойлгохгүй байгаа нь бид нар хариуцлага хүлээх боломжгүй. Хэрвээ ойлгохгүй байвал тэр талаараа хүсэлт гаргаад дахин гэрчээр асуугдах, холбогдогчоор асуугдан ажиллагааг явуулах бүрэн боломжтой байсан.

Баримт авчаад өгөхгүй байсан гэх ойлгомжгүй зүйл яриад байна. Хуулийн этгээд болон хувь хүн өөрөө хариуцаж бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Татварын хяналт шалгалтад хамрагдахдаа гаалийн хөндлөнгийн баримтуудыг хэрэг хянан шийдвэрлээд хэрэгтээ хавсаргадаг болохоос биш гаалийн мэдээллийн сангийн баримтуудыг хүлээлгэж өгөхтэй холбоотой харилцаа байхгүй. Энэ нь татварын ерөнхий хуульд заасны дагуу хянан шалгах ажиллагааг зохион байгуулах хөндлөнгийн мэдээлэл ашиглах журамд тодорхой заасан байдаг. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрт дурдсан байдаг. Маргаан таслах зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийг баримт авч ирж өгөхгүй байсан гэдгийг дурдсан байсан. Хар ухаанаар бодсон ч гэсэн баримтуудыг байцаагч хадгалаад сууж байдаг юм гэж байхгүй. Татварын мэдээллийн сан гэж хуульчилсан ойлгож байгаа. 2012 оноос хойш дан цахимаар явдаг байсан. Цахимаар хадгалдаг болсон гэсэн үг. Бид нарт ямар нэгэн байдлаар цаасан баримт авах шаардлагагүй болсон байсан. Гэрээ контракттай холбоотой баримтуудыг цаасаар авч болно гэж байгаа. Бүх материалыг нь аваад байх ямар ч ач холбогдолгүй. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэг бүрдүүлэлтийн маягтыг бөглөөд үйл явц өрнөдөг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны сүүлийн өөрчлөлтөөр орчуулагч оролцохгүй байх тухай хуулийн боломжтой талаар хуульчилсан байдаг. Эрхийг нь бүрэн тавиад өгсөн байна. Тухайн үедээ хүсэлтээ гаргаагүй байгаа нь мөн хууль мэдэхгүй байгаа нь хууль зөрчиж болно гэсэн үндэслэл биш. Ийм ч утгаараа зөрчлийн хялбаршуулсан баримтууд нь хуулийн үндэслэлтэй ба прокуророос хяналт тавин ажиллаж байсан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, О.Э нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0303334 дугаар шийтгэлийн хуудсаар 5,038,641,980.09 төгрөгийн зөрчилд 503,764,198.00 төгрөгийн нөхөн татвар, 108,566,725.20 төгрөгийн торгууль, 72,377,816.70 төгрөгийн алданги, нийт 684,808,739.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

          Гомдол гаргагчаас тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоолоор 2017 оны экскаваторын түрээсийн 60,205,600.00 төгрөг, “Б” ХХК нь холбогдох 35,328,489.04 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, 4,943,107,891.05 төгрөгийн зөрчилд 494,310,789.05 төгрөгийн нөхөн татвар, 102,700,702.47 төгрөгийн торгууль, 70,467,134.91 төгрөгийн алданги, нийт 670,478,626.43 төгрөгийг төлүүлэхээр өөрчилжээ.

          Гомдол гаргагчаас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээр хангаагүй, зарим зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа ч торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчаас “орчуулагч хэлмэрчээ өөрөө дагуулж ирсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шийтгэлийн хуудас үндэслэлтэй ” гэж тус тус маргажээ.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 2-т “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэжээ.

          Эрх бүхий албан тушаалтны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 24180800538 дугаар тогтоолоор гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Hou Li-г томилж, мөн өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан боловч эрх, үүрэг тайлбарласан хэсэгт гарын үсэг зуруулаагүй, тогтоол, мэдүүлэг, актыг танилцуулсан болон гаргуулсан тухай тэмдэглэлд холбогдогчоор гарын үсэг зураагүй байна. 

          Мөн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд H, түүний орчуулагч БНХАУ-ын иргэн Х нарыг оролцуулсан талаар тэмдэглэсэн хэдий ч орчуулагч гэх БНХАУ-ын иргэн Х нь Монгол хэлээр уншиж чадахгүй гэх шалтгаанаар гарын үсэг зурахаас татгалзжээ.

          Хуульд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулахыг, монгол хэл мэдэхгүй тохиолдолд өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, орчуулагч, хэлмэрчээс тусламж авах эрхээр хангахыг үүрэг болгожээ.

          Гэтэл хариуцагчаас гомдол гаргагчийн төлөөлөгчид дээрх эрх, үүргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн дүүрэн эдлүүлээгүй гэж үзэхээр байна.

          Учир нь тухайн компани нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь мөн гадаадын иргэн байх тул түүнд шалган шийдвэрлэх ажиллагааг оролцох эрх, үүргийг нь эх хэлээр нь эсхүл, Монгол хэлийг мэддэг орчуулагчийн хамт оролцуулж тайлбарлах учиртай.

          Хэдийгээр тус компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Hou Li-г төлөөлж Х, Хасмөрөн, АОRIGRLE /Оргил/ гэх хүмүүс оролцсон хэдий ч эдгээр нь мөн гадаад буюу БНХАУ-ын иргэд байна.

          Дээрх иргэнд нь Монгол хэлийг ойлгодог /Өвөр Монгол/ компанийн гүйцэтгэх захирлын хүсэлтээр оролцож байгаа хэдий ч энэ нь хангалтгүй юм.

          Өөрөөр хэлбэл дээрх иргэнд нь Монгол хэлийг ойлгодог байгаад зогсохгүй, сайн мэддэг, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй бичиг /крилль үсэг/ үсгийг уншиж ойлгодог байх эсхүл тийм орчуулагч, хэлмэрчтэй оролцох учиртай.

          Ингэснээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасан заалт хангагдах бөгөөд улмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй процесс, түүнээс үүсэх үр дагаврыг бүрэн дүүрэн ойлгож, зөрчилтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломж бүрдэж, улмаар хариуцлагын асуудал яригдах ёстой.

          Нөгөөтэйгүүр зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагын асуудал яригдах нь зайлшгүй бөгөөд ингэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасан эрх, үүргийг дээр дурьдсан байдлаар бүрэн дүүрэн эдлүүлж, холбогдогчоос авсан тайлбар, мэдүүлэг, тогтоол, актыг танилцуулсан болон гаргуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулах, зурахаас татгалзсан тохиолдолд тайлбар тэмдэглэлийг хийх бэхжүүлэх нь зүйтэй.

          Ингэж дээрх үйл ажиллагааг зөвтгөснөөр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх зүйтэй боломжтой байх тул захиргааны актыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

          Харин нэхэмжлэгчид эрх, үүргийг эдлүүлж, шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулахдаа нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч буй 1,4 дэх хэсэгт /торгуулиас бусад/ явуулах шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, О.Э нарт холбогдох хэргийн гомдлын шаардлага болох Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, О.Э нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0303334 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, О.Энар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, нэхэмжлэгчийн оролцоог хангах зорилгоор дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, О.Э нар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, О.Э нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0303334 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ