Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0159

 

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0159

Улаанбаатар хот

 

 

Ч.Б***ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч.Б***,

Хариуцагч: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2025/0003 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А***, хариуцагчийн төлөөлөгч Ч.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, Ч.А***, Б.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***, 

Хэргийн индекс: 115/2024/0028/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Ч.Б*** Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэн түүнд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохыг даалгах”-аар маргасан.

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2025/0003 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 3 дугаар зүйлийн 1, 2, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газар нь тус газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот албан бичиг бүхий шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч иргэн Ч.Б***д цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн хуулийн зохицуулалтуудыг анхаарч үзээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан,

3.2 Нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар тушаалаар ахлагчийн албанаас халагдаж, 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/535 тоот тушаалаар гал унтраах ангийн гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдсон. Мөн даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/313 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал сөнөөгч бэлтгэл ахлагч Ч.***ийн цэргийн алба, цолыг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс сэргээсэн зэргээс үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаа нь цэргийн жинхэнэ албанд хамааралгүй болох нь тогтоогдож байна.

3.3 Цэргийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд “цэргийн бэлтгэл алба” гэдгийг тодорхойлсон бөгөөд Цэргийн албаны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн жинхэнэ албанд хамаарахгүй байна.

3.3 Гэтэл шүүх “Цэргийн жинхэнэ алба”, “цэргийн бэлтгэл алба” гэх хуулиар тодорхойлсныг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Шүүх, дараах үндэслэлээр хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газар нь тус газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлөөс “...Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдсон ... 2013 оны 01 дүгээр сараас 2014 оны 9 дүгээр сар хүртэл Нийгмийн даатгалын тухай хуулийн ... заасан хувь хэмжээгээр шимтгэл төлсөн... энэхүү хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй” гэж шийдвэрлэснийг үндэслэн нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь үндэслэлгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй”, 1/ зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч”, 6 дугаар зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно”, 8 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 1/ 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй” гэж тус тус заасан.

4. Хариуцагчийн зүгээс Ч.Б*** нь “... 2013 оны 01 дүгээр сараас 2014 оны 9 дүгээр сар хүртэл” цэргийн ангид энгийнээр ажилласан тул хуульд заасан цэргийн тэтгэвэр тогтоолгох 25 жилийн хугацааны шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох эрх үүсээгүй хэмээн татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

5.Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 198 дугаартай “Ажилласан жилийн архивын лавлагаа” болон холбогдох бусад баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.Б*** нь Зэвсэгт хүчний Ерөнхий штабын даргын 1998 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн н/22 дугаар тушаалаар Дорноговь аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж, 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон халагдсан.

Зэвсэгт хүчний Ерөнхий штабын даргын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1029 дүгээр тушаалаар дэд ахлагч цол олгогдон Зэвсэгт хүчний 126 дугаар ангид гал сөнөөгчөөр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2002 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 350 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид оператор-сургагчаар,  мөн даргын 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 324 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид химийн ариутгагч-жолоочоор, мөн даргын 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 417 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид нярав-засварчнаар тус тус ажиллаж байгаад мөн даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар тушаалаар “олон хоног, сараар ажил тасалсан” үндэслэлээр ахлагчийн албанаас халагдсан.

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар ОСА-ын хэсгийн сантехникийн слесарьчээр энгийнээр томилогдон, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдон ажилласан.

Улмаар, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/313 дугаар тушаалаар “...гал сөнөөгч бэлтгэл ахлагч Ч***ын Б***ийн цэргийн алба, цолыг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс сэргээснээр хойш Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/364 дүгээр тушаалаар “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох”-оор албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд цэргийн жинхэнэ албыг хаасан.

Алба хаах хугацаандаа нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Ирак Улс, Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад нийт 5 удаа тус бүр 6 сараас 1 жилийн хугацаатай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.

Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсээс нэхэмжлэгч Ч.Б***ийн цэргийн жинхэнэ алба бодитоор хаасан болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан нэмэгдэл хугацааг тооцоолон нэхэмжлэгчийн алба хаасан  нийт хугацааг 25 жил 10 сар 7 хоног хэмээн тогтоосон.

Гэвч энэхүү тооцоолол нь  нэхэмжлэгчийн “...Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон, улмаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/313 дугаар тушаалаар “...Ч***ын Б***ийн цэргийн алба, цолыг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс сэргээсэн” буюу Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажилласан 9 сарын хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан буруу тооцсон.

6. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг тогтоохдоо Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн ажилласан жил тодорхойлсон лавлагаанд дурдагдаагүй Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг оролцуулсан. Нэхэмжлэгчийн цэргийн алба, цолыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны Б/313 дугаар тушаалаар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс сэргээсэн байхад “...мөн оны 9 дүгээр сар хүртэл энгийнээр ажилласан” хэмээн үзсэн. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан алба хаасан хугацааны нэмэгдлийн тооцоолол зэргийг буруу үнэлснээр Ч.Б***ийн цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг 24 жил 6 сар хэмээн үндэслэлгүй тогтоож, цэргийн алба хаасны бүтэн тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.

7. Иймд хариуцагчийн Ч.Б***ийн цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас гаргасан “...Цэргийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд цэргийн бэлтгэл алба гэдгийг тодорхойлсон бөгөөд Цэргийн албаны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн жинхэнэ албанд хамаарахгүй...” гэх давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

                           ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

  

    ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА