Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Болдбаатарт холбогдох 201614000456 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн туслах мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-35-04 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Хотгойд овогт Батжаргалын Болдбаатар /РД: ФА92081771/

Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино баарны гадна талд буюу худалдааны гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Б.Цэнд-Аюушийг зодож биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч Б.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Баарны гадна гал асууснаас болж маргаан болсон. Би бага зэргийн согтолттой байсан. Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн байгаа. Энэ хэрэгт хохирогчийн буруу байгаа гэж бодож байна. Гэхдээ маргах зүйлгүй. Хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. -

Хохирогч Б.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед найз Ганбат, дүү Буянбат нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байх Казино бааранд орж хүний 2 ширхэг пиво ууж бүжиглэж байгаад баар хаахад гарсан. Би баарны гадна үүдэнд нөгөө хоёроосоо жаахан зайтай утсаар ярьж байхад Буянбат ирээд Ганбат ах хүнд зодуулаад байна гэхээр нь би Казино баарны урд очиход Ганбат 2-3 залуутай маргаад зогсож байхаар нь би салгаад цагдаад дуудлага өгөх гээд утсаа гаргаж ирэхэд Ганбаттай маргалдаж байсан залуучууд надруу дайраад намайг цохиод авахаар нь би зугтаагаад бараан 2. захын худалдааны төвийн явган хүний зам дээр гарахад 4-5 залуу миний араас ирээд намайг унагаагаад хөл болон гараараа цохисон. Би газраас босоод зугтаагаад 6 микрийн аюулгүйн тойрог хүрэхэд араас нөгөө залуучууд ирээд намайг дахиж зодсон. Тухайн үед Болдбаатар гэдэг залууд их зодуулсан. Болдбаатарын араас найзууд нь гүйж байсан. Би дотроо Болдбаатарын найзууд намайг нийлээд зодож байна гэж бодож байсан. Гэхдээ хэн нь яг цохиж байгааг хараагүй. Ямар ч байсан Болдбаатар бол намайг зодсон. Болдбаатар намайг гараа, хөлөөрөө өшиглөж зодож байсан. Гэхдээ ямар нэг завсгийн зүйлээр бол зодоогүй. ...би зугтаагаад худалдааны гудамжаар гүйж байхад араас Болдбаатар ирээд намайг хавсарч унагаасан. Би эмчилгээний төлбөр болон хувцасны төлбөрт нийт 1.000.000 төгрөг хохиролдоо авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-22 ху/,

-Гэрч О.Буянбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ганбатын хамт баарны үүдэнд зогсож байхад баарнаас 3 танихгүй залуу гарч ирээд Ганбат ахаас тамхи байна уу гэж асуухад Ганбат ах байхгүй гэхэд футболктой залуу нь тамхи байлгачихаач гээд маргалдаж байгаад Ганбат ахыг гараараа цохисон. Тэр үед би Цэнд-Аюуш ах дээр очоод Ганбат ахыг хүн зодоод байна гэж хэлээд Цэнд-Аюуш ах ирэхэд Ганбат ахтай маргалдаж байсан футболктой залуу хажууд нь байсан. Цэнд-Аюуш ах та нар яаж байгаа юм би цагдаа дуудлаа гээд утсаа гаргаж ирэхэд нөгөө залуучууд ална шүү гээд Цэнд-Аюуш ах зугтаагаад 6-р микрийн ард байх аюулгүйн тойргийн харалдаа гүйгээд явсан. ...Цэнд-Аюушийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байна. Тэр үед Ганбатын утас руу Цэнд-Аюуш ээжийнхээ утаснаас яриад зодуулчихлаа манайд хүрээд ир гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

-Гэрч Э.Довжуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Тайгер бааранд Болдбаатар, Намсрай, Анхбаяр нар сууж байсан. Бид нар бааранд архи уусан. Баар хаах гэж байхад Мөнхбаяр түрүүлээд Баянжаргалыг Лофт баарнаас авч ирнэ гэж хэлээд явсан. Би нойл орчихоод Болдбаатар, Намсрай, Анхбаяр нарын араас нь гарахад Болдбаатар танихгүй нэг залуутай баарны үүдэнд маргалдаж байсан. Болдбаатарыг бид нар салгасан. Мөнхбаярын машинд суулгаад хөдлөх гэж байхад Болдбаатартай маргалдаж байсан залуутай хамт явж байсан нэг залуу өөрийнхөө дээгүүр өмсөж байсан хувцсаа тайлж газар хаяад намайг чи зод чадах уу гээд Болдбаатар луу хашгираад Мөнхбаярын машин луу пивоны шил шидсэн. Тэр үед Болдбаатарын машинаас буугаад тэр залуутай зодолдоод араас нь гүйгээд явсан. Уул нь хохирогч гээд байгаа залуугийн араас Болдбаатар хөөсөн гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

-Гэрч Г.Намсрайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Болдбаатар баарны гадаа сууж байсан танихгүй залуутай гэнэт маргалдсан. Яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Болдбаатар маргалдаж байсан залуутай зодолдож эхлэхэд Анхбаяр бид хоёр салгасан. Тэр үед Мөнхбаяр машинтайгаа ирээд Болдбаатарыг суулгасан. Тэр үед Анхбаяр Довжуу бид 3 Болдбаатартай зодолсон залуугийн найз нарыг одоо болио хэдүүлээ ингээд салсан нь дээр гэж хэлээд эргээд Мөнхбаярын машин руу явж байхад араас пивоны шилийг машин руу шидсэн. Бид нарыг эргээд харахад нэг залуу гүйж ирээд ...та нар чаддаг юм бол намайг зодчих гэж хэлээд Болдбаатар луу дайраад эхлээд нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэр залууг Болдбаатарт эргүүлээд цохиод нөгөө залуу газар унасан. Болдбаатар дээр нь гараад нөгөө залууг цохиод нөгөө залуу газар унасан. Анхбаяр, Мөнхбаяр бид 3 очоод салгасан. Болдбаатартай зодолсон залуу зугтаагаад байрны зүг Хангайн бүс худалдааны төвийн шинэ замаар зугтаагаад явахад Болдбаатар араас нь гүйсэн гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

-Гэрч О.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...баарны гадаа ирэхэд Болдбаатар танихгүй нэг залуутай зодолдож байхаар нь би Болдбаатарыг салгасан. Тэр үед Болдбаатартай зодолдож байсан залуугийн найз нар нь пивоны шил шидсэн. Тэр үед би Болдбаатарыг салгаад авч явах гээд зогсож байхад Болдбаатартай нэг залуу зодолдоод эхэлсэн. Болдбаатартай зодолдож байсан залуу нь 6-5-р байрны зүг гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 30 ху/

 -Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Лофт баарнаас Баянжаргалыг аваад эргээд Тайгер баарны гадаа ирэхэд Болдбаатар танихгүй залуутай хамт зодолдож байхаар нь Болдбаатарыг салгаад машиндаа суулгах гэтэл Болдбаатартай зодолдож байсан залуугийн найз нарын нэг нь ирээд одоо хохирогч гээд байгаа залуу өөрийнхөө хувцасыг тайлаад намайг цохь гээд хэрүүл өдөөд байхаар нь би тэр залууг яв гээд гараараа түлхсэн. Тэр залуутай хамт явж байсан залуучууд миний машин луу лаазтай пиво шидсэн. Тэр үед Болдбаатар машинаас гарч ирээд хохирогч гээд байгаа залуутай пиво шидчихлээ гээд андуураад зодолдсон гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

-Гэрч Б.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Болдбаатар машинаас буугаад нөгөө залуу руу очиход нэг залуу нь хувцсаа тайлаад чи намайг цохь гээд ууж байсан пивоныхоо шилийг хагалаад чаддаг юм бол намайг зод гээд байсан. Мөнхбаяр Болдбаатарыг авч явах гэсэн боловч Болдбаатар хувцсаа тайлаад байсан залуутай зодолдож байгаад нөгөө залуу нь 6-5-р байрны зүг зугтаагаад явахад Болдбаатар араас нь гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

-Гэрч Г.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Буянбат бид хоёр Цэнд-Аюушийг гэртээ харьчихсан байх гэж хоорондоо яриад харих гэж байхад Цэнд-Аюуш ээжийнхээ утаснаас залгаад зодуулчихлаа хүрээд ир гэхэд яваад очиход Цэнд-Аюуш гутал, хувцас нь байхгүй, нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Буянбат бид хоёр Цэнд-Аюушаас юу болсон талаар асуугаад би цагдаад дуудлага өгнө гэхэд нөгөө залуучууд намайг зодсон гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 42 ху/,

-Гэрч И.Болорчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Болдбаатар эхлээд нэг залуутай зодолдож байгаад дараа нь хувцасаа тайлаад байсан залуутай зодолдсон. Нүцгэн байсан залуу эхлээд гүйгээд явсан. Би Болдбаатар ахыг болиоч гэхэд миний үгэнд орохгүйгээр араас нь гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 45 ху/,

-Гэрч Н.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн ахлах ахлагч Мөнхтөрийн хамт 24 цагийн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж Согоот багийн аюулгүйн тойргийн орчимд шалгалт хийгээд зогсож байхад Хангайн бүсийн худалдааны гудамжны зүгээс дээгүүрээ хувцастай хоёр эрэгтэй хүн нэг нэгнийхээ араас гүйгээд 6-5-р байрны урд ирээд нэгнийгээ цохиод авахаар нь би болиочээ гэж хэлэхэд салсан, хоорондоо юм ярьж байгаад нэгнийгээ хөөгөөд явчихсан гэсэн мэдүүлэг /хх 47 ху/,

-Гэрч Г.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байхад шөнийн 01 цагийн үед хүү Цэнд-Аюуш гаднаас уйлаад нүцгэн орж ирсэн. Би юу болсон талаар асуухад гадаа явж байгаад баахан банди нарт зодуулчихлаа гэсэн. Нүүр хэсэг нь цус болчихсон. Өмссөн хувцас нь байхгүй, гуталгүй орж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

-Шүүх шинжилгээний албаны 624 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Цэнд-Аюушийн биед баруун хацарт шарх, баруун нүдний зовхи, нүдний алимны салстад хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээ, зүүн мөр, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөг, зүүн гуянд зулгаралт үүсчээ. 2. Баруун хацарт үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 49 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 53 ху/

 -Б.Болдбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 62-67-р ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино баарны гадна талд буюу худалдааны гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлан танхайрч Б.Цэнд-Аюушийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Цэнд-Аюушын “...Би газраас босоод зугтаагаад 6 микрийн аюулгүйн тойрог хүрэхэд араас нөгөө залуучууд ирээд намайг дахиж зодсон. Тухайн үед Болдбаатар гэдэг залууд их зодуулсан. ...Ямар ч байсан Болдбаатар бол намайг зодсон. Болдбаатар намайг гараа, хөлөөрөө өшиглөж зодож байсан. Гэхдээ ямар нэг завсгийн зүйлээр бол зодоогүй. ...би зугтаагаад худалдааны гудамжаар гүйж байхад араас Болдбаатар ирээд намайг хавсарч унагаасан” гэсэн мэдүүлэг /хх 19-22 ху/, мөн гэрч О.Буянбат /хх 28 ху/, гэрч Э.Довжуу /хх 29 ху/, гэрч Г.Намсрай /хх 33 ху/, гэрч О.Анхбаяр /хх 30 ху/, гэрч Б.Мөнхбаяр /хх 26 ху/, гэрч Б.Баянжаргал /хх 32 ху/, гэрч Г.Ганбат /хх 42 ху/, гэрч И.Болорчимэг /хх 45 ху/, гэрч Н.Отгонбат /хх 47 ху/, гэрч Г.Батсайхан /хх 41 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун хацарт шарх, баруун нүдний зовхи, нүдний алимны салстад хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээ, зүүн мөр, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөг, зүүн гуянд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 624 дугаар дүгнэлт /хх 49 ху/, эд зүйлийн үнэлгээ /хх 53 ху/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Болдбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1. 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ. 

Хохирлын хувьд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчи 1.000.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хохирогч Б.Цэнд-Аюуш нь хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Батжаргалын Болдбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Болдбаатарыг 3/гурав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Болдбаатарт оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Болдбаатарт оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Болдбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА