Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 565

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00032 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч дүүргийн Г, Х,З, Х, Х-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/80 тоот тушаалаар А.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан байдаг ба сахилгын шийтгэлийг давхар ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. А.Б нь байнгын ажлын байранд ажилладаг тул хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан байхад хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж хугацаатай байгуулахаар санал ирүүлсэн нь ойлгомжгүй. Хугацаатай байгуулагдах хөдөлмөрийн гэрээнд ямар үндэслэл шаардлага, цаг хугацаагаа тодорхой дурдаагүй учраас гэрээг байгуулахаас татгалзсан. Иймд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтнаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 205 375 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б-д Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 тоот тушаалаар ажилтан хангалтгүй ажилласан тул цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Бүтцийн өөрчлөлтөөр Гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтны үндсэн үүрэг нэмэгдэж ажлын байрны тодорхойлолтоор эрх зүйч, сэтгэл зүйч мэргэжилтэй хүнийг албан тушаалд томилох шаардлага тавигдсан. А.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн. Тус хэлтсийн орлон гүйцэтгэгч дарга М.Цэцгээ нь А.Б-ийн 3 өдрийн кэйсийг шалгаж үзэхэд энэ бүгд хангалтгүй байсан. Үүрэг даалгавраа биелүүл гэхээр яахаараа биелүүлдэг юм, тийм ойлголт байхгүй гэдэг бөгөөд А.Б-г 2017 оны 9 дүгээр сарын 21, 22, 23-ны өдөр ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Дээрх хугацаанд өөрөө кэйст явсан гэж тайлбарладаг боловч кэйст явахаар тодорхой хэмжээний төлбөр мөнгө авдаг. Ингэхдээ замын зардал, бусад зардлуудыг ахлах мэргэжилтэн өөрөө бүртгэж тэмдэглэл хөтөлж, түүнд гарын үсэг зуруулж явдаг. Гэтэл кэйст явсан ямар нэгэн мэдээлэл, гарын үсэгтэй материал байдаггүй. А.Б-тай ажил олгогч Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд гэрээний баруун талд өөрөө татгалзаж гарын үсэг зурсан байдаг. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг тухайн ажилтны санаачлагаар цуцалсан. А.Б удаа дараа ажлаа хангалтгүй хийж байнгын хэрүүл хийдэг болох нь хамт олны хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б-г Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 228 627 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргуулж,нэхэмжлэгч А.Болормаад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 34 037 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож,

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт " Ажил олгогч нь ажилтан А.Б-г 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс Гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтнаар томилсон атлаа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал хүргүүлсэн, ажилтан эс зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан байдал нь буруутгах боломжгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 ажилтан ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэж заажээ. Иймд А.Б-г урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн тогтоохыг хариуцагчид даалгасан" гэж анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт үзсэн бөгөөд тус үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн. Учир нь 2013 онд эхлэн Төвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хэлтсийн эрх хэмжээтэй болж өөрчлөгдсөн бөгөөд А.Б нь хүүхэд хамгаалал ажлыг өмнө нь эрхэлж байгаад хэлтэс болгон өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтан болж өөрчлөгдсөн. Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу урьд эрхэлж байсан албан тушаал нь өөрчлөгдсөн мөн эрх зүйч, сэтгэл зүйч байх тусгай шаардлага тавигдах болсон. А.Б нь тусгай шаардлагын дагуу ахин суралцаж болох бөгөөд ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд хүүхэд тусламжийн 108 утас программ, 107 дуудлагын кейс, эдгээрийн тайлбан мэдээ, мэдээллийн санг хариуцах, дүүргийн хэмжээнд кейст үзүүлсэн үйлчилгээний нэгдсэн тайлан гаргах (хх-24) ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн тухай хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тус алдаа дутагдалаа удаа, дараа сайжруулахыг шаардсан материалыг анхан шатны шүүх үнэлж үзээгүй. Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай мэдэгдсэн боловч А.Б нь байгуулахгүй гэж бичиж өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/80 тоот тушаал нь хууль зөрчөөгүй болно. Удирдлагын өгсөн үүрэг даалгавар нь хийж гүйцэтгэх ажлаас өөр ажлыг хийхийг шаардаж байгаагүй тухайн ажлын байранд тавигдсан ажлыг хийж гүйцэтгэхийг шаардсан боловч хангалтгүй удаа, дараа санаатайгаар зөрчиж байсан нь нотлох баримтуудаар хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч А.Б хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтнаар ажиллаж байсан ба ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/80 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, А.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                                                                      /хх-4, 27-28 дахь тал/

 

Хариуцагч байгууллага нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/80 тоот тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3, 10.6, 12.2.1, 12.2.7, 14 дүгээр зүйлийг тус тус үндэслэсэн байна.                                                                             /хх-4 дүгээр тал/

 

            Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/71 тоот тушаалаар А.Б-д ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хэл амаар доромжлох, дарамтлан сүрдүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа, дутагдал гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх хариуцагч байгууллагын Б/71 тоот тушаалаар нэхэмжлэгч А.Б-д үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/80 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, А.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүлийн 131.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулах болсон үндэслэл тодорхойгүй, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар заасан ба А.Б-ийн ажиллаж байсан гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтны ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд ажил олгогч нь ажилтантай тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нотлогдоогүй тул хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь буруу гэх шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нотлох баримтыг буруу үнэлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж А.Б-г Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 228 627 төгрөгийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ