Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/08

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                          Прокурор Ч.Энхжаргал

                                          Өмгөөлөгч  П.Адьяасүрэн

                                          Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа

                                          Шүүгдэгч Н.О

                                          Нарийн бичгийн дарга Л.Сүхбар нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын  даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.О давж заалдсан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн  1826003310297 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны   өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй  Бар  овгийн  Н.О

Н.О нь 2018 оны 6 дугаар  сарын 25-ны өдөр хохирогч Т.У-н өмчлөлд байсан 1000000 төгрөгийг түүний өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх, Н.О-г эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Оюун-Эрдэнэд оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд тус бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоон, Н.О шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг болон, түүнийг цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.О-с 1000000 төгрөг гаргуулж хохирогч Т.У-д олгохоор заан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Өвөрхангай Хас банк” гэж хараар бичсэн Verbatem CD-R гэсэн бичигтэй сиди 1 ширхэг, МШУТ гэж хараар бичигдсэн сиди 1 ширхэг зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж байх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжилж байхаар  шийдвэрлэжээ.

Н.О гаргасан давж заалдсан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 02-р сарын 12-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000000  төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие нь бусдаас буюу хохирогч гэх Т.У-с нэг ч төгрөг илүү аваагүй. Гэтэл анхан шатны шүүх намайг бусдаас илүү мөнгө авсан нь гэрч М.Э, Д.Б нарын мэдүүлэг, Хас банкны зарлагын маягт камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт ... зэрэг баримтаар нотлогдож байна гэж дүгнэж ял шийтгэл оногдуулж байгаа нь намайг хэлмэгдүүлж байна. Шүүхийн дурьдаад байгаа эдгээр нотлох баримтууд нь Т.Уламбаярын Хас банкнаас мөнгөө авсаныг нотолж байгаа болохоос биш намайг 4900000 төгрөг авсанг нотолж буй зүйл биш гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо “хохирогч Т.Уламбаярын Хас банкны теллерээс хэдэн төгрөг авч байгаа болохыг харах боломжтой дэргэд нь хараад зогсож байсан болох нь эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна” гэж дурьдсан нь намайг илүү мөнгө авсан бас нэг нотлох баримт гэж дүгнэж ял шийтгэж байгааг илт хууль бус баримтаар надад ял тулгаж байна.

Анхан шатны шүүх ийнхүү намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээнд заагаагүй үндэслэлээр ял шийтгэж байгаад гомдолтой байна. Би хэрэв бусдаас илүү мөнгө авсан бол шалгалт эхлэхэд үнэнээ хэлж хөнгөн ял шийтгэл оногдуулахыг гуйгаад зогсож байх байсан. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02-р сарын 12-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож намайг хилс ташаа хэргээс цагаатгаж өгнө үү...гэжээ.

Хяналтын прокурор Ч.Энхжаргал 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.О гомдлыг хүлээн авч танилцлаа.

Шүүгдэгч Н.Оюун-Эрдэний гаргасан гомдол хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.1. Хохирогч Т.У-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 х/

1.2. Т.У-н хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 30х/

1.3. Гэрч М.Э-н мэдүүлэг /хх-ийн 36х/

1.4. Гэрч Д.Б-н мэдүүлэг /хх-ийн 39-41х/

1.5. Гэрч Н.Д-н мэдүүлэг /хх-ийн 42-43х/

1.6. Гэрч Д.Л-н мэдүүлэг /хх-ийн 44-45х/

1.7. Гэрч С.Э-н мэдүүлэг /хх-ийн 46-47х/

1.8. Гэрч Л.Д-н мэдүүлэг /хх-ийн 49-50х/

1.9. Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн засаг даргын албан бичиг /хх-ийн 78-79х/

1.10. Мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн 2018 оны тооллого маягт /хх-ийн 80-83х/

1.11. Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8-11х/

1.12. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-15 х/

1.13. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-72 х/ зэрэг болно.

 Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн буруугүйг ямар нотлох баримтаар тогтоож байгаа эсэх нь тодорхойгүй, өгч байгаа мэдүүлгүүд нь зөрүүтэй, шүүх хуралдаан дээр хэдэн төгрөг авсныг хараагүй нилээн зайтай зогсож байсан гэх боловч Хас банкны камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, шинжлэн судлахад хажууд нь зогсож байсан нь тогтоогддог. Мөн шүүгдэгч мөнгө аваад буусны дараа машин дотор надад мөнгөө өгсөн гэж хэлдэг боловч хохирогч машинд суугаад 10-аад секунд болсны дараа мөнгөө шууд шүүгдэгчид өгсөн болох нь тогтоогддог.

Шүүгдэгч Н.О 4900000 төгрөг банкнаас авсныг нотолж байгаа болохоос шүүгдэгчид өгснийг нотолсон баримт байхгүй байна гэж байна. Гэтэл 4900000 төгрөг банкнаас аваад машиндаа орж суугаад 10 орчим секундын дараа мөнгөө өгсөн гэдгээ хохирогч өөрөө мэдүүлгээр нотолж байна. Мөнгө банкнаас авсан үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээх үүрэггүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр прокуророос “...хүний мөнгө илүү авсныг хохирогч мэдээд танд залгаж хэлж байсан байна. Яагаад та мөнгийг нь илүү аваагүй юм бол чиний өгсөн мөнгө энэ байна гээд үзүүлж болоогүй юм бэ?” гэж асуухад “тухайн үедээ унаа явах гэж байсан тул яараад явсан” гэснээс өөр хариулт өгч чаддаггүй. Мөн хохирогч гэмт хэрэг гарахаас өмнөхөн буюу шүүгдэгчтэй хамт явж байхад түүний эхнэр утсаар залгаж “аав хоёр хүүхэдтэй машинтай явж байгаад айлын хашаа мөргөсөн байна” гэж хэлснээс болж хохирогчийн сэтгэл санааны байдал тогтворгүй болж, шүүгдэгч Н.О-д өгөх байсан 3900.000 төгрөгөө андуурч, 4900.000 төгрөг буюу 1 сая төгрөг илүү өгсөн. Гэртээ хариад 2 цаг орчмын дараа утсанд ирсэн мессэжээ үзээд Н.О-д илүү мөнгө өгснөө мэдээд залгаж, илүү мөнгө өгснөө хэлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан хууль ёсны, шудрага ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.

Иймд шүүгдэгч Н.О-с гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.О нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хас банкны гадна хохирогч Т.У-н өмчлөлд байсан 1000000 төгрөгийг түүний өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Н.О-д холбогдох хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийгдсэн тэмдэглэлд /хх-ийн 9х/  тусгагдсан  хугацаа/ Хас банкны гадаах буюу Т.У Н.О нарын машинд суугаад Т.У буцан гарч ирсэн/ МШУГ гэсэн бичигтэй CD-д бичигдсэн хугацаатай зөрөөтэй,  Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 248 дугаар шинжээчийн дүгнэлтийн /хх-ийн 69-72х/ хавсралтад авагдсан гэрэл зургууд дээр мөнгө тоологч машин дээр мөнгө тоолсон тоонууд нь тодорхойгүй байгаа тул дурьдсан шинжилгээ зөв эсэх нь эргэлзээтэй,  Т.Уламбаяр банкнаас авах мөнгөө андуурч хэлэх болсон шалтгаан нөхцлийг /Т.Уламбаярын сэтгэл санааны ,байдал, түүний эцэг нь айлын хашаа мөргөсөн гэх үйлдлийг шалган тогтоох/ тодруулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй, өөрөөр хэлбэл Н.О гэм буруутай гэх үйлдлийг эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзэх боломжгүй юм.

Иймд МШУГ гэсэн бичигтэй CD-д бичигдсэн бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах,

Хас банкны доторх Уламбаярын мөнгө авч байгаа бичлэгт /Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 248 дугаар шинжээчийн дүгнэлтэд/  нэмэлт дүгнэлт гаргуулах,

айлын хашааг машинаар мөргөсөн гэх Т.У-н эцгийн үйлдлийг шалган уг осол Т.У-н сэтгэл санааны байдалд нөлөөлсөн байсан эсэхийг тогтоох шаардлагатай, эдгээр ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байх тул Н.О-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Бар овогт Н.О-д холбогдох 1826003110297 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол  Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.