Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

     2023         02            01                                      2023/ШЦТ/88

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Батбаатар, 

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2203006930021 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***- өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, JCR Mongolia уурхайд ахлах уурхайчин  ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (РД:***),

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрлэлийн гудамж, PSC дэлгүүрийн урд замд Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин үргэлжилсэн хос шугам давж зүүн гар тийш эргэх үед эсрэг урсгалт чигээрээ явсан Yamaha фирмийн Gear загварын мопед жолоодож явсан жолооч *** нь жолоодлого алдан унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***эс: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2203006930021 дугаартай хэргээс:

 

1. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ***/приус-20 улаан/ машин, дугааргүй мопедтой миний хөл гэмтсэн/ гэмтэл дээр ирсэн үзүүлсэн өвдөгний дотор холбоос салсан гэх утгаар  бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Пи Эс Си ХХК-н урд замд хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-13 дахь тал),

 

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “тухайн өдөр ...11 цаг 30 минутын орчим Big барилгын материалын худалдааны төвд гээд захиалга ирсэн. Ингээд би мопедоо жолоодоод Хан-Уул дүүрэгт байх салбараас гараад Говийн замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр Hilti нэртэй багажны дэлгүүр рүү ойртоод ирэхэд эсрэг урсгалд явж байсан авто машин үргэлжилсэн цагаан зураас даваад зүүн гар тийш буюу миний явж байсан эгнээ рүү дараад ороод ирсэн. Тэр үед би мөргөхгүйн тулд хойд тоормосоо атгахад мопед зогсох боломжгүй яваад эргэж байсан машинтай бүр ойртоод ирэхээр нь урд тоормосоо атгаад жолоодлого алдаад мопедтойгоо газар унасан. Ослын дараа харахад мопед буцаж эргэж байсан машинтай тулаад уначихсан байсан. Машинд бол хүрээгүй. Тэгээд буцаж эргэж байсан машины жолооч машинаа болон миний мопедыг замаас гаргасан. Би хэсэг хугацаанд сууж байгаад босоход хөл эвгүй болчихсон байсан. Машины жолооч *** гэх залуу бид хоёр түргэн тусламж руу дуудлага өгсөн. Түргэн ирээд эмч үзээд та хоёр гэмтлийн эмнэлэг рүү яваарай гэж хэлээд явсан. Ингээд *** гэх залуугийн машинтай гэмтлийн эмнэлэг рүү очоод үзүүлэхэд хугарсан зүйл байхгүй байна, гэхдээ зөөлөн эдийн их гэмтэлтэй байна, чагтан холбоос тасарсан байна, нарийн MRI-д үзүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь MRI-д үзүүлэхэд яс нь хугарсан, чагтан холбоос тасарсан байна гэж хэлсэн...” ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

4. Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: Би Таван Богд Фүүдс Пицца ХХК-д шалгах менежер ажилтай. ...Би ослын талаар нарийн сайн мэдэхгүй ч тухайн өдөр ажилтан Амаржаргал залгаад ослын талаар хэлэхдээ мопедтой хүргэлт хийгээд явж байхад эсрэг урсгалаас машин урдуур дарж орж ирээд би тоормос гишгээд уначихлаа гэж хэлсэн. Ослын улмаас байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл буюу мопедод гэмтэл учраагүй. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

5. Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...Гэмт хэргийн улмаас хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 379,000 төгрөгийн гарсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/196 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14834 дугаартай хүний биед хийгдсэн:

“- ***ын биед баруун өвдөгний үений гадна жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоосын бүрэн урагдал, арын чагтан холбоос хэсэгчилсэн урагдал, дотор холбоосын суналт, тойгны гадна, дотор даруулган холбоосын урагдал, суналт, тахимны шөрмөсний суналт, шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3474 дугаартай Yamaha фирмийн Gear маркийн мопедод хийгдсэн:

“- Шинжилгээнд ирүүлсэн Yamaha фирмийн Gear маркийн мопедын хөдөлгүүр 49 см3 ажлын багтаамжтай, 3.2 кВт чадалтай техникийн үзүүлэлттэй байна.

- Зориулалтын багажгүй тул техникийн дээд хурдыг тогтоох боломжгүй.

- Шинжилгээнд ирүүлсэн 2 дугуйт тээврийн хэрэгсэл нь техникийн үзүүлэлтээр “Мопед” ангилалд хамаарна.

- Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

- Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа тул зам тээврийн осолд нөлөөлөх зүйлгүй.

- Урд, хойд дугуй тусдаа ажиллагаатай, механик дамжуулгатай.

- Урд, хойд дугуйн тоормос ажиллаж байна.

- Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 64-68 дахь тал)

 

8. Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1608 дугаартай:

“-...Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4, 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. /1.3 (үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;/ гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

- Gear маркийн мопедны жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

- Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4, 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. /1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;/ гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 104-105 дахь тал),

 

9. Яллагдагч, болон хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 121, 125 дахь тал), прокурорын тогтоол (хавтаст хэргийн 126-127 дахь тал), ялын санал (хавтаст хэргийн 128 дахь тал),

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа газрын лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, (хавтаст хэргийн 85-89 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 99 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч *** нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар ялын санал танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч *** үйлдсэн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрлэлийн гудамж, PSC дэлгүүрийн урд замд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 00 минутын орчимд Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин үргэлжилсэн хос шугам давж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийх үед нь эсрэг урсгалд Yamaha фирмийн Gear загварын мопед жолоодон чигээрээ явсан *** нь тоормослон зогсох арга хэмжээ авах үедээ жолоодлого алдан унаж бие, эрүүл мэндэд нь баруун өвдөгний үений гадна жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоосын бүрэн урагдал, арын чагтан холбоос хэсэгчилсэн урагдал, дотор холбоосын суналт, тойгны гадна, дотор даруулган холбоосын урагдал, суналт, тахимны шөрмөсний суналт, шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт нь:

 

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 4 дэх тал),

- 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-13 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14834 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3474 дугаартай Yamaha фирмийн Gear маркийн мопедонд хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 64-68 дахь тал)

- Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1608 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 104-105 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүн нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж тодорхойлжээ.

Дээрх гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба, обьектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх, гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.

Шүүгдэгч *** нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаагаар, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ***ын биед хүндэвтэр гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон бөгөөд дээрх дүрмийн заалтыг зөрчсөнөөс осол хэрэг гаргасан байх бөгөөд энэхүү байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан ба, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч *** нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээс хохирогч ***ын бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон болон хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагааг шалгахад хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *** “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

- 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 

499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч *** жолоодон явсан Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь *** болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон бөгөөд автомашины хохиролтой холбоотой гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** баримтаар 211,270 (хавтаст хэргийн 101-103 дахь тал), төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ***эс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчийн Хаан банкны *** тоот данс руу 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр нийт 8,000,000 төгрөгийг (хавтаст хэргийн 123-124 дэх тал), шилжүүлж хохирол төлбөрийг барагдуулжээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 379,000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 122 дахь тал) хэрэгт авагдсан хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг бичгээр гаргажээ. (хавтаст хэргийн 121 дэх тал)

 

Иймд шүүгдэгч *** хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч *** шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, оногдуулах ялын саналыг шүүгдэгчид танилцуулсан тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба  шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт хэлэхдээ улсын яллагчийн гаргаж буй ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.  

 

Иймд шүүгдэгч ***Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

3. Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч,  иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН