Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

   2023            03             03                                     2023/ШЦТ/269

 

     

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Т.Төмөртулга,

иргэдийн төлөөлөгч Г.Мөнхзул,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... ... төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван толгой” тээврийн нэгдэл ХХК-д том оврын машины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Харчу овогт Д.Д (регистрийн дугаар:ФБ8103...).   

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Д- нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ... тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ хадам эгч Ж.М-тэй мөнгө хулгайлсан гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний толгой тус газар нь хөлөөрөө өшиглөж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

          1.1. Улсын яллагч: 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1435 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд.  

1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: Шүүгдэгч Д.Д-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 188-204 дүгээр хуудас/-ыг тус тус шинжлэн судалсан.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

3.  Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д- нь гэм буруугаа хүлээж байна гэсэн бол  түүний өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон. 

 

4. Шүүхийн иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан.

 

5. Гэм буруутайд тооцох тухайд: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, улсын яллагч, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

6. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч Д.Д- нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө...дугаар гудамжны ... тоотод архидан согтуурсан үедээ хадам эгч Ж.М-тэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой тус газарт хөлөөрөө өшиглөж алсан болох нь:

 

6.1. Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 03 цаг 17 минутад өгсөн “...хүн амины хэрэг гарчихлаа...” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (1 хавтаст хэргийн 1 хуудас),

6.2 Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүрэг 43 хороо  ******** тоотод 50 настай эм М нас барсан ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1 хавтаст хэргийн 3-9 хуудас),

6.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-н “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод нөхөр хүүхдийн хамтаар ажиллаж амьдардаг юм. Харин 2022 оны 10 сарын 21-ний шөнийн 03 цаг 30 минутын үед манай ээж Ж.М-гийн төрсөн дүү Ж.Л**** миний ... дугаарын утас руу залгаад яаралтай ир, ээж нь нас барсан гэж хэлсэн" юм. Болсон процессын талаар надад хэлээгүй, ингээд Бор-Өндөр хотоос Улаанбаатар хот руу хувийн унаатай шууд гарсан. Ингээд замдаа явж байхдаа юу болсон талаар дам яриагаар сонсоход хүргэн ах Д.Д-гийн гэрт архи ууж байгаад хоорондоо маргаан үүсгэж улмаар "Д.Д- гэх хүн манай ээжийн толгой руу өшиглөж унагаахад буцаж сэргээгүй, ухаан алдаж улмаар нас барсан" гэдгийг би сонссон юм. Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод ирээд ээжийнхээ гэр болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын тэнд байх гэрт нь очиж зул асаачхаад гандан орох гээд явж байхад цагдаагаас дуудаж ирж мэдүүлэг өгч байна. ... 2017 онд манай аав, ээж 2 салсан. Одоо тус тусдаа амьдардаг. Ээж маань сүүлд ***** гэх хүнтэй хамтран амьдарч байсан. Сүүлийн хэд хоног ажлынхаа хажуугаар жолооны курст сурч байсан зан байдлын хувьд ажилсаг хөдөлмөрч, хамт олны нэр хүндтэй, цэвэрч нямбай, сэргэлэн цовоо хүн байсан...Талийгаач ээж маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, цөсний чулууны хагалгаанд орж байсан. Архи согтууруулах ундаа тааруулан хэрэглэдэг ах дүү хамаатан садны хүрээнд тохируулан хэрэглэдэг байсан юм.Тухайн асуудлыг хууль журмын дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 46-48 хуудас),

6.4. Хохирогч Э.О-н дахин өгсөн “... Оршуулгын зардалд нийт 24,308,337 төгрөгийн зардал гарсныг хүлээн авсан, ... надад гомдол санал гэх зүйл алга байна. Хэргийн материал болон шинжээчийн гаргасан дүгнэлтүүдтэй бүрэн танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт алга байна.” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51-52 хуудас),

6.5. Насанд хүрээгүй гэрч Л.Б-ын “... 23 цагийн орчимд Тэгтэл Д.Д- ах Ж.М- эгчид хандаж хөөе пизда минь болиоч, наадхаа зүгээр унтуулаач гэж хэлтэл Ж.М- эгч Д.Д- ахын нүүр хэсэгт 2 удаа алгадсан чинь Д.Д- ах уурлаж босож ирээд Ж.М- эгчийн хүзүүнийх нь зүүн хэсэгт удаа том хар өнгийн гуталтай баруун хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед Ж.М- эгч биеийнхээ зүүн талын хэсгээр газарт шууд унаад өгсөн. Би урд гэр лүү гүйж ороод аавын төрсөн дүү болох хараагүй ******* эгч орж ирээд Ж.М- эгчийг амьсгалахгүй, зүрх нь цохилохгүй байна ш дээ гэж хэлтэл Д.Д- ах 103 дуудсан. Эмч ирж үзээд зүрх нь зогссон байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон...” гэсэн (1 хавтаст хэргийн 63-65 хуудас),

6.6. Гэрч Б.Д-ий “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагаас 10 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 12,13,34,43 дугаар хороодын нутаг дэвсгэр машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний үүрийн 03 цаг 17 минутад бургат 10-аас Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтай ***** тоотод "Хүн амины хэрэг гарчихлаа" гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч уг дуудлагад 5-10 минутын дараа тухайн хаягт очиход уг хашаа нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хашаа байсан ба хашаанд ороход өвлийн сууц болон түүний чанх ард 5 ханатай эсгий цагаан монгол гэр байх ба хаалгыг нь татаж үзэхэд гэрийн баруун талд байх баганы хажууд дээш харсан 50 гаран насны гэмээр эмэгтэй хүн дээш харсан нас барсан байдалтай хэвтэж байсан байх ба уг гэрт талийгаачийн төрсөн дүү гэх Ж.Б.Д гэх эмэгтэй архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гэрийнхээ гадна зогсож байсан түүний нөхөр гэх мөн 40 гаран насны гэмээр намхан туранхай эрэгтэй манай хадам эгч Ж.М- манай эхнэр Б.Дг унтаж байх үед нь сэрээх гээд алгадаад байхаар нь "Чи наадхаа зүгээр унтуулчих пизда минь гэж хэлэх үед манай хадам эгч тэр үгэнд уурлаж улмаар надад агсам тавиад намайг сууж байхад миний зүүн хацар луу 2 удаа гараараа алгадахаар нь би босоод түлхтэл арагшаа унасан тэгэхээр нь өмсөж байсан хромон гуталтай хөлөөрөө түүний нүүр орчим руу 1 удаа өшиглөтөл хадам эгч дахиж босож ирэлгүй хөдөлгөөнгүй болчихсон. Тухайн үед юу болсон гэдгийг манай хадам эгчийн хүүхэд болох **************** харж байсан. Би хүн алчихлаа гэж бодоод түргэн дуудаж үзүүлсэн түргэн ирээд нас барсан байна гээд цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 68-69 хуудас),

6.7. Гэрч Д.Д-ийн “... би эгч Ж.М-тэй гэр рүүгээ өгсөж явахдаа 1 шил 0.75 литрийн архи аваад буцаад гэртээ орсон. Уг архийг манай нөхөр Д.Д-, эгч Ж.М- бид 3 хувааж уугаад сууж байгаад би архи талдаа ороход согтоод унтаад өгсөн. Харин намайг унтаж байхад манай эгч Ж.М- хөлөөрөө толгой руу босооч гээд нэг удаа цохисон би босож ирээд уурлаад түүнийг гэрээс яв гээд хөөж түлхсэн, зурагт руу түлхсэн. Энэ үед манай нөхөр уурлаад намайг өмөөрч эгчийг мөн адил түлхсэн, ингээд би архи хундагалаад уусан. Үүнээс цааш би юу ч санахгүй, эгчийг харахад орны тэнд сууж байгаа юм шиг харагдсан, ингээд би дүү Л-ыг дуудуулсан. Тухайн үед аниагийн толгойг бариад сэрээч ээ гээд суусан, харин манай дүү ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна гээд эмнэлэг дуудсан бөгөөд цагдаа эмнэлэг ойролцоо ирсэн бөгөөд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд аваачсан юм...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 71-73 хуудас),

6.8. Гэрч Д.О-ын “... Цагдаагийн хэлтэс дээр намайг очих үед Б.Д болсон үйл явдлыг хэлэхдээ Б*********** эгч та 2-ыг шөнө явсны дараа намайг гэртээ унтаж байх үед Ж.М- эгч одоо бос гээд байсан тэгэхээр нь би босоод Ж.М- эгчтэй маргалдаж түүнийг түлхэх үед манай гэрийн зурагтыг тохойгоороо цохиод хагалчихсан. Тэгтэл манай нөхөр Д.Д- босож ирээд Ж.М- эгчтэй  маргалдан улмаар түлхэж газар унагаагаад 2-3 удаа цохисон тэгтэл Ж.М- эгч хөдөлгөөнгүй болчихсон тэгээд түргэний эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлээд явсан гэж хэлсэн. Ж.М- эгчийн биеийн аль хэсэгт нь Д.Д-г юугаар цохисон талаар хэлээгүй. Ямар ч байсан Д.Д-г цохисны дараа Ж.М- эгч хөдөлгөөнгүй болчихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76-77 хуудас),

6.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2752 дугаартай “...Талийгаачид тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны орой завсар суурь, бага тархины баруун зүүн мөчрийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт баруун зүүн хажуугийн ховдлын цус харвалт, хүзүүнд цус хуралт зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, цээж, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралтууд, зүүн 4.5-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархай дагзны орой завсар суурь бага тархины баруун зүүн мөчрийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн хажуугийн ховдлын цус харвалт хүзүүнд цус хуралт зулгаралт, зүүн нүдний зовхи зүүн хацар цээж, зүүн бугалга шуу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралтууд нь амь ахуйд үүссэн шинэ гэмтлүүд, зүүн 4, 5-р хавирганы хугарал нас барсны дараа үүссэн, зүрхэнд сэхээн амьдруулах тусламж үзүүлэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гавал тархины гэмтлүүд нь хүнд бусад гэмтлүүд нийлээд хөнгөн гэмтлүүд болно. Талийгаачийн биед ерөнхий судас хатуурах өвчин, ходоодны архаг үрэвсэл элэгний хөнгөн зэргийн өөхлөлт, умайн булчингийн архаг үрэвсэл бүхий өвчнүүд архаг хууч өвчтэй байна. Талийгаачийн цусанд 3.2. шээсэнд 3 4 промилл спиртийн зүйл илэрсэн САЗ-н хүрээнд хорт бодис эмийн бодис илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаач нь В/3/ булгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальс ховдолд цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар шууд нас баржээ...” гэсэн дүгнэлт (1 хавтаст хэргийн 131-136 хуудас),

6.10. Шинжээч Ө.Сарангэрэлийн “... Талийгаачийн тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух зулай чамархай дагзны орой завсар суурь, бага тархины баруун зүүн мөчрийг хамарсан дагзны хальсан доорх цус харвалт баруун зүүн хажуугийн ховдлын цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн цохих өшиглөх үед үүссэн гэмтэл юм. Бусад гэмтлүүд нь буюу цээж зүүн бугалга, шуу баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно... дээрх гавал тархины битүү гэмтэл авсан үед идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй... эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжгүй. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 152-153 хуудас),

6.11. Д.Д-гийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн “...би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би нэг л удаа хөлөөрөө жийсэн ...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 161-162 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

7. Дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Д-гийн нэг удаагийн өшиглөсөн үйлдлийн улмаас талийгаач нь гавал тархины битүү гэмтэл авч, тархины аалзан хальс ховдолд цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар шууд нас барсан.

 

8. Шүүгдэгч Д.Д- нь амь хохирогчийн толгойн тус газар хөлөөрөө өшиглөж буй хууль бус үйлдлээ ухамсарлан мэдэж, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдсэн.

8.1. Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

8.2. Эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугийн санаатай хэлбэрийг дотор нь шууд санаатай болон шууд бус санаатай гэсэн төрөлд хуваан авч үздэг. Шууд болон шууд бус санаа хэлбэрийн хувьд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг ухамсарласан байдаг, оюун санааны шинжээрээ адилхан. Харин шууд санаа нь гэмт этгээд үйлдлийнхээ хор уршгийг мэдэж, хүсэж буюу үр дүнг чухалчилж түүнд хүрэхийн тулд идэвхтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг бол, шууд бус санааны хувьд зөвхөн хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн ч түүнийг чухалчилдаггүй, үйлдлээрээ түүнд хүргэсэн, хор уршигт “яасан ч яахав” гэсэн идэвхгүй байр сууринаас хандсан байдгаараа ялгагддаг.  

8.3. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдах үедээ түүний толгой тус газар нь хөлөөрөө өшиглөж, цохисон үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй хууль бус үйлдэл болохоо ухамсарлаж үйлдсэн буюу уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдэж, хүсэж үйлдсэн, үйлдлээ зориуд хэрэгжүүлсэн гэж үзнэ. Хэдий түүнд хүнийг алах сэдэлт, зорилго байгаагүй боловч тухайн үйлдлийн улмаас тодорхойлох боломжгүй хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдсэн, хор уршгийг зориуд бий болгосон буюу гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.

8.4. Хүнийг алах гэмт хэргийг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үхэлд шууд хүргэсэн, эсхүл хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Мөн “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах”, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан өөр бусад хүндрэл үүсч, тэрхүү өөр хүндрэлийн улмаас нас барсан нөхцөлүүдээр ялгагддаг.

 

9. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Д.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцож, энэ талаарх улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нарын гэм буруутай гэх дүгнэлтийг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

10. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

10.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д хохирогч нас барсантай холбоотой гарсан хор уршгийн төлбөрт шүүгдэгч нь нийт 24,308,337 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гар бичвэр (2 хавтаст хэргийн 61 хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

11. Эрүүгийн хариуцлагын талаар:

11.1. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

11.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж, нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү гэсэн санал гаргасан.

11.3. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1094 дугаартай: “...Д.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Д- нь нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрон давчидсан гэх баримт шинжгүй байна. Д.Д- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, ...хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (2 хавтаст хэргийн 52-53 хуудас)-ээр шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн байдлын хувьд ял шийтгэл эдлэхэд харшлах өвчин, эмгэггүй болохыг тогтоосон.

11.4. Шүүгдэгч Д.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хор уршгийн зардалд 24,308,337 төгрөг төлсөн, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн “согтуурсан үедээ эхнэрийг нь цохиж сэрээсэн, шүүгдэгчийг эхэлж алгадаж авсан” зэрэг хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

11.5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь согтуурсан үедээ үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдсон, хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээж, ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

11.6. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж буйгаа илэрхийлсэн, хор уршгийн төлбөрийг төлж барагдуулсан боловч уг гэмт хэргийн хохирол нь хүний амь нас бөгөөд хүний амь насыг мөнгөөр нөхөн тооцох боломжгүй тул  шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

11.7. Шүүгдэгч Д.Д-д ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байгааг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх  бүрэлдэхүүн шийдвэрлэсэн

 

12. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

12.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хромон гутлыг шүүгдэгч Д.Д-гийн ар гэрт буцаан олгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст  шилжүүлэх нь зүйтэй.

12.2. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д 24,308,337 төгрөг хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдах.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2022.10.22-10.24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг, 2022.10.25-2022.11.23-ны өдрийг хүртэл 29 хоног, нийт цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Харчу овогт Дашдаваагийн Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-г 08 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Д-гийн 2022.10.22-10.24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг, 2022.10.25-2022.11.23-ны өдрийг хүртэл 29 хоног, нийт цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 01 ширхэг хромон гутлыг Д.Д-гийн ар гэрт буцаан олгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д 24,308,337 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Д-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ      

 

  ШҮҮГЧИД                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    Ц.УРАНГУА.Д