Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/00541

 

2019 оны 03 сарын 06 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00541                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суух, Г.Б  /РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суух, Л.Б  /РД:.../-т холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б , хариуцагч Л.Б , гэрч Г.Б, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 

 

Нэхэмжлэгч Г.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би ХААИС-д ажилладаг байсан, сүүлийн 7, 8 жилийн хугацаанд хариуцагч надтай нэг өрөөнд нэг ширээнд зэрэгцээд суудаг байсан. Хариуцагч надад санал тавьсан. Эрчим хүчний яамны харьяа, н.Батчулуун захирал бид 3 гурвалсан гэрээ хийгээд ХААИС-ийн анги танхим, харьяа сургууль бүгдэд нь эко гэрэлтүүлэг хийх гэж байгаа гээд надад маш том хэмжээний ботийг өнгө зурагтай нь, тамга тэмдэгтэй нь үзүүлсэн. Гэрээ хийх гэж байна, надад 60 сая төгрөг орж ирнэ, удахгүй зурагтаар гарна, би таныг шагнана, та надад мөнгө олж өгөөч гэсэн санал тавьсан. Би н.Бор гэх гуанзны залуу дээр ороод “эгчид нь 1,000,000 төгрөгийн хэрэг байна” гэхэд “би танд бол зээлүүлнэ” гээд надад 1,000,000 төгрөг өгсөн. Би мөнгийг барьж орж ирээд хариуцагчид өгсөн. Тэгэхэд та санаа зоволтгүй, дахиад хүүтэй ч хамаагүй мөнгө олж өгөөчээ гэсэн. Одоо гэрчээр ирсэн байгаа Д.Н гэдэг хүн надад 300,000 төгрөгөө хадгалуулсан байсан. Тэгээд би Д.Нг дуудаад “Л.Б т би 1,000,000 төгрөг өгсөн чинь дахиад мөнгө хэрэгтэй байна гэнэ, нөгөө 300,000 төгрөгийг чинь өгчих үү” гэж асуусан. Тэгэхэд Д.Н “өгчих” гэж хэлсэн. Тэгээд Д.Нгийн 7, 8 сарынх нь банкны хүүг нь би Л.Б т өгсөн. Удаагүй надад мөнгөний хэрэг байна дахиад мөнгө байна уу гэж асуухаар нь би “чи өмнөх мөнгөнүүдээ өг, одоо болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд байж байтал хавар болсон. Хариуцагч болохгүй байна, мөнгө орж ирэхгүй байна гэж хэлсэн. Хавар засварын мөнгө орж ирээд болох юм байлгүй гэж бодсон. 4 дүгээр сарын сүүлээр манай дүү “32 дугаар сургууль дээр Л.Б  зам дээр цагдаа хийгээд зогсож байна” гэж над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь би гүйж очоод “чи надаас мөнгө авсан нь үнэн юм чинь гарын үсгээ зур” гэсэн. Тэгээд гарын үсгээ зурсан. Тэгээд Д.Н над дээр ирээд “даргаа би амарлаа нөгөө мөнгө” гэхээр нь би “чи санаа зоволтгүй, Л.Б  өгнө гэсэн” гэж хэлсэн. Энэ яриаг Зайсанд мэдэхгүй, сонсоогүй хүн байхгүй. Би ХААИС-д 38 жил ажилласан. Би доороо 45 хүн удирдаж байсан. Би худлаа ярьж яваагүй. Хариуцагчтай би их дотно байсан. Тэгээд болохгүй байхаар нь би н.Батчулуун захирал дээр орсон. Захирлаа тантай Л.Б  нэг ажил хийгээд байгаа юм байна, би одоо яах вэ гэхэд “тийм зүйл байхгүй, та шүүхэд өг, наадах чинь залилан байна, Л.Б тай ярьсан зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гараад Л.Б тай уулзаад “захирал ингэж хэлж байна, надтай гэрээ хийгээгүй гэж байна” гэсэн чинь “та намайг ажлаас халах гэж байна, яагаад н.Батчулуун захиралтай орж уулзаж байгаа юм бэ, ямар сонин хүн бэ, н.Бортой ярьсан яриа байгаа, одоо танд хамаагүй, та хол бай” гэж хэлсэн. Ингээд 8 дугаар сар болсон. Тэгээд Л.Болд-Амраас юу болж байна вэ гэж асуухаар “зүгээр зүгээр эхний төлбөр ороод ирчихнэ, та санаа зоволтгүй хол бай” гэсэн. 10 дугаар сарын 01-ний өглөө уулзъя гэж бодоод хангамжийнхаа дарга дээр ороод Л.Б  утсаа авахгүй байна, би балраад байна гэсэн чинь Л.Болд-Амрыг ороод ир гэж дуудсан. Тэгээд би “юу болж байна вэ” гэсэн чинь шууд миний цох руу “та өөрөө 500,000 төгрөгийг авчихсан шүү дээ” гээд л хаалгаа саваад гараад явсан. Бид 2-ын дунд ийм л зүйл болсон” гэв.

 

 

 

Хариуцагч Л.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний ажил бүтээгүй. Бүтвэл 1,000,000 төгрөгийг бүтнээр нь төлье гэж байсан. н.Бор гэх хүн нь Г.Б  эгчийн данс руу 1,000,000 төгрөгөө шилжүүлсэн. Г.Б  эгч өөрөө АТМ-ээс 1,000,000 төгрөгийг надад авч өгсөн. Бид 2 өрөөндөө цуг ороод 500,000 төгрөгийг нь нэхэмжлэгч өөрөө авсан. Ажил бүтэхийн бол би төлчихнө гэж байсан, иймд Бороос авсан 500,000 төгрөгнөөс 200,000 төгрөгийг нь өгчихсөн, одоо үлдэгдэл 300,000 төгрөгийг нь би Борд өгнө. Нгаас авсан 300,000 төгрөгийг өгчихсөн, энэ нэхэмжлэлийг гаргасан Баасанжав эгчээс мөнгө зээлээгүй, энэ хүнээр дамжуулан өөр хүнээс мөнгө зээлүүлэн авч байсан” гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Шүүх Г.Б ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь н.Борын 1,000,000 төгрөг, Д.Нгийн 300,000 төгрөг нийт 1,300,000 төгрөгийг Л.Б аас гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдааны явцад Д.Нгийн 300,000 төгрөг төлөгдсөн болохыг зөвшөөрч, н.Борын 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хүлээн авсанаа зөвшөөрч 200,000 төгрөгийг төлсөн үлдэх 300,000 төгрөгийг н.Борд төлнө, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргасан байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд Г.Б  нь н.Бороос 1,000,000 төгрөг, мөн Д.Нгийн хадгалуулсан гэх 300,000 төгрөгийг тус тус авч Л.Б т зээлдүүлсэн гэх бөгөөд хариуцагч хариу тайлбартаа “...Г.Б  эгч өөрөө АТМ-ээс 1,000,000 төгрөгийг аваад бид 2 өрөөндөө цуг ороод 500,000 төгрөгийг нь нэхэмжлэгч өөрөө авсан, харин Д.Нгийн 300,000 төгрөг төлөгдсөн” гэжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Шүүх хуралдааны явцад Д.Нгаас нэхэмжлэгчээр дамжуулан авсан гэх 300,000 төгрөг төлөгдсөн нь тогтоогдсон тул энэ талаар талууд маргаагүй, мөн 2017.10.28-ны өдөр н.Бороос 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б  дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, харин уг 1,000,000 төгрөгийг хариуцагч Л.Б т хүлээлгэн өгсөн эсэх талаар талууд маргасан бөгөөд 1,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөнөө нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж үзлээ.

 

Хариуцагч Л.Б т яаралтай мөнгө хэрэг болох үед нэхэмжлэгч Г.Б т өөрт нь мөнгө байгаагүй байсан, бусдын хадгалуулсан мөнгийг болон бусдаас мөнгө авч хариуцагчид өгч байгаа үйлдэл, “...би таныг шагнана, та надад мөнгө олж өгөөч гэсэн санал тавьсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар, “...ажил бүтэхийн бол би төлчихье гэж байсан, иймд Баасанжав эгчийн хэрэглэсэн 500,000 төгрөгийг би төлмөөргүй байна, өөрийн үлдэгдэл 300,000 төгрөгийг нь би Борд өгнө” гэх хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд зээлдүүлэгчийн хүсэл зориг буюу Г.Б ын мөнгө зээлдүүлэх хүсэл зориг тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2017.10.28-ны өдрийн мөнгө авсан тухай баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 5 сард нөхөн бичүүлсэн талаар талууд тайлбарладаг боловч 2017.10.28-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Л.Б т хүлээлгэн өгсөнийг нотлохгүй болно.

 

Нөгөөтэйгүүр н.Бороос 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б  зээлж авсан, мөнгийг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээх бөгөөд н.Борын 1,000,000 төгрөг бүрэн хэмжээгээр эргэж төлөгдөх байтал Г.Б , Л.Б  нарын хоорондын маргаанаас болж бүрэн төлөгдөөгүй тохиолдолд н.Бор нэхэмжлэх эрхтэй байна.

 

Иймд н.Бороос авсан 1,000,000 төгрөгийн зарцуулалтын талаар маргаан үүссэн үед Г.Б  нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, энэ нэхэмжлэлийн дагуу шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                      

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Л.Б аас зээлийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

                         

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ