| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/03674/и |
| Дугаар | 183/ШШ2019/00618 |
| Огноо | 2019-03-15 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2019/00618
2019 оны 03 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2019/00618 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... тоотод байрлах, Б ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... өөрийн байранд байрлах, З /РД:.../-д холбогдох,
ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрт олгосон 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б ХХК нь 2017.07.01-ний өдөр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр даатгуулсан Ц.Э нь 2017.12.22-ны өдөр өглөөний 08 цаг 10 минутад ажилдаа очих замдаа гарцаар гарч явж байгаад автобусанд дайруулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж н.Б гэх этгээдийг гэм буруутай гэдгийг тогтоож, 2018.04.11-ний өдөр шийтгэх тогтоол гарсан байдаг. Үүнтэй холбогдуулаад гэм хорын хохиролд 10,460,000 төгрөгийг олгосон. Манай компани нь эрүүл мэнд, гэнэтийн ослын гэрээнийхээ дагуу хөдөлмөрийн чадвараа ажлын 62 хоног алдсан гэх үндэслэлээр 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Үүний дараа 2018.06.20-ны өдрийн тогтоол гарсан. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн комиссын актаар н.Э нь хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан болохыг тогтоосон байдаг. Даатгалын гэрээнд нөхөн төлбөрийг 2 янзаар тооцож олгоно гэсэн заалттай. 1-рт нь хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдах юм бол алдсан хоногт нь тооцуулаад нөхөн төлбөрийн тодорхой хувийг олгодог. Эхний удаа 3,000,000 төгрөг олгодог бол 62 хоног алдсан учраас гэрээний 11.1 дэх хэсэгт заасны дагуу гэнэтийн ослын хамгаалалтын хүснэгтийн 4 дэх хэсэгт 61-ээс 75 хувь гэсэн заалтын дагуу 30 хувиар тооцож 3,000,000 төгрөгийг олгосон байдаг. Хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хэсэгчлэн алдсан тохиолдолд хүснэгтэд зааснаар хэрвээ 70-аас дээш хувь алдахын бол 80 хувийн нөхөн төлбөр олгоно гэсэн заалттай байгаа. 80 хувийн нөхөн төлбөр олгоно гэсэн заалтынхаа дагуу өмнө нь олгосон 3,000,000 төгрөгөө хасаад 2019 онд даатгуулагчид 5,000,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дугаар хэсэгт заасныг үндэслээд даатгагч нь нэхэмжлэл гаргаж байгаа. Гэм буруу хохирол учруулсан этгээд нь н.Б гэх этгээд нь З******* ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан гэдэг нь өмнө нь дурдсан эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор тодорхой харагддаг. З*******д н.Б нь ажилладаг учраас бид З*******ээс гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар н.Б ын ажил олгогч З*******ээс 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б ХХК нь даатгалын нөхөн төлбөрт олгосон 8,000,000 төгрөг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэгтгэлийн 3 дугаар баазад жолооч байсан н.Б нь 2017.12.22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн ослоос үүдсэн гэм хорын төлбөрт манай байгууллага болон жолооч н.Б нар хамтраад 10,460,000 төгрөгийг төлж барагдуулсан. Уг мөнгөн дүнгээс байгууллага Хаан даатгалтай байгуулсан жолоочийн албан журмын даатгалын гэрээний дагуу 9,950,000 төгрөгийг хохирогч Ц.Э гийн эмчилгээний зардалд зориулж төлсөн. Энэ баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Б ХХК-ийн нэхэмжилж байгаа 8,000,000 төгрөг нь байгууллагаас төлсөн эмчилгээний зардалд төлсөн төлбөрийн зориулалтын хувьд давхцаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх З******* ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан Б ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Б ХХК нь ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрт олгосон 3,000,000 төгрөгийг З******* ОНӨААТҮГ-аас гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийтдээ 8,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нь “байгууллагаас төлсөн төлбөрийн зориулалт давхацсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд Б ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2017.07.01-ний өдрийн Р0108000411315 дугаартай Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан, гэрээний хавсралт 1061-д заагдсан даатгуулагч Ц.Э д даатгалын тохиолдол бий болсон нь 2018.01.23-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт болон 2018.06.20-ний өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 54814 дугаар акт зэргээр тогтоогдсон байна.
Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу Б ХХК-иас 2018.03.26-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2019.01.17-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус Ц.Э гийн нөхөн төлбөрт олгосоныг нотолсон шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн даалгавар хэрэгт авагдсан байна.
Талуудын хооронд байгуулсан Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.13.1, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж зааснаар Б ХХК-д төлбөр нэхэмжлэх эрх шилжсэн байна.
З******* ОНӨААТҮГ-ын 17-44 улсын дугаартай Daewoo-106 маркийн автобусны жолооч Б.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.11-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт хохирогч Ц.Э эмчилгээ, асаргаа, цалингийн зөрүү, өмгөөллийн хөлс гэж нийтдээ 17,398,867 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 10,468,000 төгрөгийг иргэний хариуцагч З******* ОНӨААТҮГ болон шүүгдэгч Б.Б нар төлсөн болохыг тусгажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч болон шүүгдэгч нар нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй бөгөөд ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхөн төлбөртэй “зориулалт давхацсан” гэх хариуцагчийн тайлбар хуулийн үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Б ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 498 дугаар зүйлийн 498.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар З******* ОНӨААТҮГ-аас даатгалын нөхөн төлбөрт 8,000,000 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З******* ОНӨААТҮГ-аас 158,200 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,200 /63,150+95,050/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ