Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/00655

 

2019 оны 03 сарын 20 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00655                             Улаанбаатар хот

 

 

 

                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .... тоотод оршин суух, Б.Ч /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суух, . Б.О  /РД:..../-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

        

 

           Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О той фейсбүүкээр танилцсан, манай хүүхэд Шинэ эрин сургуульд шалгалт өгөөд тэнцээгүй байсан тул наадмын үеэр 7 сард хүүхдийг чинь энэ сургуульд оруулна гэж урьдчилгаа 3,000,000 төгрөг авсан. Сургуульд оруулах боломжгүй болбол мөнгийг чинь буцаагаад өгнө гэж өөрөө хэлсэн. Тэгээд сургуульд оруулах боломжгүй болохоор нь мөнгөө нэхсэн чинь тэгж байгаад өгнө гэсээр байгаад л өдийг хүрсэн. Манай хүүхдээс гадна бас 2 хүүхдийг оруулж өгнө гэсэн байсан, тэгээд өөрөө зээлийн гэрээ байгуулъя алданги тооцож мөнгийг буцааж өгнө гэсэн тул би 2018.08.07-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Одоо залгахаар утсаа авахгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандсан, Б.О оос 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

          Шүүх Б.Чийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2018.08.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийтдээ 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Б.О д холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Ч нь өөрийн хүүхдийг Шинэ эрин сургуульд оруулах зорилгоор 3,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон Б.О д өгсөн болох нь түүний тайлбараар тогтоогдсон, талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй өөрөөр хэлбэл хариуцагчийн мөнгөний хэрэгцээг хангах болон мөнгө зээлэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй байна.

 

Хариуцагч Б.О  нь Шинэ эрин сургуульд элсэлт авах эрх бүхий этгээд биш байх бөгөөд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийн дагуу шилжүүлэн авсан 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан мэтээр 2018.08.07-ны өдрийн зээлийн гэрээг хожим бичгээр байгуулсан байх тул Б.Ч, Б.О  нарын хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

 

Талууд хууль зөрчсөн хэлцлийг халхавчлан зөвхөн гадаад илэрлийг бий болгохын тулд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хийсэн зээлийн гэрээний дагуу алданги төлөхөөр тохиролцсон нь биелэгдэх боломжгүй тул нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжилсэн алданги 1,500,000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

 

Зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчаас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б.О  2018.12.17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

 

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2018.08.07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж,  хариуцагч Б.О оос 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чт олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О оос 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ