| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/00399/и |
| Дугаар | 183/ШШ2019/00680 |
| Огноо | 2019-03-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2019/00680
2019 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2019/00680 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул ... тоотод оршин суух, Э.Г /РД:..../,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Н.З /РД:..../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... байрлах К ХХК /РД:..../-т холбогдох,
сургалтын төлбөрт төлсөн болон бусад гарсан зардал нийт 9,226,454 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Г , Н.З , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хамгийн анх 2018 оны 08 дугаар сард фейсбүүкээр бакалавр төгссөн, 25-30 насны нийгмийн даатгал төлдөг залуучуудыг 1 жилийн гэрээтэйгээр ажилд оруулна гэсэн мэдээллийн дагуу оффис дээр нь очиж байсан. Мэдээлэл авах гээд очиход 2, 3 менежертэй, захирал нь сургалтын өрөөтэй том оффис байсан. Солонгос улсад 3, 4 үйлдвэрийн компанитай, гэрээгээр ажиллуулна, эхлээд 3 сараар аяллаар явуулаад дараа нь ажиллуулж байх хугацаандаа жилээр сунгаад жилийн гэрээтэй ажиллуулна, 100 хувийн гэрээ контракттай, найдвартай, баталгаатай гэсэн болохоор гэрээ байгуулсан. Бид 2 эхлээд сургалтанд сууя гэж очоогүй. Жилийн гэрээг нь сонирхож очсон байтал “манай сургалтанд суух ёстой, нэг сарын 350,000 төгрөгийн төлбөртэй, 3 сар суух ёстой” гэсэн. Бид 2 өөрсдөө ажилтай, суух боломжгүй гэхэд “солонгост ажиллуулах виза чинь 100 хувь гарна, урилга ирж байгаа учраас гарахгүй байна гэж байхгүй, тиймээс энэ сургалтанд суу” гэсэн. Нэг ёсондоо сургалтанд хүчээр, албан шаардлагаар суулгасан. Ингээд эхний сарын сургалтанд бид хоёр 3, 4 удаа л суусан байх. Сүүлийн саруудад бүтэн хамрагдаагүй. Гэхдээ 2 хүний 2 сарын төлбөр гэхээр нийт 1,400,000 төгрөгийг сургалтын төлбөрт өгсөн. Мөн үйлдвэрт жилээр ажиллуулна гэсэн үүднээс нэг хүний 1,500,000 вон, 2 хүний 3,000,000 вон гэхээр монгол мөнгөөр бодохоор 7,000,000 орчим төгрөгийг авсан. Бид 2 мөнгөө воноор нь бэлнээр аваачиж өгсөн. Энэ мөнгөө ерөөсөө буцааж аваагүй. 9 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөртэй нийлээд 9 хүнийг баг болгож байгаад аяллын журмаар визанд оруулсан. 10 дугаар сарын 12-ны өдөр татгалзсан гэсэн хариу ирсэн. Ингээд татгалзсан хариугаа авангуутаа бид нар холбогдоод очиж уулзахад “уучлаарай, яагаад татгалзсаныг мэдсэнгүй” гэсэн. Тэгэхээр нь мөнгөө авъя гэсэн чинь “та нарын мөнгө байхгүй” гэж хэлсэн. 10 дугаар сараас 12 дугаар сарын дундуур хүртэл байнга холбогдож мөнгөө авъя гэж хөөцөлдсөн. Энэ хугацаанд менежерүүд нь халагдсан, оффисоо нүүлгэсэн байсан. Сүүлд очиж уулзахад “мөнгө алга, хариуцсан газраар нь яв” гэсэн. Тэгээд шүүхэд хандсан. Бид 2 тэр мөнгийг нь өгөхийн тулд банкнаас хүүтэй мөнгө зээлсэн, хувь хүнээс мөнгө зээлсэн. Тэрний хүүг 6, 7 сар төлж явж байна. Тийм учраас мөнгөө аль болох хурдан гаргуулж авмаар байна” гэв.
Хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.З , Э.Г нар К ХХК-д холбогдуулан гаргасан сургалтын төлбөр 9,226,454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Уг асуудлаар Н.З , Э.Г нар нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа билээ. Тиймээс уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Н.З , Э.Г нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байна. Улмаар сургалтын төлбөрөөс гадна банкны зээлийн хүү бусад зардлуудыг төлөх үндэслэлгүй бөгөөд сургалтын гэрээнд суралцагч нь сургалтандаа суугаагүй тохиолдолд хариуцлагыг өөрөө хүлээх төлсөн төлбөрийг буцаан олгохгүй байх зохицуулалттай юм. Н.З , Э.Г нар нь сургалтандаа өөрсдөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сураагүй учир хариуцлагыг өөрсдөө хүлээх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Н.З , Э.Г нарын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Н.З , Э.Г нар нь сургалтын төлбөрт төлсөн болон бусад гарсан зардал нийт 9,226,454 төгрөгийг К ХХК-иас гаргуулахыг хүссэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд болон К ХХК-ийн Хангүг кажа сургалтын төв нь 2018.08.11-ний өдөр №26, 27 дугаартай Суралцах гэрээг Н.З , Э.Г нартай тус тус байгуулж, гэрээний хугацааг 2018.08.11-ний өдрөөс эхлэн солонгос хэлний түвшиний хичээлийг 3 сарын хугацаанд зааж дуусах хүртэл үргэлжлэхээр тогтоож, гэрээний 3.2.5-д зааснаар сургалтын төлбөрт тус бүр 350,000 төгрөгийг сургалтын төвд бэлнээр төлөхөөр тохирсон байна.
Мөн Хангүг кажа сургалтын төв нь дахин 2018.08.13-ны өдөр Сургалтын гэрээг нэхэмжлэгч нартай тус тус байгуулж, гэрээний 4.1, 4.3-т зааснаар сургалтын төлбөрийг сургалт эхлэхийн өмнө бүрэн төлөх бөгөөд суралцуулагчийн төлбөрт 1,500,000 воныг урилга захиалахад 50 хувийг төлж виз гарсаны дараа үлдэгдэл мөнгийг бүрэн төлж, виз гараагүй тохиолдолд визний хураамж болон бүртгэлийн хураамжийг хасаж, үлдэгдэл мөнгийг ажлын 14 хоногийн дотор эргүүлэн олгохоор тохирчээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.5 дахь хэсэгт “энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж тус тус заасан байна.
Талууд хоорондоо байгуулсан гэрээг “суралцах” болон “сургалтын” гэж нэрлэсэн, уг харилцааг иргэний хуулиар зохицуулаагүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн байх тул нэрлэгдээгүй гэрээ байгуулжээ гэж үзлээ.
Дээрх 4 удаагийн гэрээний заалтын дагуу нэхэмжлэгч Н.З , Э.Г нар сургалтын төлбөрт 3,000,000 воныг 2018.08.14-ний өдөр төлсөн болох нь К ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий орлогын ордерын тасалбараар, 2018.08.10-ны өдөр 700,000 төгрөг, 2018.09.17-ны өдөр 700,000 төгрөгийг тус тус К ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь депозит дансны харилцагчийн монгол хуулгаар тус тус тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019.02.25-ны өдрийн 313 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолд “...үйлдвэрийн хаяг, урилга авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, сургалтад суугаагүй хугацааны төлбөрийг буцаан авахаар тохиролцсон” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.
Нэр бүхий нэхэмжлэгч нартай байгуулсан К ХХК-ийн Хангүг кажа сургалтын төвийн суралцах гэрээ болон сургалтын гэрээ хэрэгжээгүй, БНСУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлсэн виз гараагүй, 2018.10.12-нд татгалзсан хариу авсанаар нэхэмжлэгч Н.З , Э.Г нар гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар сургалтын төлбөрт төлсөн 1,400,000 төгрөг /700,000+700,000/, 3,000,000 вон буюу 7,020,000 төгрөг /2019.01.22-ны өдрийн ханш 2.34 төгрөг/ нийтдээ 8.420,000 төгрөгийг хариуцагч К ХХК буцааж өгөх үүрэгтэй болно.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Иймд хариуцагч К ХХК-иас нийтдээ 8,420,000 төгрөгийг гаргуулж нэр бүхий нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас гарсан зардал гэх 100,000 төгрөгийг нотолсон баримтгүй, нөхөн төлбөрт гэх банкны зээлийн хүү тооцож 706,454 төгрөгийн шаардсан нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 806,454 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч шүүх шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар К ХХК-иас 8,420,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.З , Э.Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 806,454 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас 149,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ