| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/03551/и |
| Дугаар | 183/ШШ2019/00679 |
| Огноо | 2019-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2019/00679
2019 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2019/00679 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, Ө.Э /РД..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Д.Д /РД...... /-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 9,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Э , хариуцагч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч 2013.08.20-ны өдөр 3,000,000 төгрөг зээлж авсан, явцын дунд хүүг нь өгье гэсэн мөртлөө өгч чадахгүй байсан. 2013 оны 11, 12 сарын хүү 600,000 төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр надад өгсөн. 2014 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл огт мөнгө өгөөгүй. 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 760,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 140,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус өгсөн. Үүнээс хойш мөнгө төлөөгүй, үндсэн зээл 3,000,000 төгрөгнөөс төлөлт хийгдээгүй тул зээлийн хүү 2,984,400 төгрөг, алданги 4,340,000 төгрөг нийтдээ 7,324,400 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн хүүний тухайд 2015 оноос 2016 оны хүүг л тооцсон, алдангийн хувьд хүүг нь нэмж тооцоо хийгээд 2014.09.11-ний өдөр гэрээг сунгасан байгаа. Үүнээс гадна надаас 2012 оны 5 сараас эхлэн бараа авдаг байсан, би жимс, нарийн ногоонууд зардаг. Хариуцагч Барс зах дээр суудаг, надаас зээлээр жимс авч зардаг байсан. Энэ хугацаанд мөнгө өгдөг байсан, 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 5 дугаар сар хүртэл авсан нийт барааны үнийн дүн нь 9,525,600 төгрөг болсон. Төлсөн мөнгөнүүд нь 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,290,000 төгрөг, 5 дугаар сарын 10-ний өдөр 400,000 төгрөг, 5 дугаар сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2013.08.20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн, нийт төлөгдсөн нь 7,540,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл нь 1,985,600 төгрөгийг төлөөгүй. Иймд зээлийн мөнгө болон барааны үнэ нийтдээ 9,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үедээ хугацаа сунгалт хийгээд л яваад байсан. Үндсэн мөнгөнөөсөө хасаад яв гэхээр барааны үнэ дуусаагүй гээд байдаг байсан. Би нарийн тооцоо хийдэггүй болохоор хэлсэн амаар нь л яваад байдаг байсан. Өдөр болгон мөнгө авдаг байсан. Барааны үнээсээ хасаад байгаа юм уу, зээлээсээ ч хасаад байгаа юм уу мэдэгддэггүй байсан. Энэ хүнд итгээд л яваад байсан. Сарын хугацаатай 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байсан. Би бүр мартчихсан, төлсөн мөнгөө үндсэн зээлээсээ хасуулсан гэж бодсон. Хамгийн сүүлийн сунгалтыг санахгүй байна. Барааны мөнгө аль хэдийн төлж дуусаад дахиад шинэ бараа авч байсан. Миний буруу байгаа учраас үндсэн зээлж авсан 3,000,000 төгрөгийн үлдэгдэлийг өгье, харин барааны мөнгө төлөх төлбөр байхгүй. Би тухайн үедээ хүнээс хүүтэй зээл аваад 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг гэх мэтээр төлж байсан. Өөртөө ямар ч баримтгүй өгөөд байсан нь миний буруу болсон байна. Үндсэн зээлээсээ хасъя гэхээр “юу яриад байгаа юм, болоогүй” гээд загнаад байсан. 2012 оны барааны тооцоо аль эрт дуусчихсан, миний бүх бичиг баримт лангууны ард үлдсэн. 2016 онд лангуунаасаа гарсан. Тооцоо дууссан гэдгийг үзүүлэх зүйл юу ч байхгүй. Аль хэдийнээ зарагдаад дуусчихсан барааны үнийг яриад байна. Би мөнгө төлөхөөр бол үндсэн зээлж авсан 3,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг өгчихсөн, үлдсэнийг нь өгч болно” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Ө.Э ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 7,324,400 төгрөгийг Д.Д гээс гаргуулахыг шаардсан, харин хариуцагч зээлийн төлбөр төлөгдсөн, гэрээний сунгалт хийгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.
Шүүх хуралдааны явцад Ө.Э ээс 2012.08.20-ны өдөр 3 сарын хугацаагаар, 3,000,000 төгрөгийг хариуцагч Д.Д зээлж авсан байх бөгөөд тухайн үедээ талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтгүй боловч уг 3,000,000 төгрөгийг хүлээн авсанаа хариуцагч зөвшөөрсөн болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэв.
Зээлдэгч Д.Д нь 2014.01.28-нд 600,000 төгрөг, 2014.05.20-нд 760,000 төгрөг, 2014.07.20-нд 300,000 төгрөг, 2014.11.25-нд 500,000 төгрөг, 2014.12.20-нд 140,000 төгрөг, 2015.01.20-нд 300,000 төгрөгийг тус тус төлж, нийтдээ 2,600,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан өгсөн байх тул үндсэн зээл 3,000,000 төгрөнөөс хасч тооцоход үлдэгдэл 400,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, гэвч тухайн үедээ талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан байна.
Хэрэгт авагдсан 2013.08.20-ний өдрийн 3,600,000 төгрөг зээлдүүлсэн гэх гэрээ, 2013.10.25-ны өдрийн гэрээ сунгах тухай гэрээнд 827 тоот гэрээг сунгасан гэх боловч 827 тоот гэрээ байхгүй, 2014.01.24-ний 3,900,000 төгрөг болгон нэмж төлөх Д.Д гийн баталгаа, 2014.08.11-ний өдөр 4,340,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ гэх баримтуудыг 2012.08.20-ний өдөр 3,000,000 төгрөгийг Д.Д зээлж авсанаас хойш зээлийн хүү тооцож, мөнгөний үнийн дүнг нэмж нөхөж хийсэн болохыг талууд тайлбарласан болно.
Иймд дээрх гэрээнүүдийн дагуу зээлийн хүү болон алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч 2015.01.20-нд 300,000 төгрөг төлсөнөөс хойш болон нэхэмжлэгчийн тайлбарласнаар зээл төлөх сүүлийн хугацааг 2014.09.11 гэж тогтоосноос хойш 3 жил өнгөрсөн байх тул нэхэмжлэгч Ө.Э ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт “энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу авсан барааны үнийн үлдэгдэл 1,975,600 төгрөгийн тухайд Ө.Э нь 2012 оны 5 сараас эхлэн 2014 оны 6 сар хүртэл хугацаанд өөрийн зарж байсан жимс, нарийн ногооноос Д.Д д зээлээр өгдөг байсан, нийтдээ 9,525,600 төгрөгийн бараа өгсөнөөс 7,540,000 төгрөгийг буцаан төлсөн үлдэгдэл 1,975,600 төгрөг төлөгдөөгүй гэх боловч хариуцагч талд зээлээр авсан жимс, ногооны талаар ямар ч тооцоо, баримт байхгүй байна.
Хариуцагч жимс, ногоо зээлээр авч зардаг байсан талаар маргаагүй, хоорондын тооцоо дууссан гэж тайлбарладаг боловч нотолсон баримтгүй, харин бараа хүлээлгэн өгсөн зарлагын баримтууд, төлбөрийн тооцоо, харилцан тохиролцох гэрээ гэх баримтуудыг нэхэмжлэгч талаас ирүүлсэн боловч төлбөрийн тооцоог зөвхөн нэхэмжлэгч талын гараар нөхөж үйлдсэн, мөнгөний тооцоолол зөрүүтэй, ойлгомжгүй байх тул талуудын хооронд харилцан тохиролцож, тооцоо нийлсэн баримт гэж үзэхгүй болно.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2013.08.20-нд 1,000,000 төгрөг барааны үнэд төлөгдсөнөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д.Д гээс гэрээний үүрэгт нийтдээ 9,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн Ө.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ