| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2023/0279/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/283 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/283
2023 03 06 2023/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 сарын 28-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ... төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
**** овогт Б.А (регистрийн дугаар:ЙН880****).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.А- нь согтуугаар ... гудамжинд хохирогч Г.Б-г зодож биед нь хоёр талын 5-6 дугаар хавирганы далд хугарал, хамар, яс, таславчийн хугарал, мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А- нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
4. Шүүгдэгч Б.А- согтуурсан үедээ Г.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
4.1. Хохирогч Г.Б- “... Би “**********г” ХХК-д жолоочоор ажилладаг юм. Би 2022 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ажил дээр байж байгаад Баянгол дүүрэг Модны 2 хуучин 7 дугаар төвөөс дуудлага аваад, дуудлагын дагуу очиж цагаан өнгийн Prius-20 машиныг бариад нэг эрэгтэй, нэг эмэгтэйг суулгаж Тахилт руу хөдөлсөн юм. Замдаа явж байхдаа эрэгтэй нь эмэгтэйдээ агсам тавиад гар хүрээд зодоод байхаар нь би "цагдаа дуудлаа шүү гэсэн чинь эрэгтэй нь над pyy пизда минь бидний асуудал чамд хамаагүй гэж хэлээд над руу дайраад байхаар нь би машиныг нь 5 шарын замынхаа автобусны буудал дээр зогсоогоод машиныг унтраагаад түлхүүрийг сугалж авчхаад цагдаад дуудлага өгөөд машинаас буусан чинь эрэгтэй нь над руу түлхүүр ээ авъя..." гэхээр нь би "цагдаа ирэхээр түлхүүрээ ав гэсэн чинь намайг ална тална гээд хөөхөөр нь би буудлын хаана гудамж руу гүйж ороод баригдаагүй явсан. Тэгээд би тэндээ нуугдаад булангаас нөгөө хүнийг анзаараад байж байтал над руу цагдаа залгаад байна гэхээр нь би автобусны буудал дээр очиж цагдаа нартай уулзсан. Нөгөө эрэгтэй хүн байхгүй зугтсан байсан. Тэгээд ирсэн 2 цагдаа машинд сууж байсан эмэгтэйтэй уулзаад юм асуугаад байсан ба намайг чи одоо энэ эмэгтэйг яасан машинтай нь хүргэж өг..." гэхээр нь би машиныг бариад Тахилт руу явж эмэгтэйн зааж өгсөн газарт ирж машиныг нь хашааны гадаа тавьчхаад машинаас буугаад мөнгө авах гээд байж байсан чинь нөгөө эрэгтэй хүн гэрээсээ гарч ирээд их зугтаадаг, ямар их цагдаа дууддаг пизда вэ чи..." гээд намайг хөөгөөд би зугтсан юм. Тэгээд тэр эрэгтэй намайг хөөж байхдаа уначихсан ба би тэр хооронд ажлынхаа хүн *********** руу утасдаж чатаар байршлаа явуулсан чи гялс хүрээд ирээч мань чинь болохоо байлаа намайг хөөгөөд зодох гээд байна..." гэж хэлээд утсаа таслаад төв зам руу гарах гээд явж байтал нөгөө эрэгтэй хүн машинтайгаа араас давхиж ирэхээр нь би гүйгээд айлын хашаа руу зүүгдсэн байхад машинаараа миний баруун талын шагайг шүргээд зогссон. Тэгэхээр нь буугаад буцаад гүйх гээд дооглоод явж байтал нөгөө эрэгтэй хүн араас ирээд миний баруун талын чамархай руу цохихоор нь би манарсан юм. Тэгээд намайг унагаагаад миний толгой болон нүүр лүү маш олон удаа цохисон. Тэгээд би хөл дээрээ босоод хамраас цус гарч байхдаа "... ахаа миний хөл чичрээд нүд харанхуйлаад уначих гээд байна ш дээ больчих л доо гэж гуйсан боловч буцаагаад хавирч унагаагаад нүүр лүү цохиж байгаад гэнэт цохихоо больсноо намайг босгоод "... алив ийшээ явъя машинд суучих би чамд 00-н цаас өгье чи тооцоогоо аваад зайл..." гэхээр би машинд нь суугаад бид хоёр тэр эрэгтэй хүний хашаа руу очсон. Тэгээд би хашааны гадаа хүлээгээд байтал нөгөө эрэгтэй гэрээсээ эхнэрээ үсдэж гарч ирээд миний урдуур шидээд үйлчлүүлсэн бол наад пизда даа мөнгийг өг гэхээр нь би шууд яваад өгсөн. Тэгээд төв зам руу алхаад явж байтал манай найз *********** ирсэн ба найз намайг 103-т хүлээлгэж өгөөд өөрөө нөгөө хүний гэр лүү цагдаа дагуулаад очно гэж явсан, би 103-р гэмтэл рүү явсан юм. Би тэр эрэгтэйг танихгүй, анх удаа л харж байна. ...Бүх гэмтлүүдийг 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө намайг зодсон эрэгтэй хүн учруулсан, тэрнээс өмнө миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Би зодуулсан өдрөө ГССҮТ дээр очиж хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиа оношилгоо, комьпютер томографийн шинжилгээнд үзүүлсэн, надад эмнэлгийн анхны тусламж үзүүлж зөвлөгөө өгөөд явуулсан. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр MED TRAUMA HOSPITAL эмнэлэг дээр очиж КТГ-д 290,000 төгрөгөөр үзүүлсэн, дараа нь “ЭМЖЖ” эмнэлэг дээр очиж хамрын ясны мурийлт 200,000 төгрөгөөр тэгшлүүлсэн, мөн 200,000 орчим төгрөгийн эм тариа авсан ба уг зардал мөнгийг намайг зодсон А гэх хүн өөрөөсөө гаргасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 хуудас),
4.2. Гэрч Б.Ө-ийн “...Миний бие оройн цагаар дуудлагын жолооч хийдэг бөгөөд өнөөдөр 01 цаг 50 минутад манай оператор руу ... гэсэн дугаараас Модны 2-ын хуучин 7 дугаар төвөөс Орбитын тойрог хүрнэ гэсэн дуудлага өгсний дагуу дуудлага дээр очсон. Тэгээд тэр машиныг нь манай жолооч Б унаж явахаар болсон бөгөөд унаж явж байгаад 5 шар дээр ирэхэд "дуудлага асуудалтай боллоо, энэ хүн эхнэрээ зодоод байна" гэж хэлсэн. Үүний дагуу цагдаа дуудаж өгсөн. Дуудлага өгсний дараа тэр залуу зугтаад явчихсан байсан. Ингээд манай жолооч эхнэрийг нь хүргэж өгөхөөр цааш явсан, би төв рүү буцаад Баянбүрд хавьцаа явж байтал манай жолооч Б над руу залгаад "над руу хурдан ирээрэй, би энд хүнд зодуулчихлаа" гэж ярихаар нь Орбит руу зааж өгсөн газар нь очтол Б-ийн хамар хугарчихсан, нүүр ам нь нил цус болчихсон, миний урд ирээд шууд ухаан алдчихсан. Удалгүй сэргээд Б намайг гэх хүний гэрийг зааж өгөөд гэрийнх нь гадаа очтол нэг мод барьчихсан, та нарыг ална гээд нэг ах хашааныхаа үүдэнд гараад ирэхээр нь би гэрийг нь харж авчхаад тэндээс явж эмнэлэг болон цагдаад хандсан. Б-г зодсон хүний талаар нэрийг бол мэдэхгүй. Тухайн зодсон гэх хүн нь Б-аар үйлчлүүлсэн эгчийн нөхөр нь байсан гэж ойлгосон. Би яг зодуулж байхыг нь хараагүй. Ерөнхийдөө бол эхнэртэйгээ хардаад зодсон гэж би ойлгосон. Энэ талаар Баясгалан өөрөө сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-17 хуудас),
4.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн “...Г.Б-гийн биед хоёр талын 5, 6-р хавирганы далд хугарал, хамар яс, таславчны хугарал, мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 хуудас),
4.4. Б.А-ий яллагдагчаар болон шүүх хуралдаанд гаргасан “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г.Б-д 1,350,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.
5. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Хохирогч Г.Б-гийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан “ хохирлын мөнгө авсан” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 91 хуудас), шүүгдэгч Б.А- нь хохирогчид 1,350,000 төгрөг төлсөн, хялбаршуулснаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 91 хуудас) зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөр төлөгдсөн мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 319,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
8. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын санал болгосон ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн хор уршиг арилсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж шүүх үзсэн.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
10. Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
11. Шүүгдэгчээс: Прокурорын санал болгож буй ялыг хүлээн зөвшөөрсөн.
12. Шүүгдэгч Б.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
13. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. **** овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.А-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид эмчилгээний зардалд 1,350,000 төгрөг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 319,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ