Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч Х.Д,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Би ургийн овгийн Нйн Бт холбогдох 2313000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны  03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол  Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Манхан сумын ... дугаар багт  оршин суух хаягтай, урьд 1)Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2) мөн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 3) Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, 4) Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ..... регистрийн дугаартай, Б ургийн овгийн Нн Б,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 04 цаг 40 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ай хой” гар утас худалдааны төвийн цонхоор нь нэвтэрч, тус төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Кгийн эзэмшлийн “Айфон центр”-ээс /Iphone center/ 14 ширхэг Айфон /iphone/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 33,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг,

1.1. Шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:  “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

2. 2313000000044 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ж.Бээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минутад гаргасан “...15 ширхэг айфон загварын гар утас хулгайд алдагдсан...” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Хэргийн газарт буюу “Ай хой” гар утас худалдааны төвд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-12 дахь тал),

2.3. Хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал),

2.4. Эд зүйл буюу хураан авсан гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-28 дахь тал),

2.5. Иргэн Н.Бын эзэмшлийн 6694 ХОҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-39 дэх тал), 

2.6. Хохирогч Х.Кгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би тус хулгайд алдагдсан барааны эзэн мөн. Харин менежер К ер нь хариуцаж ажилладаг тул энэ талаар тухайн хүнээс асуусан нь дээр байх... ....Би хулгайд алдсан гар утаснуудыг бүрэн бүтэн олж авсанд баярлаж байна... Манай дэлгүүрээс гар утас хулгайлсан залуу надтай ирж уулзсан. Өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Тийм учраас би түүнийг уучилсан. Миний зүгээс тухайн залуугаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43, 45-46 дахь тал), 

2.7. Гэрч Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 цаг 40 минутад Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Ай хой” нэртэй гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг газрын нэгдүгээр давхарт байрлах “Iphone center”-т хулгай орж 15 ширхэг гар утас хулгайд алдагдсан. Тус хулгайд алдагдсан гар утаснуудын имей кодыг цаасан хэлбэрээр гаргаж өгье. Мөн тус гар утаснууд нь Солонгос Улсаас 2022 оны сүүлээр болон 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн гар утаснууд байсан... Нийт 15 ширхэг гар утас 35.900.000 төгрөгийн үнэтэй байсан. Айфон 13 про макс /Iphone 13 pro max/ 1 ширхэг, айфон 13 про /Iphone 13 pro/  1 ширхэг, айфон 12 про макс /Iphone 12 pro max/ 1 ширхэг, айфон 12 про /Iphone 12 pro/ 2 ширхэг, айфон 12 /Iphone 12/ 2 ширхэг, айфон 12 про макс /Iphone  11 pro max/ 3 ширхэг, айфон 11 /Iphone  11/  5 ширхэг тус тус байсан.  ...Нийт 14 ширхэг гар утас хулгайд алдагдсан байна лээ. Харин би тухайн үед айфон 12 про макс /Iphone 12 pro max/ загварын 256 гв багтаамжтай, 356729114414067 имей кодтой гар утас нь манай өөр салбар луу шилжүүлсэн байсан байна... ...Хулгайд алдсан гар утсаа бүрэн олж авсанд баярлаж байна. Миний зүгээс энэ хэрэгтээ холбогдуулан ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48, 50, 52 дахь тал), 

2.8. Гэрч Е.Лы мөрдөн шалгах ажиллагаанд “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад ажилдаа очоод байж байх үед манай нөгөө салбарын худалдагч Вера  айфон 13 про макс /Iphone 13 pro max/ 1 ширхэг, айфон 12 про макс /Iphone 12 pro max/ 1 ширхэг, айфон 11 про макс /Iphone  11 pro max/ 1 ширхэг, айфон 11 про /phone  11 pro/ 2 ширхэг, айфон 10 /IphoneХ/  1  ширхэг, нийт 6 ширхэг гар утас авч ирж өгсөн. Тус утаснуудыг бүртгээд лангуунд тавьсан. Тэгээд байж байгаад орой 19 цаг 10 минутад “Ай хой” төвд байрлах дэлгүүрээ хаагаад гэртээ харьсан. Тухайн үед буюу намайг дэлгүүрээ хаах үед бүх зүйл хэвийн байсан. Тэгээд гэртээ харьж амраад 2023 оны 01 дүгээр сарын 21-ний едрийн 08 цаг 50 минутад ажилдаа ирээд хаалга онгойлгоход хэвийн байсан ба хойд талын цонх онгорхой байж байсан. Тэгээд лангууг харахад гар утаснууд байхгүй байсан тул менежерийг дуудаад цагдаад дуудлага өгүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), 

2.9. Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 21-ний үүрийн 04 цаг 41 минутад “Ай хой” төвийн “Iphone center”-ийн дохиоллын систем ажиллаж эхэлсэн. Тухайн үед М.Бүркитбай бид 2 тээврийн хэрэгслийн журмын хашааны хажууд явж байгаад шууд “Ай хой” төвд очих үед дохиолол нь дугарч байсан. Тэгээд гадна талыг нь үзэхэд хэвийн байх шиг байсан болохоор нь дохиоллын системийг гаднаас нь унтраагаад дахиад асаагаад яваад өгсөн. Өглөө 09 цагийн орчимд “Iphone center”-ээс залгаад хулгай орсон байна гэж хэлсэн ба очиж үзэх үед гар утас хулгайд алдагдсан, хойд талын цонхоор хулгайч орсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал), 

2.10. Гэрч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Тухайн гэмт хэрэг гарсны маргааш нь Х.Кгээс сонссон. Х.К манай байгууллагын 1 давхрын өрөөг түрээсэлж аваад гар утас худалдааны дэлгүүр ажиллуулж байгаа. Тэр өдөр хулгай хийсэн хүн Кгийн хариуцаж байгаа дэлгүүрийн цонхоор нэвтэрч орсон байна. Дараа нь тухайн эвдэрсэн хэсгийг Х.К өөрөө засаж хэвийн байдалд нь оруулсан байсан... ...Тийм учраас энэ хэргээс болж манай байгууллагад учирсан хохирол байхгүй тул миний зүгээс уг хэрэгт оролцмооргүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал), 

2.11. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-23-0025 дугаартай “...Айфон  загварын гар утаснуудын үнэлгээг нэг бүрчлэн гаргав. Нийтдээ 33,300,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 62-72 дахь тал), 

2.12. Яллагдагч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие 6694 ХОҮ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явдаг байсан. Ховд аймгаас Баян-Өлгий аймагт ирнэ гэсэн хүмүүсийг олж аваад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед Баян-Өлгий аймагт ирсэн. Тэгээд тус өдөр буцаад Ховд аймаг руу явах гэсэн боловч ямар ч хүн олдоогүй. Тус өдөр миний том ах Сумъяабазар гэх хүн эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар болсон гэдгийг сонссон. Тэр өдөр заавал явах шаардлага гарсан боловч буцаж явах мөнгө төгрөг байхгүй байхаар нь хулгай хийх санаа төрсөн. Тэгээд шөнийн 04 цагийн үед гар утас худалдаалах “Ай хой” нэртэй гар утас төвийн ар талын цонхны хамгаалах төмрийг хөшиж онгойлгоод, вакум цонхны салхивчийг хүчтэй түлхэж онгойлгоод дотор талд нь нэвтэрч, шилэн лангуу дотор байсан 14 ширхэг гар утсыг хулгайлж аваад өмд дотор хийж авч гараад явсан. Тэгээд шууд Ховд аймаг руу гараад явсан. Би Ховд аймагт очсоны дараа уг гар утаснуудыг нуусан байсан. Миний араас Баян-Өлгий аймгийн цагдаа нар хайж очсон үед тэр доор нь бүх гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгч, хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн... ...Би тэр үед машин дотор явж байсан төмрийг ашиглаж гөнжиж онгойлгосон...

...Би өчигдөр хохирогч гэх хүнтэй уулзсан. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан. Тэгээд хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар асууж, төлж өгөхөө илэрхийлсэн боловч тухайн хохирогч хүн надаас нэг ч төгрөг авахгүй, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бол болоо, миний зүгээс гомдол санал байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90, 92 дахь тал),

2.13. Иргэн Ж.Блд “Айфон” загварын 14 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд: 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дахь тал),

-Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай, мөн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай,  Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дугаартай, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 96-117 дахь тал),

-Шүүгдэгч Н.Бын  иргэний үнэмлэхийн, гэрлэсний бүртгэлийн болон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанууд, (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөртэй эсэх тодорхойлолтууд (хавтаст хэргийн 122-125 дахь тал),

-Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаартай “Намсрай овогтой Б нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  амьдардаг. Эхнэр Б.Сүрэнхорлоо ажилгүй, 2 хүүхдээ асардаг, нөхөр Н.Б нь ажил хийж орлого олдог нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 126 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.15. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 04 цаг 40 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ай хой” гар утас худалдааны төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Кгийн эзэмшлийн “Айфон центр” /Iphone center/ дэлгүүрийн цонхоор нь нэвтэрч 33,300,000 төгрөгийн үнэлгээтэй, 14 ширхэг Айфон /iphone/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн Х.К, гэрч Ж.Б, Е.Л, Б.М, яллагдагч Н.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 3-12, 16, 24-28, 34-39, 43, 45-46, 48, 50,52, 54, 56, 62-72, 8990, 92 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө “Ай хой” гар утас худалдааны төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Кгийн эзэмшлийн “Айфон центр” /Iphone center/ дэлгүүрийн цонхны хамгаалалтыг төмрөөр хөшиж эвдэж, цонхны салхивчийг түлхэж онгойлгон дотогш нэвтэрч 14 ширхэг “Айфон” загварын гар утсыг хулгайлж авч, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 26-11 тоотод байрлах хашаандаа нуусан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.Бын хохирогч Х.Кгийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтэрч гар утсыг нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. 

4.2. Шүүгдэгч Н.Б нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж, өөрийнхөө эзэмшилдээ 14 ширхэг гар утсыг үнэ төлбөргүйгээр шилжүүлж  авсныг хохирогчийн эзэмшлийн хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бөгөөд түүний үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэсэн шинжийг хангасан байна.

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.4. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг дэлгүүр нь тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд хамаарах ба эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дэлгүүрийн цонхоор дотогшоо нэвтэрсэн үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл төдийгүй өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атал бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирогчид хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Шүүгдэгч Н.Бын үйлдсэн хохирогч Х.Кгийн эзэмшлийн “Айфон центр” дэлгүүрийн цонхоор нэвтэрч, 33.300.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон” загварын 14 ширхэг гар утсыг хулгайлсан гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.7. Иймд шүүгдэгч Н.Быг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.8. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ. 

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

5.1. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 33.300.000  төгрөгөөр тогтоосныг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоох нь үндэслэлтэй байна.

5.2. Хохирогч Х.К нь хулгайд алдсан 14 ширхэг гар утсыг хүлээн авсан нь  “Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43, 45-46 дахь тал),  гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

5.3. Иймээс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Н.Быг шүүхээс хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн агуулгтай дүгнэлтийг гаргав.

2.4. Шүүгдэгч Н.Б нь “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг  бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.5. Хэрэгт цугларсан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь хувийн байдлын хувьд гэрлэсэн, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.   (хавтаст хэргийн 73-74, 96-117, 122-126 дахь тал)

2.6. Шүүгдэгчийн шунахайн сэдэлтээр гэмт санаагаа хэрэгжүүлснийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.7. Шүүгдэгч Н.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд хэд хэдэн удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

          2.8.  Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3.2. 2313000000044 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн,  шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

3.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн  эвдэгч багаж төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Би ургийн овгийн Нн Быг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгч Намсрайн Быг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. 2313000000044 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн,  шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус  дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн  эвдэгч багаж төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалсугай.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ө.Б