Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/204

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Б.Тэгшбаяр, шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х-н Г-ад холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн *** хороо *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х-н Г /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай нийтийн байрны *** тоотод хохирогч Г.С-тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож, түүний биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, хамар ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Х.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Х.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Х.Гад холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Х.Г-ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай нийтийн байрны 2 тоотод хохирогч Г.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Х.Г-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сард найз Ш, Г нартай хамт барилгын ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлаа дуусгаад 2022 оны 7 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед Гын гэрт очиход хамтран амьдрагч нь хоол хийгээд байж байсан. Ш, Г бид гурав архи хувааж уусан. Г бид хоёр 23 цагийн үед шинэ ажлын талаар ярьж байгаад маргалдсан. Гэтэл Г над руу дайраад нийтийн байрны гадаа гарсан. Гадаа гараад Г дахиад над руу дайраад намайг газар унагааж цохиж, өшиглөж зодсон. Тухайн үед О гэрээсээ гарч ирээд Г-ыг болиулж, салгасан. Намайг явах гэж байтал Г араас ирээд хашаа налуулж байгаад цохиод байсан. Тэгээд Ш Г-ын гэрээс гарч ирэхээр нь бид хоёр шууд явсан. Маргааш, нөгөөдрөөс нь миний бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан, шүд хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны ** дугаар сарын  ***-ны өдрийн *** дугаартай

“...Г.С-гийн биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, хамар ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дэх тал/,

  • “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 29 дэх тал/,

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг хоол хийгээд байж байтал Г Ш, С- нартай хамт ирээд хоол идэж, юм ярьж, архи хувааж ууцгаасан... Гэнэт Г С-г барьж аваад цохиж зодоод байхаар нь болиулсан. Би гэрээ янзлаад байж байтал Г, С- 2 нийтийн байрны гадаа гарсан ба би араас нь гарахад Г С-гийн дээр гарчихсан, С-гийн нүүр, амнаас нь цус нөж гаргачихсан зодож цохиж байхаар нь болиулаад Шинэжаргалыг гэрээс гаргаж ирээд С-г Шинэжаргалтай хамт машин руу явуулаад Г-ыг гэр рүү оруулсан. С-, Г 2 мөнгө болон ажлаас болоод маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, 

Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урьд өмнө нь өгсөн мэдүүлэгт болсон явдлын талаар үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би С-тэй учир зүйгээ олж хоорондоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Мөн хохирлын тал дээр ямар нэг маргаангүй, эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг Г.С-д бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Шүүгдэгч Х.Г-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дахь тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.Г-ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Х.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Хохирогч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан “...Х.Г-аас эмчилгээний зардалд 600.000 төгрөг авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт хавтаст хэргийн 72 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Х.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-н Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Х.Г-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ