Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0889

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “М” ГҮТББ,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б,

Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагч Ч.М, А.Б, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай зүгээс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан ба “Г” цогцолборын  41.056.18 м.кв талбайг өөрсдийн өмчлөлд худалдан авсан 93 аж ахуй нэгж, 130 иргэний бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор өмчлөлийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, цогцолборын ашиглалтын зардлын төлбөрийн төсвийг өмчлөгчдөөс тооцон авч гэрээний дагуу холбогдох байгууллагуудаас  нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажилладаг. Төрийн бус байгууллага нь гишүүдийн хандив болон татвараас санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг. Манайх 2013 болон 2016 онд авч байгаа хандив, үйл ажиллагааны зардал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэх эсэх талаар 2013 оны 4 дүгээр сард болон 2016 онд удаа дараа албан тоотоор хандаж байсан. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс “Төрийн бус байгууллага учир нэмэгдсэн өртгийн албан татвар гэж бүртгүүлэх шаардлагагүй. Зөвхөн тухайн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахиу нэгжид дахин давтагдашгүй код оруулаад явж болно” гэж хариуг ирүүлсэн байдаг. Энэ хариуны улмаас бид нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2019 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь 2019 онд Зөрчлийн тухай хууль зөрчиж актыг оногдуулсан. Хялбаршуулсан журмаар 2016-2019 оны татварын тайланд үндэслээд нотлох баримт хангалттай байна гэж үзээд төрийн бус байгууллагын гишүүд болон захирал нараас тайлбар мэдүүлэг авалгүйгээр хялбаршуулсан журмаар үндэслэлгүйгээр акт оногдуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн дүрмийн зорилгодоо нийцүүлэн “Г” худалдааны төвийн лангуу өмчлөгч нарын өдөр бүрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тодорхой хураамж аваад өөрийн дансанд төвлөрүүлж аваад цааш нь төрийн байгууллага руу төлбөрийн нэхэмжлэлийн дагуу шилжүүлдэг. Тус худалдааны цогцолборын цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээний зардлууд байсан юм. Өөрөөр хэлбэл тус худалдааны газарт үйл ажиллагаа явуулж байгаа өмчлөгчдөөс ашиг олох зорилгоор татвар аваагүй ба зөвхөн гишүүдийн хандив байсан юм. Энэ нь өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын орлого биш гэж үзэж байна.  Маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэлийн хуудсаар манайд хяналт шалгалтад хийхдээ хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан байдаг. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1.1-6.6.1.3-д яг ямар тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар нарийн хуульчилсан байхад манайхыг нэгхэн хоногийн дотор л ямар нэгэн тусгай удирдамжгүйгээр байсан баримтуудыг үзээд л холбогдогчийн эрхийг зөрчиж акт оногдуулсанд гомдолтой байна. 2016 оноос 2018 оны татварын тайланд хяналт шалгалт хийсэн. Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө нь буюу 2016-2017 оны татварын тайлангуудад хяналт шалгалт хийгээд торгууль ноогдуулах гэж байгаа бол Татварын ерөнхий хууль баримтлах ёстой байсан. Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө нь татварын тайланд хяналт шалгалт хийхдээ гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/3 гэх тушаал бий. Хяналт шалгалтыг хийх талаар баталсан байдаг. Тус тушаалын 6.3.5-д зааснаар хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамжийн хүрээнд хурдан шуурхай гүйцэтгэнэ” гэсэн. Тусгай удирдамж байхгүйгээр манайд хяналт шалгалт хийсэн байдаг. Мөн хяналт шалгалт хийх төлөвлөгөө байхгүй. Төлөвлөгөө болон удирдамж байсан бол холбогдогч нарт эрх үүрэг тайлбарлаад тус төлөвлөгөө болон удирдамжуудаа танилцуулах байсан байх гэж бодож байна. Иймд шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ГҮТББ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 351909486 тоот томилолтын дагуу хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй. 2016-2018 онд нийт 827.959.779 төгрөгийн зөрчил илэрч, үүнд нь 24.838.793 төгрөгийн торгууль, 10.190.686 төгрөгийн алданги, 82.795.977 төгрөгийн нөхөн татвар, нийт 117.825.457 төлбөрийг Татварын ерөнхий хууль хяналтын удирдамж, байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалт хийсэн. Тухайн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хяналт шалгалтын үеэр хариуцлага хүлээлгэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6.1.1-т зааснаар “зөрчил үйлдсэн гэдэг нь ил тодорхой” байсан тул хялбаршуулсан журмаар тэмдэглэл үйлдэж, эрх үүргийг танилцуулж, хууль ёсны төлөөлөгч томилуулаад хариуцлага хүлээлгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016-2018 оны татварын төлөлт ногдуулалтад шалгалт хийсэн. Тухайн төрийн бус байгууллага нь худалдааны цогцолборын гишүүдээс бүрдсэн төрийн бус байгууллага байгаа. Энэ төрийн бус байгууллагын гол зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, төлөөгүй, тайлагнаагүй гэх зөрчил үүссэн. Тус төрийн бус байгууллага нь хандив гэх байдлаар орлого авч байгаа. Мөн гишүүдээс байнга татвар авч байгаа. Гишүүдийн дансанд хуримтлагдаад хүү ороод явж байна. Хүүгийн орлого тайлагнаагүй байсан. Сар болгон м.кв-аар нь тооцоолоод орлого олдог ба энэ нь засвар үйлчилгээ, харуул хамгаалалт зэрэгт зарцуулдаг байгаа. Эдгээрийг нотлох баримтаар шалгахад үйлчилгээтэй хэсэг нь зөрчил болж авагдсан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд аж ахиу нэгжийн үйл ажиллагаа гэж заасан байдаг. Аж ахуйн үйл ажиллагаа гэж ашиг олох зорилготой болон бүхэл болон хэсэгчлэн ажил гүйцэтгэх, бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх гэдгийг үйл ажиллагаа гэнэ гэсэн байдаг. 7 дугаар зүйлд  “хуульд өөрөөр заагаагүй бол бараа үйлчилгээнд нэмэгдсэн албан татвар ноогдуулна” гэж заасан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 13 дугаар зүйлд чөлөөлөгдөх нөхцөл заасан байдаг. Үүний алинд ч нэхэмжлэгчийн үйл ажиллагаа орохгүй буюу заагдаагүй ажил үйлчилгээ гэсэн үг. Энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад бүх төрлийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид бүртгүүлсэн байх ёстой гэх заалт бий. Төрийн бус байгууллагын хувьд чөлөөлөгдөх нь заалт  ч байхгүй. Ийм учир 2016-2018 оны орлогод зөвхөн хариуцлага тооцсон байгаа. Түүнээс биш бүх гишүүдийн хандив, гэх мэт нь орлогоороо бүртгэгдээд хүүгээ төлөөд явж байгаа. Хэрэгжүүлж байгаа хууль нь 2016 онд хууль өөрчлөгдөөд бүх иргэн аж ахуй нэгжид төлбөрийн баримт олгоно гэсэн үндэслэлтэй байгаа. Эднийх төлбөрийн баримт олгодоггүй байсан гээд ерөнхийдөө бүртгүүлээгүй гэсэн зөрчил гарж ирж байгаа. Дандаа 1 хоногийн дотор хийгдсэн гэж гомдолд дурдагдсан байдаг. Гэтэл томилолт олгогдсон хугацааг сунгуулсан байдаг. Баримт бичгийн бүрдүүлэх, шалгах нөхцөлийг хангасны үндсэнд хяналт шалгалтаа хийсэн байгаа. Нэхэмжлэгч рүү утсаар ярьж байсан тэмдэглэл байгаа. Баримт бичгийн хүсэлт илгээгдсэн байгаа. Баримт бичгээ хүлээж аваад ирүүлсэн баримтад хяналт шалгалт хийгээд энэ шийдвэр гарсан байгаа. Тухай шийтгэлийн хуудас нь прокуророор хянагдаад  хуулийн дагуу байна гэсэн тэмдэг даруулаад бид нар баталгаажуулсан. Иймд хянагдсан шийтгэлийн хуудас гэсэн үг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийн 2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 827,959,779.80 төгрөгийн зөрчилд 82,795,977.00 төгрөгийн нөхөн татвар, 24,838,793.40 төгрөгийн торгууль, 10,190,686.50 төгрөгийн алданги, нийт 117,825,457.80 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Гомдол гаргагчаас тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор шийтгэлийн хуудсааар ногдуулсан төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчаас “тус ГҮТББайгууллага нь ашгийн төлөө бус байгууллага, гишүүдийн хандиваар үйл ажиллагаа явуулдаг, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх эсэх талаар удаа дараа лавласан” гэж, хариуцагчаас “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг4.1.8-д “"нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг” хэлнэ, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гэж тус тус заажээ.

Гомдол гаргагч нь ашгийн төлөө бус, гишүүдийн хандиваар үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлан маргаж байгаа хэдий ч 2016 оны 4 дүгээр улиралд гишүүдийн татвар 5,077.0, хөтөлбөр төслийн орлого 699,425.8, түрээсийн орлого 85,289.1, бусад орлого 42,345.2, үйл ажиллагааны нийт орлогын дүн 823,670.1 төгрөг, 2017 оны 4 дүгээр улиралд гишүүдийн татвар 6,180.0, хөтөлбөр төслийн орлого 718,450.0, түрээсийн орлого 95,295.9, бусад орлого 49,614.6, үйл ажиллагааны нийт орлогын дүн 869,540.5 төгрөг, 2018 оны 4 дүгээр улиралд гишүүдийн татвар 6,315.0, хөтөлбөр төслийн орлого 722,945.4, түрээсийн орлого 132,722.7, бусад орлого 61,738.6, үйл ажиллагааны нийт орлогын дүн 923,721.7 төгрөгийг тус тус цахим санхүүгийн тайлан /е-balance.mof.gov.mn/ системд тайлагнажээ.

Дээрхээс дүгнэвэл тус хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, 2016-2018 онуудын цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээний зориулалттай орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй гэх зөрчил гаргасанд тооцож, шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

Учир нь аж ахуйн нэгж нь хуулийн этгээдийн төрлөөс үл хамаарч орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагчийн үйл ажиллагааны төрөл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан үйлчилгээний төрлүүдийн алинд ч хамаарахааргүй байна.

Хэдийгээр “М” ГҮТББ-аас 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс тодоруулга хүсэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16/66 тоот албан бичгээр Гааль, татварын ерөнхий газрын удирдлага, арга зүйн газраас хүссэн тодруулгад мөн газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01-4/******* тоот албан бичгээр “дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт”, “дэд дахин давтагдашгүй дугаар” үүсгэн бүртгэх боломжтой талаар хариуг өгч байсан хэдий ч энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх, орлогыг тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн хариуцагч нараас дээрх хяналт шалгалтыг явуулахдаа Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тушаалаар баталсан “татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”,  мөн өдрийн 04 дүгээр тушаалаар баталсан “татварын хяналт шалгалтын хийх ерөнхий удирдамж”-ын дагуу явуулсан болох нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 04/******* тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “фишер” бүртгэлийн программын хуулбараар нотлогдож байна.

Дээрх зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэсэн заалтад хамаарахаар байх тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэл бүхий байна.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “ямар ч хуулийн этгээд татвар төлөх ёстой. Орлого олсон л бол төрд татвар төлөх нь хууль” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурьдах нь зүйтэй байна.    

  Иймд гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 13 дугаар зүйлийн 13.5-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “М” ГҮТББ-ын гомдолтой Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                    Д.ХАЛИУНА

                 ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ