Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/09

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                                    Прокурор Ш.Дамдинбазар

                                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар  

                                                    Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолд дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн  Б.П-д холбогдох эрүүгийн 1826005110004 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржгон овогт Б.П

 

Б.П нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 24, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, жирэмсэн эмэгтэй Б.Т-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Т-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх,  Б.П-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.П-д оногдуулсан ялыг тус бүрт нь эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар Б.П-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар Б.П-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг болон, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар гаргасан эсэргүүцэлдээ: Тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргүүдэд буруутгаж 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяалах анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 53 дугаартай шийтгэх тогтоолоор “Б.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1-т “...Шүүгдэгч Боржгон овогт Б.П-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2-т Шүүгдэгч Боржгон овогт Б.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж тэмдэглэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ...  бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж зааснаас харахад дээрх 2 төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүй бус санаатай гэмт хэрэгт тооцогдохоор ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхийг хатуу хориглосон заалт юм.

Хэргийн тохиолдолд шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ дахь хэсэгт заасан санаатай хоёр төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд шүүх шийтгэх тогтоолдоо Б.П-г дээрх хоёр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Б.П-н хувьд үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.          

                                                                                                                                                                                                                                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Б.П нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 24, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох жирэмсэн, эхнэр  Б.Т-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг “Цэцэнгийн зүрх” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Т-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ...  бол энэ зүйлийн 1 дэх хэсэг                 /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт/  хамаарахгүй.” гэж  хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурьдсан заалтыг зөрчин Б.П-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Б.П-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон түүний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Боржгон овогт Б.П-д холбогдох 1826005110004 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол  Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.