Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/214

 

     2023         03         17                                     2023/ШЦТ/214

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч Ш.Б,

хохирогч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ш-н Б-т холбогдох эрүүгийн 2305002500154 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ** аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 12.2.5-д зааснаар 5 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт Ш-н Б /регистрийн дугаар ****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 00 цагийн орчимд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй бааранд Б.И-н биед халдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн доод зовхи, хацрын төвгөр, хоншоорт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн доод зовхины дотор буланд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б-ын өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр найзтайгаа хамт караоке орж нэг шил архи уучихаад баар орсон. Би сууж байсан ширээгээ андуурч өөр ширээн дээр суусан юм. Гэтэл нэг хүүхэнтэй нь маргалдаад, тэр эмэгтэйг нэг удаа алгадсан. И гэх энэ хүнийг цохиогүй. Тэнд байсан эмэгтэйчүүд намайг маажиж цохисон тул би цагдаад дуудлага өгсөн. Гадаа гараад маргаан болоход энэ эмэгтэйчүүд бичлэг хийгээд байсан. Би зүгээр байсан эмэгтэй хүнийг зодно гэж юу байх вэ дээ...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.И-н өгсөн “...Б гэх энэ хүн Жаргалмаа эгчийг ганцаараа сууж байхад нь манай ширээн дээр ирж суусан. Би Б гэх энэ хүнд “яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ” гэж хэлтэл намайг цохисон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ хүн “би ар талтай” гээд орилоод байсан... Надаас уучлалт гуйгаагүй. Би энэ асуудлаас болоод 7 хоног ажлаа хийгээгүй. Эмнэлэгт үзүүлсэн тархины бичлэг байгаа. Энэ хүнээс болж барилгын гэрээ хийж чадаагүй, ажил төрлөө алдсан. Гэрээр эмчилгээ хийлгэсэн ба өөрт учирсан гэмтлээ эм ууж эдгээсэн. Эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ талаарх баримтууд байхгүй. Энэ асуудлаас болоод нулимс гардаг болсон. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг, 

      Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.И-н хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн үед найзууд болох Я, Ж, Н нарын хамт “А” нэртэй бааранд ороод нэг шил виски авч уугаад бүжиглэж байтал манай найз болох Ж дээр үл таних залуу ширээн дээр ирж “хамт сууя” гэж яриа өрнүүлэх гэхэд Ж “үгүй ээ, өөрийнхөө ширээн дээр суу” гэж хэлээд ууж байсан пивыг нь сууж байсан ширээ рүү нь шидэхэд эргэж хараад нүүр рүү нь цохисон гэсэн. Тэгээд би бүжиглэж байтал хүмүүс манай ширээн дээр бөөгнөрөөд байхаар нь явж очтол Ж намайг үл таних залуу цохичихлоо гэж хэлэхээр нь би тэр залууд “чи яагаад эмэгтэй хүнд гар хүрдэг юм” гэж хэлэхэд намайг гараа атгаж байгаад эхлээд нүүр рүү цохисон. Дараа нь мөр рүү цохиж үснээс зулгаасан. Ингээд баарны хамгаалагч нар салгаж би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н-н гэрчээр өгсөн:  “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн орчимд И, Ж, Я нарын хамт “А” нэртэй бааранд ороод нэг шил виски авч уугаад бүжиглэж байтал манай найз Ж “чи яахаараа намайг цохидог юм” гээд орилохоор нь очтол үл таних залуутай муудалцаад намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд манай найз И тэр залууд “чи яагаад эмэгтэй хүнд гар хүрдэг юм” гэж хэлэхэд нүүр рүү нь 2 удаа цохиж үснээс нь зулгааж, хэл амаар бид нарыг доромжилж, “би бол цагдаад том ар талтай, та нар яаж ч чадахгүй” гэж хэлээд хашхираад байсан. Тэгээд л бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай Б.И-н биед хамрын нуруу, зүүн доод зовхи, хацрын төвгөр, хоншоорт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед найз болох Хүрэлбаатарын хамтаар “А” нэртэй бааранд орсон. Тэгээд нэг ширхэг пиво авч уугаад бүжиглэж байсан бөгөөд бааранд орохоосоо өмнө тухайн баарны ойролцоо караокед нэг ширхэг архи, нэг пиво уусан байсан тул хэсэг хугацаанд ухаан балартаж согтсон байсан. Нэг мэдэхэд үл таних нэг хүүхэнтэй муудалцаж байсан. Мөн найзууд нь гээд 2-3 хүүхэн над руу дайрч агсан тавиад байхаар нь би баруун гараараа нэг хүүхний нүүр рүү алгадсан. Тэгээд тэд нар намайг цохиж, маажсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 00 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй бааранд Б.И-н биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

Хохирогч Б.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Тодруулбал хохирогч Б.И-н эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ш.Б-ын хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна. Түүнчлэн энэ болсон үйл баримтын талаар хохирогч Б.И болон гэрч Б.Н нар тухайн үед шүүгдэгч Ш.Б-ыг ямар үйлдэл хийж, ямар байдалтай байсныг тус тус зөрүүгүй мэдүүлж, хохирогчийн эрүүл мэндэд шүүгдэгч Ш.Б хөнгөн хохирол учруулсан талаар шууд нэрлэн заан, гэрчилж нотолж байна. 

Шүүгдэгч Ш.Б шүүх хуралдаанд “...Би И гэх хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй...” гэж мэдүүлж байх ба түүнийг өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар мөн шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн гомдол санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.И-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогч Б.И энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Баас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн хохирогч Б.И шүүх хуралдаанд “...эмчилгээний зардалд нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэж мэдүүлсэн ба энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох эмчилгээний зардал 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийн нотлох баримт гаргаж өгч нэхэмжилснийг шүүгдэгч Ш.Б төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Х овогт Ш-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Б.Ид 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Баас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ш.Б энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ