| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0088/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч Н.Энхболд,
Шүүгдэгч Б.С, /өөрийгөө өмгөөлж/
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүгдэгч Н.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Н.А нарт холбогдох эрүүгийн 2202 00000 0441 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б.С, 1998 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний ........зохицуулагч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны .....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй
2. Монгол Улсын иргэн, Б.Д 1991 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүүхдийн их эмч мэргэжилтэй, “....” эмнэлэгт хүүхдийн эм, чанарын албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо,... байрны 122 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй
3. Монгол Улсын иргэн, Н.А, 1978 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Итгэлт ... зам” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Белмонте хотхоны 1219 дүгээр байрны ..... тоотод оршин суух хаягтай, урьд 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 596 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлтийн 1-д зааснаар 40,000 төгрөгөөр торгох” ялаар шийтгүүлж байсан
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст зохицуулагч цагдаагаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн зүүн хойд уулзвараас “Бөмбөгөр” худалдааны төв явах нэг чигийн хөдөлгөөнтэй замд Тоёота приус-30 загварын 90-14 УНК улсын дугаартай авто машины жолооч Б.Дыг урсгал сөрсөн үйлдлийг шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан арга хэмжээг авалгүй, явуулсны хариуд хахуул өгөгч иргэн Б.Дын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн төрсөн эх П.О эзэмшлийн Хаан банк дахь 5066003555 дугаартай дансаар 40,000 төгрөгийг,
Мөн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Н.Ариунтулгын ачаа тээвэрлэлтийн Е,С зөвшөөрөлгүйгээр жолоодон явсан ХР105.460 загварын ....УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн тамгын газрын хойд талын төв замын уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт “Төв замын зөвшөөрөлгүй, эсхүл маршрут зөрчсөн, эсхүл зориулалтын бүтээлэггүй, цацруулагчгүй, тосгуургүй, замын зорчих хэсэгт хайрга, шороо, зуурмаг, ус асгасан ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасан арга хэмжээг авалгүй явуулсны хариуд хахууль өгөгч Н.А ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн Хаан банк дахь 5059368016 дугаарын харилцах дансаар 20,000 төгрөгийг тус тус авсан,
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Тоёота приус-30 загварын....УНК улсын дугаартай авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн зүүн хойд уулзвараас “Бөмбөгөр” худалдааны төв явах нэг чигийн хөдөлгөөнтэй замд урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг үйлдэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа Б.Ст саатуулагдан шалгуулахдаа Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасан арга хэмжээ авхуулахгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Сын хэлсэн П.о эзэмшлийн Хаан банк дахь ..... дугаарын харилцах дансанд 40.000 төгрөгийг шилжүүлж өгсөн,
Шүүгдэгч Н.А нь 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ХР105.460 загварын 39-69 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ачаа тээвэрлэлтийн Е,С зөвшөөрөлгүйгээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг үйлдэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа Б.Ст саатуулагдан шалгуулахдаа Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт “Төв замын зөвшөөрөлгүй, эсхүл маршрут зөрчсөн, эсхүл зориулалтын бүтээлэггүй, цацруулагчгүй, тосгуургүй, замын зорчих хэсэгт хайрга, шороо, зуурмаг, ус асгасан ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасан арга хэмжээ авхуулахгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банк дахь 5.....6 дугаарын харилцах дансаар нь 20.000 төгрөгийн өгсөн болох нь:
шүүгдэгч Б.Саас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-56-59/ “..Би тэр өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах манай ажлын нэршлээр 606 дугаар пост буюу ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн уулзвар дээр зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байхад оройн 20 цаг 30 минутын орчимд гар станцын батарей суухаар нь солих гээд Хараа зочид буудлын зүүн талаар зөвхөн хойшоо нэг чигийн урсгалтай зам дээр тавьсан өөрийн хувийн авто машин болох “Тоёота королла аллион” маркийн .....УНД улсын дугаартай машиндаа сууж станцын зайгаа солиод сууж байсан чинь ертөнцийн зүгээр хойд талаас байрнуудын дундаас приус-30 загварын хар өнгийн авто машин гарч ирээд урагшаа чиглэж, нэг чигийн хөдөлгөөнтэй зам дээр урсгал сөрөөд ирэхээр нь би машинаас бууж түүний өөдөөс алхахад тэр жолооч намайг хараад замын хажуу талын зогсоол руу ороод зогссон. Тэгэхээр нь очиж бичиг баримтыг нь авч шалгасан, тэр жолоочийн нэрийг одоо санахгүй байна, миний багцаагаар 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр жолооч надад “хуучин эмнэлэг дээр ажилладаг байсан одоо ажлаасаа гараад таксинд явдаг” гэж хэлж байсан. Би тэр жолоочид “та нэг чигийн хөдөлгөөнтэй зам дээр урсгал сөрөөд явж байна, энэ чинь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсгийг зөрчиж байна, энэ зөрчилд чинь 50,000 төгрөгөөр торгож 3 сараар эрхийг чинь хасах шийтгэл ногдуулна” гэхэд тэр жолооч “ахыгаа уучлаарай, ах нь дахиж ингэхгүй” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би тэр жолоочийн бичиг баримтыг буцааж өгөлгүй 30-40 минут машиных нь хажууд зогсоосон, би тэр хооронд өөрийнхөө машинд суусан. Би машиндаа сууж байхдаа бодож бодож байгаад “энэ хүн гайгүй юм шиг байна, итгэж болохоор хүн байна даа” гэж бодоод түүнд “та иймээ тиймээ асуудал гаргахгүй биз дээ” гэхэд тэр ах тийм асуудал гаргахгүй гэхээр нь би “та циркийн тэндээс нэг дохиур мод аваад ирэхгүй юу даа, 40,000 төгрөгөөр зардаг юм” гэж хэлээд дохиур мод зардаг хүний утасны дугаарыг жолоочид өгсөн. Тэгсэн чинь тэр жолооч “ах нь үнэнийг хэлэхэд тэр модыг чинь авчирч амжихгүй, харин мөнгийг нь өгье” гээд надаас гуйгаад байхаар нь би ээж П.О Хаан банкны ......дугаарын данс руу 40,000 төгрөг хийлгүүлсэн. Гүйлгээний утга дээр нь би “хувцас” гэсэн утгаар хийчих гэж хэлсэн. Тэгээд тэр жолоочийн бичиг баримтыг өгөөд явуулсан. Би тухайн үед ганцаараа 11-р сургуулийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн маргааш өглөө нь буюу 2022.10.19-ний 08:30 цагт Тээврийн цагдаагийн алба дээр дуудаж надаас энэ талаар тайлбар авсан.
Харин 2022.10.04-ний өдрийн 19:42 цагт миний дансанд 20000 төгрөгийг “гэрлэн дохио" гэсэн утгаар орсон нь тухайн үед би ХУД-ийн Шинэ сонголт дэлгүүрийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад том ачааны шланз маркийн машиныг шалгахад тухайн машин нь төв замын зөвшөөрөлгүй, мөн гэрлэн дохио зөрчсөн зөрчил гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 14.7.23-д зааснаар гэрлэн дохио зөрчсөн бол 20.000 төгрөгөөр торгож нэг оноо хасах, төв замын зөвшөөрөлгүй бол 14.5.17-д зааснаар 150.000 төгрөгөөр торгох ёстой. Би тэр жолооч ахад ямар нэг арга хэмжээ авалгүйгээр “за ах яв яв” гэсэн чинь тэр ах “дүүдээ баярлалаа, ахын дүү хоолонд ороорой” гэж хэлээд над руу 20.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр ах өөрөө утга дээр нь гэрэл дохио гэж бичээд шилжүүлсэн байсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Даас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Болсон үйл явдалтай холбоотой ээж, аав, найз нөхөдтэйгөө ярихад яах гэж мэдээлсэн юм хаячихгүй гэж хардаг. Би хүүхдийн сэхээний эмчээр 7 жил ажиллаж байсан. Эмч ч тангараг өргөж ажилладаг тийм учраас ёс зүйгүй зүйл боллоо гэж мэдээлсэн. Би энэ хүнийг хариуцдаг газарт мэдээлсэн. Мөнгө өгсөн гэдгээр ойлгогдож байгаа. Мөнгө өгсөн гэхээс илүү энэ хүний гаргасан харилцаа, биеийн хилэмж цагдаагийн алба хаагч шиг байгаагүй. Тухайн зүйлийг ийм хэмжээнд шийдвэрлэгдэж байгаад хүмүүс намайг буруутгаж байгаа ч эхэндээ ийм бодол байсан ч ийм хэмжээний асуудал шийдэгддэг юм байна, хууль бус гэдгийг нь хараад байна. Би хэлээгүй бол энэ хүн хэчнээн хүнээс замын цагдаагийн дохиур авах байсан, тэр нь таалагдаагүй учраас мэдээлсэн. Би яагаад энэ хүнд 40,000 төгрөг өгөх ёстой, энэ хүн яагаад авах ёстой юм. Би авилга өгсөн хэмжээнд өөрийгөө төсөөлж бодоогүй. Мэдээлээгүй явсан хэчнээн арван хүн байгаа юм. Би ашгүй, ашгүй 10,000, 20,000 төгрөг өгчихлөө гээд явж байгаа билээ. Би тэгж хараагүй. Шүүх үнэн зөв шийдвэрлэнэ гэж бодож байна. Буруу зүйлийг хэлээч гэсэн зүйлийг харж байсан болохоор хэлсэн. Одоо миний ойрын хүмүүс хэлэхээр бөөн юм болдог юм байна, балардаг юм байна гэж ойлгоод явж байгаа..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-51-55 “..Тэр өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 загварын .....УНК улсын дугаартай авто машинтайгаа 21-22 цагийн орчимд хүүхдээ Яармагт үлдээгээд 3 дугаар эмнэлэг очиж эхнэрээс гэрийн түлхүүрээ авсан чинь манай найз П над руу залгаад 25-р эмийн сангаас ирээд авчих гэхээр нь очиж түүнийг авчхаад Бөмбөгөр худалдааны төвийн замын урд талд байдаг гэрийнх нь орчим буулгахаар Хараа зочид буудлын зүүн талын орон сууцнуудын дунд талаар явж 11 дүгээр сургуулийн уулзвараас чанх хойшоо чиглэлтэй нэг урсгалтай зам руу мэдэлгүй орж авто зогсоол дээр зогсож найзыгаа буулгачхаад буцаад хөдлөхдөө яармаг руу очиж хүүхдээ авах байсан учир ертөнцийн зүгээр урагш явж 11 дүгээр сургуулийн хойд талын 4 замын уулзвараар төв замдаа нийлье гэж бодоод зогсоолоос хөдөлж 2-3 метр урагш явсан чинь тухайн замыг нэг чигийн урсгалтай гэдгийг мэдээд буцаад зам дээрээ эргэж замын эсрэг талын авто зогсоол руу ороод буцаад гарах гэж байтал замын цагдаа ирсэн. Тэр цагдаа ирээд “яагаад урсгал сөрөөд байна” гэхээр нь би “өө энэ замыг зөвхөн хойшоо нэг урсгалтай гэж мэдсэнгүй, би явлаа уучлаарай” гэхэд тэрээр “бичиг баримтаа өг” гэхээр нь би жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ тэр цагдаад өгсөн. Тэр цагдаа өөрийнхөө машин дээр хүрээд ир гэхээр нь саарал өнгөтэй жижиг тэрэг дээр очсон чинь “урсгал сөрсөн жолооны эрхийг чинь 3 сараар хасна, түр үнэмлэх авах уу” гэхээр нь би “би сөрөөгүй ш дээ, уучлаарай, би эрхээ хасуулж чадахгүй ээ, өдөр орой хүүхдээ зөөдөг, яаж 3 сар үнэмлэхгүй явах вэ, торгуулийн арга хэмжээ байдаг бол торгоод өгөөч” гэж гуйсан чинь “торгууль байдаггүй юм даа, эрхээ хасуулж үзэж байсан уу” гэхээр нь би үгүй гэсэн чинь хэцүү л байдаг ш дээ” гэхэд тэрээр намайг ‘юу хийдэг вэ” гэхээр нь “эмч хийдэг юм аа, заримдаа оройн цагаар халтуур хийдэг юм аа, машин маань банк бус дээр байдаг, сард 450,0 мянган төгрөг төлдөг, эрхээ хасуулчихвал хэцүүднэ” гэж учраа хэлээд гуйсан. Тухайн үед тэр цагдаа нь машин дотроо, би гадаа нь зогсож байсан, надтай машиныхаа цонхыг онгойлгоод ярьж байсан, бараг 20-30 минут болсон. Тэр цагдаа надтай ярилцаж байхдаа байнга өөрийн аав, ээж, эхнэртэйгээ утсаар хувийн зүйл яриад байсан учир би түүнд “чи эхлээд миний асуудлыг шийдчих л дээ, гадаа хүйтэн би даараад байна” гэсэн. Тэгээд миний машины хажууд очоод тэр цагдаа “би чамтай шударга ярих уу” гэхээр нь би “ярих юм байвал хэлчих, яамаар байна, би ямар ч байсан эрхээ хасуулмааргүй байна” гэхэд тэрээр “иймээ тиймээ юм байхгүй биз дээ” гэж надаас 2-3 удаа асууж байгаад хажуу талын суудал дээр нь 2 ширхэг дохиур гэрэл асдаг модыг харуулаад “маргааш энэнээс нэгийг аваад ир, 40,0 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм, тэгээд үнэмлэхээ ав" гэхээр нь би “энийг чинь хаанаас олох вэ, тэгээд чамайг хайгаад олно гэж байхгүй ш дээ" гэхэд тэрээр нэг утасны дугаар өгөхөөр нь би “энийг чинь аваад маргааш чамд авчирна гэж байхгүй, зүгээр мөнгийг нь өгчхөж болох уу” гэхэд тэрээр иймээ тиймээ юм байхгүй биз дээ, тэгвэл бэлнээр мөнгийг нь өг” гэхээр нь би “надад бэлэн мөнгө байхгүй шилжүүлье” гээд данс дахь мөнгөө харуулаад дансаа өгчих” гэсэн чинь хувь данс руу авч болохгүй ш дээ” гэж хэлээд Хаан банкны О гэсэн нэртэй данс өгөөд утга дээр нь өмд гэж бичээрэй гэхээр нь би тэр данс руу латинаар “итсГ гэж бичээд 40,0 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд бичиг баримтаа аваад явж байхдаа уур хүрсэн, учир нь намайг приус унасан болохоор, бас байнга юу хийдэг вэ, халтуур хийдэг юм уу гэх зэргээр яриад, ер нь муу машин унасан болохоор дээрэлхэж болно гэсэн шиг харьцаад байсан учир харьж байх замдаа өөрийн хуурай ах өмгөөлөгч Ганбадрах руу яриад болсон зүйлийг хэлсэн чинь “..ингэж болохгүй, цагдаагийн дотоод хяналт руу нь хэл” гээд надад нэг утасны дугаар өгөхөөр нь тэр дугаар луу нь залгаж болсон зүйлийг хэлсэн чинь орой нь манай гэрийн гадаа цагдаагаас хүн ирж надаар өргөдөл бичүүлээд аваад явсан. Тухайн цагдаагийн алба хаагчийн нэрийг С гэдгийг даргатай нь утсаар ярьж байхдаа мэдэж авсан. Тухайн үед С нь ганцаараа, би ч гэсэн ганцаараа явж байсан. Тэгсэн маргааш нь дотоод хяналтынх нь нэг дарга гэж хүн над руу утсаар залгаад 40,0 мянган төгрөгийг миний данс руу буцаагаад шилжүүлсэн байсан, данс нь хувийн дансны дугаар байсан. Мөн намайг ирээд мэдүүлэг өг гэж хоёр удаа ярихаар нь би “та нар журмаараа наагуураа асуудлаа шийдэж болохгүй юу, би ажил ихтэй учир очиж мэдүүлэг өгөөд байх боломжгүй байна, би араас нь яасан ийсэн гээд явахгүй” гээд учраа хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би тухайн үед яаруу явж байсан болохоор ийм зүйлд холбогдчихлоо..” гэсэн мэдүүлэг,
Шүгдэгч Н.Аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-64-67/ “..Тэр өдөр би Итгэлт хос зам ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Даф-105 маркийн, 39-69 УАА улсын дугаартай шланз ачааны машиныг барьж Гурвалжингийн гүүрний хажуудах гаалийн талбайгаас ачаа ачиж Амгаланд байх нэг компанид чингэлэгтэй ачааг буулгаад буцаж зүүнээс баруун тийш чиглэлтэй ХУД-ийн тамгын газрын хойд талын гэрлэн дохиотой уулзвар нэвтрэн гарахад замын цагдаа дохиж зогсоосон. Тухайн үед 18 цаг өнгөрч байсан байх, ямар ч байсан зам их түгжрэлтэй байсан. Тухайн зогсоож шалгасан замын цагдаагийн алба хаагчийн нэрийг бол тэр үедээ хараагүй, тэр үед би зам шахаад зогссон ч гэсэн том машин учраас 1-2 дугаар эгнээг бараг хаачихсан, гэтэл хажуугаар өнгөрч буй жолооч нар хурдан хөдлөөч гээд уурлаад байсан учир би хурдан шалгуулаад л явах бодолтой байсан. Тэр замын цагдаа миний жолооны үнэмлэх, машины гэрчилгээг авчхаад “та хориглосон цагаар төв замаар явж байна” гэж хэлсэн. Тэгснээ “та энэ данс руу 20,000 төгрөг хийчих” гэхээр нь би “утга дээр нь машиныхаа номерыг бичих үү” гэхэд тэр цагдаа “үгүй ээ гэрэл дохио” гэсэн утгаар шилжүүлээрэй” гэсэн. Би тэр үед зам хаагаад зогсчихсон, олон жолооч нарын хараалыг барж байсан мөнгийг нь өгөөд л хурдан явах бодолтой байсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир өөрийн эхнэр Б.М рүү тэр цагдаагийн алба хаагчийн надад өгсөн Хаан банкны дансны дугаарыг фейсбүүкийн мессенжерээр нь явуулаад “энэ данс руу 20000 төгрөгийг гэрэл дохио гэсэн утгаар хурдан шилжүүлээрэй" гэж хэлсэн. Тэр цагдаа надад дансныхаа дугаарыг өгч мөнгө хийчхээрэй гэж хэлээд бичиг баримтыг маань өгсөн, би ч эхнэрт дамжуулж хэлчхээд шууд хөдлөөд явсан. Би тэр цагдаагийн алба хаагчид торгуулж байна л гэж бодсон. Би тэр цагдаагийн нэрийг С гэдгийг дараа нь л мэдсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Оээс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: /хх-60-63/ “...Би тухайн үед энэ 40.000 төгрөгийн орлого орсныг мэдээгүй, уг нь миний дансанд орлого, зарлагын гүйлгээ хийгдэхэд мессеж мэдээ ирдэг, гэхдээ энэ 40,000 төгрөгийн орлого орсныг би мэдээгүй байсан. Харин маргааш нь намайг хашаагаа цэвэрлэж байхад манай дунд хүү С над руу гар утсаар залгаад “..ээж таны дансанд 40,000 төгрөг өчигдөр орсон байх ёстой, танд мөнгө байна уу..” гэхээр нь би утасныхаа мессежийг шалгахад 40.00 төгрөгийн орлого орсон гэсэн мэдээ ирсэн байсан, тэгээд орсон байгааг хэлэхэд манай хүү “..ээж наад мөнгөө нэг хүн рүү шилжүүлчих, хүү нь болохгүй юм хийсэн..” гэж хэлээд нэг Хаан банкны дансны дугаар өгсөн. Би хүүг тэгж хэлэхээр нь их сандарсан, би ер нь их аймхай арчаагүй хүн байгаа юм. Тэгээд би хүүгийн надад өгсөн Хаан банкны 5033364248 дугаарын данс руу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 40,000 төгрөгийг буцааж шилжүүлэн, тэр дансных нь нэр Дамдин-тай л нэр байсан, одоо бүтэн нэрээр нь санахгүй байна. Манай гэрт 2022.10.19-ний өдөр манай хүү Сын ажпынх нь газрын дарга бас нэг С гэж нэртэй цагдаагийн хүмүүс ирж “..танай хүү чинь хэрэг хийсэн, хүнээс 40,000 төгрөг авсан байна, танайх аятайхан л амьдардаг айл байна ш дээ, юу дутсан гэж ингэдэг байна аа, таны дансанд мөнгө орсон байна та харсан уу...” гэж асуусан, би хараагүй сүүлд мэдсэн гэдгээ тэд нарт хэлсэн..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.М2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: /хх-68-70/ “..Манай ....ХХК нь Ланд .... ХХК-тай гэрээтэйгээр хот дотор чингэлэг ачааг тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Таны асуусан өдөр болсон зүйлийг одоо санаж байна. Тухайн өдөр манай нөхөр А нь компанийн Даф-105 загварын ачааны шланз машинтай явж байгаад над руу утсаар залгаад “...энэ данс руу 20000 төгрөгийг гэрэл дохионы мөнгө гээд хийчих...” гээд миний фейсбүүк хаягийн мессенжерээр Хаан банкны нэг дансны дугаарыг явуулсан. Тухайн үед би дансандаа мөнгөгүй үе таарсан учир өөрийн бусад данснаас бага багаар мөнгө шилжүүлж 20,000 төгрөг болгож бүрдүүлээд нөхрийн хэлсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Одоо санахад тухайн данс нь С гэж хүний данс байсан. Тэр үед манай нөхөр дээрх 20000 төгрөгийг ямар учраас дээрх данс руу шилжүүлэг хийлгэж байгаа тухайгаа хэлээгүй, би ч гэсэн асуугаагүй, хэрэгтэй болсон юм байх гэж бодоод л шилжүүлсэн. Харин дараа нь нөхрөөсөө “мөнгөгүй байхад юун мөнгө хааш нь хийлгэчих вэ” гэж асуухад манай нөхөр “...ХУД-т явж байгаад замын цагдаа зогсоож төв замын зөвшөөрөлгүй гээд бичиг баримт хураачхаад торгуулийн мөнгийг нь наад данс руу чинь хийлгүүлсэн” гэж надад хэлсэн. Би нөхрийг том машинтай хөдөлгөөнд оролцохдоо төв замын зөвшөөрөлгүй гэдэг зөрчлөөр замын цагдаад 20,000 төгрөгөөр торгуулсан л гэж ойлгосон..” гэсэн мэдүүлэг,
Тээврийн цагдаагийн албаны Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн Ө-1171 дугаартай “Албаны шалгалтын материал / хх-4-50/, Хаан банкны .........дугаартай данснуудын харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-71-81/, шүүгдэгч Н.А шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-102/, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаартай тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам” /хх-103-110/, шүүгдэгч Б.Сын гэмт хэрэг үйлдэл олсон хууль бус орлого болох 60.000 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын төрийн сангийн 100900033401 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тушаасан баримт /хх-196/, шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97/, шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-91/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-92/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-93/, шүүгдэгч Н.Ариунтулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-98/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/,зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.С нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст зохицуулагч цагдаа, нийтийн албан тушаалтанаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Дын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 40,000 төгрөгийг, мөн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Н.Аас 20,000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр авсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч ....Б.Ст шалгуулахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 40.000 төгрөг өгсөн, шүүгдэгч Н.А нь 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 20.000 төгрөгийн тус тус өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Прокуророос шүүгдэгч Б.Сыг албан тушаалын тодорхойлолтын 1.6 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиар харьяалуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх”-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг "Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ"-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго", 37.1.16-т заасан "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр өргөсөн тангараг”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл "Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл"-ийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давж эрх эдлэх" гэснийг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Сыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэж, шүүгдэгч Б.Д, Н.А нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нт холбогдуулан хахууль өгсөн гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч нар тус тус маргаагүй болно
2022 оны 12 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт орж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байна. Шүүгдэгч нарын дээрхи гэмт үйлдэл нь 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 18-ны хооронд үргэлжилсэн бөгөөд тэдэнд прокуророос 2022 оны 11 сарын 23-ны өдөр ял сонсгож шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Д, Н.А нарыг Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдлыг харгалзаж шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д нь өөрийгөө илчилсэн, бусдыг үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан, шүүгдэгч Б.Д Н.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч Б.Д Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ст оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ст торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг, түүний нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тус тус тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Саас Авлигатай тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөр төлөх 100900033401 дугаартай төрийн сангийн дансанд 60.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С, Б.Д, Н.А нар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан”,
Шүүгдэгч Б.Д, Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Д, Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг Б.Ст торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарласугай.
7. Шүүгдэгч Б.С, Б.Д, Н.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С, Б.Д, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР