| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/00605/и |
| Дугаар | 183/ШШ2019/01311 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2019/01311
2019 оны 06 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2019/01311 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... байранд байрлах, Х СӨХ /РД... /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Т.Д /РД.../-д холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 892,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг мөн иргэн Т.Д гийн орон сууцны таазыг засварлахыг тус тус даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХСӨХ-ны төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манайх Х ы СӨХ-нд хамаарах Хан-Уул дүүргийн ... байрлах 29, 30, 31, 33, 34 дүгээр байрнуудын оршин суугч нарыг төлөөлж үйл ажиллагаа явуулдаг. 30 дугаар байрны .... тоотын оршин суугч Т.Д нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй, СӨХ-ны бүх үйлчилгээг үнэ төлбөргүй авч, бусад оршин суугч нарын СӨХ-ны мөнгөөр үйлчилгээ авч шударга бус байдал үүсээд байна. Т.Д нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. 2017 оны 01 дүгээр сард Т.Д гийн жолооч гараашны хаалга онгорхой орхиж явснаас үүдэж тус байрны гараашид хулгай орж 4 машины шил хагараад нийт 1,000,000 төгрөгийн эд зүйлийн хохирол учруулсан. Үүнээс хойш Т.Д СӨХ-ны төлбөрийг төлөхөө больсон. Өнгөрсөн 5 дугаар сард хариуцагчийн гэрт 1 м.кв хэмжээтэй ус дээвэр дээр нь дуссаныг засаж өгсөн, мөн хажуу айлынх нь дээврээс мөсны ус гоожоод байна гэсэн тул би дээврийг нь янзалж засварлаж өгсөн. Би оршин суугч нарын гомдол, санал хүсэлтийн дагуу өөрийн боломжоороо ажиллаж байхад Т.Д СӨХ-ны төлбөрийг төлдөггүй. Хариуцагч Т.Д 2017 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл буюу 2019 оны 5 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрөө огт төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой маргаан байхгүй, тухайн саруудад төлбөр төлөөгүй нь үнэн, төлбөрийн хэмжээнд маргахгүй харин яагаад төлөхгүй байгаа талаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээврийг нэг мөр чанар сайтай засаад өгсөн тохиолдолд СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байх шаардлага байхгүй” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Т.Д тус байрны 9 давхарын ... тоотод оршин суудаг. Анх дээврээс нь ус гоожоод байхаар СӨХ-д хэлж янзалж өгч байсан боловч сүүлийн үед маш их бороотой байсан тул Т.Д гийн дээврээс ус нэвтэрч гоожоод, түүний гэр мөөгөнцөртэй болсон байсан. Т.Д өөрөө бага насны хүүхэдтэй. Устай холбоотой СӨХ-д мэдэгдэхэд засаж өгнө гэсэн боловч засахгүй байгаа. СӨХ-ны үндсэн үүрэг нь оршин суугч нарын амгалан байдлыг хангах, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх ёстой байдаг. Гэтэл СӨХ өөрийн үүргээ биелүүлэхгүй байхад Т.Д гээс гүйцэтгээгүй ажлынхаа төлөө СӨХ-ны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гол нь дээврийн ажлыг чанар сайтай, мэргэжлийн байгууллагатай хамтран засаж өгөөч гэсэн шаардлага гаргаж байна. Дээврийг янзалсан гэсэн боловч дээврээс ус нэвтрэхгүй байх ямар ч баталгаа байхгүй байна. Мөн засвар хийсэн гэрээний дүгнэлт байхгүй, гаднах фасад нь унах аюултай болсон байна. Үүнийг янзлахгүй бол гадаа явж байгаа гэмгүй хүмүүс дээр унавал хэн хариуцах юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч ХСӨХ-ны төлөөлөгч Г.А сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Нийт оршин суугч нараас авч байгаа СӨХ-ны төлбөрөөс 7-8 хүнийг цалинжуулж, татвар, лифт, цахилгаан, цэвэрлэгээ, хог, засвар үйлчилгээ гэх гарч байгаа төлбөрүүдийг төлдөг. Манайд хуримтлал гэсэн зүйл байхгүй. Т.Д миний СӨХ-ны даргаар ажиллаж байсан хугацаанд нийт 570,000 орчим төгрөг СӨХ-ны мөнгө гэж төлж байсан. Үүнийг хэд дахин нугалж, түүний шаардсан засварыг хийж байсан удаатай. Би хийсэн ажлаа оршин суугч нарын цахим группд байнга нийтэлж, тайлагнадаг. Уг барилгыг барьсан М ХХК-д барилгын засвар үйлчилгээтэй холбоотой албан тоот явуулсан боловч ямар нэгэн хариу ирээгүй. Т.Д өөрөө М ХХК-д хандах бүрэн эрхтэй. Хариуцагч СӨХ-ны төлбөрөө төлдөггүй ч би түүний шаардсан засвар үйлчилгээг хийж өгдөг. Гадна талын фасадын хувьд нурж, унах гэсэн зүйл байхгүй. Би энэ жил 30 дугаар байранд засвар хийлгэх болно. Бусад байруудын СӨХ-ны төлбөрийг 30 дугаар байранд зарцуулж байна. Сарын СӨХ-ны төлбөр 21,100 төгрөг гэтэл Т.Д гийн шаардаж байгаа засварын төлбөр хэд дахин их байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ХСӨХ дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2017 оны 01 сараас 2019 оны 02 сар хүртэлх хугацааны 892,000 төгрөг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Т.Д д холбогдуулан гаргасан, харин хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг мөн өөрийн орон сууцны таазыг засварлахыг тус тус даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 2, 3, 4, 5 сарын төлбөр 170,300 төгрөгийг нэмж, нийтдээ 1,062,300 төгрөг гаргуулахыг шаардсан, хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй болно.
Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд *******,******* дугаар байрны 53 тоот орон сууцны өмчлөгч Т.Д нь 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардалд төлөгдөх 1,062,300 төгрөгийг төлөөгүй болох нь өр авлагын тооцоо, Төрийн банкны дансны хуулгаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Х СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой байна.
Хариуцагч тал дээрх хугацааны төлбөрийг төлөөгүй байдлаа хүлээн зөвшөөрсөн, мөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй боловч тус байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг болон өөрийн орон сууцны таазыг засварлахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд *******,******* дугаар байрны дээвэр болон гадна фасадны засварыг хийхээр төлөвлөсөн талаар Х СӨХ-ны төлөөлөгч тайлбарласан болно.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоог орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулна, 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт “Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана” гэж заажээ.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас *******, дунд гол гудамж, 30 дугаар байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг ХСӨХ-нд даалгаж, харин хариуцагч Т.Д гийн орон сууцны таазанд засвар хийх шаардлагатай эсэхийг нотолсон баримтгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага 1,062,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар Т.Д гээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,062,300 төгрөг гаргуулж ХСӨХ-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт зааснаар *******, дунд гол гудамж, 30 дугаар байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг ХСӨХ-нд даалгаж, иргэн Т.Д гийн орон сууцны таазыг засварлахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Т.Д гээс 31,758 /25,958+5800/ төгрөг гаргуулж ХСӨХ-нд олгож, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж Т.Д д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,758 төгрөг, хариуцагчийн төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ