Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0816

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ХХБ” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн  улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: “М-О” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн  улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хийхээс татгалзсан” 1105 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “М-О” ХХК-ийн өмчлөлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ХХБны барьцаанд бүртгэхийг даалгах,

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь “М-О” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн  эрх нээх гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан. Тус барьцааны гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бүртгүүлэхээр Баянгол дүүргийн бүртгэлд мэдүүлэг гаргасан байдаг. Тус мэдүүлгийн дагуу барьцааны эрхийг бүртгэж шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гаргасан байдаг. Тэр нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1105 тоот шийдвэрээр татгалзсан байдаг. Татгалзсан шийдвэрийн үндэслэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.4-т зааснуудыг тус тус үндэслэсэн байдаг. Үндэслэл болгоод байгаа шийдвэр нь Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1782 тоот зөвшөөрөл байдаг. Энэ зөвшөөрлөөр “Д” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай барилгын шилжилт хөдөлгөөн хязгаарлах тухай хариуцагчид даалгасан байдаг. Энэхүү захиргааны акт буюу 1105 тоот актын нэхэмжлэгч талаас хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэгт. Өмчлөгч эрхийг хязгаарласан. Өмчлөгч эрх гэж Үндсэн хуулиар баталгаажуулсан эзэмших, ашиглах гээд маш олон эрхийг өөртөө агуулсан өргөн хүрээтэй хуулийн эрх байгаа. Тус туйлын эрхийг хязгаарласан эсэх талаар тогтоох шаардлагатай. Тогтоохын тулд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т зааснаар “"эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг” гэж заасан байгаа. . Эд хөрөнгөний улсын бүртгэлийн тухай хуульд 3.1.1-т ““үл хөдлөх эд хөрөнгийн эрх” гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг” гэж заасан байдаг. Өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бас хуулиудад заагаад өгсөн байдаг. Тухайлбал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна гэж заагаад доошоогоо нарийвчлан жагсаагаад дурдсан байдаг. Үүнтэй улбаатайгаар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлээс 58 дугаар зүйл хүртэл тухайн эд хөрөнгийг бүртгэх тус бүрийг нь нарийвчлаад заагаад өгсөн байгаа. Жишээлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэл анх удаа бүртгэнэ гэж байгаа. Өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийн шилжилтийг гээд тусдаа нарийвчлаад заагаад өсөг байгаа. Тийм бол прокурорын зөвшөөрлөөр энэ өмчлөх эрхийг бүхэлд нь хязгаарласан юм уу гэхээр бас үгүй. Прокурорын зөвшөөрлийг уншвал Гэмт хэрэгт ач холбогдол эд хөрөнгийг нуух устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байх тул “Д” ХХК-ийн Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах тоот нэгж талбарын дугаартай барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг даалгасугай гэж заасан байдаг. Энд заасан шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах гэж юуг ойлгох вэ гэхээр тэр үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалах гэх мэт бүх эрхүүдийг хязгаарласан юм уу гэхээр үгүй. Энэ прокурорын зөвшөөрөл гарах болсон зорилготой уялдаж тайлбарлавал Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1-т заасныг үндэслэж байгаа. Гэмт хэрэгт ач холбогдол бүхий эд хөрөнгийг нуух эрх шилжүүлэх зэргийг л сэргийлэх зорилготой. Энэ сэргийлэх зорилготой уялдуулаад шилжилт хөдөлгөөн хязгаарлах гэдгийг тайлбарлавал тухайн прокурорын заасан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг гуравдагч этгээд бусдад шилжүүлэх талаар л хориглосон. Өөрөөр хэлбэл өмчлөгч солигдох үр дагавартай улсын бүртгэлийг бүртгэхгүй шүү л гэдгийг даалгасан байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад бүх эрхийг хязгаарласан байна. Тэр хязгаарласан эрхэд нь гуравдагч этгээдийн Ү******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэх нь хамаарч байна. Дээр дурдсан үндэслэлүүдийг дүгнээд хэлэхэд прокурорын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эдлэх бүх эрхийг хязгаарлаагүй. Зөвхөн шилжүүлэх эрх буюу захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байна. Иймд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

Хоёрт. Захиргааны акт гарах болсон прокурорын зөвшөөрөл гарах болсон үндэслэл тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуульд актын агуулга тодорхой байх ёстой. Захиргааны акт гарах үндэслэл болсон прокурорын зөвшөөрөл нь гуравдагч этгээдтэй хамааралтай нэг ч зүйл байхгүй. “Д” ХХК-ийн эзэмшлийн газар дээр гээд заасан байдаг.

Манайхаас хамаарахгүй гэж маргаад байгаа. Учир нь үл хөдлөх хөрөнгийн дахин давтагдашгүй Ү дугаарт бүртгээд түүний дагуу эрхийн бүртгэлд хөтлөөд явдаг. Үүнд яагаад Ү дугаараар нь зааж өгч болоогүй юм бэ? Мөн гуравдагч этгээдийн өмчлөл гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Хэрвээ төрийн байгууллага нь иргэн хуулийн этгээдийн өмчлөх эрхийг хязгаарлах гэж байгаа бол тодорхой буюу ойлгомжтой хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагатай. Ү дугаар ч зааж өгөөгүй, гуравдагч этгээдийн нэрийг ч дурдаагүй тул үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн тухайн зөвшөөрөл дээрээ гуравдагч этгээдийн хаяг ч байхгүй. Ерөнхийдөө тодорхойгүй ойлгомжгүй гэдэг үндэслэлээр тухайн прокурорын зөвшөөрлийг өргөжүүлж тайлбарлах замаар гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг нь хязгаарлаж байна гэж үзсэн. Эдгээр үндэслэлүүдээр актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Эрхийн улсын бүртгэлийн Ү******* дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /*******/, Сөүл гудамж ******* дүгээр байр 4 дүгээр давхрын 306 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр гуравдагч этгээд бүртгэлтэй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэгчтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлж 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус бүртгүүлж байсан байна. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ дуусгавар болсныг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гуравдагч этгээдийн 01/108 тоот албан  бичиг, 2019 оны  07 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгчийн 7-461/495 тоот барьцаа эд хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгийг тус тус үндэслэн бүртгэсэн байна. Уг эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэл болсон албан бичгүүдэд зээлийн гэрээний үүрэг хангагдсан талаар дурдаагүй, барьцаа эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг өтлөх талаар талууд тохиролцож барьцааны гэрээг чөлөөлөх болсон байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40.1, 40.1.3-т заасанчлан нөхцөл үүссэн гэж үзэхээр харагдаж байна. Хэрэв тийм бол төлбөр төлөгч тал зээлийн төлбөр төлөгдөөгүй барьцаа эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар болсон бол холбогдох хууль, дүрэм журмын дагуу явагдан ёстой бөгөөд албан бичигт дурдсанчлан худалдан борлуулж чадаагүй болохоор эргээд барьцааны гэрээг чөлөөлсөн бүртгэлийг сэргээх, эсвэл шинээр зээлийн барьцааны гэрээ хийж бүртгүүлж байгаа.

Уг эд хөрөнгийг 2019 оны  05 дугаар сарын 31-ний өдрийн Авлигатай тэмцэх газрын 06/4500 тоот албан бичгийн хамт хавсралтаа ирсэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн прокурорын 1782 дугаартай зөвшөөрлөөр уг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг даалгасан ба барьцааны гэрээ дуусгавар болсны бүртгэлийг бүртгэхэд хамаарахгүй бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийн дуусгавар болгоно” гэж заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл уг эд хөрөнгөд үүргийг гүйцэтгэл нэмж бүртгүүлэх гээгүй өмнөх үүргийг гүйцэтгэлийг чөлөөлж болохыг барьцаалагч, өмчлөгч талууд холбогдох зөвшөөрлөө өгсөн байна. Харин шинэ үүргийн гүйцэтгэл бүртгүүлэх нь агуулгаараа уг эд хөрөнгөөс үүргийг гүйцэтгэл хангуулах дараалал өөрчлөгдөж, хориг тавьсантай холбогдуулан хэрэг маргаантай холбогдуулан шүүхийн шийдвэр хэрхэн гарснаас тухайн эд хөрөнгөөс ирээдүйд гаргуулах төлбөрт шууд нөлөөлөх ач холбогдолтой. Мөн уг үл хөдлөх хөрөнгүүд  оршин байгаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж ******* дугаартай барилгыг бүхэлд нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэ болон улсын бүртгэлийн байгууллагаас олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй байна. Нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1105 тоот албан тоот бүхий шийдвэрийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4127 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/******* тоот албан бичгүүдээр тус тус хариу өгч байсан байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Бидний үзэж байгаагаар барьцааны хөрөнгийг бүртгэхээс татгалзахдаа прокурорын зөвшөөрлийг үндэслэж байгаа ба энэ нь манай барьцааны хөрөнгөтэй огт ямар ч хамааралгүй гэсэн үндэслэлээр тайлбарлаж байгаа. Үүнийг аваад үзэхээр тус зөвшөөрөлд “Д” ХХК-ийн барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах гэдэг. Хэний ямар өмчийг яаж хязгаарлах вэ гэдэг гурван үндсэн бүрэлдэхүүнээр ойлгож болох нь байна. Хэний гэдэг дээр нь манайхыг биш тус “Д” ХХК гэж байгаа ойлгож болно. Барилга гэдэг ойлголт нь улсын бүртгэлийн эрх зүйн системээр үл хөдлөх эд хөрөнгө болж хувирч байгаа. Мөн өмчлөх эрхийг л ганцхан улсын бүртгэлийн байгууллага бүртгэх болохоос биш барилгын бүртгэл гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр барилга гэж агуулгын хувьд боловч улсын бүртгэлд бүртгэл хийгээд ирэхээр хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дархан улсын бүртгэл болж байна. “Д” ХХК-ийн ямар хөрөнгө вэ гэдгийг нэгж талбарын дугаараар заасан байгаа. Тэр бол тухайн хөрөнгийн байршлыг зааж өгдөг. Нэг байршил дээр олон янзын эд хөрөнгө байрших бүрэн боломжтой. Тухайн байршил дээр “Д” ХХК-ийн өмчилж байгаа хөрөнгөд хамааралтай гэж ойлгох бүрэн боломжтой. Би прокурорын зөвшөөрлийг ойлгомжгүй, тодорхойгүй гэж бодохгүй байна. Харин улсын бүртгэлийн байгууллага нь тухайн зөвшөөрлийг ойлгож хэрэгжүүлэхдээ хэмжээг нь хэтрүүлж ойлгож байна хэрэглээд байх шиг байна. Барилга нь улсын бүртгэл дээр ирэхээрээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хэлбэрээр орж ирнэ. Энэ нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.4-т улсын бүртгэлийн дугаараар бүртгэдэг. Эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн гэдгийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй. Иймд “Д” ХХК-ийн хөрөнгийг тогтоох бүрэн боломжтой. Мөн хуулийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.” гэж заасан. Манай тухайн өмчлөх эрх аль хэдийнээ үүссэн байдаг буюу прокурорын зөвшөөрөл гарахаас өмнө үүсэн байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үүсээд үүнийг нь гэрчилгээгээр баталгаажуулаад өгсөн. Мөн хуулийн 5.3-т “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасан. Тухайн гэрчилгээ нь манайд бах ба гэрчилгээнд дугаар нь байгаа. Өмчлөгчийн нэр хаяг маш тодорхой. Иймд прокурорын зөвшөөрөлд дурдагдаад байгаа газарт манайх огт хамааралгүй гэж үзэж байгаа. Шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1/3435 дугаар тоотыг Нийслэлийн Прокурорын газарт явуулсан байдаг. 2 төрлийн баримт гаргуулахыг шаардсан байдаг. Нэгт гуравдагч этгээдийн өмчлөлийн Ү-******* дугаартай эд хөрөнгийг бусдад шилжүүлэхийг хориглосон болон зөвшөөрсөн тухай мэдэгдэл хүргүүлж байсан эсэх талаар холбогдох бусад шийдвэр гаргуулах тоот явуулсан боловч тус газраас эдгээр шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй. Угаасаа ийм зүйл байхгүй. Ийм байхгүй хэрэгт авагдаагүй учир гуравдагч этгээдэд хамааралтай гэж ойлгож үйл ажиллагааг хууль ёсны гэж үзэх ямар ч үндэслэлгүй.

Цаг хугацааны хувьд давхцаж өгөхгүй байгаа. Хэрвээ барилга үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулсан гэдэг 2  өөр ойлголт байгаа. Өнөөдөр өмчлөх эрх нь үүсээгүй барилгатай байх  бүрэн боломжтой. Улсын бүртгэлд очиж бүртгүүлээд гэрчилгээ авснаар өмчлөх эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө. Ийм л зүйл бүртгэх болохоос биш өнөөдөр хэдэн барилга баригдаж байгаа гэдэг бүртгэл хийдэггүй хариуцагч нь хийдэггүй. Бүхэлд нь гэж ойлгоод байгаа нь маш буруу. Цаг хугацааны хувьд ч гэсэн манайх 2018 онд гэрчилгээ авсан байсан. Ийм учир улсын бүртгэлийн байгууллага нь зөвхөн өөрийн хуулийн хүрээнд өмчлөх эрхийг хуулийн дагуу ажил бүртгэх ёс журмаараа л хийх ёстой. Түүнээс биш хэн нэгний барилга байшин байгууламж гэснээр нь тааруулж ажиллаж байж болохгүй.  Хэрвээ хариуцагчийн зөв байх юм бол “Д” ХХК-ийн барилга гэсэн дотор 3 тусдаа өмчлөгчтэй. Эдгээр зүйл хамаагүй, дахин давтагдашгүй Ү дугаар ч хамаагүй. Бүртгэхийн бол прокурорын байгууллага нь Үндсэн хуулиар баталгаажсан зах зээлийн чөлөөт эдийн засагтай хувийн өмчийг төрөөс дээдэлж хамгаалах механизмыг нь үгүйсгэсэн болоод байна. Прокурор нь ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадна Монгол улсын бүх хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй албан тушаалтан. Чанд сахих тухай заалтууд ч байдаг. Прокурорын гаргасан шийдвэр нь Улсын бүртгэлийн хуульд нь хэрэгжүүлэх ямар боломж байгаа буюу хуулийн боломжит хүрээндээ л хэрэгжүүлэх болохоос биш давуулан биелүүлж болохгүй. Эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах дараалал өөрчлөгдөж хориг тавьсантай холбоотойгоор шүүхийн шийдвэр хэрхэн гарсныг ирээдүйд гаргуулах төлбөрт шууд нөлөөлөх ач холбогдолтой. Үүнийг тооцох этгээд нь хариуцагч биш. Өөрөө ч мэдэж байгаа. Зөвхөн бүртгэдэг газар. Эрх зүйн шийдвэр гаргадаг хууль зүйн газар биш. Улсын бүртгэл нь зөвхөн бүртгэнэ. Өөрсдөө л ийм сэжиг байгаа юм чинь ирээдүйд ингэх юм байна гээд төсөөлсөн маягаар ажил хийгээд байгаа. “Д” ХХК нь тухайн барилгыг 50 хувийн гүйцэтгэлтэй байхад манайх хамтран ажиллах гэрээ байгуулаад үлдсэн бүх хөрөнгийг манайхаас гаргуулсан. Барьж дууссаны дараа 5 ширхэг давхраа өмчлөлдөө шилжүүлэн авна гэдэг гэрээ байгуулсан. Гэтэл тэр “Д” ХХК нь өмнө нь өөр иргэнээс шилжүүлж авсан байдаг. Бүүр тэр өмнөх асуудалд дээр нь эрүүгийн хэрэг үүсгээд яваад байгаа. Тэр хэрэгт бид ямар ч үүрэг оролцоогүй байгаа. Бидний хөрөнгө яах эсэх нь ямар ч хамаагүй. Тухайн хэргийн хохирлын хэмжээ нь 700.000.000 төгрөг орчим байгаа. “Д” ХХК-д энэ хөрөнгө нь хангалттай байгаа. Үр дагаврыг нь хэн хүлээх юм бэ гээд байдаг. Хамгийн муугаар бодоход л “Д” ХХК нь гаргуулна гэсэн байхад манайд ямар хамаарай юм бэ?  Хариуцагчийн гаргаж өгч байгаа шийдвэрүүдээр өөрсдөө уг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг даалгасан ба барьцааны гэрээ дуусгавар болохыг бүртгэснийг хамаарахгүй байна гэж тайлбарлаад байна. Өмчийн шилжилт хөдөлгөөн бол барьцааны хөрөнгийн асуудлаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Үүнийгээ бүртгэхээр яагаад байдаг юм. Мөн захиргааны хэрэг явж байгаа. Өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй гээд байдаг. Тэр нь хүчингүй болсон гэрчилгээтэй холбоотой хэрэг байдаг. Тэр нь бидний хүсэлтээр түүнийг нь шүүх гаргаж өгсөн. Энэ мэт байдлаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЗБ/СС******* дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг гуравдагч этгээдтэй байгуулж, уг гэрээг бүртгүүлэхээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандахад тус хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1105 тоот албан бичгээр “хүсэлтийг хүлээн авах боломжгүй” болохыг мэдэгджээ.

Улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/******* тоот албан бичгээр “барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй” гэж хариуг өгчээ.

Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1782 дугаар прокурорын зөвшөөрлөөр “Д” ХХК-ийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18******* нэгж талбарын дугаартай газарт баригдаж буй барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгажээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ” гээд 30.1.4-д “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно гээд 20.1.14-д  хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн барьцааны гэрээг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.

Учир нь Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1782 дугаар прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плазагийн зүүн талд байрлах “Д” ХХК-ийн эзэмшлийн 332 м2 газарт байрлах барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгчийн барьцаалбар нь тухайн барилгын 4 давхрын 306 м.кв талбайд байрладгийн хувьд уг хязгаарлалтад хамаарч байна.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасан байх тул уг барьцаалбарыг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шилжилт хөдөлгөөн гэдэгт өмчлөх, эзэмших, ашиглах, барьцаалах зэргийн хэн аль нь хамаарах бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, даалгавраар хийгдсэн урьдчилсан тэмдэглэгээг зөвхөн түүний шийдвэрийг үндэслэж хүчингүй болгохоор байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4, 30.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.14-д тус тус  заасныг баримтлан “ХХБ” ХХК-ний нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн  улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн  улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хийхээс татгалзсан” 1105 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “М-О” ХХК-ийн өмчлөлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ХХБны барьцаанд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ