Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0134

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

            “ӨЮЖССС” ХХК

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч: “ӨЮЖССС” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 918 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0915/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ӨЮЖССС” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1170 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, зохих зөвшөөрөлгүй, газрын дур мэдэн эзэмшсэн иргэдэд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54.001.378 төгрөг гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 918 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ӨЮЖССС” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1170 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, зохих зөвшөөрөлгүй, газрын дур мэдэн эзэмшсэн иргэдэд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54.001.378 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1.Анхан шатны шүүх ямар зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хуульд заагаагүй хэсгийг дур мэдэн нэмснийг ойлгохгүй байх ба энэ хэсэгт тэр чигтээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг няцаасан, хариуцагчийн татгалзлыг дэмжсэн агуулга, шүүгчийн өөрийнх нь үзэл бодол тусгагджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлт тусгагдаагүй. Шүүх зөвхөн өөрийн хууль зүйн дүгнэлтийг дэмжсэн баримтуудыг л шийдвэрт тусгасан.

Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54.001.378 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг бүрэн ойлгоогүйгээс шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.2-т алдаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч тал 2007 оноос хойш одоог хүртэл удаа дараагийн Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэр, захирамжийн улмаас эзэмшсэн газраа зориулалтын дагуу эзэмшиж чадахгүй байна, учирсан хохиролд тооцож олгосон газраа дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэх шалтгаанаар хүчингүй болгосон тул учирсан хохиролд тооцож 54.001.378 төгрөг нэхэмжилсэн. Тэрнээс эзэмшсэн газраа хууль бус иргэд суурьшсаныг чөлөөлөөгүй засаг даргын эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол шаардаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1170 дугаар захирамжаар нэхэмжлэгч “ӨЮЖССС” ХХК-ийн нэгж талбарын 1333110286 дугаартай, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 22556 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг “дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1170 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, зохих зөвшөөрөлгүй, газрын дур мэдэн эзэмшсэн иргэдэд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54.001.378 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийж, бодит нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байхад дээрх ажиллагааг хийгээгүй, ... гэрээнд заагдсаны дагуу үйл ажиллагаа явуулах гэсэн боловч тус газар олон айл өрх буусан байсан асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан,... шүүхийн шийдвэрээр дуудлага худалдааны үнийг хэрхэх талаар зохицуулаагүй, Газар эзэмших эрх шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн тул дуудлага худалдааны үнэ төлөх ёсгүй ... тухайн газарт амьдарч байсан иргэдэд газрыг албадан чөлөөлөх мэдэгдэл хүргүүлээгүй” гэж тайлбарлан маргасан.

Харин хариуцагчаас “нэхэмжлэгч нь газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, ... 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан, ... эзэмшил газраа хамгаалах нь газар эзэмшигчийн үүрэг, ... хохирол болох 54.001.378 төгрөгийн гаргасан холбогдох баримт авагдаагүй ...” гэж тайлбарлан маргасан байна.

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туулын гүүрний баруун урд талд 30.000 м.кв газрыг аялал жуулчлалын хотхон барих зориулалтаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамжаар[1] “Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийг тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс” тогтоосон, үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар[2]” “... Ундны усны тэжээлийн дотоод мужид хамаарсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 95 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хамгаалалтын бүсэд хамруулсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гарган маргасан байх бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 422 дугаар шийдвэрээр[3] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар магадлалаар[4] тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3.2. Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар тодорхойлж, “Албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 320.809.745 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга 134.000 м.кв газар эзэмших эрх олгохоор, нэхэмжлэгч хохирол 320.809.745 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзахаар эвлэрч, шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 1017 дугаар захирамжаар[5] эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

3.3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар[6] “...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2012 оны 1017 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид 134.000 м.кв газар эзэмшүүлсэн байх бөгөөд мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар[7]  “... НИТХ-н 2019 оны 29/33 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр бүлгийн 49 дэх заалт, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжтай газрыг бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөнтэй холбогдуулан байршил шилжүүлэх ...” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрших 65,000 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн, улмаар нэхэмжлэгч компанийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “... Нийслэлийн Засаг даргын бус Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх хэмжээнд хамаарах тусгай хамгаалалтын бүс хэмээн үзсэн, ... тус газраа нөхөж өөр байршилд авах хүсэлтэй байна, ... Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22.556 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон өгч, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү ...” гэх хүсэлтийг[8]  гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1052 дугаар захирамжаар[9] Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 22.556 м.кв, 20 дугаар хорооны нутагт 42.444 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамжийг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.

            3.4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан.

            3.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэр бүлийн хэрэгцээний эсхүл тариалангийн болон хүнсний ногооны зориулалтаар гэр бүлд эзэмшүүлэх, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээс бусад зориулалтаар олгогдох хэмжээнээс илүү хэмжээгээр газар эзэмшүүлэх тохиолдолд  дуудлага худалдаа эсвэл төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            3.6.  Нэхэмжлэгчид анх 2007 онд 30.000 м.кв хэмжээгээр, орон сууцны хотхоны зориулалтаар газар эзэмшүүлэхэд дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон байна. Гэтэл 2014 онд хариуцагч нь  тодорхой шалтгаан үндэслэл заалгүйгээр уг газрын хэмжээг 4,5 даруй дахин нэмэгдүүлж 134.000 м.кв нэхэмжлэгч “ӨЮЖССС” ХХК-д эзэмшүүлэхээр шүүхийн шатанд эвлэрсэн нь ойлгомжгүй байна.

Энэ тохиолдолд хариуцагчаас цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 22.556 м.кв газар эзэмшүүлэхдээ хариуцагч нь төсөл сонгон шалгаруулах болон дуудлага худалдаа явуулах замаар эзэмшүүлээгүй нь тодорхой байх тул Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1170 дугаар захирамжаар “дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.

            3.7. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн сэргээлгэхийг хүссэн газар эзэмших эрх 2007 онд анх үүссэн, ийнхүү 2007 оны 405 дугаартай захирамжаар анх 30.000 м.кв хэмжээгээр, орон сууцны хотхоны зориулалтаар газар эзэмшихдээ тус компани дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар аваагүй байх тул шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх авсан тул дуудлага худалдааны үнэ төлөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

            3.8. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газрыг хамгаалах үүрэг нь газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуй нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан байна.

            3.9. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглахад саад болсон гэх зөрчил нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас үүдээгүй, бусад иргэдийн зөвшөөрөлгүй газар ашигласан буюу иргэн, хуулийн этгээд хоорондын газар эзэмших эрхийн харилцаанаас үүджээ, ... Нийслэлийн Засаг дарга маргааныг урьдчилан шийдвэрлээгүй тохиолдолд газар эзэмшигч газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй бусдын үйл ажиллагааг арилгуулахыг шаардахтай холбоотой иргэн, хуулийн этгээд хооронд үүссэн эрх зүйн маргаанаа харьяалах шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            3.10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1052 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1333110286 нэгж талбарын дугаар бүхий 22.556 м.кв талбай бүхий газрын 2018, 2019, 2020 онуудын агаар, сансрын зургуудаар[10] нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь бусад иргэн, аж ахуй нэгжийн ашиглалтад байхгүй, хоосон байсан бөгөөд 2023 оны агаарын зургаар нэгж талбарын 1333110286 дугаартай 22.556 м.кв газрын урд хэсгээр 1 гудамж үүсгэн 10 айл хашаалж, гэр барьсан, харин байшин сууц буюу үл хөдлөх хөрөнгө бариагүй байна.

            3.11. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 03-ны 23/05/03-03 тоотоор гаргасан хүсэлтэд 05 дугаар сарын 11-ний өдөр 01-09/1981 тоотоор[11], 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 01/23 тоотоор гаргасан хүсэлтэд 08 дугаар сарын 25-ны өдрийн 01-09/4508 тоотоор[12] тус тус Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т "газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нь, газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т өөрийн эзэмшил газраа хамгаалах нь газар эзэмшигчийн үүрэг болгож заасан” гэх хариуг тухай бүр өгч байсан байна.

            3.12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 2023 оны 05 дугаар сарын 23/05/03-03 дугаартай албан бичигт хариу өгөөгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд тус албан бичиг болон 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 01/23 дугаар хүсэлтүүд нь агуулгын хувьд ижил байх бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01-09/4508 дугаар албан бичгээр дээрх хүсэлтэд хариу өгсөн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “... хүсэлтүүдэд тухай бүрд үндэслэл бүхий хариуг газрын асуудал хариуцсан агентлагаар өгч байсан тул Нийслэлийн Засаг даргын хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх, хууль бус гэх эс үйлдэхүй тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

            3.13. Мөн дээрх маргаан бүхий газарт буусан иргэдэд хариуцагчийн зүгээс газар эзэмшүүлэхээр захирамж гаргаж, гэрээ, гэрчилгээг давхардуулан олгоогүй байх бөгөөд нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 32.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах ...” гэж зааснаар өөрийн эзэмшлийн газраа хамгаалах нь газар эзэмшигчийн үүрэг гэх хариуг өгсөн болох нь тогтоогдсон, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг бусдад давхардуулан олгосон хууль бус шийдвэр, үйл ажиллагааг явуулаагүй байх бөгөөд түр оршин суугчаар 2 өрхөд өрхийн бүртгэл олгосон нь захиргааны байгууллагын хууль бус, шийдвэр үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй, мөн нэгэнт хариуцагчаас маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... маргаан бүхий газарт 8 өрх амьдарч байгаагаас 2 өрхөд өрхийн бүртгэлийн дэвтэр нээсэн гэх бөгөөд өрхийн бүртгэлийн дэвтэр 2019 онд нээгдсэн байдаг ...” гэх зэрэг гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            3.14. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд маргаан бүхий газрын сонгон шалгаруулалтад оролцож авсан гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, мөн холбогдох нотлох баримтын эх сурвалжийг тодорхойлон зааж маргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1170 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

            3.15. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах, аргачлал батлах тухай” 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” баталсан байх бөгөөд тус аргачлалын 2.2-д “Хэргийн нөхцөл байдлын талаарх хураангуй: Хэргийн үйл баримтыг товчлон тусгана. Тухайлбал ямар үйл явдал болсон, хариуцагч хэзээ, ямар үндэслэлээр маргаан бүхий актын гаргасан, тухайн актыг хэрхэн танилцуулсан гэх мэт”, 2.3-д “Процессын түүх: Маргаан бүхий акт гарснаас хойш урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэзээ, яаж явагдсан, ямар үр дүн гарсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийг хэзээ шүүхэд гаргасан талаар товч бичнэ” гэж заасан байна.

            3.16. Анхан шатны шүүхээс дээрх аргачлалын дагуу шүүхийн шийдвэрийг боловсруулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт Хоёр гээд “Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар” гэсэн хуульд заагаагүй хэсгийг нэмсэн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 157 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 158 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 160 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 165 дахь тал

[5] Хэргийн 1 дэх хавтас, 172 дахь тал

[6] Хэргийн 1 дэх хавтас, 180 дахь тал

[7] Хэргийн 1 дэх хавтас, 232 дахь тал  

[8] Хэргийн 1 дэх хавтас, 38-40 дэх талууд

[9] Хэргийн 1 дэх хавтас, 29 дэх тал

[10] Хэргийн 1 дэх хавтас, 59, 60, 70 дахь хуудаснууд

[11] Хэргийн 1 дэх хавтас, 41 дэх тал

[12] Хэргийн 1 дэх хавтас, 44 дэх тал