Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 6

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0021/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000438 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эцэгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.  
    
Шүүгдэгч *** нь:

-2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг *** тоотод иргэн ***гийн Хаан банкны *** дугаартай виза картыг хулгайлж 2400000 төгрөгийн хохирол учруулсан, 

-2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Эрүүл мэндийн төвийн урд байрлах шинээр баригдаж буй эмнэлэгийн барилгын цонхоор нэвтрэн орж төмөр таслагч багаж, цахилгаан дрилл зэргийг хулгайлж “***” ХХК-д 610000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Дарханд ирээд *** гэх найзындаа очиход ***, *** нар байсан. Ингээд бид архи ууцгаасан. Тухайн үед би архинд явах гээд 50000 төгрөг өгчих гэхэд *** надад картаа өгсөн. Ингээд 

картнаас нь мөнгө авч архи авсан. Архи авчихаад картыг нь буцааж өгөөгүй байсан юм. Маргааш өглөө нь ***гийн картнаас нь 2400000 төгрөг авсан юм. Дараа нь Говьсүмбэр аймгийн Шивээговьд би эрүүл мэндийн төвийн барилга дээр ажиллаж байхдаа цалингаа аваагүй байсан юм. Цалингаа авах гээд Говьсүмбэрт очиход захирал нь “2 хоног хүлээчих” гэсэн. Тэгэхээр нь манаачтай нь архи ууж байгаад барилга руу орж цахилгаан багаж хулгай хийсэн.
...***гийн 2400000 төгрөгийг төлсөн, эмнэлгийн барилгаас хулгай хийсэн багажаа буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Д.***гийн ХААН банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 14 дэх тал/,
-АТМ-ны камерын бичлэгийн зураг /хэргийн 15 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 16 дахь тал/,
-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өмнө нь хамт ажилладаг байсан хуурай ах Р.*** дээр нэг шил аваад очиход ***, *** гэгч хоёр хүнтэй байшингаа янзлаж байсан ба хамтдаа авч очсон архиа уусан. Архи дуусахаар нь *** ахад өөрийн виза картаа өгөөд нэг шил архи авч ирүүлсэн ба ууж байгаад дуусахаар нь *** ахад дахиад картаа өгч дахин нэг шил архи авч ирүүлээд уусан ба картаа аваад гудсан доогуураа хийгээд унтаж амарсан. Өглөө нь би гэр рүүгээ эхнэр төрөх гэж байсан болохоор яваад өгсөн ба болсон асуудлын талаар асуухад хамт архи ууж байсан ***, *** 2 байхгүй байсан ба миний түрийвч байхгүй болохоор нь үлдээсэн байна уу? гэж асуухад үлдээгээгүй байгаа талаар хэлсэн. Би дансаа шалгуулахад миний картнаас 2400000 төгрөг авагдсан байсан улмаар нөгөө 2 хүнийг хайж байгаад цагдаагийг байгууллагад мэдэгдсэн болно. Картаа хэтэвчиндээ хийгээд гудсан доогуураа хийгээд унтсан байсан тэндээс хулгайд алдагдсан. Би картаа үлдээгээгүй шөнө дунд л хулгайд алдсан байх талтай намайг унтаж байхад авсан болов уу.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд маргааш нь манай хүргэн ах *** тэр ***, *** гэдэг 2 залуу байшингийхаа шалыг цутгасан юм. Тэгээд байж байтал орой бол байтал *** гэдэг ах нэг шил архитай *** ахынд ирсэн юм. Тэгээд тэд нар архи ууж эхэлсэн. Тэгээд орой болж би машин дотроо хэвтэж байсан чинь манай хүргэн ах ***, *** цуг ирсэн *** гэдэг залуу нар миний машинд орж ирж суусан. Манай хүргэн ах *** “ийшээ дэлгүүр орьё” гэж хэлээд тэгээд намайг машин бариулаад шинэ Дархан үйлчилгээний төв орсон. Би тэр гурвыг үйлчилгээний төв дээр ATM-ийн ойролцоо буулгаад тэгээд буцаж эргэж эсрэг урсгалын  замд очиж зогсоход тэр 3 хамт ATM руу очиж байсан. Тэгээд тэд нар ATM-с мөнгө аваад ***арын буудал руу орсон. Тэндээс пиво архи аваад Мангирт руу гэртээ буцаж ирсэн. Тэгэхэд цаг 00 цаг өнгөрсөн байсан. Би тэгээд тэд нарыг буулгаад араас нь гэр лүү дагаж орж хөнжилөө аваад буцаж гарч машинд орж унтсан юм. Намайг гэрээс хөнжил авах гээд ороход манай эгч ***, найз нь болох нэг эгч, *** ах нар байсан. Тэд нар дээр надтай цуг явсан 3 нийлсэн. Би тэгээд гэрээс гараад ирсэн. Намайг ороход бүгд сэрүүн унтаагүй байсан. Шөнө 03 цаг болж байхад гэрээс хүргэн ах ***, *** хамт явж байсан *** нар гарч ирсэн. Тэгсэн хүргэн ах *** ***д виза карт өгчихөөд гэр лүүгээ буцаад орсон юм. *** нь 00 руу явчихсан байсан. *** нь миний машинд орж ирж суугаад “нөгөө буудал руу яваад ирье” гэж хэлсэн. Тэгээд бид 2 үйлчилгээний төвийн ATM ороод *** виза картнаас 20000 төгрөг аваад ***арын буудал руу орж нэг шил архи аваад буцаж Мангирт руу манай хүргэн ахынх руу очиж явах замд  *** надад “май энийг Цэндээ ахдаа өгөөрэй” гээд хар өнгийн хавтастай дотор нь виза карттай хавтас өгсөн юм. Би тэрийг нь аваад хүргэний гэрт нь ороод *** ахад өгөх гэтэл “наад ширээн дээрээ тавьчих” гэж хэлсэн. Тэгээд би тэр виза карттай хавтасыг нь ширээн дээр тавьчихаад буцаж гараад машиндаа орж унтсан. Тэгээд намайг машиндаа унтаж байхад *** нь машины хаалга нүдсэн. Тэгээд онгойлгосон чинь *** надад “түрүүнийхээ ATM дээр хүргээд өгчих. Тэнд хүнтэй уулзах юм гэсэн юм” гэж надад хэлсэн. Би тэгээд хөнжилөө гэрт оруулж тавьчихаад буцаад гараад иртэл машины урд талд *** суучихсан арын суудал дээр *** суучихсан байсан. Тэгээд би тэр хоёртой хамт Шинэ Дархан руу явж байтал 16 давхрын хажууд байдаг Тэди төвийн ойролцоо явж байтал *** энд зогсчих гэж хэлсэн. Тэгээд зогстол *** “бид 2 энд хүнтэй уулзчихаад араас чинь очьё” гэж хэлсэн. Тэгээд би буцаад Мангирт руу хүргэн ах ***ийх руу явсан. Тэгээд би гэртээ очоод хашааны гадаа машин дотроо унтаж байгаад 10 цаг өнгөрөөгөөд гэрт орсон. Тэгээд намайг гэрт ороход *** байхгүй байсан. Тэгээд байж байтал *** эгч рүү *** ах залгаад “миний виза карт наагуур чинь байна уу? гэж асуусан. Тэгсэн *** эгч байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд виза карт алга болчихсон байна гэж мэдсэн. Тэгээд виза карт алга болчихсон байна гэж мэдсэн. Миний араас очноо гэж хэлж байсан ***, *** гэдэг найзтайгаа буцаж ирээгүй байсан. Тэгээд тэр хоёрыг виза карт аваад явчихаж гээд эрж хайсан боловч олоогүй юм.
…Намайг тэр орой анх хөнжил авах гээд гэрт ороход *** ах виза картаа         *** ахад өгч байсан юм. Тэгээд *** ах *** ахад “энэ дотор мөнгө байгаа, эндээс аваарай” гээд өгч байсан юм. Тэгэхэд нь би харж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/

-Гэрч Р.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэг нутаг сургуульд байсан *** танайд очиж байшингийн засвараас чинь хийлцэнэ гээд *** гэх залуугийн хамт ирээд байшин янзлалцаж байсан. 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр урд нь хамт ажиллаж *** нь намайг юу хийж байна гэснээ нэг шил архи авч ирсэн ба түүнийг нь ***, ***, *** бид 4 хувааж ууж байгаад дуусахаар нь дахин нэг шил архинд явахаар болоод надад картаа өгч кодийг нь сүүлийн 4 оронтой тоо шүү гэсэн. Би нэг шил архи, нэр хайрцаг тамхи авч очоод виза картыг нь ***д өгөөд авч ирсэн зүйлээ хувааж ууж байгаад унтацгаасан. Өглөө босоход би эхнэрийн түүний нэг найзын хамт байсан ба ***, ***, *** нар байгаагүй. Ажил хийж байсан хоёр хүн байхгүй болохоор нь ***тэй хамт явсан байж магадгүй гэж бодоод ***рүү залгаж нөгөө хоёрыг асуухад надтай хамт яваагүй өглөө сэрэхэд байхгүй байсан гэж хэлсэн ба миний виза карт бичиг баримт байхгүй байна танайд байна уу? гэж асуусан ба байхгүй байна гэж хэлсэн ба улмаар *** нь картаа шалгасанаа 2400000 төгрөг байхгүй байна гэдэг талаараа хэлж ярьсан. ***гийн бичиг баримт болон түрийвчтэй эд зүйл нь эхнэрийн дүү Бумбаярын машины жолоочийн хажуугийн хаалганы хавцасанд үлдээсэн байна. 
…манайд ажил хийж байсан ***, *** нар л авсан өөр хүн бол авсан байх учиргүй одоо дээрх хоёр хүн хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод байгаа. 
…Өөр хүн аваагүй сүүлд хаан банкны бичлэгийг шүүж үзэхэд дээрх хоёр авч байгаа нь харагдаж тусгагдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/, 

-Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***гийн виза картыг ***, *** хулгайлж авсан ба 2400000 төгрөг авсан байсан. Өглөө үүрээр дээрх 2 намайг гэрээс гарч явах гэж байхад хаалга гаднаас дараад байсан ба тэгэхдээл авч байсан юм шиг байгаа юм. Сүүлд нь бичлэгэн дээрээс харахад дээрх 2 авч байгаа нь харагдаж байсан. 
…*** нь манайд нөхөрт карт өгч архи авхуулсан ба тэгэхдээ нууц дугаар нь сүүлийн 4 оронтой тоо нь шүү гэж чанга хэлж байсан түүнийг нь сонсоод мэдсэн байх.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дэх тал/, 
-Хохирлын мөнгө төлсөн гэх хаан банкны орлогын баримт /129-130 дахь тал/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Шивээговь сумын төвөөс баруун тийш 30 орчим км газар 2 дугаар баг “***” гэх газар гэр бүлээрээ мал маллаж амьдардаг хүн байгаа юм. 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр би Шивээговь сумын төвд өөрийнхөө хар өнгийн ***улсын дугаартай  “Муса” нэртэй  машинтайгаа ганцаараа 18 цагийн үед орсон. Ороод би сумын төвд байдаг Лангуу дэлгүүр орж барилгын материал аваад хөдлөөд явтал араас нэг танихгүй залуу дуудахаар нь зогссон. Зогсоход танихгүй бор залуу эгчээ та барилгын материалын багаж үзэх үү? гэхээр нь үзэе гэхэд цамцанд боочихсон хар савтай улаан өнгийн цахилгаан дриль, хүрэн өнгийн дриль, хар улаан өнгийн бариултай төмөр таслагч, улаан өнгийн бариултай молдок зэрэг эд зүйлүүдийг үзүүлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг юм бэ гэхэд  тэр хүн бүгдийг нь нийлүүлээд би 150000 төгрөгөнд өгнө гэж хэлсэн. Тэгвэл  би авахгүй гэж хэлэхэд та авчих л даа тэгэх үү манай компани цалингаа тавихгүй байна нутгаадаа явах гэтэл  зардлын мөнгөгүй болчоод байна  гэр орноодоо буцах гэсэн юм  гэхээр нь хүнийх юм биш биз, хулгайн зэлгийн юм биш биз дээ гэхэд үгүй ээ миний өөрийн хэрэглэдэг багаж байгаа юм гээд байхаар би түүнээс 4-н ширхэг багажийг 150000 төгрөгөөр худалдаж авсан. Авахдаа би төвд байдаг гэртээ тэр залуугийн хамт очиж багажнуудыг тогонд залгаж шалгаж үзэхэд бүгд ажиллаж байсан. Түүнээс хойш тухайн багажнууд нь миний машинд кабинд байсан бөгөөд түрүү 7 хоногийн 5 дахь өдөр 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Шивээгийн цагдаагаас яриад 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүнээс худалдаж авсан уу? гэхээр нь тийм гэхэд таны авсан багажнууд хулгайн багаж байсан байна гэж хэлсэн. Тэгээд би өнөөдөр тухайн багажнуудыг аваад цагдаа дээр ирээд байгаа юм. Уг багажнуудыг огт ашиглаагүй яг авсан хэвээрээ байгаа.  
…надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би *** гэх хүнээс 150000 төгрөгөө бэлнээр хүлээн авлаа надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 153 дахь тал/,  

-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 216 оны 7 дугаар сарын 9-нөөс хойш ганцаараа уг барилгыг манаж байгаа юм. Манай компаний ажилчид санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар ажил зогсоод бүгд гэр гэр лүүгээ явцгаачихсан байгаа юм. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр намайг барилга дээрээ байж байтал манай барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэж байсан залуучуудын нэг *** гэх хүн ирж надтай хамт хоносон. *** ирэхдээ 0.5 л архитай ирсэн. Түүнийг ирээд удаагүй байхад *** гэдэг залуу бас орж ирсэн. Тэгээд бид 3 тэр архийг хувааж уусан. Яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна ямар ч байсан орой л болчихсон байсан. Тэгээд архиа уучихаад тэр 2 гараад явсан. *** воганд сууж хот явна гэж байсан. Би байрандаа унтах гээд байж байтал *** эргээд ганцаараа ороод ирсэн. Вогзал явах микр олдсонгүй буцаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд надтай хамт хоносон. Бид 2 эхлээд нэг өрөөнд унтсан боловч шөнө *** өглөө энэ өрөөнд эрт нар тусах юм байна гээд өөр өрөөнд орж унтсан. Тэгээд өглөө намайг 07 цаг болж байхад босоход *** миний унтсан өрөөний эсрэг талын өрөөнд унтаж байсан. Тэгээд би гарч барилгаа тойрч үзчихээд эргэж орж ирээд байж байтал  *** сэрсэн бөгөөд 09 цаг өнгөрч байхад надад юу ч хэлэлгүйгээр гарч явсан. Нэг их удалгүй  нэг литрийн Түмний хишиг нэртэй шил архи бариад ганцаараа орж ирсэн.  Тэр архийг бид 2 хувааж уусан. 
…Тэр архийг уугаад би нилээн согтсон. Би тэгээд архи ууж байсан өрөөндөө унтаад өгсөн байсан. Намайг өглөө сэрэхэд *** яваад өгсөн байсан. Би ер нь их амархан согтдог хүн байгаа юм. Эхний архийг уугаад л тасарсан байсан. Тэгээд би байраа гарч эргэж тойрч үзэхэд зүгээр байх шиг байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 8-ны өглөө босоод байраа эргэж тойрч явахад 2 давхар байрны баруун талын 1 давхрын хамгийн хойд цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би  дотогш орж хаалгаар нь ороход хаалга нь түгжээтэй байсан бөгөөд түлхүүрээр нь онгойлгож орж үзэхэд дотроос нь төмөр таслагч 2 ширхэг, цахилгаан дриль 2 ширхэг, нэвлээр гэдэг нэртэй багаж 1 ширхэг, молдок 1 ширхэг тус тус алга болсон байсан. Тус багажнуудын үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбоотой ямар санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 159-160 дахь тал/, 

-“…Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлэн авсан гарын мөр дүрс нь шинжилгээнд тэнцэнэ. Энхтуул овогтой ***гийн “MN003210005411” кодтой дугаар мөрний баруун гарын алганы мөртэй тохирч байна. жич: шинжилгээнд ирүүлсэн объект, шинжээчийн 007/074 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг бүрэн хүлээлгэн өгөв.” гэх 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 007/074 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 177-178 дахь тал/,  

-Хохирогч ***ийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хэргийн 197 дахь тал/, 
-Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 225 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг *** тоотод иргэн ***гийн Хаан банкны *** дугаарын данс бүхий виза картыг хулгайлж 2400000 төгрөгийн хохирол, мөн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 1 дүгээр баг, Эрүүл мэндийн төвийн урд байрлах шинээр баригдаж буй эмнэлэгийн барилгын цонхоор нэвтрэн орж төмөр таслагч багаж, цахилгаан дрилл зэргийг хулгайлж “***” ХХК-д 610000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***г орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 3010000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хэргийн 230 дахь тал/, хохирогч ***гийн хаан банкны *** данс руу хохирол төлбөр шилжүүлсэн баримт /хэргийн 129-130 дахь тал/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 225 дахь тал/, хохирогч ***ийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд “…хэргийн материалтай уншиж танилцлаа. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тэмдэглэл, хохирогч ***т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүүйл гэсэн тайлбар/хэргийн 231 дэх тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ***гаас гаргуулах төлбөргүй гэж үзлээ. 

    Шүүгдэгч ***гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 51 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
 
 Мөн шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч *** ***г давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний буюу 3010000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.  

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/ хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай  

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***д оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Я.ТУУЛ