Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00007

 

                                “ЭБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Х” ХХК-ийн захирал

                                  Б.Б, Х.М нарт холбогдох иргэний хэргийн тухай

                                                      

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01269 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “ЭБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХБ” ХХК-д холбогдох,

“Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, засвар үйлчилгээний төлбөрт нийт 7.836.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч “ХБ” ХХК-ийн захирал Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЭБ” ХХК-ийн захирал Ц.Б, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Нэхэмжлэгч ЭБ ХХК-ийн захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХБ ХХК нь Б.Б, Х.М нарын гэр бүлийн бизнес эрхэлдэг компани бөгөөд 2014 оноос хойш ЭБ ХХК-ний захирал Ц.Б миний өмчлөлийн 150 м.кв ажлын байрыг түрээслэн ажилласан. 2017 оны 03 дугаар сараас хойш шинээр гэрээ байгуулж сарын 900.000 төгрөгний түрээс төлөхөөр тохироцсон боловч түрээсийн мөнгөө өгөөгүй. Зээл гарахаар бөөнд нь төлнө, тоног төхөөрөмж зарахаар төлнө, мөнгө орж ирэхээр таны өрийг төлчихөөд шинээр дахин урт хугацаагаар гэрээ байгуулж маш сайн хамтарч ажиллана гэж ярьсаар орлогын мөнгөө зөвхөн өөрийн гэр бүлийн хэрэгцаанд зарцуулж байсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байр чөлөөлөх тухай мэдэгдсэн. Энэ өдрийг хүртэлх түрээсийн төлбөр, түүний алданги нийт 6.250.000 төгрөг гарсан. Үүнийг Б ажилд ороод төлнө гэж өөрийн гараар бичиж өгсөн. Нэхэмжилсэн 6.250.000 төгрөг дээр 7 дугаар сарын төлбөрийн алдангийн зөрүү 315.500 төгрөг, урсгал засварын материалын 525.500 төгрөг, засвар хийх ажлын хөлс 750.000 төгрөг нийт 7.836.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХБ ХХК-ийн захирал Б.Б, Х.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5.750.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Энэхүү төлбөрийг цалингаасаа төлж барагдуулах боломжтой байна. Гарт олгох цалингийн 50 хувиар төлөх болно. 6.250.000 төгрөгийн хувьд тухайн үед засварын 500.000 төгрөгийг нэмж оруулсан байсан. Одоо бол засвар үйлчилгээг бид хариуцахгүй зөвхөн түрээсийн төлбөр болон алдангийн мөнгийг төлнө. Өөрсдийн засан сайжруулсан эд зүйлсээ авсан болохоос түрээслэгчийн эд зүйлийг аваагүй, харин ч хаалга, цонхны хаалт зэргийг үлдээсэн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2016/01269 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХБ ХХК-аас нийт 5.775.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭБ ХХК-д олгож, шаардах эрхийн үндэслэл тогтоогдохүй тул хариуцагч Х.М болон 2.060.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 155.276 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн        14.950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч ХБ ХХК-аас 107.358 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ЭБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ХБ” ХХК-ийн захирал Б.Б давж заалдсан гомдолдоо:

Шүүх хуралдааны шийдвэрт дурьдсанаар зохигчдын байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн дагуу шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Тиймээс түрээсийн байрны засвар үйлчилгээнд зарцуулсан гэх 1.275.500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “ЭБ” ХХК-ийн захирал Ц.Б нь “ХБ” ХХК-ийн захирал Б.Б, Х.М нараас түрээсийн гэрээний төлбөр засварын зардалд нийт 7.836.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд худалдаа үйлчилгээний талбай түрээслэх тухай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргасан байна.

“ЭБ” ХХК, “ХБ” ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр худалдааны байранд /өрөө/ талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулагдаж 150 м2 талбай бүхий 2017 оны 03 дугаар сарын 01-нээс 2017 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл 3 сарын хугацаатай сарын төлбөрт 900.000 төгрөг төлөх, сар бүрийн түрээсийн төлбөрийг 15 хоногоос дээш хэтрүүлсэн тохиолдолд нийт төлбөрийн 0,5 хувиар алданги төлөх, түрээсийн байранд түрээслэгч өөрийн зардлаар урсгал завсар хийхээр тохиролцжээ.

Хариуцагч “ХБ” ХХК-ийн захирал Б.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй сард төлөх төлбөрөө тухайн сар сардаа төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээслэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч “ЭБ” ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Х.М-д холбогдох болон нэхэмжлэлийн шаардлагын 2.060.500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохигчдын хооронд үүрэг үүсгээгүй эсвэл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байхыг зохицуулсан тул нэхэмжлэгч “ЭБ” ХХК нь хариуцагч “ХБ” ХХК-иас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас эд хөрөнгөө шилжүүлэн эзэмшүүлсний хөлс учирсан хохирлоо буцаан шаардах эрхтэй болно. Иймд хариуцагч “ХБ” ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1. 1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “ХБ” ХХК-ийн захирал Б.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ