Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/10

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Д.Ганцэцэг

                                                     Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаагийн  даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/38 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжинд  гаргасан прокурор Ж.Энх-Амгалангийн эсэргүүцлээр Ц.Х-д холбогдох эрүүгийн 1802003920294 дугаартай 2 хавтас хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ял шийтгэл, гавьяа шагналгүй, Боржигон овогт Ц.Х

нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2-р баг “Баруун сөдтий” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 19468029 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум  дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Х-д холбогдох эрүүгийн 1802003920294 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Тус шүүх 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд 2019/ШЗ/38 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэснийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шинжээчээр оролцоход хуульд заасан харшлах шалтгаан, ашиг сонирхолын байдлыг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4-д заасан хариуцлагыг сануулж баталгаа авсан тухай тэмдэглэл үйлдэж баримтжуулсаны үндсэн дээр “Ойт бүс” ХХК-нд шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Шинжээч томилох тогтоолд “Ойт бүс” ХХК-ыг шинжээчээр томилсны дагуу “Ойт бүс” ХХК-ны гүйцэтгэх захирал докторант Б.О нь шинжээч томилсон тогтоолын хууль сануулсан хэсэгт гарын үсэг зурж, шинжээчийн дүгнэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж зааснаас үзэхэд шүүгчийн захирамжинд дурьдсан “Ойт бүс” ХХК нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, уг хуулийн этгээдийг хэн төлөөлөх, тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөн хэлэлцүүлж шинжлэн судлах бүрэн боломжтой юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд заасан “Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэх” зохицуулалтын хүрээнд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, эдгээр асуудлыг тодруулан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш гэж үзнэ.

Иймд дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааснаар хийгдэх ажиллагаа байхгүй бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байх тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй хэргүүдэд байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг “Ойт бүс” ХХК-нд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх ажиллагаа дагнан хэрэгжих болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/38 тоот шүүгчийн захирамжийг
хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцэл үндэслэлтэй тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/38 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Ойт бүс” ХХК нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, уг хуулийн этгээдийг хэн төлөөлөх, тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг тооцож, нотлох баримтаар үнэлж яллах дүгнэлтэд дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт үндэслэлтэй” гэж хэргийг прокурорт буцаасан 38 дугаартай захирамж үндэслэл муутай болжээ.

 

Прокурорын “шинжээчээр оролцоход хуульд заасан харшлах шалтгаан, ашиг сонирхолын байдлыг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4-д заасан хариуцлагыг сануулж баталгаа авсан тухай тэмдэглэл үйлдэж баримтжуулсаны үндсэн дээр “Ойт бүс” ХХК-нд шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Шинжээч томилох тогтоолд “Ойт бүс” ХХК-ыг шинжээчээр томилсны дагуу “Ойт бүс” ХХК-ны гүйцэтгэх захирал докторант Б.Очмаа нь шинжээч томилсон тогтоолын хууль сануулсан хэсэгт гарын үсэг зурж, шинжээчийн дүгнэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж зааснаас үзэхэд шүүгчийн захирамжинд дурьдсан “Ойт бүс” ХХК нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, уг хуулийн этгээдийг хэн төлөөлөх, тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөн хэлэлцүүлж шинжлэн судлах бүрэн боломжтой.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд заасан “Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэх” зохицуулалтын хүрээнд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, эдгээр асуудлыг тодруулан шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааснаар хийгдэх ажиллагаа байхгүй. Шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцаасан нь үндэслэлгүй” гэсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Х-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн
    2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/38 тоот шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.Х-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.