| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
2023 оны 03 сарын ******* 2023/ШЦТ/55 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогооос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2230003070014 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эхийн хамт аймгийн ******* сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛЮ98**************18 регистрийн дугаартай,
******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны ******* дугаар сарын эхээр аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт хохирогч итгэмжлэн хариуцуулсан малаас 5 тооны хонийг бусдаас зээлсэн мөнгөндөө өгч завшин, хохирогч Н.Базархуягт 535,000 /таван зуун гучин таван мянган/ төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Н.Базархуягт хавартаа ямааг нь самнаж өгдөг болохоор танина. Мөнхбаяр гэх хүнээс мөнгө авсан байсан тэр мөнгөндөө 5 хонийг өгсөн. 1 хургатай хонь, нэг эр хонь, хоёр төлөг авсан. Хэрэг хийсэн нь үнэн. Хувьдаа 50 гаруй хоньтой...гэв.
Эрүүгийн 2230003070014 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ийн: Миний бие нь өөрийн төрсөн ах Рагчаагийн хамтаар аймгийн Наран суманд мал маллах гэж 2022 оны 04 дүгээр сарын эхээр очсон юм. Тэгээд би бэр эгчтэйгээ маргалдаад ахындаа байсан 20-иод ямаагаа аваад Наран суманд байх Базархуяг гэх айлд гуйж ямаагаа тавьсан. Тухайн айлын эзэн Базархуяг нь намайг “ хонь хараад өгнө үү, бид нар Улаанбаатар хот ажлаар яваад ирье, хотоос ирээд хөлс өгнө” гэж хэлсэн. 2022 оны ******* дугаар сарын эхээр Наран сумын төвд дэлгүүр ажиллуулдаг Мөнхбаяр гэх хүнээс 380.000 төгрөг мөнгөний хэрэг гараад зээлсэн. Тэгээд Мөнхбаяр гэх хүн зээлсэн мөнгөө нэхээд утсаар ярихаар нь би “Базархуягийн гэр рүү хүрээд ир, зээлсэн мөнгөнийхөө оронд хонь өгье” гэж хэлээд ирэхээр нь 5 тооны хонь ачиж өгөөд явуулсан. Миний Мөнхбаярт өгөөд явуулсан хонь Базархуягийн хонь юм. Мөнхбаяр бол хүний хонь гэж мэдэхгүй, миний хонь гэж бодоод авсан...гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/
- Хохирогч : Би аймгийн Наран сумын сумын 2 дугаар багийн нутаг гэх газар хадам аав, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хадам аав, ээжийгээ Улаанбаатар хот руу хувийн ажлаар хүргэж өгөхөөр яваад 2022 оны ******* дугаар сарын эхээр буцаж ирэхэд манай хониноос их бага нийлсэн 10 тооны хонь дутаад одоог хүртэл олдохгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би манай хадам аав, ээжийн таньдаг гэх хүн ******* гэх залууд хонио харуулж үлдээгээд явсан юм. Миний алдсан хонь баруун чих онь, зүүн чих дундаасаа ганзага имтэй байсан. 10 сарын сүүлээр алдсан хониныхоо 5 тооны хонийг айлын хонин дотроос олж аваад, цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаа юм. Үлдсэн таван хонь одоог хүртэл сураг гарахгүй байгаа..” гэх мэдүүлэг /хэргийн 9-13 дугаар хуудас/
- Гэрч ын: Би Наран сумын төвд “Наранзаяат” гэх хүнсний дэлгүүр эрхлэн ажиллуулдаг юм. 2022 оны зун би өөрөө хонь, ямаа худалдан авч байсан юм. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр зүс таних ******* гэх дүү манай дэлгүүрт орой орж ирээд “ахаа та мал авч байгаа гэсэн, дүү нь хэдэн хонины мөнгө авах гэсэн юм аа, дараа нь хонио өөрөө авч ирээд өгье” гэж хэлээд надаас 390,000 төгрөг нэг данс руу шилжүүлж авсан. Би 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдөр ******* руу утсаар яриад “чи нөгөө хонио хэзээ өгөх гэж байна” гэхэд ахаа та маргааш “” гэх газраас ирээд хонио авчих гэж хэлсэн. Би маргааш нь хаанаас очиж авах талаар асуухад ******* “би ахаа Түвшинтөгс гэх айлын малыг харж байгаа, энэ айлаас ирээд авчих” гэж хэлэхээр нь би машинтай очоод нэг хургатай хонь, нэг эм хонь, хоёр төлөг зэргийг шилжүүлсэн мөнгөндөө тааруулж авахаар болоод ачаад явсан. Бүгд нэг имтэй байсан. Баруун чих онь, зүүн чих дундаасаа ганзага имтэй байсан. Би тухайн үед *******оос “чиний өөрийн чинь хонь мөн юм уу, Түвшинтөгс байхгүй байгаа, хүний хониноос бариад өгчхөв дөө” гэж асууж байсан. ******* “ахаа асуудалгүй, миний өөрийн хонь” гэж байсан. Түшинтөгсийн хониноос барьж өгөхөөр нь би тухайн үед сэжиглээд тэгж асуусан юм...гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/
- Гэрч гийн: Би Наран сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар аав, ээж, нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр манай аав, ээж хоёр Улаанбаатар хот эмчилгээнд явсан юм. Нөхөр бид хоёр тухайн үед сумын төв дээр хөдөө мал руугаа ирэн очин байсан юм. 2022 оны ******* дугаар сарын эхээр манай аав ээж хоёр Улаанбаатар хотоос ирээд малаа тоолж үзсэн чинь хэдэн хонь дутсан байна гээд хөдөөгүүр ойр хавын айлуудаар яваад олоогүй юм. Дараа нь дахиад өөр айлуудаар хонио эрнэ гэж яваад манай багт байх Лутаа гэх айлд манай имтэй хоёр тооны хонь байна гэдгийг мэдээд авах гэсэн чинь “ Наранзаяат дэлгүүрийн эзэн Мөнхбаяр гэх хүн хүнээс худалдаж аваад манайд ирж тавьсан юм. Танай хонь мөн бол Мөнхбаяртай уулзаад учир байдлаа ололцоод ирж аваарай” гэж байна гэж ярьж байсан. ******* гэх аймгийн төвөөс ирсэн залуугаар түр харуулаад үлдээсэн байсан.Тухайн үед манай хонийг харж үлдсэн ******* гэх залуу манайхаас алдагдсан хонийг мэдэхгүй гээд байсан. Дараа нь “Наранзаяат” дэлгүүрийн эзэн Мөнхбаяр ахад аав, ээжийг байхгүй үед манай хониноос зарсан юм болов уу гэж сэжиглэж байгаа...гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2202371 дугаартай “Алдагдсан гэх 5 тооны хонины зах зээлийн үнэлгээ 535.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 29-40 дугаар хуудас/
- аймгийн ******* сумын 8-р багийн Засаг даргын 2022.09.09 2/555 дугаартай тодорхойлолт /хх-57/
- *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/
- *******ийн аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-64/
- Хохирогч аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-66/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны ******* дугаар сарын эхээр аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт хохирогч итгэмжлэн хариуцуулсан малаас баруун чих онь, зүүн чих дундаасаа ганзага имтэй хургатай хонь, эм хонь, хоёр төлөг, нийт 5 хонийг бусдаас зээлсэн мөнгөндөө өгч завшин, хохирогч Н.Базархуягт 535,000 /таван зуун гучин таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ гэх,
хохирогч “ 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хадам аав, хадам ээжийгээ Улаанбаатар хот руу хүргэж өгөхөөр яваад ******* дугаар сарын эхээр буцаж ирэхэд манай хониноос их бага нийлсэн10 тооны хонь дутсан. Манай хадам аав, ээжийн таньдаг гэх хүн ******* гэх залууд хонио харуулж үлдээгээд явсан юм. Миний алдсан хонь баруун чих онь, зүүн чих дундаасаа ганзага имтэй байсан. 10 сарын сүүлээр алдсан хониныхоо 5 тооны хонийг айлын хонин дотроос олж авсан” гэх,
гэрч ын “...2022 оны 05 дугаар сарын сүүлээр зүс таних ******* гэх дүү манай дэлгүүрт ирээд ахаа “та мал авч байгаа гэсэн, дүү нь хэдэн хонины мөнгө авах гэсэн юм, дараа нь хонио өөрөө авч ирээд өгье” гэж хэлээд надаас 390,000 төгрөг нэг данс руу шилжүүлж авсан. Би 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдөр ******* руу яриад “хонио хэзээ өгөх гэж байна” гэхэд ““ ” гэх газар Түвшинтөгс гэх айлын малыг харж байгаа,маргааш энэ айлаас ирээд авчих” гэж хэлэхээр нь би машинтай очоод нэг хургатай хонь, нэг эм хонь, хоёр төлөг зэргийг шилжүүлсэн мөнгөндөө тааруулж аваад явсан. Баруун чих онь, зүүн чих дундаасаа ганзага имтэй байсан ” гэх,
гэрч гийн “...2022 оны 05 дугаар сарын сүүлээр манай аав, ээж Улаанбаатар хот эмчилгээнд явсан. ******* дугаар сарын эхээр аав ээж ирээд малаа тоолж үзсэн чинь хэдэн хонь дутсан байна гээд хөдөөгүүр ойр хавын айлуудаар яваад олоогүй юм. Тэгээд манай багт байх Лутаа гэх айлд манай имтэй хоёр тооны хонь байна гэдгийг мэдээд авах гэсэн чинь “Наранзаяат” дэлгүүрийн эзэн Мөнхбаяр гэх хүн хүнээс худалдаж аваад манайд ирж тавьсан юм. Танай хонь мөн бол Мөнхбаяртай уулзаад учир байдлаа ололцоод ирж аваарай гэж байна гэж ярьж байсан. ******* гэх аймгийн төвөөс ирсэн залуугаар түр харуулаад үлдээсэн байсан.Тухайн үед манай хонийг харж үлдсэн ******* гэх залуу манайхаас алдагдсан хонийг мэдэхгүй гээд байсан. Дараа нь “Наранзаяат” дэлгүүрийн эзэн Мөнхбаяр ахад аав, ээжийг байхгүй үед манай хониноос зарсан юм болов уу гэж сэжиглэж байгаа” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2202371 дугаартай “Алдагдсан гэх 5 тооны хонины зах зээлийн үнэлгээ 535.000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Н.Базархуягт учирсан эдийн хохирлыг тогтоолгохоор “Линзийн өгөөж” ХХК-ийг шинжээчээр тогтоож дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцсэн хийгээд “Линзийн Өгөөж” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2202371 дугаартай “ төлөг 110.000 төгрөг/ 3 төлөг -330.000 төгрөг/, хурга 65.000 төгрөг, эм хонь 140.000 төгрөг, нийт зах зээлийн үнэ 535.000 төгрөг” гэх дүгнэлтийн талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч өөрт нь итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан малаас 5 тооны хонийг өрөндөө өгч завшсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******ийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь 2022 оны ******* дугаар сарын эхээр аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт хохирогч итгэмжлэн хариуцуулсан малаас 5 тооны хонийг бусдаас зээлсэн мөнгөндөө өгч завшин, хохирогч Н.Базархуягт 535,000 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож зарж борлуулах зэрэг аргаар үйлддэг гэмт хэрэг юм.
Хөрөнгө завших нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч ******* нь өөрийн хариуцсан малаас дур мэдэн бусдад зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Н.Базархуяг 535,000 төгрөгийн нэхэмжилснийг шүүгдэгч ******* нөхөн төлсөн байна” гэх дүгнэлтийг гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “ Гэм буруугийн хувьд маргаангүй. Үйлчлүүлэгч минь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй болно”, шүүгдэгч ******* “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
4. Хууль зүйн ойлголтоор “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог билээ.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд иргэн малыг харилцан тохиолцон түр хариуцан маллаж, өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд түүний хувьд малын эзэн зөвшөөрөлгүйгээр малыг бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ.
Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******ийн, хохирогч Н.Базархуягаас түр хугацаанд итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс 5 тооны хонийг өрөндөө өгч завшиж 535.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарлан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3."бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан ба шүүгдэгч *******ийн үйлдлээс бусдад 535.000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.
Хэргийн баримтаар шүүгдэгч *******ийн 2020 оны ******* дугаар сарын эхээр аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Базархуягаас түр хугацаанд итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс 5 тооны хонийг өрөндөө өгч завшиж 535.000 төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдсон, прокуророос түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Шүүгдэгч *******ийн бусдын итгэмжлэн хариуцаж, маллаж байсан хониноосоо 5 хонийг бусдад зарж борлуулан завшсан үйлдлийн улмаас хохирогч эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
6. Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах, өр төлбөрөө дарах зорилгоор хохирогч итгэмжлэн хариуцуулсан хонийг өрөндөө өгч завшин хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн хувьд бага хэмжээний хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ ” гэж заасан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Иймд Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ид холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” ялтай бөгөөд түүний үйлдсэн хэрэг бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрхэд хамаарах хийгээд хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоолоо.
Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эд хөрөнгөд 535.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирлыг төлсөн нөхөн өгсөн болох нь хохирогч “...******* нь манай хониноос 5 хонь хүнд өгсөн байсан тэр хохирлоо барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлтээр нотлогдох тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2202371 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Базархуягт учирсан хохирлыг “ төлөг 110.000 төгрөг/ 3 төлөг -330.000 төгрөг/, хурга 65.000 төгрөг, эм хонь 140.000 төгрөг, нийт зах зээлийн үнэ 535.000 төгрөг” гэх тогтоосон болно.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд ялтан *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Н.Базархуягт учирсан хохирлыг нөхөн төлөгдсөн, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН