| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0004/э |
| Дугаар | 00012 |
| Огноо | 2017-01-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх-Эрдэний М-д холбогдох Эрүүгийн 201614000474 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
1. Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** газарт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ** аймгийн ** сум ** баг, 0-0 тоотод оршин суудаг, урьд
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 сарын 12-ны өдрийн 484 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих
- Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж,
- Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 74/10 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 3 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн М-ий М-. /РД: хх0000000/
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч М.М- нь ялтай байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” зоогийн газрын цонхоор нэвтрэн орж 1 361 194 /нэг сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг хулгайлж давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :
1. Шүүгдэгч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тус зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байсан юм. 2016 оны 10 сарын 15-ны өдөр би ажиллах ёстой байсан боловч менежерээс чөлөө авсан байсан. Тухайн өдөр би байрныхаа гадаа ганцаараа 1 шил архи уусан. Ажил дээрээ 22 цагийн орчим архитай очсон. Уг нь ажилчидтайгаа жаахан ярьж сууя л гэж бодсон юм. Ажил дээрээ байж байгаад орой 00 цагийн үед зоогийн газар хаагаад ажилчидтайгаа гарсан. Ганцаараа буцаж очоод ажлынхаа баруун талын салхивчаар орж 1 361 194 төгрөгийг хулгайлсан. Би буруу зүйл хийж ажилчдынхаа итгэлийг алдсандаа маш их харамсаж байна гэв.
2. Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2016 оны 10 сарын 16-ны ням гарагийн өглөө ерөнхий менежер Э.Э- 10 цагийн орчим хулгай орсон тухай надад утсаар мэдэгдсэн. Өөрийн ажилтан М-ыг байж болзошгүй гэсэн сэрдлэг төрсөн. Учир нь манай байгууллагын жижиг ажлуудыг гүйцэтгэдэг юм. Хэрэг гарахын өмнөх шөнө манай байгууллага их цэвэрлэгээ хийгээд ажилчид бүгд ажилласан. Тэгэхэд М- бас ажилласан. Камерын бичлэгээс үзэхэд биеийн ерөнхий байдал хөдөлгөөн зэргээр нь М- мөн болохыг таньсан. 1 361 194 төгрөгийн төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-18 талд/
3. Гэрч Э.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би М- зоогийн газарт ерөнхий менежерээр ажилладаг. Сэжиглэж байгаа хүн камерын бичлэгт үлдсэнээр манайд зөөгчөөр ажилладаг М- гэдэг хүнийг сэжиглэж байна. Камерын бичлэгээс М-ыг хувцасаар нь мөн гар дээрх шивээсээр нь таньж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 32 талд/
4. Гэрч У.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Миний бие М- зоогийн газарт менежерээр ажилладаг. Би өчигдөр ээлжтэй байсан учир хамгийн сүүлд 23 цаг 20 минутын орчим бармен Т-, зөөгч Б нартай хамт зоогийн газраа хаагаад явсан. Биднийг зоогийн газраа хаах гэж байхад зөөгч М.М- халамцуу орж ирсэн. Хамт байж байгаад биднийг хаагаад гарахад харина гээд байр тойроод явсан. Манай орлогоо хийдэг төмөр сейф түлхүүр нь гацаад сугарахгүй болчихсон байсан. Сэжиглэж байгаа хүн камерын бичлэгт үлдсэн хувцасаар нь болон биеийн байдлыг нь харахад М-тай их адилхан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 талд/
5. Хэргийн газарт үзлэг хийсэн... Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт байрлах “М-” зоогийн газар байна. Уг зоогийн газар нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан 2 цонхтой, 1 шилэн хаалгатай байх бөгөөд баруун талын цонхны 0.40х1.0 метр хэмжээтэй салхивч нь дотогшоо онгойсон. Үзлэгийг халдалага болсон цонхны хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу явуулахад цонхны дотор талын тавцан дээр дотроо дугуй цагираг хээтэй хувийн шинж тэмдэг тод бус гутлын мөр гарсаныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Текний ертөнцийн зүгээр зүүн урд буланд хойд зүгт харуулан байрлуулсан 30х40 см хэмжээтэй гадна талдаа кодон түгжээтэй төмөр сейф байх ба сейфний түлхүүр зоолттой, хаалга нь хагас онгойсон байдалтай байх ба сейфний дотор бичиг цаас тавьсан байна. Сейфний зүг харуулсан 1 ширхэг камер, зоогийн газрын үүдний дотор талд зоогийн газрын баруун хойд хана руу харуулж байрлуулсан 1 ширхэг камер байгааг үзлэгт тусгаж, дээрх камеруудын шаардлагатай бичлэгүүдийг тусд нь үзлэг явуулахаар тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07 талд/
6. Камерын бичлэгт үзлэг хийсэн “М-” зоогийн газрын баруун талын хэсгийг харуулсан 8.2 мб бичлэг байх бөгөөд камерын дэлгэцэнд 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 00 цаг 33 минут 40 секунтэд цайвар өнгийн юүдэнтэй урд энгэртээ хар өнгийн товчтой хүрэмтэй, хүрэмний юүдэнг өмссөн, доогуураа бараан өнгийн жинсэн өмдтэй, цайвар ултай хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн зоогийн газрын урд хэсгээс хойд хэсэг рүү харанхуйд явж өнгөрч байгаа бичлэг тусгагдсан байна. 2 дахь бичлэг нь 2.05 мб хэмжээтэй зоогийн газрын текний арын хэсэг буюу халдлагад өртсөн гэх төмөр сейф рүү дээрээс харуулан байрлуулсан камерын бичлэг байх бөгөөд камерын дэлгэцэнд 2016 оны 10 сарын 16-ны өдөр 00 цаг 33 минут 58 секунтэд өмнөх бичлэгт харагдсан цайвар юүдэнтэй хүрэмтэй эрэгтэй текний арын сейф рүү хар өнгийн гар утасны гэрэл тусган очоод 00 цаг 34 минут 14 секунт хүртэл сейфийг оролдон дотроос нь мөнгө ороосон цаас мэт зүйл аваад эргэж сейфийг хаагаад гарч явж байгаа нь тусгагдсан гэх тэмдэглэл /хх-ийн 11 талд/
7. Бичиг баримтанд үзлэг хийсэн 5 хуудас кассын орлогын ордер байх бөгөөд эхний баримт нь 2016 оны 10 сарын 14-ний өдрийн кассын орлогын ордер байх бөгөөд А хоолны орлого 7000 төгрөг гэсэн байна. 2 дахь баримт нь 2016 оны 10 сарын 14-ний өдрийн борлуулалтын орлого 357 005 төгрөг гэсэн байна. 3 дахь баримт нь 2016 оны 10 сарын 15-ны өдрийн борлуулалтын орлого 985 189 төгрөг гэсэн байна. 4 дэх баримт нь 2016 оны 10 сарын 15-ны өдрийн А хоолны орлого 4000 төгрөг гэсэн байна. 5 дахь баримт нь 2016 оны 10 сарын 15-ны өдрийн пасканы орлого /задгай мөнгө/ 8000 төгрөг гэсэн байна. Дээрх баримтуудаар нийт орлого нь 1 361 194 төгрөг болох нь тогтоогдож байна гэсэн тэмдэглэл орлогын баримтууд /хх-ийн 19-24 тал/
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч М.М- нь ялтай байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” зоогийн газрын цонхоор нэвтрэн орж 1 361 194 /нэг сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Т-, гэрч Э.Э-, У.О- нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Иймд шүүгдэгч М.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг орон байр,агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав нь шүүгдэгч М.М-ыг гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрөө хэргээ илчилсэн, хийсэн хэрэгтээ гэмшдэг, гэмт хэрэг гарахад хохирогч байгууллагын хэт хайхарамжгүй байдал нөлөөлсөн. Жишээ нь: тухайн байгууллагын цонх нь түгжээгүй онгорхой байдаг, мөнгө хадгалдаг сейф нь дутуу хаагддаг, цоожгүй зэрэг хохирогч байгууллагын хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж байх боловч шүүгдэгч М.М- нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй зэргийг үндэслэн түүнд хорих ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураараа илчилж ирсэн зэргийг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М-аас 1 361 194 /нэг сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулан Номадс Хоспиталити ХХК-ийн Орхон салбарт олгох нь зүйтэй.
Шүүгдэгч М.М- нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 74/10 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан бөгөөд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлджээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овгийн М-ий М-ыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.М-ын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч М.М-ын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.М-аас 1 361 194 /нэг сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулан "Н" ХХК-ийн Орхон салбарт олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.