Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0161

 

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0161

Улаанбаатар хот

 

 

 

 “Э***” НҮТББ-ын

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***,

Гомдол гаргагч: “Э***” НҮТББ

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс,

Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р***ын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0124607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0074 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***, М.Ганбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр,

Хэргийн индекс: 128/2024/0573/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч “Э***” НҮТББ-аас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р***ын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0124607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр

сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0074 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 10.16 дугаар зүйлийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч Э***” НҮТББ-ын гомдлын шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р***ын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0124607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Гомдол гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх тухай тайлбар, нотлох баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд гаргаж өгөөгүй байхад шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3.2 Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р*** нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2406002587 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 5 дугаар сарын 30-ны өдөр 0124607 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгж буюу 5 000 000 /таван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

3.3 М.Н***ыг Э***” НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар амаар тохиролцсон, сарын цалинг 1.200.000 төгрөгөөр байхаар тохиролцсон зэрэг нь холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж, талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж хуулиар тогтоосон үүргээ Э***” НҮТББ-ын удирдах зөвлөл биелүүлээгүй байхад үүнийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

3.4 Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт гомдолд дурдагдсан асуудлыг л шалгах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.16-д хөдөлмөрийн маргааны үндсэн 2 төрөл болох хөдөлмөрийн эрхийн ба сонирхлын маргаан гэсэн ойлголтуудын хууль зүйн агуулгыг тус тус тодорхойлсон. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гомдолд дурдагдсан цалин хөлс олгоогүй гэх гомдолд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104-д “Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу харьяалах дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэгт хяналт тавих прокурорын хяналт дор зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу гомдлыг шалгадаг.

3.5 Шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Э***” НҮТББ-ын удирдах зөвлөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажлаас чөлөөлөх, цуцлах, дуусгавар болгон тушаал шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрсэн нь иргэн М.Н***ын хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчсөн. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д “Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор олгож, холбогдох хуулийн дагуу тэтгэмж авах” эрхээ эдэлж чадахгүй байдалд байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

4. Гомдол гаргагч талаас хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Маргаан бүхий үйл баримтын тухайд, 

3.1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р*** нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0124607 дугаартай шийтгэлийн хуудсаар Э***” НҮТББЗөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэж зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, хохирол нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

3.2. Э***” НҮТББ-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандан:

- хэргийг шалгах явцад манай байгууллагын аль ч дансанд цалин олгох ямар ч санхүүгийн эх үүсвэр байгаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь дансны хуулгаар тогтоогдож байсан боловч хариуцагч улсын байцаагч нь цалин хөлсөө тавих бодит боломж байгаа эсэхийг харгалзаж үзээгүй,

- М.Н*** нь тухайн үед гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан бөгөөд цалин хөлс тавих, дансны гүйлгээ хийх эрхийг өөрөө хэрэгжүүлдэг байсан тул байгууллагын дансанд хөрөнгө мөнгө байсан бол өөртөө цалингаа авах боломжтой байсан,

- Бодит байдалд байгууллага болон М.Н***ын хооронд хөрөнгө санхүүгийн үлэмж маргаантай байсныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тайлбарлаж байсан боловч энэхүү нөхцөл байдлыг улсын байцаагч харгалзан үзээгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргасан.

4. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 10.16 дугаар зүйлийн 9.2-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан”  бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээх нь гарцаагүй байх зарчмыг тодорхойлсон.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-т "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог”,  47 дугаар зүйлийн 47.1-т “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.1-тХөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана: 49.1.3.цалин хөлсний хэмжээ”, 161 дүгээр зүйлийн 161.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” хэмээн тус тус заасан.

5. Тухайн тохиолдолд, Э***” НҮТББ-д гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байсан М.Н***аас Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтэст хандан “... 2024 оны 02, 03, 04 дүгээр сарын цалин хөлс олгоогүй...” гэх гомдлын дагуу хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээн, хянан шалгах ажиллагааг явуулж, холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчлийг үйлдсэн хэмээн дүгнэн 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, хохирол нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд анхан шатны шүүхээс тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д заасан “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчлийн хувьд юуны өмнө ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх, 49 дүгээр зүйлийн 49.1.3-т зааснаар тухайн гэрээнд талууд цалин хөлсний хэмжээг харилцан тохиролцон тусгасан байх урьдач нөхцөл “нуугдмал байдлаар” тавигдах бөгөөд тухайн Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажилтны цалин хөлсийг ажил олгогч “хүндэтгэн үзэх шалтгаангүй”-ээр олгоогүй эсхүл саатуулсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуульд заасан дээрх хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн боломжтой болно.

7. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч улсын байцаагч нь хөдөлмөрийн эрхийн маргааны талууд болох Э***” НҮТББ болон тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байсан М.Н*** нарын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны зүйлийг буруу тодорхойлж, түүнийхээ үндэслэлийг “...Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт гомдолд дурдагдсан асуудлыг л шалгах” эрхтэй хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ асуудалтай холбогдуулан анхан шатны шүүхээс “...бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй” хэмээн үндэслэлтэй дүгнэлтийг хийж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

8. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0074 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

                                 ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАА

 

 

            ШҮҮГЧ                                          Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

            ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА