Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0813

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М А т” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс,

Хариуцагч: КБ дахь Б-ны эрх хүлээн авагч

Нэхэмжлэлийн шаардлага: К б дахь Банкны эрх хүлээн авагч холбогдуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К бинд байсан МV-0052118А, МV-005784А, МV-006449А, МV-007716А, МV-010329А, МV-011979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн бичиг гаргаж өгөхийг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулж МV-0052118А, МV-005784А, МV-006449А, МV-007716А, МV-010329А, МV-011979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж /цахимаар/, хариуцагч К б дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 453 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад уг зээлийг 2019 онд төлж барагдуулсан.Уг зээлийг төлж барагдуулсантай холбоотойгоор зээлийн барьцаанд бүртгүүлсэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг барьцаанаас чөлөөлсөн бичиг хийж өгөхийг удаа дараа шаардсан хүсэлт хүргүүлж байсан боловч К бны эрх хүлээн авагчаас төлбөр тооцоо төлж дуусаагүй буюу төлж барагдуулсны дараагаар барьцааны хөрөнгийг чөлөөлж өгнө гэсэн агуулга бүхий хариуг удаа дараа өгдөг. Нэхэмжлэгчийн хувьд төлбөр тооцоогоо бүрэн төлсөн. Хэрэгт авагдсан баримтуудаас энэ бүхэн нь тогтоогдож байгаа гэж үзэж байна. Нэгэнт төлбөр тооцоо зээлийн төлбөр төлөөд дууссан байхад тухайн ашиглалтын лицензүүдийг барьцаанаас чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэж байгаа.  Хариуцагч Ашигт малтмалын газрын тосны газарт холбогдуулаад бидний зүгээс зээлийн төлбөр тооцоо дууссан буюу К бны зээлийн газрын захирлын гарын үсэгтэй зээлээ бүрэн хаасан гэх утга бүхий албан бичиг хавсаргаад Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн боловч К бнаас нь төлбөр тооцоо дууссан гэх албан бичиг авч ир гэж шаардсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэхүү албан бичгийг нь хавсаргаж өгсөөр байтал барьцаанаас чөлөөлсөн бүртгэлийг хийж өгөхгүй байгаа нь бас хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэлсэн. Нэхэмжлэгч гаргах гол үндэслэл нь зээлийн өр төлбөр хэрхэн дууссан бэ гэдэг нь нэг үндэслэл нь болоод байгаа. Үүнийг хэлж байгаа учир нь бол 2 хариуцагчийн зүгээс зээл төлөгдсөн талаар баримт шаарддаг. Дээрээс нь төлбөр төлөгдсөн талаар баримтаа ирүүлээгүй учир чөлөөлж өгөх нөхцөл байхгүй гэдэг тайлбар хэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөр төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Зээлийн мэдээллийн тухай хууль гэж байдаг. Хариуцагчийн төлөөлөгч ч хэлээд байна. Тус хуулиараа тухайн зээлийг зээлдүүлэгч нь өөрөө нийлүүлэх үүрэгтэй. Монгол банкны зээлийн гэрээ байгуулж ажилладаг байгууллага. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг зээлийн мэдээллийг 2 сарын дараа хоцорч нийлүүлэгдэнэ гэх асуудал огт байхгүй. Учир нь би К банд ажиллаж байсан хүний хувьд би мэдэж байна. Бусад зээл олгодог байгууллагууд өнөөдөр Монгол банк руу мэдээллээ явуулсан бол тэр нь маргааш гэхэд зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн байдаг. Дээрээс нь Монгол банк нь мэдээллийн үнэн зөвийг шалгах үүрэг байхгүй. Тухайн мэдээлэл нийлүүлэгчид ирж байгаа мэдээллийг л бүртгэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллага болох Монгол банк зээлийн мэдээллийг хүлээж авч бүртгэдэг байгууллагаас албан ёсны лавлагаа ирсэн байна. Тухайн нэхэмжлэгч нь хэзээ хэдэн төгрөгийн зээлийг юу юу барьцаалж авсан. Мөн хэзээ төлөгдөж дуусах ёстой байсан. Зээлийн үлдэгдэл нь ямар байгаа, тухайн зээлийг ямар байгууллага нийлүүлсэн бэ гэх талаар тодруулсныг нь Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг баримт хавтаст хэрэгт ирсэн.  Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч эрх хүлээн авагч нь холбогдох дансны хуулгануудыг гаргуулж авсан. Эдгээрээс харвал хэзээ төлж дууссан. Хэзээ зээл авсан. Үлдэгдэл ямар байгаа талаар харж байгаа. Депозит дансны хуулга нь зөвхөн эзэмшдэг гэсэн зүйл ярьж байна. Үүний цаана зээлийн данс гэж тусдаа байдаг байх гэж хэлэх гээд байна гэж ойлголоо. Зээлийг тухайн зээлдэгчийн тухайн банканд юм уу, эзэмшиж байгаа харилцах дансаар дамжуулж зээл олгодог. Тэгэхээр энэ данснаас харах юм бол хэзээ олгосон байна. Зээл хэзээ хаагдсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. “М А т” ХХК нь ямар нэгэн зээлийн үлдэгдэлгүй гэдэг нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаа болон хариуцагчаас гаргуулсан дансны хуулгаар нотлогдож байна. Нэхэмжлэгчийг зээлийн үлдэгдлээ төл гэдэг. Төлөөгүй учир барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэдэг агуулга бүхий тайлбар хэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харахаар зээлийн үлдэгдэлтэй бол үүнийг нотолсон баримт гаргаад өгөх байх гэж хүлээж байсан юм. Харамсалтай нь нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг нотлох баримт гаргаж өгөөгүй. Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа гэх нэрийдлээр үлдэгдэлтэй байж магадгүй гэдэг таамгаар л яриад байх шиг байна. Ийм учир хариуцагчийн татгалзал нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй. Мөн Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн хариу тайлбарыг харвал бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг зүйл бичсэн байдаг. Уг нь зүй ёсны хувьд шүүхээс ямар шийдвэр гарна. Түүнийг нь биелүүлнэ гэх байдлаар ярих болов уу гэж бодож байсан юм. Гэтэл тэгсэнгүй. Би заавал тийм байдлаар ярь гээд байгаа юм биш шүү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь хариуцагчид ямар эрх ашгийг нь хөндөөд байгаа юм бэ? Хэрвээ эрх хүлээн авагчаа аваад ирэх юм бол үүнийг шийдэх боломжтой гэдэг байдлаар ярих байх гэж бодсон. Хариуцагч нарт бид удаа дараа хандаж байсан. Арга ядаад Прокурорт хандсан. Прокурор нь манайд хамааралгүй учир иргэний шүүхэд ханд гэсэн байдаг бол 2 хариуцагч нь зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараа чөлөөлөх асуудлаа тавь гэдэг тайлбар өгөөд байдаг. Ийм учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Зээлийн үлдэгдэл байхгүй учир шаардлага хангагдах үндэслэлтэй байна гэж харж байна “гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тодруулсан шаардлага өгөөд бараг 3 сар болсон байдаг. Цахимаар ирүүлсэн байдаг. Анх 3 тусгай зөвшөөрөл чөлөөлүүлэх талаар хандаж байсан. Дараа нь 6 тусгай зөвшөөрөл болгосон юм. Учир нь хариуцагч нарын хэн алины тайлбарт 6 тусгай зөвшөөрөл нь зээлийн барьцаанд авагдсан баримт байж байгаа. Шүүхээр нэгэнт асуудлуудыг шийдвэрлүүлж байгаа учир 3 тусгай зөвшөөрлөө 6 болгож нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь нэмэгдсэн болохоос биш үндэслэл нь яг адилхан байгаа. Зээлийн хүрээнд л 6 тусгай зөвшөөрөл барьцаанд байгаа гэсэн үг.

Барьцаалагч байгууллагаас барьцааны үүргээ биелүүлсэн талаар баримт өгөөгүй гэдэг л ганц татгалзалтай байгаа. Гэтэл бид анх хүсэлтээ гаргахдаа н.Д-гийн гарын үсэгтэй зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн албан бичгийг хүсэлттэй хавсаргаж өгсөн байдаг. Эрх хүлээн авагч нь цагдаагийн байгууллагад өгсөн учир хариу өгөх боломжгүй гэдэг хариуг нь хавсаргасан. Гэтэл прокурорын байгууллагаас танай зээлийн барьцаанд авагдсан тусгай зөвшөөрлүүд нь битүүмжлэгдээгүй байгаа учир манайд хамааралгүй гэсэн хариуг бас хавсаргаад Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуульд заасан баримтын шаардлагыг хангуулж хүргүүлсэн байгаа. Ийм баримтуудыг өгсөөр байхад чөлөөлөхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна. Үүнийг баримт биш гэж үзээд байгаа. Барьцаалагчийн албан бичиг биш гэж байгаа нь ойлгомжгүй.  Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын зарчмыг хуульчлан тогтоож өгсөн. Үүнд бодит нөхцөл байдал тохирсон байх ёстой гэдэг. Нэхэмжлэгчид тулгараад байгаа асуудлыг өөрөө дүгнэлт хийгээд шийдвэрээ хууль үндэслэн гаргах ёстой байтал удаа дараа ингэж тайлбар хэлээд байгааг нь зөвшөөрөх боломжгүй. Эрх хүлээн авагч нь зээл төлөгдсөн гэж яриад нэг төлөгдөөгүй гэж яриад байдаг. “Б” ХХК нь дүрмийн сан нэмэгдүүлэх гэж оруулсан мөнгө буцаж татаж авахдаа нэхэмжлэгчийн төлөх ёстой мөнгийг суутган тооцсон байна гээд байдаг. Нэг бол төлөгдөөгүй байна гээд байдаг. Гэтэл нэг зүйл тодорхой байгаа нь зээл гэдэг зүйл өөрөө банкнаас санхүүгийн баримт бичиг гарж байгаа. Бид бичиг баримтуудыг л үндэслэн асуудалд хандах ёстой. Түүнээс биш цагдаагийн газарт хандсан үйл баримт хамааралгүй. Туул нь жолооч байж болзошгүй гэж байна. Тогтоосон зүйл огт байхгүй. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчтэй холбоотой тусгайлан шалгаж байгаа талаар баримт байхгүй. Тусгайлан шалгаж байгаа үйл баримт тогтоогдохгүй байгаа учир энэ эс үйлдэхүйд дүгнэлт хийх боломжтой гээд дүгнэлт хийсэн учир тайлбар дахиж хэлээд байх шаардлагагүй. Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн баримт нь хамгийн чухал баримт. Энэ лавлагаанаас өөр ямар ч этгээд зээлийн өр төлбөрийн өр төлбөрийг тодорхойлох боломжгүй.  н.Ариунболд нь гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөхдөө “Б” ХХК-ийн данснаас энэ зээл төлөгдсөн гэдгийг хэлсэн. Гэрчийн мэдүүлэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар ч давхар нотлогдсон. 2019 оны 03 дугаар сард банкны дүрмийн санг нэмэгдүүлэх гэж өгсөн мөнгөө буцааж татахдаа нэхэмжлэгчийн өрийг суутгасан гэж хэлсэн. Үүнийг гэрчээр асуугдсан этгээд нь чанаргүй зээлийг “Б” ХХК-д шилжүүлж эрсдэл бууруулах дотоод зохион байгуулалт байдаг гэж тайлбарлаж хэлсэн.  Мөн н.Д гэж хүний мэдүүлэгт зээл хаагдаж өр төлбөргүй болсон учир барьцаанаас гаргуулах хүсэлтийг гаргасан гэсэн байдаг. Түүний гэрчийн мэдүүлэг нь гаргасан албан бичгийг ч нотолж байгаа. Ийм учир шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нэхэмжлэгч нь зээл авсан байна. Зээлээ төлсөн байна гэдэг нь миний дурдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн шийдвэр нь бодит нөхцөл байдалтай таарсан байх ёстой. Өнөөдөр энэ компани бүх зээлээ төлөөд байхад зээлийн барьцаанаас чөлөөлөхгүй байгаа үйл ажиллагаа хууль бус. Мөн эрх хүлээн авагч нь зээлээ төлсөн байхад төлөгдсөн гэдэг албан бичгээ гаргахгүй байгаа нь ч хууль бус эс үйлдэхүй болж тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хэн нэгний эрх ашиг хөндөгдөх боломж байхгүй. Манайх зээлтэй гэж баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Таамгийн хүрээнд л яриад байна.Барьцааны хөрөнгөө чөлөөлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Энэ эрхээ шүүхээр хамгаалуулахаас өөр аргагүй нөхцөл байдал байна. Эрх хүлээн авагчид манайхаас өөр олон компани хандаж байгаа гэсэн үйл баримт нийтэд байгаа. Энэ нь компани нь шүүхээр л хандаж эрхээ хамгаалахгүй бол энэ компанийн үйл ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэгдэх нь мэдэгдэхгүй байна. Энэ хооронд 3 тусгай лиценз цуцлагдах нөхцөл байдал бий болоод байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Монгол банкны А/96 дугаар тушаалаар төлбөрийн чадавх, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан К бны хадгаламж эзэмшигч харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор татан буулгахаар шийдвэрлэсэн. Мөн өдрийн А97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчаар томилсон. Өнөөдрийн хүртэл банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа сунгагдана 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл татан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа. Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор ямар үр дагавар үүссэн бэ гэхээр К бны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийн захиран зарцуулах эрх нь шилжсэн байдаг. Энэ хүрээндээ актив хөрөнгийг бүртгэх явцад К б болон “Б” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдөр 15 дугаартай зээлийн шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл эрх хүлээн авагч томилохоос хэдхэн хоногийн өмнөх үйл баримт. Энэ гэрээгээр К бны зээлдэгч “М А т” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 106/1 тоот гэрээний төлбөр 2.647.000.000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлсэн байгаа. Мөн гэрээний хавсралтад нийт 290 хуудас хувийн хэрэг хүлээлцлээ гэсэн байдаг. 290 гэдэг нь зээлдэгчийн хуудас 86,зээл зарцуулалтын тооцоо төсөл хөтөлбөр нь 51 хуудас, зээлийн судалгааны баримт нь 68 хуудас, эрсдэл хуулийн дүгнэлт, зээл зарцуулалтын хяналтын баримт, зээлийн нөхцөл өөрчилсөн гэх баримтууд байдаг. Өөрөөр хэлбэл эрх хүлээн авагчид энэхүү зээлтэй холбоотой хувийн мэдээлэл огт байгаагүй. Банкны эрх хүлээн авагч нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаар хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд энэ асуудлыг шалгуулах тухай албан бичиг хүргүүлсэн. 04 дүгээр сарын сүүлээр К бны хуучин удирдлагууд болох А.А нарын хүмүүс эрүүгийн хэрэг шалгаж нээж эхэлсэн. Үүний дараа 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 856 дугаартай хүсэлт хүргүүлэх албан бичгээр дахиад дэлгэрэнгүй байдлаар асуудлыг шалгуулахаар хандсан. Эдгээр бичгүүд нь хавтаст хэрэгт байгаа. Товчхон хэлбэл К б нь 903 дугаар тооцооны төв эрхлэгчээр ашиглаж залилангийн хэрэг хийгээд эрүүгийн шүүхээр гэм буруутай нь тооцогдсон Нэхэмжлэгчийн хувьцаа, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрлийг К бны төлбөрт тооцсон байдаг. Гэтэл энэ үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх талаар шалгаж өгнө үү. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьцаа хэнд шилжсэн талаар авч үзвэл Сандаг овогтой Туул гэдэг хүний нэр дээр шилжсэн байдаг. Тэр хүн нь захирал А.А-ын жолоочоор ажилладаг хүний нэр дээр шилжсэн байдаг. Үүнийг шалгаж өгнө үү. Банканд орох ёстой байсан орлогыг тогтоож нөхөн төлүүлэх гомдол гаргасан. Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр эдгээр хүсэлтүүдийг эрүүгийн 19002900121 дугаартай материалд нэгтгэсэн тухай мэдэгдсэн. Үүний дараа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11и-/3/8327 албан бичгээр К бнаас нэхэмжлэгчид олгосон зээлийг эрүүгийн дээрх хэрэгт нэгтэн шалгаж байна. Иймд зээлтэй холбоотой материал ирүүлнэ үү гэж мэдэгдсэн байдаг. Бидэнд хувийн хэрэг байхгүй. Та бүхэн эдгээр баримтуудыг эрүүгийн журмаар олох юм бол хуулбар хувиар өгнө үү гэдэг хариу хүргүүлээд тус хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн процесс болсон байдаг. Өөрөөр хэлбэл банкны эрх хүлээн авагч нь анхнаасаа хэрэг материал байхгүй. Тодруулах нь зүйтэй гээд хүсэлтийг гаргуулаад Давж заалдах шатны шүүх нь хэрэгт хамааралтай гэж үзээд ажиллагаа явуулахад нэхэмжлэгч болон холбогдох этгээдүүд нь холбогдох хувийн хэрэг, материалыг гаргаж өгөөгүй. Тэгэхээр хариуцагчийн хувьд мэтгэлцэх боломжгүй байдалтай оролцож байна. Нөхцөл байдлыг хавтаст хэргийн баримтуудаас үзэх юм бол “Б” ХХК нь 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 99 дугаартай зээл байгуулаад барьцааны гэрээнд 2 тусгай зөвшөөрөл барьцаалсан талаар баримт Ашигт малтмалын газраас ирсэн.  Компани нь зээлээ төлөөгүй. 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсан. Үүсгэн байгуулагч нь нас барсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг банк нь өөрийн нэр дээр шилжүүлэх эрх зүйн орчингүй байсан тул нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр АМГТГКХ-ийн даргын шийдвэрээр шилжүүлсэн.

Хоёр дахь үндэслэл буюу энэ зээл нь төлөгдөөгүй. Төлөгдөөгүй болоод нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл шилжүүлсэн. Мэдээж банк нь хувьцаа эзэмшигч байх ёстой. Банкны өр төлбөр тооцож авсан компанийг К бны хуучин гүйцэтгэх удирдлага хамаарал бүхий этгээд гэж шилжүүлээд явсан үйл баримтууд харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар хэлж байна.  Нэгт Сэлэн аймгийн Баянгол сумын нутагт байрлах Тарвагатай нэртэй 45 гектор талбай бүхий ашигт малтмалын ашигт малтмалын 5211А дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын албаны хүчин даргын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 883 дугаартай шийдвэрээр “Б” ХХК-д анх олгожээ.Б” ХХК 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “К б” ХХК-д барьцаалагдах өргөдөл гаргасны дагуу хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр барьцаалсныг бүртгэсэн байна.  “К б” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 5211 А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 576 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Хоёрт. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах Өвөр шар хөтөл нэртэй 81 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 8754А дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 415 дугаартай шийдвэрээр “” ХХК-д олгожээ. “Б” ХХК 2003 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “К б” ХХК-д барьцаалагдах өргөдөл гаргасны дагуу хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 565 дугаар шийдвэрээр барьцаалсныг бүртгэсэн байна. К б нь ашигт малтмалын 5784А дугаартай тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 10-ны 577 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Гуравт. Хэнтий аймгийн Галшар сумын нутагт байрлах Хөтөл нэртэй 61 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 10329А дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхай кадастрын газрын даргын 2005 оны 08 дугаар сарын 18-ы өдрийн 1115 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчид олгожээ. Нэхэмжлэгч 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр банканд барьцаалах өргөдөл гаргасны дагуу хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасны дагуу кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1663 шийдвэрээр барьцаалсныг бүртгэсэн байна.

Дөрөвт. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т Барьцааны гэрээ дуусгавар болсны дараа тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэлээс хасуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь баримт бичгийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ гэж заажээ. Мөн хуулийн 54.4.1-т зааснаар тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг дээрх тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хасуулах тухай өргөдөл болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг барьцаалагч нотолсон баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр хуулиар зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн 10329А 5211А 5784А дугаар тусгай зөвшөөрлүүдийг барьцаанаас чөлөөлөх тухай хүсэлт болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг барьцаалагч нотолсон баримт бичгийг тус газарт ирүүлж байгаагүй.  Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.4-т заасан баримт бичгийг хүлээн авсны дараа тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэнэ гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/24 дугаар албан бичигт Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8/2395 дугаар албан бичгээр хариу тайлбарыг Нэхэмжлэгчид албан ёсны хаягаар хүргүүлсэн байна. Тус газраас үл шалтгаалах буюу заасан хаягт ийм аж ахуйн нэгж байхгүй тул Буцаалт гэсэн тэмдэг дарагдан баримт бичиг хүлээлцэх дэвтэрт 2020 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдөр бүртгэсэн мэдээллээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. К б дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К бинд байсан МV-0052118А, МV-005784А, МV-006449А, МV-007716А, МV-010329А, МV-011979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн бичиг гаргаж өгөхийг даалгах шаардлагын тухайд:

Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 106-1 тоот зээлийн гэрээг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар “зээлийн шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр К бнаас “Б” ХХК-нд шилжүүлжээ.

Ингэхдээ тус гэрээний хавсралтаар 290 хуудас материал хүлээлгэн өгсөн талаар хүснэгтээр дурьджээ.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ, түүнд хавсаргасан баримтуудыг гаргуулахаар шүүхээс удаа дараа эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас шаардсан боловч гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгчээс “зээлийг бүрэн төлж барагдуулсан, барьцаа хөрөнгийг хуулийн дагуу чөлөөлөхгүй байна” гэж, хариуцагч К б дахь Банкны эрх хүлээн авагчаас “хамаарал бүхий хуулийн этгээдээ зээлийн шаардах эрхийг шилжүүлсэн нь хууль бус, зээл төлөгдөөгүй, барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө”, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл зээлийн мэдээллийн талаар хувийн хэрэг хөдлөх үүрэг банкинд байна.

Гэтэл зээлийн гэрээний материал байхгүй, зээл төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй гэх шалтгаанаар маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг дараах этгээд магадлана” гээд 7.1.1-д “энэ хуулийн 6.1, 6.2-т заасан мэдээллийг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна” гэж тус тус заасан бөгөөд Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б-10/25 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зээлийн мэдээллийн лавлагаагаар нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэлгүй гэжээ.

Нэгэнт нэхэмжлэгчийг зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Зээлдэгч барьцаат зээлээ төлсөн, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчийн зээлийн дансыг хааж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлж, энэ тухай эрхийн улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу барьцаа хөрөнгийг чөлөөлөх учиртай.

Харин хариуцагч нь зээлийн шаардах эрхийг хууль бусаар шилжүүлсэн, зээлийн төлбөр хуульд заасан үндэслэл журмын дагуу төлөгдөөгүй талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11И-3/5233, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11И-3/292 тоот албан бичгүүдэд дурьдсан эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дээрх асуудал тогтоогдсон тохиолдолд уг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах боломжтой.

Иймд нэхэмжлэгчийн К б дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох МV-0052118А, МV-005784А, МV-006449А, МV-007716А, МV-010329А, МV-011979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/24 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж МV-0052118А, МV-005784А, МV-010329А дугаар тусгай зөвшөөрлийг барьцааны бүртгэлээс хасуулах хүсэлтийг гаргажээ.

Ингэхдээ К бны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4/328 тоот албан бичгийг хавсаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8/2395 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 51.4.1-д заасан баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “барьцааны гэрээ дуусгавар болсны дараа тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэлээс хасуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь баримт бичгийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гээд 51.4.1-д “тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг барьцаалагч нотолсон баримт бичиг”, 51.4.2-т “барьцаалагдсан тусгай зөвшөөрөл”, 51.5-д “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.4-т заасан баримт бичгийг хүлээн авсны дараа тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэнэ” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс “барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгээгүй нь хууль бус” гэж, хариуцагчаас “барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг нотлох баримтыг ирүүлээгүй” гэж тус тус маргажээ.

Гэтэл нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/24 тоот албан бичгээр хүсэлт гаргахдаа К бны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4/328 тоот албан бичгийг хавсаргасан байна.

Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүгээр баталгаажиж буй байгалийн баялаг нь эдийн засагт чухал үр нөлөө үзүүлдгийн хувьд эргэлтэнд орж, үр ашгаа өгч байх учиртай.

Хэдийгээр дээр дурьдсанчлан маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн зээл төлөгдсөн эсэх, зээлийн болон барьцааны гэрээ олгохгүй байгаа зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал байгаа хэдий ч энэ нь тухайн хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хязгаарлах, тусгай зөвшөөрлүүдийг хүчин төгөлдөр байхад саад болох учиргүй.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлүүд нь жил бүр төлбөр төлөхийг, мөн хайгуулийн болон ашиглалтын тайлан, нөөц ашигласны төлбөрийн тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайлан зэргийг гаргаж, эрх бүхий байгууллагад тайлагнахыг шаарддаг онцлогтой бөгөөд ингээгүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрддэг.

Нэхэмжлэгчийн тухайд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дээрх харилцаанд орж чадахгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, түүний тусгай зөвшөөрлүүдийг хүчин төгөлдөр байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Харин нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/24 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахдаа МV-0052118А, МV-005784А, МV-010329А дугаар тусгай зөвшөөрлийг барьцааны бүртгэлээс хасуулах хүсэлтийг гаргаж байснаас бус МV-006449А, МV-007716А, МV-011979А дугаар тусгай зөвшөөрлүүдийн талаар хандаагүй байна.

Уг асуудлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодруулахад “МV-006449А, МV-007716А, МV-011979А дугаар тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж байгаагүй” гэх тайлбарыг өгсөн тул дээрх тусгай зөвшөөрлүүдтэй холбоотойгоор хариуцагчийг эс үйлдэхгүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох МV-0052118А, МV-005784А, МV-010329А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах шаардлагыг хангаж, үлдэх МV-006449А, МV-007716А, МV-011979А дугаар тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 9, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 51.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй К б дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К бинд байсан МV-0052118А, МV-005784А, МV-006449А, МV-007716А, МV-010329А, МV-011979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн бичиг гаргаж өгөхийг даалгах шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох МV-0052118А, МV-005784А, МV-010329А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах шаардлагыг хангаж, үлдэх МV-006449А, МV-007716А, МV-011979А дугаар тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ