Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

                                       

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Р.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2213001590309 дугаартай, 178/2023/0056/Э/ индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ус судлалын инженер мэргэжилтэй, ******* *******-******* голын сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан, ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн 38 айлын байрны тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПИ*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Р.*******  нь ******* *******-******* голын сав газрын захиргааны даргаар ажиллаж байх хугацаандаа Усны тухай хуулийн 10.1.8-д заасан “голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах” 14.10-д заасан “ голын голдирлыг өөрчлөх, урсцад нь тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж,барих,усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах” 22.8-д заасан” Гол мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 3-д заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаартай “******* голын голдирлыг түр өөрчлөх” зөвшөөрөл олгож “Эйч Кей Би Интернэйшнэл холдинг” ХХК-д  давуу байдал бий болгож, байгаль орчинд 18935 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

    Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны хавар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багт ******* гол дээр гүүр барих гэж байгаа тухай мэдээлэл аваад би тухайн газарт очсон. Намайг очиход “Эйч Кей би интернейшнль холдинг” ХХК гүүрийг барих гэж байсан. Энэ газарт яаж гүүр барих гэж байна гэж асуухад “ голын голдирлыг өөрчилж байгаад барина” гэж орчуулагч нь надад хэлсэн. Тэгэхээр нь би “ ингэж болохгүй хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авах ёстой” гэж хэлэхэд  орчуулагч нь манай нэг хүн Улаанбаатар хотод асуудлыг зохицуулна, бид нар ажлаа эхлүүлэхгүй 2-3 хоног хүлээж байя” гэхээр нь би тэд нарыг яамнаас зөвшөөрөл авсан гэж ойлгосон учраас дахиж очиж шалгаагүй.Усны тухай хуулийн 10.1.8-д зааснаар “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага голын гольдрол өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй, .4.10-т “Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас зөвшөөрлийг олгох ёстой. Мөн хуулийн 22.8-д “ гол мөрний байгалийн үндсэн гольдролыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно” гэсэн байдаг.******* *******-******* голын сав газрын захиргааны газрын дарга Р.******* уг зөвшөөрлийн олгосон нь хууль зөрчсөн байгаа юм...гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/

2.Гэрч ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / орчуулагч Э.гийн орчуулснаар/ ...Баян-Өлгий аймагт баригдаж байгаа гүүрийн ажил нь 2021 оны 05 дугаар сард эхэлсэн бөгөөд гүүр тавихад ******* голын ус их байсан тул ажил эхлэхийн өмнө хавар ******* голын сав газрын захиргаанд хандсан. Тухайн хүмүүс голын голдирлыг өөрчилж болно гэсэн зөвшөөрөл өгсний дагуу голын голдирлыг өөрчилж гүүрийн ажил эхэлсэн. Одоогоор гүүрийн ажил 85 хувьтай байна. Энэ жилийн ажил 10 сарын 20-нд дуусаад 2023 онд эхэлж 2023 оны 07 дугаар сард дуусгаж хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа. ******* *******-******* голын сав газрын захиргааны дарга голын голдирол өөрчлөх зөвшөөрөл олгохдоо хахууль авсан зүйл байхгүй. Энэ газрын ойр орчмын иргэд, амралтын газрын эзэд гомдол гаргасан. Уг гомдлыг Азийн хөгжлийн банкинд хандаж хэлэхэд Азийн хөгжлийн банкнаас төлөөлөгч ирж ажиллахаар болсон.2022 оны зун ус их болохоос өмнө бид тухайн газрын ойр орчмын айлуудыг өөрийн хөрөнгөөр нүүлгэж өгсөн. Цаашид энэ айлуудад учирсан хохирлыг Азийн хөгжлийн банкнаас барагдуулж хохиролгүй болгох байх...гэх мэдүүлэг / хэргийн 31-р хуудас/

3.Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би “Эйч Кей би интернейшнль холдинг” ХХК-д 2011 оноос орчуулагчаар ажиллаж байна. Тус компани хятад эзэнтэй Монгол улсад зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.Тус компани Баян-Өлгий аймагт 4 сард ажлаа эхэлсэн.******* гол дээгүүр гүүр тавихад гол маш их устай үүнийг хааж боож гүүр тавихгүй бол болохгүй гээд захирлууд ярьж байсан.Тэгээд ******* *******-******* голын сав газрын захиргааны дарга Р.*******тэй утсаар ярихад: уг нь яамнаас зөвшөөрөл авах ёстой, тэр зөвшөөрөл нь 1 жил болж байж гардаг, яамнаас тодруулна  гэж хэлж байсан.Манай компаниас голын голдирол өөрчлүүлэх хүсэлт явуулсан.Удалгүй байж байтал Р.******* гэдэг хүн голын голдирлыг өөрчилж болох тухай албан бичгийг ирүүлсэн. Би тэр бичгийг нь инженерт орчуулж өгсөн.Р.******* гэдэг хүн тэр бичгийг Баян-Өлгий аймагт байдаг мэргэжилтнээр дамжуулж өгсөн. Энэ бичгийг авахдаа ямар нэгэн хахууль шан харамж өгөөгүй. Би Р.******* гэдэг хүнтэй уулзаж байгаагүй, утсаар ярьсан...гэх мэдүүлэг / хэргийн 33-р хуудас/

4.Гэрч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2015 оноос хойш ******* *******-******* голын сав газрын захиргаанд газар зүйн мэдээллийн систем усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Манай захиргаа нь ******* аймгийн төвд байдаг,би ганцаараа Баян-Өлгий аймагт ажилладаг.Голын голдирлыг өөрчлөхдөө Усны тухай хуульд зааснаар яамнаас зөвшөөрөл авах ёстой байтал Р.******* дарга зөвшөөрөл өгсөн байдаг.Тухайн үед би гүүр барих гэж байгаа компанийхантай очиж уулзаад зөвшөөрөл иртэл ажлаа зогсоох чиглэл өгч байсан.Тэгтэл Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн дарга Сайдолда, мэргэжлийн хяналтын байцаагч Байдол нар “ энэ ажлыг зогсоож болохгүй арай гэж мөнгийг нь шийдвэрлүүлсэн орон нутгийн томоохон бүтээн байгуулалт учир гацааж болохгүй “ гэхээр нь би “ та нар кемпээ бариад хүлээж бай, бид нар танилцаад хариу хэлье” гэсэн.Тэгээд Р.******* дарга руу ярихад “ урьд нь ******* аймагт голын гүүр барихад манайхаас түр зөвшөөрөл аваад барьсан байдаг, түр зөвшөөрөл олгоход болно” гэж хэлсэн. Тэр үед гүүр барих гэж байгаа компаниас Р.******* даргатай бас ярьсан юм шиг байна лээ. Удалгүй уг компаний орчуулагч надад хүсэлт авчирч өгөхөөр нь би ******* аймаг руу явуулсан. Ингээд тухай хүсэлтийн дагуу Р.******* дарга түр зөвшөөрөл олгосон. Голын голдирлыг гүүр барихын тулд түр өөрчилсөн зөвшөөрөл байсан...гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/

5.Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2011 оноос хойш Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багийн нутагт ******* голын хөвөөнд “Баавгайн хөндий” гэр бааз ажиллуулдаг. 2021 оны Баян-Өлгий аймгийн 10-р багт зам тавьж байсан “Эйч Кей би интернейшнль холдинг” ХХК ******* гол дээгүүр гүүр тавихдаа голын голдирол өөрчилсний улмаас манай жуулчны баазын манаачийн 8х6 хэмжээтэй 2 өрөө байшин газрын хамт усанд урссан. Би тэнд ажиллаж байсан хятадын компаниас 20 сая төгрөг нэхэмжилж байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 38-р хуудас/

6.Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд Сав газрын захиргааны бүрэн эрхийг заасан байгаа. Сав газрын захиргааны бүрэн эрхэд голын үндсэн голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгох эрх байхгүй. Усны тухай хуулийн 10 дугаар зүйлд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг зааж өгсөн байх ба энд голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах гэж заасан байдаг... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р хуудас/

7.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10,12 дугаар багийн нутагт ******* голын гүүр засварын ажлын явцад голын голдирол өөрчилснөөс байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ / хэргийн 53-70-р хуудас/

8.Байгаль орчны зөвлөх Нуман алтай ХХК-ний шинжээчийн ...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ-38673928 төгрөг...гэх дүгнэлт / хэргийн 71-р хуудас/

9.Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл / хэргийн 80-р хуудас/

10.Шүүгдэгч Р.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Усны газрын дарга Мягмар луу яриад” ******* гол дээгүүр үндсэн замын трассын дагуу гүүр тавигдах юм байна.Хятад ажилчид нь ирчихсэн Баян-Өлгий аймгийн удирдлагуудаас энэ асуудлыг шийдэж өгөөч гээд яриад байна,газар дээр нь очиж үзэх гэтэл хөл хориотой учир болохгүй байна.Үүнийг яах вэ” гэхэд Мягмар дарга “ түр зөвшөөрөл гэж байхгүй,хаврын шар усны түвшин ихсэх эрсдэлтэй юм байна.Тийм болохоор наад ажлаа хурдан шуурхай эхлүүлж холбогдох баримт бичгийг нь өгөөд эхлүүлж бай” гэж хэлсний дагуу би 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр голын голдирлыг түр өөрчлөх албан бичгийг өгсөн.Би хорио цуцалсны дараа өөрийн биеэр очиж үзэхэд ажил нь хэвийн явагдаж байсан.Би тухайн зөвшөөрлийг яамнаас олгодогийг мэднэ.Гэхдээ Мягмар даргаас асуусан.Хуульд түр зөвшөөрөл гэж байдаггүй, түр зөвшөөрлийг хэн олгох нь тодорхойгүй бөгөөд түр өөрчлөх шийдвэр гаргаж болно гэж ойлгосон.Байгаль орчинд учирсан хохирол нь нөхөн сэргээлтээр гарсан байна.Түүнээс тухайн усыг бохирдуулаад, ашиглалт бий болгоогүй, зөвхөн нөхөн сэргээлтийн хохирлыг байгаль орчинд учирсан хохирол гэж үзэж байгаа бол  одоо очоод тухайн газарт үзвэл буцаагаад хэвийн болгосон байгаа.Тэгэхээр нөхөн сэргээлт хийнэ гэсэн ойлголт байхгүй болохоор нөхөн сэргээлтийн зардалд  учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн 128-129-р хуудас/

11.Барилга байгууламжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /192-194-р хуудас/

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ий дахин өгсөн... одоогоор нөхөн сэргээсэн зүйл алга, тухайн компани 2023 онд гүүрийг барьж дуусаад нөхөн сэргээх байх гэж ойлгож байна.Мөн дүгнэлтэнд гарсан эдэлбэр газарт учруулсан хохирлыг 18935 төгрөг гэж тогтоосон.Үүнийг Байгаль хамгаалах тухай хуульд зааснаар эдэлбэрт газарт учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 55185 төгрөгийг Р.*******гээс нэхэмжилнэ.Мөн нөхөн сэргээлтийн зардлыг Р.******* нь төлдөг байна уу, компани нь төлдөг байна уу би бол Р.*******гээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг / хэргийн 136-р хуудас/

13.Шинжээч А.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...газрын хэвлийд учруулсан хохирлыг тооцохдоо тухайн газарт ашигт малтмал олборлоогүй бол нөхөн сэргээлтийн зардлаар тооцдог. Тиймээс газрын хэвлийд учруулсан хохирлыг нөхөн сэргээлтийн зардлаар тооцож гаргасан. Хөрс ургамлын хохирол тооцох боломжгүй байсан учир нь өмнө нь хүний хөлд талхлагдсан газар байсан. Тиймээс нөхөн сэргээлт, эдэлбэр газраас өөр хохирол учраагүй гэж ойлгож болно. Намайг дүгнэлт гаргах үед нөхөн сэргээлт хийгдээгүй байсан. Хохирлын аргачлал тооцох журмын дагуу шинжээч тухайн үед газар дээр нь очиж хэмжилт хийхэд ямар байна тэр үеэр тооцож гаргадаг. Түүнээс хойш нөхөн сэргээлт хийсэн бол тооцсон хохирлыг бууруулна гэсэн зрхицуулалт байхгүй. Энийг хууль хяналтын байгууллага нь өөрсдийнхөө чиглэлийн хуулийн хүрээнд шийдэх байх... гэх мэдүүлэг / хэргийн 142-143-р хуудас/

14.Гэрч Ш.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Усны газрын даргаар 2020 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж байна. Усны газар 2020 оны 4 дүгээр сард байгуулагдсан.Голын голдирол өөрчлөхөд голын эрэмбээс хамаараад Засгийн газар яам, агетлагаас гээд шийдвэрүүд нь гардаг.******* гол дээгүүр гүүр барих ажилд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас голын голдирол өөрчлөх зөвшөөрөл олгогдсон эсэхийг мэдэхгүй байна.Голын голдирол өөрчлөхийг Усны тухай хуулийн 8,9,10,-р зүйлүүдэд зохицуулсан байгаа.Усны тухай хуулийн 17-р зүйлд зааснаар сав газрын захиргаа бүрэн эрхийнхээ хүрээнд зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах үүрэгтэй ба зөвшөөрөл олгох эрх байхгүй.Би Р.*******тэй утсаар ярихдаа” дүгнэлт зураг төсөл, материалыг нь хурлан наашаа ирүүлээ, улс орны бүтээн байгуулалтын ажил учир шар усны үерээс өмнө урьтаж амжиж гүүрийн тулгуур зэргээ хийгээд сууриа цутгасан нь дээр гэж үзсэн. Тэгээд зөвлөмж өг гэж хэлснээс түр зөвшөөрөл өг гэж яриагүй. Зөвлөмж өгөхдөө Байгаль орчин,аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтран баталсан 2015 оны Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн мөрдөх дэглэмийн хүрээнд зөвлөмж өг гэж ярьж байсан.Яамнаас зөвшөөрөл авахад 15 хоногт багтаад гарна.Ингэхдээ гүүр барих компани нь хүсэлт материалаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгөх ёстой, тэрийг нь яамны Усны бодлого зохицуулалтын газраас манай газар луу шилжүүлдэг.Тэгээд манайхаас дүгнэлт гаргадаг,түүнийг үндэслээд сайдын тушаалаар зөвшөөрөл олгогддог.Тухайн үед манайд яамнаас ямар нэгэн материал ирүүлээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 145-147-р хуудас/

15.Гэрч С.ын дахин өгсөн...манай жуулчны баазын манаачийн байр голын голдирол өөрчилснөөс усанд урсаж алга болсон.2022 оны 08 дугаар сард Баян-Өлгий аймагт ирж манай манаачийн постны үнэлгээ хийгээд надад 19 140 000 төгрөг өгөхөөр болсон. Одоо хүртэл өгөхгүй болохоор асуусан чинь “танайхтай ижил хохирсон нэг бааз байгаа түүний хохирлыг тооцож үзээд хамтад нь өгнө” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 149-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй...” гэх мэдүүлэг өгсөн.

Шүүгдэгч Р.******* нь ******* *******-******* голын сав газрын захиргааны даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймагт гүүр барих ажил гүйцэтгэж байсан “Эйч Кей Би Интернэйшнэл холдинг” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаартай албан бичгээр ******* голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгосон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Монгол улсын Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.8-д голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах” гэж Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг, мөн хуулийн1 дугаар зүйлийн  1.4.10 дахь хэсэгт “голын голдирлыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах” эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх болгож тус тус хуульчилсан байна.

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэгт “Гол, мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно” хэмээн заажээ.

Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд Сав газрын захиргааны бүрэн эрхийг заасан байх ба Сав газрын захиргааны бүрэн эрхэд голын үндсэн голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгох эрх олгогдоогүй байна.

Шүүгдэгч Р.******* нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, ******* голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн шинжийг хангасан, эрүүгийн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Р.******* ******* *******-******* голын сав газрын захиргааны даргын албан тушаалд 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр томилогдон ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Б28 дугаартай тушаалын / 82-р хуудас/ хуулбараар тогтоогдож байх ба уг албан тушаал нь Монгол улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” гэдэгт хамрагдаж байгаа болно.

“Эйч Кей Би Интернэйшнэл холдинг” ХХК нь Баян-Өлгий аймагт гүүр барих ажлыг гүйцэтгэхээр 2021 оны 03 дугаар сард ирсэн ба тухайн цаг үед ус ихсэж ажил эхлэх нөхцөл бүрдээгүйгээс компаниас ******* ******* –******* голын сав газрын захиргаанд хүсэлт ирүүлсэн нь хэргийн 81-р хуудсан дахь тус компаний гүйцэтгэх захирал Жан Хао Раны хүсэлтээр тогтоогдож байна.

*******ин ******* *******-******* голын сав газрын захиргааны дарга Р.******* нь голын голдирлыг өөрчлөх зөвшөөрөл олгох эрх өөрт нь байхгүйг мэддэг хэдий ч голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэм буруугийн санаатай үйлдэл болно.

Иймд шүүгдэгч Р.*******г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.******* эдэлбэр газарт учруулсан хохирол 55185 төгрөгийг төлсөн нь шүүхэд ирүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Р.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Р.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 151-р хуудас/-аар тогтоогдож байна.

Гэрч М.Энхтайваны өгсөн... Р.******* нь шударга үнэнч, зарчимч,ямар нэгэн ажилд хандах хандлага сайн, ажлын туршлагатай, бусадтай зөв боловсон харьцдаг хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хэргийн 138-р хуудас/,шүүгдэгч Р.*******гийн  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Р.*******г  нийтийн албан тушаалтан эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******гийн өмгөөлөгч Б.Ганзоригоос: шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тиймээс торгох ялын хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэх санал, тайлбар,

Шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Р.*******г нийтийн албан тушаалтан эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 6 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 6 000 000  төгрөгний торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол түүний биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн 2213001590309 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмцээний 6 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмцээний 6 000 000 төгрөгөөр торгох ялыг 01/ нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол түүний биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож   хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******д мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн 2213001590309 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан торгох ялын болон нийтийн албанд томилогдох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Р.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС