| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2019/01218/И |
| Дугаар | 102/ШШ2019/01730 |
| Огноо | 2019-06-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2019/01730
| 2019 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2019/01730 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-д холбогдох
3,292,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын эхэн үед Өвөрхангай аймгийн махны үйлдвэрт 40 тооны үхэр зарах гэж байтал С.Э гэх танил нь “...чи үхэрнүүдээ зарахгүй хүлээж бай, манай найз хотоос ирж мах авна, тэрэнд зар” гэж удаа дараа утсаар ярьж, махны үйлдвэрт өгөх гэж байсныг болиулсан байдаг. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.Э найз болох Х.Б Б.Б-ы гэрт ирсэн. Ингээд талууд харилцан тохироод 40 тооны үхрийг 1 кг махыг 2,000 төгрөгөөр тооцож худалдаж, худалдан авахаар болсон. Тал мөнгийг нь бэлнээр, талыг нь хотод очоод өгөхөөр харилцан тохирсон. Ингээд нэхэмжлэгч Б.Б-ы гэрийн гадаа нь 40 тооны үхрүүдийн жинг нь хэмжиж үзэхэд 11,800 кг болсон ба тэр оройдоо 20 тооны үхрүүдийг хот руу замын унаагаар ачиж явуулсан. Сүүлийн 20 тооны үхрийг ачиж явуулах унаа олдоогүй тул Б.Б-ы хотонд хашиж хонуулсан. Ингэхдээ бүх үхрүүд дээр нь будгаар тэмдэг тавьсан. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө нь үлдсэн 20 үхрээ ачиж байтал нэг үхэр нь хашаа даваад зугтаад алга болсон. Ингээд талууд харилцан тохироод тухайн үхрийн жинг 400 кг гэж тооцож 11,800 кг-аас хассан. Мөн нэг үхэр нь бага жинтэй, хязаалан үхрээр солигдсон учир ахин 100 кг хасч тооцсон. Ингээд талууд нийт худалдсан үхрийн жинг 11,300,000 кг гэж тооцсон байдаг. 11,300 кг махыг 2,000 төгрөгөөр тооцохоор 22,600,000 төгрөг болж байгаа. Энэ 22,600,000 төгрөгөөс хариуцагч нь 12,000,000 төгрөгийг бэлэн төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хотод очсон хойноо 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.Б-ы саахалт айлын хүн нь Х.Бд 570,000 төгрөг төлөх ёстой байсан. Тэр хүн нь 570,000 төгрөгийг шууд нэхэмжлэгчид өгсөн. Ингээд үндсэндээ нэхэмжлэгч Б.Б 22,600,000 төгрөг хариуцагчаас авах ёстойгоос 19,570,000 төгрөгийг хүлээн авсан. Нэхэмжлэгч анх шүүхэд үхрийн мах худалдсан төлбөрийн үлдэгдэл болох 3,030,000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагаа 262,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Учир нь хариуцагч Х.Б нь аман гэрээгээр тохирсон ёсоор худалдан авсан үхрийн махаа төлөхгүй байснаас болж нэхэмжлэгч аргагүйн эрхэнд шүүхэд хандах болсон. Ингээд өөрөө шүүхээр явж чадахгүй байсан учир өөрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу ирж буцах зардлын мөнгө буюу шатахууны зардалд 262,000 төгрөг зарцуулсан. Ийм учраас уг мөнгөө бас хариуцагчаас нэхэмжилж байгаа. Ингээд нийт 3,292,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай ярилцаж, эвлэрэх гэж хичээсэн боловч үр дүнд хүрээгүй. Уг нь нэхэмжлэгчийн зүгээс 2,262,000 төгрөгийг хариуцагчаас авчих юм бол хохиролгүй, гомдол, саналгүй болчих гээд байгаа. 2,262,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангахад манайхаас татгалзаад байх зүйлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг анх худалдахаар тохирсон үхрүүдийг бага жинтэй үхрээр сольсон гэх мэтээр тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр хариуцагч худалдан авсан үхрүүдээ жинлэх, Улаанбаатар хот руу явуулах зэрэг бүхий л болсон процессийг өөрийн нүдээр харж хянаж байсан, нэхэмжлэгчид үхрүүдийг солих ямар ч боломж байхгүй гэдгийг мэдэж байгаа. Харин ачуулсан үхрүүд нь хот руу явах замдаа солигдсон, хоол, усгүй ачигдсанаас жин нь буурсан зэрэг асуудал гарч болно. Гэхдээ энэ нь нэхэмжлэгчийн хариуцах ёстой зүйл биш гэжээ.
Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой Өвөрхангай аймагт буюу нэхэмжлэгчийн гэрт нь үхэр худалдан авахаар очсон. Нийт 40 тооны үхэр авахаар тохиролцсон бөгөөд тэр оройдоо үхэрнүүдээ хиллэж үзсэн. Нийт үхрийн жин 11,800 кг болсон. 1 кг 2,000 төгрөг байхаар тохирсон. Ингээд эхлээд 20 үхэр хот руу замын унаагаар би ачуулсан. Ачуулахад нь би өөрөө байсан. Дараагийн үхэрнүүдийг ачуулахад би бас байсан. Сүүлд ачуулж байхад нэг үхэр нь хашаа даваад зугтаасан тул 400 кг хасч тооцсон. Мөн солигдож орсон үхрээс 100 кг хассан, нийт 11,300 кг гэж үзээд 2,000 төгрөгөөр тооцохоор 22,600,000 төгрөг болж байсан. Ингээд миний зүгээс нийт бэлнээр болон дансаар 19,570,000 төгрөгийг төлсөн, энэ талаар маргаан байхгүй.
Нэхэмжлэгч надад “...ачуулсан үхрүүд нядалгааны дараа 50 хувь нь мах болно” гэж хэлсэн. Улаанбаатар хотод ирээд өөрийн авсан 39 үхэрнүүдийг хиллэж үзэхэд жин нь багассан байсан. Нийт 39 үхэр 4,686 кг болсон ба 1 кг бүрийг би 4,600 төгрөгөөр бодож зарсан. Тэр нь 22,000,000 орчим төгрөг болсон. Миний зүгээс нэхэмжлэгчийг үхэрнүүдийг бага жинтэйгээр сольсон гэж үзэж байгаа. Би өөрөө наймаа хийх гээд алдагдалд орсон учраас худалдан авсан үхэрнүүдийн үлдэгдэл үнэ, мөн замын зардлыг надаас шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Б-д холбогдуулж 3,030,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагыг 262,000 төгрөгөөр ихэсгэжээ.
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Б-д нийт 39 тооны үхэр буюу нийт 11,300,000 кг жинтэй үхрийг 1 кг тус бүрийг нь 2,000 төгрөгөөр тооцон худалдсан талаар зохигчид маргаагүй бөгөөд шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн зүгээс 3,030,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “...Х.Б нь 13,300 кг үхрийг 1 кг тус бүрийг 2,000 төгрөгөөр тооцон надаас худалдан авсан. Нийт 22,600,000 төгрөг төлөхөөс 19,570,000 төгрөгийг төлсөн ба одоо үлдэх 3,030,000 төгрөгийг огт төлөөгүй” гэж,
262,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлснээс нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шүүхэд хандсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хот руу шүүх хуралдаанд ирж, очсон шатахууны зардал нь ийм хэмжээтэй болсон” гэж тус тус тайлбарлажээ.
Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй ба өөрийн татгалзлаа “...хүлээн авсан 39 тооны үхэрнүүдээ Улаанбаатар хотод ирээд хиллэж үзэхэд 11,300 кг жиндээ хүрээгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Дээрх тайлбаруудаас үзэхэд зохигчид 39 тооны үхэр 11,300 кг болсон болон хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 22,600,000 төгрөг /1кг х 2,000 төгрөг/ төлөхөөс 19,570,000 төгрөгийг төлсөн байгаа талаар маргаангүй, харин нэхэмжлэгчийн худалдсан үхэр гэрээгээр тохирсон тоо, хэмжээнд хүрсэн эсэх талаар маргаантай гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсгүүдэд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний талуудын харилцан тохирч, тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтдаа үхрүүдийг хиллэсэн. Хариуцагч өөрөө харж байгаад үхрүүдээ Улаанбаатар хот руу ачуулсан” гэх тайлбарыг үгүйсгээгүйгээс гадна энэхүү болсон үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргаснаас үзэхэд хариуцагч Х.Бын “...Улаанбаатар хотод хүлээн авсан үхрийн жин нь гэрээгээр тохирсон хэмжээнд хүрээгүй” гэх тайлбар үндэслэл муутай байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Быг худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу худалдсан зүйл нь биет байдлын хувьд /тоо, чанар, хэмжээ/ ямарваа нэг доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Б.Б хариуцагч Х.Б-аас үлдэгдэл төлбөр болох 3,030,000 төгрөгийг шаардах эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч 2,262,000 төгрөгийг хариуцагчаас авчихад түүний зүгээс гомдол, саналгүй болно” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Х.Б-аас 2,262,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлага буюу замын зардал, шатахуунд төлсөн гэх 262,000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар өгсөн шатахууны баримтууд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Улаанбаатарт хотод ирж буцах зардалд зарцуулагдсан болохыг хангалттай нотолж чадахгүй байна гэж шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.Баас 2,262,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,030,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 71,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-аас 51,142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ