Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/01890

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/01890

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хэлтэс /РД:9091831/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

 

2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Г нь Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас Б.Болдхуягт үндэслэлгүй олгосон нөхөн төлбөрийн мөнгө 2,250,000 төгрөгийн төлбөр, зөрчлийг тус хэлтсийн даргаар ажиллаж байсан овогтой Б, ерөнхий нягтлан бодогч Б овогтой И нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр Нийслэлийн төрийн сан дахь Нийслэлийн нийгмийн даатгалын газрын 200090004 тоот дансанд 14 хоногийн дотор төлж барагдуулахыг хариуцуулсан. Актаар тогтоогдсон төлбөр, зөрчлийг Д.Б одоо болтол барагдуулаагүй байх тул хуулийн дагуу иргэн Д.Б-ээс 2,250,000 төгрөгийн төлбөр, зөрчлийг зохих хууль журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б нь Нийгмийн даатгалын хуульд заасны дагуу 2008 онд хүсэлт өргөдөл өгсний дагуу шийдвэрлэсэн. Иргэн Болдхуяг нь онгоцны ослоор доод бие нь мэдээгүй болж 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн юм. Би тухайн үед хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг акт тавьж буй байцаагчид уламжилсан болно. Энэ асуудал хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №46 тоот “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас үндэслэлгүй олгосон хиймэл эрхтэний төлбөрийг нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн акт авагдсан байна.

 

Дээрх улсын байцаагчийн актаар Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Б, ерөнхий нягтлан бодогч Б.И нарыг бичиг баримтын бүрдэлгүй байхад иргэн Б овогтой Б эмчилгээний зардал гэж 2,250,000 төгрөгийг “Авецина” эмнэлэгт шилжүүлсэн тул  үндэслэлгүй олгосон нөхөн төлбөрийн мөнгө 2,250,000 төгрөгийг Д.Б, Б.И нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

  

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр С хэлтсээс хариуцагч Д.Б холбогдуулж 2,250,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлээ “...Д.Б нь Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас иргэн Б.Б үндэслэлгүй олгосон 2,250,000 төгрөгийг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн актыг одоо болтол биелүүлээгүй” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтууд болон зохигчийн тайлбаруудыг судалж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоологдохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгүүдэд заасан. 

 

2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №46 тоот “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас үндэслэлгүй олгосон хиймэл эрхтэний төлбөрийг нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Б.Б-т олгосон нөхөн төлбөрийн 2,250,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан дахь ...дансанд 14 хоногийн дотор төлүүлэхийг ...Д.Б ...нарт хариуцуулсугай” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-гээс 2,250,000 төгрөг гаргуулах тухай С хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч С хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Н.ХАНГАЛ

 

                                ШҮҮГЧ                                                          Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                            Ч.МӨНХЦЭЦЭГ