| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2023/0126/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2022-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэтөр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
2023 01 26 2023/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч Т.Эрдэнэтөр,
шүүгдэгч Б.Д,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө овгийн Б Д, О овгийн О А нарт яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 602 114 3250 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр … аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт … сум 00 багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Ө овгийн Б Д /ХХ00000000/,
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр … аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 найзын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
О овгийн О А /РД:ХХ00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д, О.А нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 03-04 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ХХХХ" баарны гадна талд Л.Эийг зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн бугалганд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эийн өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлын газрын ах Д хамт ХХХХ бааранд орж бүжиглэж байсан чинь танихгүй эмэгтэй ирээд надтай наалдаад бүжиглээд байсан. бааранд үйлчлүүлж байгаад баар хаах үе болох 05 цаг өнгөрөөд баарнаас гарахад нөгөө эмэгтэй хоёр эмэгтэй найзын хамт саарал өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэлд суух гэж байхад нь би дугаарын өгөөч гэж асуухад өгөхгүй гэж хариулаад би тэгээч дээ гэж гуйгаад за за баяртай гэж хэлээд байж байхад бааранд үйлчлүүлж байсан хоёр залуу машин дээр ирээд машиныг бариад явах гэж ярилцаад байсан. Намхан залуу нь хэн юм бэ яах гээд байгаа юм бэ гэж надаас асуухаар нь би дугаарыг нь асуусан гэж хэлээд нөгөө охиноос дугаараа өгөөч гэж хэлэхэд тухай согтуу залуу намайг заамдаад би зөрүүлээд заамдахад миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон, нөгөө залуутайгаа нийлж намайг газар унагаад миний нүүр гар толгой гэдэс хэсэгт өшиглөж зодсон. Би цохиулж байгаад босож ирэхэд Д ах баарнаас гарч ирж таараад, би 4-5 удаа дуудаад Д ах тухайн 2 залуугаас намайг салгасан. Миний гар утсыг хэн хэрхэн авсан болон зодоон маргаан болж байх үед би өөрөө гар утсаа хаясан эсэхийн аль нь болохыг би мэдэхгүй байна. би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Тиймээс би гар утсаа алдсан, хаясан гэдгээ тодорхой хэлж мэдэхгүй байна. А, Д нар надаас уучлалт гуйж намайг гомдол саналгүй болгосон" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 12-18 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 20-25 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сгийн "... ХХХХ бааранд орж пиво ууж бүжиглэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 04-05 цагийн үед баарнаас гарсан ба баарнаас гараад Бийн машины урд суусан. Араас нэг өндөр залуу машин дээр ирээд Халиуны дугаарыг асуусан. Нэг мэдсэн чинь тухай өндөр залуу гадаа Бийн машиныг бариулахаар болсон хоёр залуутай харилцан зодоон хийсэн. Би очиж салгах гэж очоод нүдний шилээ газар унагаад алга болгосон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 5686 дугаартай дүгнэлтэд “... Л.Эийн биед зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн бугалганд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухай хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дгийн яллагдагчаар өгсөн “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 91 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Аийн яллагдагчаар өгсөн "... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найз Дгийн хамт Л.Эийн хохирлыг бүрэн барагдуулж, хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дэх тал/
Шүүгдэгч Б.Дгийн хувийн байдалтай холбоотой баримт
Шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/,
- Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дэх тал/,
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт, /хавтаст хэргийн 80 дахь тал/
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/,
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Шүүгдэгч О.Аийн хувийн байдалтай холбоотой баримт
Шүүгдэгч О.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 76 дахь тал/
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 73 дахь тал/
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, /хавтаст хэргийн 72 дахь тал/
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 75 дахь тал/
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт, /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Б.Д, О.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон , эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д, О.А нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 03-04 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ХХХХ" баарны гадна талд Л.Эийг зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн бугалганд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дуудлагын лавлагааны хуудас, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хохирогч Л.Эийн “...Намхан залуу нь хэн юм бэ яах гээд байгаа юм бэ гэж надаас асуухаар нь би дугаарыг нь асуусан гэж хэлээд нөгөө охиноос дугаараа өгөөч гэж хэлэхэд тухай согтуу залуу намайг заамдаад би зөрүүлээд заамдахад миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон, нөгөө залуутайгаа нийлж намайг газар унагаад миний нүүр гар толгой гэдэс хэсэгт өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Дгийн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, О.Аийн Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найз Дгийн хамт Л.Эийн хохирлыг бүрэн барагдуулж, хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 5686 дугаартай дүгнэлтэд “...Л.Эийн биед зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн бугалганд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухай хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.А, Б.Д нарын гэм буруугийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, Б.Д нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч Л.Эийн эрүүл мэндэд учирсан хохирол нь О.А, Б.Д нарын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.А, Б.Д нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.А, Б.Д нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Л.Эт гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролыг шүүгдэгч нар барагдуулсан тул бусдад төлөх төлбөр төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч О.А, Б.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүгдэгч О.А, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.А, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналыг гаргав.
Шүүх О.А, Б.Д нар нь анх удаа шүүхээр ял шийтгэл хүлээж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар Э.Угтахбаярт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.А, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хадгалах нь зүйтэй.
Шүүгдэгч О.А, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б Д, О А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б Д, О А нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д, О.А нарт оногдуулсан оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, Торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Диг хэрэг хавсарсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д, О.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ