Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/01801

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/01801

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: “У” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Ц-д холбогдох,

 

448,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” СӨХ нь Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэрээр тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдний ая тухтай байдлыг ханган үйлчлэх үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. оршин суугч О.Ц нь 2016 оны 01 дүгээр сараас эхлээд СӨХ-ны төлбөрөө нэг ч удаа төлөлгүй, холбооны үйл ажиллагаанд саад учруулж, бусад оршин суугчдын эрхийг зөрчиж байна. Иймд 2016 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг хүртэл хугацаа буюу 39 сарын СӨХ-ны төлбөр 448,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тоотод оршин суудаг, уг байранд ганцаараа байдаг. Би СӨХ-ны төлбөрөө 2015 оноос эхлээд нэг ч төлөөгүй нь үнэн, нэхэмжилж буй төлбөрийн хэмжээн дээр маргахгүй. Гэхдээ би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь “У” СӨХ нь ажлаа сайн хийдэггүй, засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийдэггүй. Байрны орчин тойрон нь бохир, заваан байдаг. Би СӨХ-ны төлбөрийг бага багаар төлөх гэхээр заавал нэг мөр төл гэдэг тул төлж чадаагүй байна. Хэрэв нэхэмжлэгч нь ажлаа сайн хийгээд эхэлсэн тохиолдолд мөнгийг нь ямар ч асуудалгүй төлөх болно гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “У” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч О.Цэд холбогдуулан 2016 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 448,500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба  татгалзлын үндэслэлээ “...манай СӨХ хангалттай сайн үйл ажиллагаа явуулдаггүй тул би мөнгийг төлөхгүй” гэсэн агуулгаар өөрийн татгалзлаа тайлбарлав.  

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Хариуцагч О.Ц нь тоотод оршин суудаг эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь “У” СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №19 тоот гэрчилгээгээр  тогтоогдож байна. Иймд хариуцагч нь “У” СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хариуцагч О.Ц нь нэхэмжлэлд дурдсан буюу 2016 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 448,500 төгрөгийг огт төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Иймд хариуцагчаас  448,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” СӨХ-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч О.Ц нь СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй гэж үзэж байгаа бол тэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, СӨХ-ны үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх нь нээлттэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч О.Цээс 448,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цээс 14,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ