Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Б.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч Г.Цэрэндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Ганпүрэвийн Цэрэндоржид холбогдох эрүүгийн 2221005380016 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шунхлай” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50-р байрны 39 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт Ганпүрэвийн Цэрэндорж /РД: ЖЭ 79052274/.

Шүүгдэгч Ганпүрэвийн Цэрэндорж нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт 50 дугаар байрны гадаа Э.Сүхболдтой маргалдаж, түүний эзэмшлийн 77-92 ДОР улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд, хойд хаалга, крыло, баруун хойд гэрэл зэрэг эд зүйлсийг санаатайгаар гэмтээж, 866,000 /найман зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Цэрэндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Э.Сүхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цэрэндорж ахыг тэр хавиар нэлээн хайж байгаад байхгүй болохоор нь аймаг руу шууд орж ирээд Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунхны 80 айлын гадаа Амартулга эгчийг буулгаад гэрт нь оруулаад тамхи татаад яг хөдлөх гэж байхад Цэрэндорж ах нэг машин дотроос бууж ирсэн. Тэгснээ Цэрэндорж ах үгийн зөрүүгүй уурлаад “Амартулга та хоёр намайг зориуд хөдөө үлдээгээд санаатай алах гэлээ” гэж уурлаад “хөдөө хээр та хоёр банзалдаж байгаад ирэв үү” гэснээ шууд миний машиныг учир зүггүй өшиглөөд арын тоормосны их гэрлийг хагалаад, жолооч талын арын хаалгыг өшиглөөд будгийг нь халцлаад бөөн сэв зураас болгочихсон. Мөн урд талын номерыг тайлж эвдэлж аваад, урд копуд зэргийг балбаж нүдээд уурлаад миний машиныг тойроод эвдээд байсан. Тэгэхээр нь би Цэрэндорж ахад хандаж “та ерөөсөө миний үгийг авахгүй юм байна, та наад машинаа эвдвэл эвд” гээд  гэр рүү нь ороход хүүхэд нь гэртээ ганцаараа байсан. Амартулга эгчийг асуухад орж ирээгүй гэж байсан. Хүүхдэд нь хандаж “танай аав чинь миний машиныг эвдээд байна” гээд би өөрөө цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 15-16/

Г.Цэрэндорж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...явж байгаад манай эхнэр Амартулга нь Сүхболдын машиныг бариад явж байхад нь эхнэр бид хоёр машин дотор маргалдаад би машины үрүүлийг нь булаагаад замын хажуу руу татаж зогсоосон. Сүхболдын машин замын хунгар цас руу ороод жолооч талын урд дугуй нь хагарчихсан. ...би уур хүрээд Сүхболдын машины гадна талаас нь хаалгыг нь 1-2 удаа өшиглөсөн. ...Тэгэхээр нь би Сүхболдод бүүр уурлаад маргалдаж эхэлсэн. Сүхболд манай гэр рүү ороод явчихсан. Миний уур хүрээд Сүхболдын 77-92 ДОР улсын дугаартай машины хаалгыг өшиглөөд, урд талын номерыг татаж хугалаад, арын их гэрлийг хагалаад машинд уураа гаргасан. Тухайн үед үнэхээр уур хүрээд бачуураад байсан болохоор Сүхболдын машиныг гар хөлөөрөө өшиглөж цохиж эвдэлсэн...” гэжээ. /хх-ийн 47-49/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-35/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний 41693 тоот тайлан /хх-ийн 37-38/

77-92 ДОР улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/

Г.Цэрэндоржийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53-54/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Цэрэндоржоос шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрт 866,000 төгрөгийг Э.Сүхболдод шилжүүлсэн тухай банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Цэрэндоржид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Шарайд овогт Ганпүрэвийн Цэрэндорж нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах 50 дугаар байрны гадна хохирогч Э.Сүхболдтой маргалдаж, түүний эзэмшлийн 77-92 ДОР улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд, хойд хаалга, крыло, баруун хойд гэрэл зэрэг эд зүйлсийг санаатайгаар гэмтээж, 866,000 /найман зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...миний уур хүрээд Сүхболдын 77-92 ДОР улсын дугаартай машины хаалгыг өшиглөөд, урд талын номерыг татаж хугалаад, арын их гэрлийг хагалаад машинд уураа гаргасан. Тухайн үед үнэхээр уур хүрээд бачуураад байсан болохоор Сүхболдын машиныг гар хөлөөрөө өшиглөж цохиж эвдэлсэн…” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э.Сүхболдын “...Цэрэндорж ах үгийн зөрүүгүй уурлаад “Амартулга та хоёр намайг зориуд хөдөө үлдээгээд санаатай алах гэлээ” гэж уурлаад “хөдөө хээр та хоёр банзалдаж байгаад ирэв үү” гэснээ шууд миний машиныг учир зүггүй өшиглөөд арын тоормосны их гэрлийг хагалаад, жолооч талын арын хаалгыг өшиглөөд будгийг нь халцлаад бөөн сэв зураас болгочихсон. Мөн урд талын номерыг тайлж эвдэлж аваад, урд копуд зэргийг балбаж нүдээд уурлаад миний машиныг тойрч эвдээд байсан...” гэх мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 77-92 ДОР улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний 41693 тоот тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Цэрэндорж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Цэрэндорж, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Цэрэндоржид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Цэрэндоржийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 866,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Цэрэндорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Цэрэндоржийн  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэндоржид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Цэрэндоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Сүхболдын 77-92 ДОР улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийн эд зүйл эвдэрч, түүнд 866,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний 41693 тоот тайлангаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан 866,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Цэрэндоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч  Г.Цэрэндорж нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт Ганпүрэвийн Цэрэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 866,000 /найман зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганпүрэвийн Цэрэндоржид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэндорж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Цэрэндорж нь цагдан хоригдоогүй, хохирогч Э.Сүхболдод 866,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЭ79052274 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Цэрэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА