Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

 

 

  2023        01          30                                  2023/ШЦТ/152

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

           улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

           иргэдийн төлөөлөгч Д.Б,

           шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа /ҮД:2360/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г, түүний өмгөөлөгч Г.Баянжаргал /ҮД:1927/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А, түүний өмгөөлөгч Б.Мандхай /ҮД:0102/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт А.Б холбогдох эрүүгийн 2206 00000 3679 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр арын 07-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

О овогт А.Б /ХХ000000000/

 

                         Холбогдсон хэргийн талаар:

 

О овогт А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ХХХХ" хоолны газрын хоёр давхарт амь хохирогч О.Г үл ялих зүйлийн улмаас маргалдаж, толгой болон шүүрэн тус газар нь гараараа цохин, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Би амь хохирогчийг хуурай ах гэж боддог байсан.  2022 оны 09 дүгээр сард Тайга зочид буудлын гадна анх танилцаж байсан.  Тэрнээс хойш таараад мэнд мэдээд уулздаг болсон. Хэрэг гарахын өмнөх өдөр 13 дугаар хорооллын хойд талд байрлалттай Азийн топ компанид ажлын анкет өгөөд хөдөө явахаар боллоо гэж хэлэхэд нь би Тэргэл зочид буудалд байна та хүрч ирээд усанд ороод амарчих, би маргааш тантай хамт байж чадахгүй гэж хэлсэн. Тухайн өдөр буудалд байхдаа амь хохирогч та хоёр яах вэ гэхэд бид хоёр цуг нэг байр түрээсэлнэ гэж байсан. Дараа нь буудлаас гарсан. Надаас архи үнэртээд байсан учраас би ажилдаа явж чадахгүй гээд утсаа зараад буудлын хоногоо сунгах гэж байсан. Би ХХХХ рүү орж байснаа санаж байгаа юм. Тэнд нэг таньдаг эгч архи аваад өг гэхээр нь утсаа зарсан байсан учраас архи авч өгөөд хамт ууж байснаа санаж байна. Нэг сэрсэн чинь “ХХХХ”-ийн хажуу талын байрны орцонд сэрэхэд суугаагаараа унтаж байсан. Цүнхээ уудалсан чинь миний цүнхэнд нэг бүтэн шил архи байсан. Тэрийг бараагүй юм шиг байна лээ.  Байрнаас гараад “ХХХХ”-ийн үүдэнд ирэхэд тамхи зардаг ахын хажууд энгийн хувцастай хоёр цагдаа ирсэн байсан. Цагдаа надаас Г гэдэг хүнийг таних уу гэж асуухад нь танина гэж хэлсэн. Надаас “чи Гыг зодсон байна” гэхээр нь “тийм үү” гэхэд “тийм ээ” гээд цагдаа байна гээд үнэмлэхээ харуулаад намайг аваад явсан...” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г  мэдүүлэхдээ: “....2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр над руу цагдаагаас залгаад очиход Баянзүрх дүүргийн цагдаагийн газар ирэхэд “энэ хүн танай ах мөн үү” амь нас нь хохирсон байна гэсэн. Тэгээд 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш амь хохирогчийн оршуулгын ажил Хөвсгөл аймагт 7 хоног хугацаатай болоод Улаанбаатар хотод ирсэн. Оршуулгын зардал мөнгө нэлээн их гарсан боловч энэ залуугаас 5.000.000 төгрөгийн оршуулгын зардал өнөөдөр авсан. Цаашид хохирол, төлбөр нэхэмжлэхгүй. Энэ залуу ах хоёр 9 сараас хойш цуг явсан юм байна лээ. Би ажилтай болохоор ахтай уулзаж амждаггүй. Хааяа утсаар ярихад гадуур ажил хийгээд явж байна гээд хэлдэг байсан.  Хэрэг гарах үед Таван толгой түлш ХХК-д машин барьдаг байсан. Эхнэртэйгээ муудалцаад тэр машинаа өгснөөс хойш архи ууж эхэлсэн. Ах ар гэртээ, үр хүүхдэдээ халамжтай сайн хүн байсан. Цаашид нэхэмжлэх зүйл байвал Алтантуяа эгч нэхэмжлэх байх...” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А мэдүүлэхдээ: “...Би Гтай 2016 оноос хойш хамт амьдраад 2019 онд хүүтэй болсон. Тэрнээс хойш өнгөрсөн зун үл ойлголцлоос болж маргаан гарсан. Тэгээд хаяадаа архи уугаад ирж очин байдаг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан байна цагдаа дээр та хүрээд ир гээд дүү нь ярьсан. Хамт очоод энэ мөн үү гээд харуулахад нь хараад мөн байна гэсэн. Тэгээд Хөвсгөл аймаг яваад ажил явдалд оролцоод ирсэн.  Би одоо хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Хүүхэд маань харах хүн байхгүй. Манай хүүхэд хувийн цэцэрлэгт явдаг байсан. Бид хоёр өөрийн гэсэн байргүй болохоор түрээсийн байранд байдаг. Би хүүхдээ сард 300.000 төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт явуулдаг байсан. Би сард 600.000 төгрөгийн байрны түрээс төлдөг. Би гэр орныхоо амьдралыг залгуулж байгаа болохоор өнөөдөр хүүхдээ хүнд харуулахаар хүргэж өгөөд хуралд хоцроод ирлээ. Амь хохирогч ажил төрөл хийгээд түрээсээ өгөөрэй, хүүхдийн цэцэрлэгийн мөнгө өгөөрэй гээд хэрэглээний мөнгө өгдөг байсан. Бид хоёрын амьдрал боломжийн байсан. Нэг л өдөр ийм юм болчихлоо... ” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 7-13 дахь тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 10-16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн "... 17 цагийн үед тэр хоёр хүнийг манайхаас гарчих гэсэн чинь ах нар нь дүүдээ хүндрэл учруулахгүй гээд гарсан. Тэгээд ерөөсөө удаагүй, 5 минутын дараа үүдний шилэн хаалга руу харсан чинь өндөр шар ах ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь яваад очсон чинь нөгөө нас барсан хүн газар хэвтчихсэн байсан хүн сэгсрээд босоорой гэхэд хариу үйлдэл үзүүлээгүй" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хийж байтал 16-17 цагийн хооронд бараан өнгийн куртиктэй архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн 30 орчим настай эрэгтэй хүн хүрч ирээд хоол авч явах гэсэн гээд надаас нэг удаагийн уут аваад гартаа барьсан байсан тавагтай хоолоо хийгээд хоолны газрын үүдээр гараад явах шиг болсон. Үүнээс хойш 20-30 минутын дараа хамгаалагч над дээр хүрч ирээд нэг эрэгтэй сэрэхгүй байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд надаас уут аваад гарсан эрэгтэй дээш харчихсан зүүн нүдний дээрээс цус гарсан, хэлээ хазаж уруул нь хөхөрсөн байдалтай манай хоолны газар луу ордог 2 давхрын хаалганы хажууд хэвтэж байсан. Би очоод гүрээний судас дээр нь дарж үзэхэд цохилж байхаар нь түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эмч нар ирж үзээд тухай хүнийг өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 126 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2883 дугаартай "

  1. Амь хохирогч О.Гын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духны хуйхны цус хуралт, духанд шарх, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанааны цус хуралт, дууд уруулын зулгаралт, баруун гарын 1,4 дүгээр хурууны зүсэгдсэн шарх, 2,5 дугаар хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духны хуйхны цус хуралт, духны шарх, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Баруун гарын 1,4 дүгээр хурууны зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, баруун гарын 2,5 дугаар хурууны зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучийн гэмтэл байна.
  3. Тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Амь хохирогч нь тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
  5. Цогцост хийсэн гадна үзлэгээр амь хохирогч нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цаг, 43 минутын байдлаар нас бараад 4-5 цаг болсон байжээ" гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 61-66 дахь тал/,  

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын гэрчээр өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн орчим би ганцаараа Баянзүрх дүүргийн 7 хороо КТМС-ийн замын урд талд байдаг "Тэргэл" нэртэй дэн буудлын 2 давхарт 206 тоот өрөөнд үйлчлүүлсэн. Би буудалд орохдоо 1 шил Хараа 0,75 литрийн архи авч орсон. Архинаасаа талыг нь ганцаараа уусан. Би найз Гын 00000000 гэсэн дугаарын утас уруу залгаад Тэргэл гэдэг нэртэй зочид буудалд байна, чи хүрээд ирээ гэсэн чинь 20 цагийн орчим Г, Даш-Очир гэдэг хуурай ахын хамт ирсэн. Буудалд бид гурав 2 шил 0,75 литрийн хараа архи уугаад амарцгаасан. Маргааш өглөө нь би дэлгүүр гараад 1 шил 0,75 литрийн Хараа архи аваад буцаж буудалдаа орж ирээд бид гурав нөгөө архиараа шараа тайлсан. 12 цаг өнгөрөөгөөд бид Г, Даш-Очир бид гурав гарсан. Нэг мэдсэн Даш-Очир байхгүй явчихсан байсан, Гаа бид хоёр миний Самсунг эс-7 загварын гар утсыг сансраас уруудаад гар утасны засвар гэсэн газарт зарсан, яг хэдэн төгрөгөөр зарснаа одоо сайн санахгүй байна. Г бид хоёр утас зарсан мөнгөнөөсөө Хийморь нэртэй 0,75 литрийн архи худалдаж аваад гадаа Оюунаа /Өндөр хээр гэдэг хочтой/ эгчтэй таараад нөгөө авсан архиа хувааж уусан. Дахиж нэг шил архи аваад хамт дахиад ууцгаасан. Тэндээсээ Гаа бид хоёр ХХХХ хоолны газар оръё гээд Баянцээлийн гудамжинд байдаг ХХХХ хоолны газар орсон. ХХХХ хоолны газар ямар ч байсан Гаа бид хоёр ороод дундаа нэг шөлтэй хоол захиалж байснаа санаж байна. Тэрнээс би нэлээн согтоод юу ч санахгүй байна, ямар ч байсан Гаа бид хоёр манай нэг цэргийн он жавын тухай ярьж байснаа хальт санаж байна, тэрнээс болоод л маргалдсан байх гэж бодож байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байна, Баянцээлийн хажууд байдаг байрны орцонд сэрсэн. Би гарч  уулзахаар баарнуудын ойр орчмоор хайгаад явж байсан чинь энгийн хувцастай хоёр эрэгтэй хүн цагдаа байна гээд үнэмлэхээ үзүүлээд та хүн зодсон байна гээд намайг авч явж эрүүлжүүлэх байранд хийсэн...” гэх мэдүүлэг,

           

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн “...А бид хоёрын дундаас гарсан хүү бол Балжиням юм. 1998 онд А.Быг өөрийн төрсөн ах Б өргүүлсэн. Б Налайх дүүргийн 10 жилийн сургууль төгссөн. Надтай байнга холбоотой байдаг. Б гэх эмэгтэйтэй хоёр жилийн өмнөөс гэр бүл болж 1 хүүтэй болсон. Одоо хүү нь нэг нас гарантай болсон байх. Би хамгийн сүүлд Бтай 2022 оны 09 сард уулзаж байсан. Тухайн үед ажил хийгээд явж байсан. Тэрнээс хойш уулзаагүй, хааяа утсаар ярьдаг байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

  • Иргэний үнэлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/,
  • Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хавтаст хэргийн 101 дэх тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн өгсөн

  • “Жем Трейд” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/23 дугаартай тодорхойлолт,
  • 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын Голомт цогцолбор сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:  А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ХХХХ" хоолны газрын хоёр давхарт амь хохирогч О.Г ялимгүй  зүйлээс шалтгаалан маргалдаж, толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас амь хохирогч О.Гад тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл учруулж, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бын өгсөн “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, талийгаач хоолны үлдэгдэл ширээн дээрээс авах гэхээр нь мөнгөтэй байж хоолны үлдэгдэл авах гэлээ гэж уурлаж маргалдсан юм. Ийм зүйл болно, талийгаачийг нас барна гэж огт бодоогүй, ...” гэх мэдүүлэг,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 3 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 7-13 дахь тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 10-16 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн "... 17 цагийн үед тэр хоёр хүнийг манайхаас гарчих гэсэн чинь ах нар нь дүүдээ хүндрэл учруулахгүй гээд гарсан. Тэгээд ерөөсөө удаагүй, 5 минутын дараа үүдний шилэн хаалга руу харсан чинь өндөр шар ах ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь яваад очсон чинь нөгөө нас барсан хүн газар хэвтчихсэн байсан хүнийг сэгсрээд босоорой гэхэд хариу үйлдэл үзүүлээгүй" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С өгсөн “...Үүнээс хойш 20-30 минутын дараа хамгаалагч над дээр хүрч ирээд нэг эрэгтэй сэрэхгүй байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд надаас уут аваад гарсан эрэгтэй дээш харчихсан зүүн нүдний дээрээс цус гарсан, хэлээ хазаж уруул нь хөхөрсөн байдалтай манай хоолны газар луу ордог 2 давхрын хаалганы хажууд хэвтэж байсан. Би очоод гүрээний судас дээр нь дарж үзэхэд цохилж байхаар нь түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эмч нар ирж үзээд тухай хүнийг өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд 10 минут 58 секундэд хар бараан өнгийн саравчтай малгайтай, хар бараан өнгийн куртик, дотуураа цайвар өнгийн хоолойтой цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн зүүн гараа атгаж байгаад халимаг хар өнгийн үстэй, хар өнгийн куртиктэй, цайвар шаргал өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй хүний баруун талын хүзүү хэсэгт нэг удаа цохиод дахин баруун гараараа хоолой хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохиж байгаа байгаа бичлэг байна. Уг дүрс бичлэгийг зураг №6, №7 гэж тэмдэглэн харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд 11 минут 02 секундэд хар бараан өнгийн саравчтай малгайтай, хар бараан өнгийн куртик, дотуураа цайвар өнгийн хоолойтой цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн баруун гараа атгаж байгаад халимаг хар өнгийн үстэй, хар өнгийн куртиктэй, цайвар шаргал өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй хүний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиж байгаа бичлэг байна. Уг дүрс бичлэгийг зураг №8 гэж тэмдэглэн харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 126 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2883 дугаартай

- Тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духны хуйхны цус хуралт, духны шарх, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Амь хохирогч нь тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

- Цогцост хийсэн гадна үзлэгээр амь хохирогч нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цаг, 43 минутын байдлаар нас бараад 4-5 цаг болсон байжээ" гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 61-66 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулж байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч А.Б нь “Ширээн дээр байсан хүний идэж байсан хоолны үлдэгдлийг авах гэлээ” гэсэн шалтгаанаар амь хохирогч О.Г маргалдаж улмаар толгойн тус газар нь гараараа цохиж унагасны улмаас О.Гад тархины гэмтэл учирч нас барсан нь шүүгдэгч А.Бын гэм буруутай үйлдлийн улмаас О.Гын амь хохирсон болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.Б нь дээрх гэмт хэргийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгдэгч А.Быг гэм буруутай гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г нь шүүхийн шатанд шүүгдэгчээс гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүхийн шатанд барагдуулсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч О.Г нь цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс П.А гэм хорын хохирол баримтаар нэхэмжлээгүй ч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар  шүүгдэгч А.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар  ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “....Миний үйлчлүүлэгч хохирол, төлбөрөө төлсөн. Хорих 461 дүгээр ангид уулзахад  өөрийнхөө төлөө ярихгүй хохирол төлбөр талаар яриад байсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хүмүүжих талаар ар гэрийн зүгээс, мөн өөрөө анхаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 6.5 дугаар зүйлийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт  зааснаар ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ггийн өмгөөлөгч Г.Баянжаргал: “...Шүүгдэгч нь залуу хүн учраас улсын яллагчийн гаргасан саналаас доогуур ял оногдуулахад татгалзах зүйлгүй байна... гэв.”

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн өмгөөлөгч Б.Мандхай: “...Өмгөөлөгч нартай санал нэг байна. Цаашид бололцоогоороо амь хохирогчийн ар гэрт туслалцаа үзүүлэхийг хүсэж байна гэв...”

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь дүгнэлтдээ “Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн” тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсныг хөрөнгө, мөнгөөр тооцож хохирол бүрэн төлөгдсөн, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын зардалд /оршуулгын/  5.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлсөн, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулаагүй, шүүгдэгч нь гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт, гэм хорын хохирол нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцүүлэн А.Бын гэм  буруутай үйлдлийн улмаас  хүний амь хохирсон, үйлдсэн  гэмт хэрэг  нь  хүнд  гэмт хэргийн  ангилалд хамаарч  буй  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Агийн Бд 05 /тав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 05 /тав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Бын урьд цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүгдэгч А.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                    ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА

 

                                                    ШҮҮГЧ                         Б.БЭЭЖИН