Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2019/01363/И |
Дугаар | 102/ШШ2019/01885 |
Огноо | 2019-06-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2019/01885
2019 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2019/01885 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ХХК-ийн ,
Хариуцагч: Н.Б-д холбогдох,
18,900,240 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Б нь “М” ХХК-тай анх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “БГ01” тоот “Малын тэжээл зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр нийлүүлэгчээс борлуулагчид 20,000,000 төгрөг хүртэлх малын тэжээл зээлээр нийлүүлэх байсан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний барьцаанд Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал, 1 дүгээр баг, суврагийн задгай 1-4 “Б” хаягт байрлах 56 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 0.07 м2 газрыг тавьсан. Гэрээний дагуу нийлүүлэгчээс борлуулагчид нийт 14 удаагийн таталтаар 54,326,000 төгрөгийн тэжээл зээлээр нийлүүлсэн. Үүнээс хариуцагч нь 39,686,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо 14,640,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “борлуулагч тал төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн торгууль ногдуулна” гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги нь 7,320,000 төгрөг болсон. Ингээд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 14,640,000 төгрөг, алданги нь 7,320,000 төгрөг, нийт 21,960,000 төгрөг болж байгаа. Иймд хариуцагчаас 21,960,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан. Түүнчлэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд 21,960,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өөрийн 21,960,000 төгрөг гаргуулах шаардлагын хэмжээг дараах байдлаар багасгаж байна. Үүнд:
1/ Талуудын байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Гэрээний 5.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 14,640,000 төгрөгөөс тооцогдоно. Ийнхүү тооцоход 14,640,000 төгрөгийн нэг өдрийн алданги нь өдрийн 43,920 төгрөг болно. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тооцоход 97 хоног болно. Ингээд хариуцагчийн нийт төлөх ёстой алданги нь 4,260,240 төгрөг болж байна. Ийнхүү тооцож үзэхэд хариуцагч нь үндсэн төлбөр 14,640,000 төгрөг, алданги 4,260,240 төгрөг, нийт 18,900,240 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 3,059,760 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж, үлдэх 18,900,240 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа болно. Харин нэхэмжлэгч тал барьцааны зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжлэлд дурдсанчлан хариуцагч Н.М нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийт 54,326,000 төгрөгийн тэжээлийг хүлээн авсан ба үүнээсээ 39,686,000 төгрөгийг буцаан төлсөн. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөлт хийсэн. Үүнээс хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй. Хариуцагчид төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан ч төлбөрөө огт төлөхгүй байсан учир бид аргагүйн эрхэнд шүүхэд хандсан гэжээ.
Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сараас эхлээд “М” ХХК-ийн рапсны шахмал тэжээлийг борлуулж эхэлсэн бөгөөд олонд танигдаагүй дээрх тэжээлийг өөрийн нөөц бололцоог дайчлан байж олонд таниулж зах зээлд борлуулж байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр миний түрээсэлж ажиллуулдаг байсан түрээсийн байранд өөрийн буруугаас болж гал гарч тэжээл болон эм бэлдмэл гэх мэт эд зүйл шатаж нийт 60,000,000 төгрөгийн хохирол учирч ажилд маань доголдол үүссэн. Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд н.Өлзийбат гэж хүнд 5 тн буюу 125 ширхэг нийт 4,375,000 төгрөгийн тэжээл өгөөд одоо болтол авч чадаагүй. Дээрх хүн Солонгос улс яваад ирэхгүй байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, партизанд тэжээл борлуулж байсан. Д.Мандах 3,339,000 төгрөгийн тэжээлийн дутагдал үүсээд одоо Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Иймд дээрх 14,640,000 төгрөгийг өдий болтол өгч чадахгүй явж байна. Дээрх компанийн нэхсэн 14,640,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 7,320,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь үйлдвэрийн үнэ 1 уут нь 35,000 төгрөг бөгөөд би цааш нь 36,500 төгрөгөөр борлуулдаг. Мөн Төв аймгийн Батсүмбэр сум Улаанбаатар хотоос 80 км байдаг. Иймд унааны зардал зөрүү 1,500 төгрөг тээврийн зардал, ажилчдын хөлс гэх мэт хүрэхгүй надад ашиг гардаггүй. Иймд эвлэрүүлж үндсэн төлбөр болох 14,640,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сард барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү. Дээрх тэжээлийг хувиас ч төлбөрийг нь төлөөд сурталчлуулж байсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон үндсэн нэхэмжлэлийн тооцоололтой маргахгүй. Харин нэхэмжилж буй алдангийг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний 2.1-д “энэхүү гэрээний хүчинтэй хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байна”, 2.2-т “Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээ цуцлах санал гаргаагүй, үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээг 1 жилээр сунгасанд тооцож, хүчин төгөлдөр байгаад тооцно”, 2.3-т “талууд гэрээг цуцлах саналаа 7 хоногоос доошгүй хугацааны өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж төлбөр тооцоо дууссаны дараа гэрээ цуцлах акт үйлдэнэ” гэж заасан. Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс албан ёсоор гэрээ цуцлах санал тавиагүй, гэрээний хугацаа сунгагдсан байгаа учир гэрээний хариуцлага болох алдангийг нэхэмжлэгч тал шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээ цуцлах талаараа бичгээр мэдэгдээгүй, манайд ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагуудын зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч Н.М нар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №БГ01 тоот “Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ” байгуулжээ.
2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №БГ01 тоот “Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ”-ний дагуу “М” ХХК нь малын тэжээлийг Н.М-д нийлүүлэх, үүний хариуд Н.М тохирсон төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээсэн талаар талууд маргахгүй байгаагаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №Б01/02 дугаартай “зээлийн барьцааны гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр эрхийн улсын Ү-1403000139 дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал хаягт байршилтай, 56 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдал харагдаж байна.
2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “М ” ХХК нь хариуцагч Н.Мд холбогдуулж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №БГ01 тоот “Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ”-ний үүрэг буюу төлбөрийн үлдэгдэл 14,640,000 төгрөг, алдангид 7,320,000 төгрөг, нийт 21,960,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 21,960,000 төгрөгийн шаардлагын хэмжээг 3,059,760 төгрөгөөр багасгасаж, нийт 18,900,240 төгрөгийг гаргуулна гэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрийн шаардлагуудын үндэслэлээ “...талуудын байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусахад хариуцагч 14,640,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг гүйцэтгээгүй үнийн дүнгээс гэрээгээр тохирсон 0.3 хувиар алдангийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тооцоход 4,260,240 төгрөг болно. Уг алданги болон үндсэн төлбөрийн нийт хэмжээ 18,900,240 төгрөгийг нэхэмжлэгч шаардаж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлагаа дэмжинэ” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Н.М нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №БГ01 тоот “Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ”-ний дагуу нийт 54,326,000 төгрөгийн малын тэжээл хүлээн авснаас 39,686,000 төгрөгийг буцаан төлсөн, гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь 14,640,000 төгрөг байгаа талаар маргаагүй. Харин алдангийг “...гэрээний хугацаа дуусаагүй, гэрээ цуцлагдаагүй байгаа” гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэгэнт хариуцагч Н.М гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нийлүүлсэн малын тэжээлийн үлдэгдэл үнэ 14,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.
Түүнчлэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.
Талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тал хувиар буюу 2,130,120 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй.
Харин Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр гэсэн үндэслэлээр эрхийн улсын Ү-1403000139 дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал хаягт байршилтай, 56 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хүлээн авч, газар эзэмших эрхээс хангуулах хэсгийг хангах боломжгүй гэж шүүх үзэв.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “газар барьцаалах гэрээнд тухайн газрын кадастрын зураг, газар өмчлөх, ашиглах, эзэмших эрхийн бичгийн хуулбарыг хавсаргана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-гээр Н.М нь газар эзэмших эрхийг барьцаалсан гэх боловч уг гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна. Тодруулбал, уг гэрээг газрын албанд бүртгүүлсэн нь тодорхой бус, 0.07м2 газрын кадастрын зураг гэрээнд авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Мгээс 16,770,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М тэч” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,130,120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-1403000139 дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал хаягт байршилтай, 56 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас 18629359098766 нэгж талбарын дугаартай, 0.07 м2 хэмжээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мгээс 241,801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ