Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        01          30                                   2023/ШЦТ/153

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ё овогт Э.У холбогдох эрүүгийн 2303 00698 0003 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын Иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Инженер механик мэргэжилтэй, ХХ ХХК-д өрлөгчин ажилтай, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Горькийн 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай,

Ё овогт Э.У, регистрийн дугаар: ХХ000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр,  Энхтайваны өргөн чөлөө Хаан банкны урд талын замд тоёота приус 0000 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ш.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 4-11 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Эын өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Төмөр замд Барс захын сааданд нэг өвгөнтэй 1 шил 0.75 граммын архи хувааж уусан юм. Тэгээд 19 цагийн үед Жуковын музейн урд талын барилгын хашаан дотор ганцаараа ирээд тэнд 0,33 граммтай 1 шил архи уусан. Тэгээд 19 цагийн үед Жуковын музейн муруй талын барилгын хашаан дотор ганцаараа ирээд тэнд 0.33 граммтай архи уусан. Би тухайн үед хэдэн цаг болж ганы сайн санахгүй байна. Миний урд 3 хүн зам гарч явж байсан ба би жаахан зайтай араас нь явж байсан. Тэгээд нэг харсан миний гутал тайлагдаад шидэгдсэн байсан. Тэгээд намайг мөргөсөн жолооч миний гутлыг голын тусгаарлах зурвасаас олж ирээд өгсөн. Би гарцаар алхаад явж байсан. Надад таяг авсан мөнгөний баримт л байгаа бусад эмчилгээний зардлыг жолооч төлөөд явж байгаа..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-18 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14819 дугаартай “Ш.Эыг биед баруун тахилзуур яс, шагайн ясны далд хугарал, зүүн гуя, өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн оройн хэсэг, баруун чихний дэлбэнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 41-42 дэх тал/

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай дүгнэлт, /хавтаст хэргийн 47-55 дахь тал/

Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1575 дугаартай “Явган зорчигч Ш.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, Тоёота Приүс маркийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Э.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна..." гэх магадалгаа,  /хавтаст хэргийн 58 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 73 дахь тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 72 дахь тал/

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 73 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 69 дэх тал/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 74 дэх тал/

- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хавтаст хэргийн 75 дахь тал/

- Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 76 дахь тал/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хавтаст хэрийн 77 дахь тал/

- “Төгс хурц констракшн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10 өдрийн 11/5 дугаартай тодорхойлолт, /хавтаст хэргийн 78 дахь тал/

- Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 201404264 дугаартай бакалаврын диплом, /хавтаст хэргийн 80-82 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Тээврийн Прокурорын газраас Э.У нь 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө Хаан банкны урд талын замд тоёота приус 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ш.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас таван зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

           Шүүгдэгч Э.Уын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.У  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Ут холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Э.Уын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний  эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө Хаан банкны урд талын замд тоёота приус 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан  “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ш.Эыг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14819 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны  өдрийн №414 дугаартай магадалгаа,  яллагдагч Э.Уын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  гэм буруутай болох  нь нотлогдон тогтоогдсон байна.

 

        Тээврийн Прокурорын газраас Э.Уын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

  

          Иймд Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж  түүнийг гаргахгүй байхыг чадна  гэж тооцсон боловч  хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг  учрах боломжтойг  урьдчилан мэдэх ёстой , мэдэх боломжтой  байсан боловч  мэдэлгүй үйлдсэний улмаас  хохирол, хор уршиг учирсан бол  болгоомжгүй  гэмт хэрэгт  тооцно”  гэж  хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Уын үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж,

        Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөгийг засах зэргээр /буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө тус тус хуульчилжээ.

          Шүүгдэгч Э.У нь хохирогч Ш.Эын эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 893.660 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний дансны хуулга, хохирогчийн Тээврийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 224.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Уыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

                            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.У нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээ нь хуульд нийцсэн, тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт   хэсэгт зааснаар Э.Ут оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  нотлох баримтаар  төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Ё овогт Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт   хэсэгт зааснаар Э.Ут оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ