Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/01933

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/01933

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТӨХК-д холбогдох

 

урьд эрхэлж байсан мөнгөн хөрөнгийн няравын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “.....” ТӨХК-ийн санхүү бүртгэлийн хэлтэст кассын няраваар ажиллаж эхэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүүгээ төрүүлээд жирэмсний амралтаа авч дуусан буцаад ажилдаа орох гэтэл миний оронд өөр хүн авч жинхэлсэн байсан. Би ажилдаа буцаж орох гэж шүүхэд хандсан бөгөөд хариуцагч байгууллагатай шүүхийн шатанд эвлэрч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/323 дугаар тушаалаар мөнгөн хөрөнгийн няравын ажилд орсон.

Гэтэл “.....” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/89 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар намайг материалын няраваар ажиллуулах болсон. Энэхүү шийдвэрийг миний бие эс зөвшөөрч шүүхэд хандан дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1/ Урьд эрхэлж байсан мөнгөн хөрөнгийн няравын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулна.

2/ Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулна.

3/ Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ.

Миний бие 1 сарын 1,210,000 төгрөгийн цалинтай бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч цалин аваагүй байна.

Энэ хэрэгт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “СБХ-ийн хурлын тэмдэглэл” нь хоёр янзаар авагдсан байгаа. Хариуцагч талаас гаргаж өгсөн нь 2 хуудас, миний  гаргаж өгсөн нь 1 хуудас байгаа. Намайг хурлын тэмдэглэлийг хуулбарлаж авах үед нэг хуудас байснаа намайг шүүхэд хандахаар хариуцагч агуулга, хэлсэн үг зэргийг найруулаад 2 хуудас болгож өгсөн. Тэгсэн хэдий ч энэхүү хурлын тэмдэглэлийн агуулгаас үзэхэд би өөр ажилд шилжин ажиллахаар өөрөө санал, хүсэлт гаргасан байдал тогтоогдохгүй, надад саналыг шууд тулгаж хэлсэн. Тэгээд ч би хурал дээр дарга нараас айгаад саналгүй гэж хэлсэн. Учир нь ажиллаж байгаа байгууллагын дарга нартайгаа хэн ч хурал дээрээ муудалцахыг хүсэхгүй.  Мөн би шинэ ажил дээрээ ажиллах гэхээр материалын няравын ажил дээр өөр настай хүн ажиллаж байгаа. Хариуцагч өнөөдрийн хурал дээр энэ орон тоо чөлөөтэй гэж байгаа ч гэсэн яг бодит байдал дээр сул орон тоо ч байхгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Т.Н нь тус компанид анх 2014 онд захирлын туслахаар түр ажилд орсон. Дараа нь биеийн тамирын зааварлагч хүүхэд асрах чөлөө авсан тул түүний оронд шилжүүлэн ажиллуулсан. Биеийн тамирын зааварлагчийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн ороход нь Т.Ныг уг албан тушаалаас чөлөөлж, кассын няраваар туршилтын журмаар шилжүүлэн ажиллуулсан. Тэрээр кассын нярваар томилогдсоны дараа удалгүй жирэмсэн болж, 2016 оны 5 сард хүүхэд асрах чөлөө авсан тул түүний оронд эдийн засагч мэргэжилтэй Э.Номинг авч ажиллуулсан. Улмаар Т.Н нь 2018 оны 9 сард ажилдаа орох хүсэлт гаргасан бөгөөд түүнтэй тохиролцож хэсэг хугацаанд хүлээх боломжтой эсэх талаар санал тавихад зөвшөөрөөд гарсан боловч шүүхэд хандсан байсан. Ажил олгогчийн зүгээс анхнаасаа Т.Ныг хэсэг хугацааны дараа ажилд нь эргүүлэн авна гэж байсан учраас шүүх дээр эвлэрлийн гэрээг байгуулж, кассын няраваар үргэлжпүүлэн ажиллуулсан болно. 

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Компанийн нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай” А/61 дүгээр тушаалаар Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж материалын няравын орон тоо 2 болсон. Мөн гүйцэтгэх захирлын 2019 оны  4 дүгээр сарын 10-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн ажиллах дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд уг дүрмийн 2.12-т “Хэлтсийн ажилтнуудын ажлын байрны сэлгэн орлон ажиллах чадварыг нэмэгдүүлэх үүднээс хэлтсийн даргын саналыг харгалзан гүйцэтгэх захирлын шийдвэрээр ажилтнуудын ажлын байрыг шилжүүлж болно” гэж заасан, мөн Т.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.7, 6.6, 6.6.4-р зүйлүүдэд “ажилтныг ижил үүрэг хариуцлагатай өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулахаар” тус тус заасан. Тиймээс дээрх дүрэм, гэрээний дагуу нэр бүхий ажилтнуудыг ажлын байрны сэлгэн ажиллах чадварыг нэмэгдүүлэх, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өөр ажпын байранд шилжүүлэн ажиллуулсан бөгөөд Т.Ныг кассын нярвын ажил үүрэгтэй нь ижил төстэй материалын няравын албан тушаалд ажиллуулахаар болсон. Энэ албан тушаалд томилогдсоноор хөдөлмөрийн нөхцөл дордоогүй цалин хөлс ижил байгаа болно. Шинээр батлагдсан Санхүү, бүртгэлийн хэлтсийн ажиллах дүрмийг ажилтнуудад танилцуулсан ба Т.Н нь уг дүрэмтэй танилцаж гарын үсгээ зурсан. Мөн Хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүдийг, ялангуяа гэрээний 4.7, 6.6, 6.6.4 дахь заалтуудыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Материалын няравын орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүс нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад түүхий эд, бараа материалаар тасралтгүй хангах, тухайн байгууллагад тодорхой хугацаанд ажиллаж үйлдвэрлэлийн үйл ажиллагааны онцлог, цех нэгж, хүмүүсээ сайн мэддэг болсон туршлагатай хүнийг ажиллуулах зайлшгүй шаардлагын үүднээс Т.Ныг материалын няраваар сэлгэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан. Энэ талаар СБХ-ийн дарга өөрт нь удаа дараа танилцуулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн СБХ-ийн нийт ажилтнуудын хурал дээр Т.Н болон нэр бүхий ажилтнуудын ажпын байрыг шилжүүлэн ажиллуулах болсон талаар албан ёсоор танилцуулж ямар нэг татгалзал, санал байгаа эсэхийг асуухад дээрх саналыг зөвшөөрч, ямар нэг татгалзал, санал гомдол гаргаагүй учраас гүйцэтгэх захирлын Б/89 тоот тушаал гарсан. Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/89 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Манай байгууллагаас хэрэгт 2 хуудас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “СБХ-ийн хурлын тэмдэглэл”-ийг нотлох баримтаар өгсөн. Энэхүү хэрэгт хоёр өөр хурлын тэмдэглэл байгаа нь үнэн. Нэг нь 1 хуудас, нөгөөх нь 2 хуудас тэмдэглэл байгаа. Хурал болсны дараахан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн СБХ-ийн хурлын тэмдэглэлийн найруулга, агуулгыг өөрчилж гаргасан учраас 1 хуудас байсан тэмдэглэл 2 хуудас болсон байх. Гэхдээ тэмдэглэлийн агуулгаас үзэхэд “ажилд шилжүүлэх талаар санал байна уу” гэхэд нэхэмжлэгч өөрөө саналгүй гэж хэлсэн байгаа.   

Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл цалин аваагүй байгаа. Учир нь нэхэмжлэгч өөрөө шинэ ажлаа хийхгүй байгаа учир цалин өгөх боломжгүй. Хамгийн гол нь манай байгууллага нэхэмжлэгчийн туршлагатай, ажлаа мэддэг, хамт олноо таньдаг, цаашдаа удаан жил ажиллана гэж үзээд түүнийг материалын няраваар ажиллуулахаар болсон. Түүнийг бид дэвшүүлээд ажиллуулсан гэж бодсон чинь нэхэмжлэгч гэнэт л гомдол санал гаргаад явсан. Одоо материалын нярав дээр тэтгэвэртээ гарах хүн ажиллаж байгаа, тэр хүн тэтгэвэртээ гармагц орон тоо нь шууд сулраад гараад ирэх боломжтой гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Н нь “.....а” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Т.Ныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” Б/323 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №19-355 дугаар хөдөлмөрийн гэрээний дагуу “..........” ТӨХК-д мөнгөн хөрөнгийн няраваар ажиллаж байжээ.    

 

“..........” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/89 дүгээр тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, “..........” ТӨХК-ийн дүрмийн 8.11.11 дэх заалт, Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн ажиллах дүрмийн 2.12 дахь заалт, Санхүү бүртгэлийн хэлтэс /СБХ/-ийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын ажлын байрны сэлгэн ажиллах чадварыг нэмэгдүүлэх, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ...Т.Ныг материалын няраваар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Т.Н нь хариуцагч “..........” ТӨХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан мөнгөн хөрөнгийн няравын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ.

 

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба татгалзлын үндэслэлээ “...шилжүүлэн ажиллахыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн”, “...нэхэмжлэгч нь тухайн байгууллагад удаан ажилласан, туршлагатай хүн учир шинэ ажил руу шилжүүлсэн”, “...ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон Санхүү, бүртгэлийн хэлтсийн ажиллах дүрмэнд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулсан” гэсэн агуулгаар тайлбарлав. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасан.

 

Ажил олгогч ажилтнаар анх тохирч, хөдөлмөрийн гэрээнд тусгасан албан тушаалын ажил үүргийг гүйцэтгүүлэх ёстой. Гэхдээ хөдөлмөрийн гэрээний аль нэг талын ашиг сонирхлын үүднээс ажилтнаар гэрээнд тусгагдаагүй ажлыг гүйцэтгүүлэх шаардлага гарах боломжтой. Харин ямар тохиолдолд ажил олгогч гэрээнд тусгагдаагүй ажлыг гүйцэтгэхийг ажилтнаас шаардах, өөр ажилд шилжүүлэх боломжтойг Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлүүдэд нэг бүрчлэн тусгаж өгчээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд “Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх”, 33 дугаар зүйлд “Сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх”, 34 дүгээр зүйлд “Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх” гэж тус тус заасан байна. Тодруулбал, эдгээр хуульд заасан тохиолдлуудад ажил олгогч ажилтныг гэрээгээр тохирсноос өөр ажил “түр” хийхийг шаардах боломжтой. 

 

Харин Т.Ныг материалын няраваар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн “..........” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/89 дүгээр тушаалын агуулгаас үзэхэд хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгчийг “бүрмөсөн” өөр ажилд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажил олгогч талын буюу нэг талын санаачилгаар өөр ажилд шилжүүлжээ.

 

Гэтэл хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтныг өөр ажилд бүрмөсөн шилжүүлэх нь дан ганц ажил олгогчийн санаачилгаар хийгддэггүй, гагцхүү гэрээний талуудын тохиролцоо, эсхүл ажилтны хүсэлтээр, эсхүл эрх бүхий этгээдийн шаардлагыг ажил олгогч хүлээн авснаар хийгддэг.  

 

Хариуцагчийн зүгээс өөрийн “...Т.Ныг өөрийнх нь хүсэлтээр өөр ажилд шилжүүлсэн” гэсэн тайлбараа нотлох үүднээс хэрэгт 2 хуудас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “СБХ-ийн хурлын тэмдэглэл”-ийг нотлох баримтаар өгсөн. Гэвч энэхүү хурлын тэмдэглэлийн агуулгаас үзэхэд Т.Н өөр ажилд шилжин ажиллахаар өөрөө санал, хүсэлт гаргасан байдал тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр дээрх хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...би хурал дээр дарга нараас айгаад саналгүй гэж хэлсэн”, “...уг хурлын тэмдэглэлийг би хуулбарлаж авахад 1 хуудас байсан. Гэтэл хариуцагч талаас яг адилхан хурлын тэмдэглэлийг шүүхэд 2 хуудас болгоод өгсөн байна” гэх тайлбар,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн СБХ-ийн хурлын тэмдэглэлийн найруулга, агуулгыг өөрчилж гаргасан учраас 1 хуудас байсан тэмдэглэл 2 хуудас болсон байх” гэсэн тайлбаруудтай харьцуулан судлахад хариуцагчийн “...Т.Н өөр ажилд шилжин ажиллахыг зөвшөөрсөн” гэх татгалзал үндэслэл муутай болжээ. 

 

Иймд нэхэмжлэгч Т.Ныг урьд ажиллаж байсан ажилд нь буюу   “..........” ТӨХК-д мөнгөн хөрөнгийн няравын ажилд эгүүлэн томилох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж зааснаас үзвэл дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй.  

 

Т.Н нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажил олгогчоос цалин аваагүй талаар зохигчид маргаангүй байна.   

 

Иймд нэхэмжлэгчийн №0940799 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт болон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн  Т.Нын нэг өдрийн цалинг 70,272 төгрөг гэж тооцно. 

 

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах  өдрийг хүртэл ажлын нийт 38 хоног байх тул энэ хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,670,336 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир нэхэмжлэгч Т.Нын ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Н-ыг “..........” ТӨХК-ийн мөнгөн хөрөнгийн няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “..........” ТӨХК-иас 2,670,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Над олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Н-ад ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “..........” ТӨХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “..........” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 57,675 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ