Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/12

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Д.Ганцэцэг

                                                      Хохирогч М.Баасандорж

                                                     Шүүгдэгч Ц.Б

                                                     Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-д холбогдох 8 хавтас эрүүгийн 201415000227 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Жоов овгийн Ц.Б

Ц.Б нь согтуурсан үедээ, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан орон байранд нэвтэрч 2014 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Л.До-н гэрт нэвтэрч эмэгтэй цүнх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бэл, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг сувдан даруулга, мөнгөн зуузайтай амгай, дунд гарын шүрэн толгойтой хөөрөг, гуулины хольцтой мөнгөн цөгц хулгайлж 6825000 төгрөгийн,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой С.Ш-н гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метрийн урттай торго зэргийг хулгайлж 2118000 төгрөгийн,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Ж-н гэрт нэвтэрч мөнгөн аяга, манан хөөрөг, мөнгөн бүс, даалин, хөөрөгний толгой хулгайлж 430000 төгрөгийн,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Т.А-н гэрт нэвтэрч Агар зандан модон аяга, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон ээмэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйн цаг, мөнгөн гинж, мөнгөн хослол, цүнх, 7 ширхэг эмэгтэй мөнгөн товч, 5 ширхэг эрэгтэй мөнгөн товч, мөнгөний цуглуулга, 6 ширхэг зоосон мөнгө, ус буцалгагч хулгайлж 3.952.000 төгрөгийн,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Ц.С-н амбаарт нэвтэрч эмээл, “Болор” архи хулгайлж 3020000 төгрөгийн,

2016 оны 04 дүгээр сард С.Р-н гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг борц хулгайлж 580000 төгрөгийн,

2016 оны 07 дугаар сарын 09-ны шөнө Г.Ц-н гэрт нэвтэрч Богд лам нэртэй гуулин цутгамал бурхан хулгайлж 2500000 төгрөгийн,

2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд өдөр Д.Г-н гэрт нэвтэрч Acer брэндийн Notebook, хөөрөг, мөнгөн аяга, эрэгтэй хүний 2 ширхэг дээл, эмэгтэй дээл, ус буцалгагч, түрийвч, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн ээмэг, 5 лан мөнгөний цуглуулга, шатар, флаш, 0.5 гр “Хараа” нэртэй архи, цахим үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж 2171300 төгрөгийн,

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Ч.Э-н гэрт нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, BAZ нэртэй Notebook хулгайлж 1950000 төгрөгийн,

2016 оны 04 дүгээр сард А.Б-н гэрт нэвтэрч эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 17 ширхэг дээлийн мөнгөн товч, эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 гр “Экс” нэртэй архи, жинсэн өмд хулгайлж 2853900 төгрөгийн,

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө иргэн Р.Н-н гэрт нэвтэрч мөнгөн маанийн үсэг, эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1600000 төгрөгийн,

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Х-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч Эл Жи брэндийн 49 инчийн зурагт 1 ширхэг, зурагтын нүдний шил 4 ширхэг, эрэгтэй хүний пойлсон материалтай бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1745000 төгрөгийн,

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө иргэн Б.Б-н хувийн сууцанд нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 565000 төгрөгийн,

-ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 24-08 тоот оршин суух иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч цэнхэр торгон өнгөтэй, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн эсгэсэн хурганы арьс 1 ширхэг, ямааны мах 15 килограмм зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1567500 төгрөгийн,

2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө иргэн Ц.О-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг, хутга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2320000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө иргэн Г.Г-н гэрт нэвтэрч “Тошиба” брэндийн 32 инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 400000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд иргэн Ё.Б-н эзэмшлийн гэрт нэвтэрч модон гуутай цутгамал шармал бурхан 3 ширхэг, цөгц 1 ширхэг, таваг 1 ширхэг, эрх 1 ширхэг, даллаганы уут 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 3275000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн И.Г-н гэрт нэвтэрч "Skyworth" брэндийн 40 инчийн зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1000000 төгрөгийн,

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн М.Б-н эзэмшлийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, Acer маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, “Бамбар” зайрмаг 60 ширхэг, “Стандарт” зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай тус бүр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхгийг тус тус нууцаар, хууль бусаар авч 2996300 төгрөгийн,

2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний зулхай дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний ноосон жалетка 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний булган ороолт 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүүхдийн жалека 2 ширхэг, эрэгтэй хүүхдийн майк 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 0.5 литрийн шилтэй архи 1 ширхэг, улаан шонхор нэртэй тамхи 2 хайрцаг, чихрийн цуглуулга 1 хайрцаг, зурагтын хүлээн авагч 1 ширхэг, Амлоденк нэртэй даралтны эм 1 хайрцаг, Нольпаза нэртэй ходоодны эм 1 хайрцаг, үйлийн хайч 1 ширхэг, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1403800 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн Ц.Я-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний монетен гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетен бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 11600000 төгрөгийн, нийт 44432800 төгрөгийн хохирол бусдад учруулсан /яллах дүгнэлтэнд бичигдснээр/ гэмт хэрэгт холбогдсон гэж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Шүүгдэгч Жоов овгийн Ц.Б-г бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 529 /таван зуун хорин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с 41417800 төгрөг гаргуулж хохирогч Л.Д-д 6825000 төгрөг, хохирогч С.Ш-д 2118000 төгрөг, хохирогч Б.Ж-д 430000 төгрөг, хохирогч Т.А-д 3952000 төгрөг, хохирогч Ц.С-д 3020000 төгрөг, хохирогч С.Р-д 580000 төгрөг, хохирогч Г.Ц-д, 2560000 төгрөг, хохирогч Д.Г-д 2171800 төгрөг, хохирогч Г.Э-д 1950000 төгрөг, хохирогч А.Б-д 2853900 төгрөг, хохирогч И.Г-д 100000 төгрөг, хохирогч Р.Н-д 1600000 төгрөг, хохирогч С.Х-д 1695000 төгрөг, хохирогч Б.Энхжаргалд 1567500 төгрөг, хохирогч Б.Б-д 465000 төгрөг, хохирогч Ц.О-д 2200000 төгрөг, хохирогч Г.Г-д 400000 төгрөг, хохирогч Ё.Б-д 20000000 төгрөг, хохирогч М.Б-д 2056300 төгрөг, хохирогч Д.Д-д 1233800 төгрөг, хохирогч Ц.Я-д 1160000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 480000 төгрөг тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 41417800 төгрөгийн хохиролтой 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралд хохирогч нарыг оролцуулах санал гаргаж байсан боловч шүүгч татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь зарим хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүх хуралдааныг хойшлуулж хохирогч нарын хохирлыг хасч шийдвэрлэсэн бол миний хохирлын хэмжээ багасах байсан. Үүнд гомдолтой байна. Хүмүүсийн нэрийг тоотоор гаргуулах тухай хүсэлтийг Шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байгаа. Үлдсэн хохирлын мөнгийг хорих ангид ажил хийж, мөн ах, дүү нараасаа мөнгө цуглуулж төлж барагдуулна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд надад оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас хасч өгнө үү. Намайг 2018 онд хэрэг хийсэн гэж шийтгэх тогтоолд бичсэн байна. Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс одоог хүртэл цагдан хоригдож байгаа. 2018 онд гэмт хэрэг хийгээгүй гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгож, бүх үйлдлүүдийг нэгтгэж шийдвэрлэсэн. Хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар гаргасан хүсэлт байхгүй. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 онд тайлбар өгсөн нь алга болсон, 2018 онд хулгай хийгээгүй байхад хулгай хийсэн гэж ярьж байна. Шийтгэх тогтоолын удирдах хэсэгт техникийн шинжтэй алдаа гарсан байсан. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 20-ны өдөр хүртэлх үйлдлийг 2018 он гэж зөрүүлж бичсэн байсан. Энэ нь техникийн шинжтэй алдаа учраас 2018 онд хулгай хийсэн гэж үзээгүй. Энэ техникийн шинжтэй алдаа нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх зүйл бол биш. 2017 үйлдэгдсэн гэдэг нь хавтас хэргээс харагддаг. Техникийн шинжтэй алдааг магадлалаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэдэг шударга ёсны зарчимд нийцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд хэрэг хийгээгүй. Надаас 2017 онд тайлбар авсан. Хавтаст хэрэг шинжлэн судлуулахад тэр тайлбар байгаагүй. Би Азжаргал байцаагчид 2017 онд тайлбар өгсөн. Мотоцикльтой явсан гэж тайлбар өгсөн байгаа. Хэзээ, хаана нь засагдаад 2018 он болгосныг мэдэхгүй байна. Хүний амьдралыг шийдэж байгаа байж техникийн алдаа байх гэдгийг ойлгохгүй байна. Би гомдолтой байна. Би 2018 онд хэрэг хийгээгүй. Баримт шинжлэн судлуулахад миний хүлээгээгүй хэрэг байдаг. Надад ерөөсөө уншиж танилцуулж, тайлбар аваагүй. Зарим нэг зүйл нь буруу болсон юм шиг санагдаад байдаг. Би олон зүйл уншиж байгаа болохоор эргэлзээд сайн мэдээгүй гэв.

Хохирогч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Б-г хулгай хийхдээ ганцаараа байгаагүй гэж боддог. 20-иод айл ухаж 40 гаруй сая төгрөгийн хохирол учруулчихаад өөрийн эрх ашгийг бодоод байгаад гомдолтой байна. Хохирол төлбөрөө ямар нэгэн аргаар барагдуулж авмаар байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Ц.Б-г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3-5 тоотод оршин суух М.Баасандоржийн эзэмшлийн байшинд нэвтэрч нууцаар, хууль бусаар эд зүйл авч 2996300 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдсэн буюу тухайн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй,

хохирогч Ц.Я-р нь 2017 оны 4 дүгээр сард гэрээсээ эд зүйлээ хулгайд алдсан талаараа өргөдөл гаргасан /7-р хх-ийн 244 хуу/, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөн тухайн цаг хугацаанд эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн байхад /7-р хх-ийн 247-249 хуу/ 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Ц.Б-г Ц.Я-н гэрээс эд зүйлийг нь хулгайлсан гэж яллах дүгнэлт  үйлдсэн нь хэргийн байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийг зөрчсөн, үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдол үндэслэлтэй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Мөн прокуророос Ц.Б-н шийтгэх тогтоол гарахын өмнөх үйлдсэн үйлдэл тогтоол гарсны дараа илэрсэн ба түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 01, 02 дугаартай дүгнэлтүүдийг шүүхэд гаргаж түүнд холбогдох хэргүүдийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112,  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолуудыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлэхийн өмнө Ц.Бын үйлдсэн гэх гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн болох нь хэрэг авагдсан баримтууд болон яллах дүгнэлтээр тогтоогдсон.  

Гэтэл Ц.Б-н эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзэж прокуророос түүнд урьд ял шийтгэсэн шийтгэх тогтоолуудад дүгнэлт бичин хүчингүй болгуулж хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлсэн атлаа Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн Ц.Б-н хулгайн үйлдлийг нэгтгэж шийдвэрлүүлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Ц.Б-н гаргасан хорих ялыг багасгаж өгөхийг хүссэн давж заалдсан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.