Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0162

 

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0162

Улаанбаатар хот

 

 

 Ж.Ө***ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д***,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н***,

Нэхэмжлэгч: Ж.Ө***

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд Т.С***

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт, “С***” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хуульд нийцсэн гэрээний дагуу Ж.Ө***т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргах /шилжүүлэх/-ыг даалгах, Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт “Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “С*** Э***” ХХК-д 7569 м.кв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ” гэснийг хүчингүй болгуулах, захирамжийн хавсралтаар иргэн Т.С***д 5525 м.кв газар эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн 204 м.кв газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Т.С***д А/576 дугаар захирамжаар олгосон 5525 м.кв газар эзэмших эрхээс “Б***” ХХК-д ногдох хэсгийг хүчингүй болгуулах /106.3.1/

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0005 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н***,

гуравдагч этгээд Т.С***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***

Хэргийн индекс: 119/2024/0027/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Ж.Ө***ээс Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан анх “Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дүгээр захирамж болон түүний дагуу “С***-Э***” ХХК-д нэгж талбарын 130101333 дугаар бүхий 8850 мкв газрыг 18 жилийн хугацаатай үйлчилгээний барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр, Орхон аймгийн Засаг даргын гарын үсэгтэйгээр олгосон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт, С*** зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт, “С***” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хуульд нийцсэн гэрээний дагуу Ж.Ө***т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргах /шилжүүлэх/-ыг даалгах, Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт “Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “С*** Э***” ХХК-д 7569 м.кв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ” гэснийг хүчингүй болгуулах, захирамжийн хавсралтаар иргэн Т.С***д 5525 м.кв газар эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн 204 м.кв газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Т.С***д А/576 дугаар захирамжаар олгосон 5525 м.кв газар эзэмших эрхээс “Б***” ХХК-д ногдох хэсгийг хүчингүй болгуулах /106.3.1/” хэмээн эцэслэн тодорхойлж маргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0005 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг баримтлан Ж.Ө***ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт, С*** зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу Ж.Ө***т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн Т.С***д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн тайлбарууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасанд хуулийн шаардлагыг хангаагүй,

3.2 Захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус болохыг нотлох

хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан,

3.3 Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.19-д “Б***” ХХК-д болон Ж.Ө*** нар нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэлгүй тодорхой хугацаа өнгөрснөөс шалтгаалан шүүх Ж.Ө***т 204 м.кв газар шилжүүлэн эзэмшүүлэхийг шууд даалгах боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй,

3.4 Шийдвэрийн тодорхойлох хэсэгт үнэн зөв дүгнэлтүүдийг хийсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн,

3.5 Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг удирдлага болгон хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ хэргийн ямар нөхцөл байдлыг, хэрхэн тодруулах шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй,

3.6 Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг удирдлага болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд 107.6-д зааснаар маргаан бүхий акт хүчингүй болох талаар шийдвэрт тусгах ёстой атал тусгаагүй нь мөн хуулийн 106.2-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

3.7 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан хуулийн дагуу явагдсан боловч шүүх маргааны зүйлтэй холбогдох үйл баримтыг буруу, дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1 Маргаанд хамааралтай бүхий л баримт хэрэгт авагдсан, талууд шүүх хуралдаанд оролцсон байхд маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

4.2 Захиргааны байгууллагад газар эзэмших талаар ямар ч хүсэлт баримт гаргаж байгаагүй үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нарыг хамтран газар эзэмшигч гэж тодорхойлох боломжгүй.

4.3 Шүүх маргааны үйл баримт, захиргааны актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй

4.4 Гуравдагч этгээд үл хөдлөх хөрөнгийнхөө өргөтгөл барьсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй бөгөөд хэмжилт хийх үед тогтоосон 99 м.кв эсхүл 204 м.кв газраас гуравдагч этгээдийн өргөтгөлд өртсөн 51 м.кв газрыг хасаад 153 м.кв газраа гуравдагч этгээдтэй тохиролцож шилжүүлэн авах боломж нэхэмжлэгчид нээлттэй байхад гуравдагч этгээдийн 5741 м.кв газрын эрхийг бүхэлд нь түдгэлзүүлж захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлснээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч, гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “С***” зочид буудал, өнөөгийн “С*** Э***” цогцолбор барилгад “С*** Э***” ХХК зочид буудлын үйл ажиллагааг явуулж, тухайн цогцолборын барилгад “Х***” ХХК “В***” ХХК, “М***” ХХК, “У***” ХХК болон “Б***” ХХК -иуд тус тус “байрлаж”, аймгийн Засаг даргын 2006 оны 124 дүгээр захирамжаар орчны газар болох нийт 8850 м.кв газрыг дундаа хэсгээр болон хамтран эзэмших байсан.

Үүнээс захирамжид “Б***” ХХК үл хөдлөх хөрөнгийн эзлэх талбай 182 м.кв, дундаа хамтран эзэмших ногдол газар 60 м.кв, дундаа хэсгээр эзэмшиж буй газар 144 м.кв хэмээн заасан.

5. Нэхэмжлэгч Ж.Ө*** нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  “Б***” ХХК-ийг төлөөлөн Ч.Б***той “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай 182 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Б***” ХХК-иас худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2101*** дугаарт бүртгүүлэн гэрчилгээг авсан боловч “Б***” ХХК-ийн бусад этгээдтэй дундаа хэсгээр болон хамтран эзэмших эрхтэй 204 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах асуудлаар хариуцагч аймгийн Засаг даргад хандан өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх журам үйлчилж байсан. Ингэхдээ Засаг дарга нь хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт, хавсаргавал зохих баримтуудыг үндэслэн уг асуудлыг шийдвэрлэх журамтай бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-т "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” гэж хуульчилсан. Мөн аас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ө*** нь дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан гэх тайлбар үндэслэлгүй.

Харин “С*** Э***” ХХК болон гуравдагч этгээдээс гаргасан газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтүүдийг үндэслэн аймгийн Засаг даргын 2008 оны 141, 2014 оны А/88, 2015 оны А/350 дугаар захирамжуудаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон.

6. Тухайн үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн …38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж зааснаар Засаг дарга нь газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэх тул Ж.Ө***ийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй болон шийдвэр гаргахаас татгалзсан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна” хэмээн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа маргаан бүхий захиргааны актыг харицагчаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар шүүх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд юуны өмнө тухайд маргаан бүхий захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоосон байх ёстой.

7. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад хандан гаргаж байгаагүй. Энэхүү үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.11-т “…захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна”, 3.14-т “…нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж“ тус тус дүгнэсэн атлаа “… С*** зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу Ж.Ө***т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн Т.С***д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэгч Ж.Ө***т газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй. Орхон аймгийн Засаг дарга 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Дундын эзэмшлийн газрын тухай” 124 дүгээр Захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн газар эзэмших эрх дуусгавар болгох тухай 39 дүгээр зүйлийн  39.1.4.-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэсэн заалтыг үндэслэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулж газар олгосон байна гэж дүгнэж,  Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн Т.С***д холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн нь  үндэслэлгүй байна.

 Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                               

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Ө***ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт, “С***” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хуульд нийцсэн гэрээний дагуу Ж.Өлзийжишигт шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргах /шилжүүлэх/-ыг даалгах, Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт “Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “С*** Э***” ХХК-д 7569 м.кв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ” гэснийг хүчингүй болгуулах, захирамжийн хавсралтаар иргэн Т.С***д 5525 м.кв газар эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн 204 м.кв газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Т.С***д А/576 дугаар захирамжаар олгосон 5525 м.кв газар эзэмших эрхээс “Б***” ХХК-д ногдох хэсгийг хүчингүй болгуулах /106.3.1/” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

   

 

 

 

 

     ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА

 

 

     ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА