Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101

 

Т.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Э.Амарбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар магадлалтай, 1706009670219 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 21 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 422 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 586 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1271 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Т-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн Т.Э-д холбогдох 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн авто машины зогсоол дээр байсан иргэн Б.С-ийн эзэмшлийн 92-99 АРХ улсын дугаартай “Маяти” загварын тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс нэг хайрцаг “Вест” тамхи хулгайлж 1,015,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Өргөтгөл” нэртэй дэлгүүрийн гаднаас иргэн М.Д-ийн 50 блок тамхийг хулгайлж 1,290,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд бичсэн Баянзүрх дүүргийн Прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцэлд “Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг  хугацааг уг хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд гэмт үйлдэл болон эс үйлдэхүй бүрийг гэмт хэрэгт тооцохоор, өөрөөр хэлбэл нэг орон зай цаг хугацаанд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй нэг гэмт үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор заасан гэж ойлгогдож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагчийн өөр өөр цаг хугацаанд, нэр бүхий иргэдийн өмчлөх эрхэд халдсан хулгайн үйлдэл тус бүр нь гэмт хэргийн шинжийг агуулж, тэдгээр хохирогч нарт тус тусад нь материаллаг хохирол учирсан байна. Мөн хулгайн үйлдлийг аргаар нь авч үзвэл нэг үйлдлийг машины тэвшин дээрээс, нөгөө үйлдлийг дэлгүүрийн гаднаас иргэний эд зүйлсийг хулгайлах байдлаар үйлдэгдсэн, орон зай цаг хугацааны хувьд өөр өөр орчинд бусдын эд хөрөнгийг нууцаар авч байгаа шинж байдлаараа онцлогтой байна. Үүнээс үзэхэд яллагдагчийн үйлдэл тус бүр нь биеэ даасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд үйлдэл тус бүр нь нийлж нэг гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх боломжгүй. Иймээс шүүхээс Т.Э-ийн үйлдсэн гэмт хэргүүдийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг алдагдуулж, гэмт хэргийн ойлголт, шинж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсон хуулийн нэр томьёо, ухагдахуунуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Т.Э-д үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Э.Амарбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцэлд эсэргүүцлийн үндэслэлийг маш тодорхой дурдсан байгаа. Эсэргүүцлийн гол үндэслэл нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх талаар эсэргүүцэл бичсэн. Бид үйлдэл тус бүрт нь ял оногдуулаад нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хууль тогтоогчийн үзэл баримтлалын хувьд ойлгохдоо нэг объектод хэд хэдэн удаагийн үйлдлээр халдсан байх юм уу эсвэл нэг санаа зорилгоор хэд хэдэн объектод халдсан байхыг ойлгох юм уу гэдгийг чухалчлан авч үзэх ёстой. Шүүгдэгч Т.Э нь өмнө нь 7 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд хоёр тусдаа цаг хугацаанд хоёр тусдаа үйлдэл, объектод халдаж үйлдсэн хэргийг үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэж тус бүр оногдуулсан ялыг нь нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Дээрх агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 21 тоот эсэргүүцлийг үндэслэн Т.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Т.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчилсан.

Гэтэл шүүх шүүгдэгч Т.Э-ийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.С-ийн тээврийн хэрэгслийн тэвшнээс нэг хайрцаг “Вест” тамхи, мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн М.Д-ийн 50 блок тамхийг хулгайлсан үйлдлүүдийг нэг гэмт хэрэг гэж үзэж ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь Т.Э-ийн үйлдсэн дээрх хоёр гэмт хэрэг нь тус тусдаа эхлэл төгсгөл, зорилго сэдэлттэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, халдлагын объект тусдаа, учруулсан хохирол салангид байх тул нэг гэмт хэрэг гэж үзэж нэгтгэн ял шийтгэл оногдуулж болохгүй.

Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангах тухай ойлголт нь аль нэг үйлдэл, эс үйлдэхүй бие дааж тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй, эсвэл өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнд тохирч харин тэдгээрийг хамтатгаснаар тодорхой гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн бий болж байх тохиолдолд хамааралтай нэг гэмт хэргийн шинж юм.

Хэрэв тус тусдаа үйлдэл, эс үйлдэхүй нь өөр өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа боловч эцсийн дүнгээрээ нийлж өөр гэмт хэрэг болж байгаа бол сүүлчийн гэмт хэргийн шинжийг үндэслэн зүйлчилнэ.

2002 оны Эрүүгийн хуульд нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй тус тусдаа үйлдлүүдийг хохирлоор нь нэмж нэгтгэн нэг зүйлчлэн ял шийтгэл оногдуулдаг байсан зарчмыг 2015 оны Эрүүгийн хуулиар халсан болно.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН