Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        02          15                                   2023/ШЦТ/242

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Баянзүрх дүүргийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Г.Т-т холбогдох эрүүгийн 2206 05439 0060 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, айти инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил үгүй, ам бүл 2, өвөөгийн хамт Баянгол дүүргийн … дүгээр хороо …. хотхоны 00 дугаар байрны 00 тоотод орших суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

С овогт Г.Т /Регистрийн дугаар 00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  хотхоны ...  дугаар байрны ...  тоотод найз охин Б.Уийг төрсөн ахындаа очих гэсэн хэмээн маргаан үүсгэж түүний хоолойг боож эрүү хэсэгт гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 03 дахь тал/

          Хохирогч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сард ...  худалдааны төвд бартендар ажил хийж байхдаа Ттэй танилцаад удалгүй үерхэж түүний гэрээ орж гарч байгаад гэрт нь хамт амьдрах болсон.  2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой Т бид хоёр гэрийнхээ ойролцоох жижиг пабд архи ууж байгаад 23 цагийн орчимд гэр лүгээ орсон, удахгүй би төрсөн ахынхаа гэрт очих гэтэл манай найз залуу явуулахгүй гээд байсан.  Би гараад цахилгаан шат ирэхгүй байхаар нь шатаар доош буух гэтэл Т араас гарч ирээд намайг явуулахгүй гээд хоолой боож эрүү хэсэгт гараараа цохисон, тэгээд бид гэр лүүгээ орж цагдаа дуудсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

          Гэрч М.П  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчимд манай зээ хүү гаднаас найз охин Утэй орж ирсэн тэр хоёр жаахан юм ууцан байсан юм шиг байна лээ би хоол хийсэн байсан. Бид 3 хамт суугаад идсэн тэгээд би өрөөндөө ороод 30 минут орчим унтах гээд хэвтэж байсан У намайг зодох гээд байна гээд өрөөнд гүйгээд ороод ирсэн. Дараа нь Т орж ирээд чи өвөөг амраахгүй байна гээд маргалдсан тэгсэн би та хоёр болио гэж хэлэхэд охин У гүйгээд гараад явсан удалгүй буцаж орж ирэхдээ цагдаа дагуулаад орж ирсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн ... -15 дахь тал/

          2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хавтаст хэргийн 06 дахь тал/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15159 дугаартай шинжээчийн:

          1. Б.Уийн биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой байна.

          3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 24.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 34 дэх тал/

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 29 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 44 дэх тал/

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 36 дахь/

- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 38 дахь тал/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 30 дахь тал/

- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, /хавтаст хэргийн 32 дахь тал/

- Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, /хавтаст хэрийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Т гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

           Шүүгдэгч Г.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Тт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Г.Тийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ...  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах …хотхоны ...  дугаар байрны ...  тоот гэртээ найз охин Б.Уийг “Төрсөн ахындаа очих гэлээ” шалтгаанаар маргаан үүсгэж түүний хоолойг боож, эрүү хэсэгт гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Уийн “...Би гараад цахилгаан шат ирэхгүй байхаар нь шатаар доош буух гэтэл Т араас гарч ирээд намайг явуулахгүй гээд хоолой боож эрүү хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч М.П “...Б.У намайг зодох гээд байна гээд өрөөнд гүйгээд ороод ирсэн. Дараа нь Т орж ирээд чи өвөөг амраахгүй байна гээд маргалдсан тэгсэн би та хоёр болио гэж хэлэхэд охин Б.У гүйгээд гараад явсан удалгүй буцаж орж ирэхдээ цагдаа дагуулаад орж ирсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15159 дугаартай дүгнэлт,  2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шүүгдэгч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  гэм буруутай болох  нь нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаад дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад уг хуульд хамаарах этгээдэд “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарна...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Т, хохирогч Б.У нар нь хамтран амьдардаг талаар мэдүүлсэн нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдсон  гэж үзлээ.  

Шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Уийн эсрэг үйлдсэн нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Г.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг өөрийн хүсэл, эрхшээлд байлгахаар, өөрийн хийж буй үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч  Г.Тийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.У нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, тусгайлан гаргах гомдол, саналгүй талаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

                   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээ нь хуульд нийцсэн, тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр  торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  нотлох баримтаар  төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ...  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ