| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/30 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/30
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Дт холбогдох 2316000280014 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр төрсөн, эрэгтэй, ... настай, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж аавын хамт амьдардаг, ... оршин суух хаягтай, урьд ... дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл эдэлж байсан, ... регистрийн дугаартай, У овогтой М.Д.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 24 дүгээр байрны гадаа Т.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн улмаар хөлөөрөө хавсарч газарт унаган нүүрэн тус газарт нь өшиглөж, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зовхи, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун хацар, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шөнийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 24 дүгээр байрны хойно Т.Бтэй тааралдаж улмаар түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн хөлөөрөө хавсарч газарт унаган нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна. санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Дээрх үйл баримтын улмаас Т.Бийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зовхи, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун хацар, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол хөнгөн хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Д гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Бид хэд “Кайф” караокед сууж байгаад нэг нэг шил пиво уусан. С явлаа гэхээр нь бид хэд гарч ирэхэд Т.Б дээрээс орилоод ирсэн. Тэгээд ирчхээд над руу ацлаад байсан. Би гэр рүүгээ явахад Т.Б араас ирээд юм яриад намайг 2 цохиж авсан. Тэр үед шанаа жоохон хавдсан байсан. Тэгээд уурлаад хавсарч унагаагаад нүүр рүү нь хоёр өшиглөсөн... Ирээд дээрэлхээд байсан. Би танихгүй. Ирээд зогсож байхад шанаа руу 2 цохисон. Тэгээд уур хүрээд... Хохиролд 650.000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим Мичид караокеноос гараад ганцаараа 24-р байрны тэнд явж байхад нэг залуу дуудсан. Тэр залуу дээр яваад очиход Б гээд миний нэрээр хэлсэн. Тэгээд л зодоон болсон. Тухайн газар камергүй харанхуй газар зодоон болсон. Тэнд 3 танихгүй залуу байсан. Яг хэн нь намайг яаж зодсоныг би мэдэхгүй байна. Намайг цохих үед нь би ухаан алдсан байсан. Зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зовхи, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун хацар, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтэл учирсан. Улаанбаатар хот руу онош тодруулж ирсэн. Эмчилгээ сувилгааны зардлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /ХХ29/,
Гэрч Д.Бүрын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мичид баар руу ганцаараа явж байсан чинь замд 24-р байр “Симба” дэлгүүрийн ард талд Б.Б хажууд нь 2 залуу байж байсан. Тэгээд тэд нар дээр очиж Б.Бээс юу болж байгаа юм бэ гэхэд Б.Б энэ 2 хоорондоо муудалцаад гэхээр нь зодуулж байсан хүний нүүрийг нь харахад Т.Б байсан. Тэгээд юу болж байна та нар энэ хүн чинь ухаангүй байна гэх хооронд хажууд нь зогсож байсан залуу нь өшиглөөд авсан. Тэгээд хажууд нь байсан 2 залуу өшиглөсөн залууг барьж авахад би Т.Бийг татаж харахад ухаангүй байхаар тэнд байсан 3 залууд энэ хүнийг эмнэлэг дуудаж өг эсвэл гэрт нь хүргэж өг гэж хэлсэн. Тэгтэл өшиглөсөн залуу нь наадах чинь баашилж байгаа юм орхиод явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь наад хүн чинь ухаангүй байна орхиод явбал хөлдөж үхнэ та 3 хүн амины хэрэгт орно шүү гэж хэлсэн. Б.Б нэг залуутай Т.Бийг сугадаад хажууд нь нөгөө өшиглөсөн залуу нь дагаад тэр 3 аваад явсан. Намайг очиход Т.Бийг газарт унасан байсан. Хажууд нь зогсож байсан залуу нь Т.Бийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Т.Б нь ухаангүй байсан. Өшиглөсөн залуу нь согтуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг /ХХ31/,
Гэрч Л.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би М.Д, С, Б.Б бид 4 цогцолборын ард байдаг кайф караокед суусан юм. М.Д, Б.Б бид 3 дуулж байгаад гараад дээшээ алхаж байтал дээрээс Т.Б гэх залуу орилоод миний ахыг яагаад байгаа юм гээд орилоод хүрч ирсэн. Тэгэхээр нь бид нар зүгээр байна гэж хэлэхэд М.Д руу орилоод түлхэж аваад байсан. Тэр үед нь Б.Б боль гэж хэлэхэд М.Д гэр лүүгээ явлаа гээд 24-р байрны үүдээр хойшоо явсан. Тэгээд би Бтэй юм ярьж байгаад эргээд хартал хүн байхгүй. Арын гудамж руу орчлоо гээд араас нь очиход М.Д Т.Бийг унагаагаад нүүр рүү нь өшиглөж байхад нь Б.Б бид хоёр очиж салгасан. Д.Бүр газарт унасан залууг хараад таньж байсан. Т.Бийн зүүн нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан хэвтэж байсан. Намайг очиход л Т.Б нь газарт унасан М.Д нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /ХХ33/,
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би М.Д, С хоёртой Кайф караокед сууж байгаад гараад гэр лүүгээ алхаж явтал Т.Б ганцаараа Мичид баарны тэндээс бид нар дээр ирчхээд М.Д руу бацааныг ална гээд янз бүрийн юм яриад байсан. Тэгээд М.Д нь гэр рүүгээ явлаа гээд явахад Т.Б араас нь очиж хоорондоо зодолдсон байсан. М.Д Т.Бийг цохиод газар унагаагаад нүүр рүү нь өшиглөж байхаар нь Бя, Д.Бүр бид 3 очиж салгасан. Т.Бийн нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ35/,
2023 оны 01 сарын 19-ний өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Долгормаагийн 1532 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.Т.Бийн зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зовхи, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун хацар, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /ХХ47-48/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас Т.Бийн эрүүл мэндэд хохирол учирсан ба М.Д нь хохирогчийн эмчилгээний зардалд 650,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 127 дугаар хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Т.Бийн хувьд хөнгөн зэргийн гэмтэл гарсан ч гэсэн хамрын ясны хугарал одоог хүртэл эмчлэгдээгүй байгаа. Иймээс цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлыг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангаж хохирогч Т.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Д нь хохирогч Т.Бд хохирол төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овгийн М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Дт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 650,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА