Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/169

 

 

 

 

   2023        02         10                                   2023/ШЦТ/169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке

Улсын яллагч Г.Түвшинбаяр

            Шүүгдэгч .............. түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ..............т холбогдох эрүүгийн 2309 0000 0160 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч .............. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дугаар сарын 12-аас 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо .............. тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ..................ийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үүссэн маргааны явцад нүүр, толгой хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамар, 2 хацар, шанаа, хүзүү, 2 гарын бугалга, шуу, сарвуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, 2 гарын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч .............. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

  Эрүүгийн 2309 0000 0160 дугаартай хэргээс:

Хохирогч ..................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө манай нөхөр .................. бид хоёр маргалдаад намайг зодсон тэгэхээр нь .................. гэдэг найзаа дуудсан. Би тухайн өдөр найз нартайгаа таньдаг эгч Нарангэрэлийн гэрт очиж пиво уусчихаад байж байхад нөхөр .................. намайг ирж аваад бид хоёр гэртээ орж ирээд унтах гэж хэвтсэн. Юунаас болж маргалдсан талаар бол би санахгүй байна ямар ч байсан намайг цохиод авсан. Маш богино хугацаанд намайг дандаа гараараа зодсон нүүр толгой руу цохисон би чи яаж байна би .................. байна, эхнэр чинь байна таньж байна уу гэж хэлсэн гэтэл гараад яваад өгсөн тэгээд би гарсан араар нь нөгөө таньдаг хоёр найз ах, эгч хоёрыг дуудаад мөн найз ..................г дуудаад 6-7 минут болсны дараа манай нөхөр буцаад орж ирээд буйдан дээрээ суухаар нь би чи чинь яаж байгаа юм бэ? гэсэн чинь би юу ч санахгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай найз нар орж ирээд цагдаа дуудсан гэтэл манай нөхөр гарж явснаа би ер нь цагдаагийн газар руу явах хэрэгтэй юм байна гээд ороод ирсэн. Манай нөхөр архи уудаггүй болохоор 1 пиво уугаад тасардаг юм. Тэр өдөр гэрт байсан нэг шилтэй шинэ жилээр үлдсэн оргилуун дарсыг уусан байсан. Өмнө нь намайг зодож байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч Б...................ы "...2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 01 цагийн орчим манай найз .................. залгаад зодуулчихлаа гээд уйлсан тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ хэнд зодуулчихсан юм бэ гэж асуухад .................. намайг зодсон гэж хэлсэн тэгэхээр нь юунаас болоод зодож байгаа юм бэ гэж асуутал чи намайг хоёр найздаа дандаа муулдаг гээ биз дээ гээд зодсон гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад гэрт нь ирсэн чинь ..................ийн найз нар болох .................. эхнэр Нарангэрэлийн хамт гэрт нь ирсэн байсан. ..................ийн нөхөр нь байхгүй амиа хорлоно гэж хэлээд гараад явсан байсан. Тэгээд би нөхөр рүү нь залгаад чи яаж байгаа юм бэ? арай л аймар болгосон байна гэж хэлсэн тэгээд цагдаа дуудаад цагдаа орж ирээд байж байтал манай найз .................. ухаан алдаад унасан. Бид нар эмнэлэг дуудаад ГССҮТ-д аваачиж үзүүлсэн, томографикийн зураг авхуулахад зүүн нүдний ухархайн хана цөмөрсөн байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

Шүүгдэгч .............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг ухаан ороход эхнэрээ зодож байгаагаа мэдээд шууд больсон. Би түүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ зодсондоо маш их гэмшиж  байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаартай шинжээчийн “.....................ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцралт зүүн нүдний зовхи, хамар, 2 хацар, шанаа, хүзүү, 2 гарын бугалга, шуу, сарвуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, 2 гарын зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 33-34хуудас/,

Шүүгдэгч ..............ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч .............. нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч .............. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ..............т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .............. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дугаар сарын 12-аас 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо .............. тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ..................ийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар үүссэн маргааны явцад нүүр, толгой хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамар, 2 хацар, шанаа, хүзүү, 2 гарын бугалга, шуу, сарвуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, 2 гарын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь: шүүгдэгч ..............ын  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч .................., гэрч Б...................ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ..............ын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч ..................ийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч ..............ын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч .............. нь гэр бүлийн гишүүн болох эхнэр ..................т хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч .............. нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч .................. нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох ..............аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Эрүүгийн хариуцлагын талаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ..............ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ..............т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгийн  торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч .............. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..............т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4,7 дахь хэсэг,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..............ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ..............т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг /хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч .............. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..............т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ