| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 185/2023/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/202 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/202
2023 02 17 2023/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч: Э.Уранчимэг /онлайнаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дэлгэр,
Хохирогч, шүүгдэгч: Н.М, Б.З нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.М, Б.З нарт холбогдох эрүүгийн 2209000001208 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “А” танхимд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, 20 оны дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б.З
Хоёр. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “М т” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн, Н.М
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.З нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К К” паб дотор Н.М-той үл ойлголцол үүсгэн маргалдаж улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал таславчийн муруйлт, зүүн мөрний үений холбоосны суналт, тархи доргилт дух хамар, зүүн нүдний зовхи, дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн няцрал, уруулд язрал, хүзүү өвчүүнд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.М нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К К” паб дотор Б.З-тай үл ойлголцол үүсгэн маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.З-ын эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хананы сэлтэрсэн хугарал, зулай, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.М-ийг хохирогч Б.З-ын биед хамар ясны баруун хажуу хананы сэлтэрсэн хугарал, зулай, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.З-ыг хохирогч Н.М-ийн биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал таславчийн муруйлт, зүүн мөрний үений холбоосны суналт, тархи доргилт дух хамар. зүүн нүдний зовхи. дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт. зөөлөн няцрал, уруулд язрал. хүзүү өвчүүнд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэргээс:
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 113-118 дугаар хуудас/,
-Хохирогч Н.М-ийн “...2022 оны 05 дугаар сарын 30-ны орой 20 цаг 30 минутад өөрийн эхнэр А-ийн хамт Драмын театрт “Тамгагүй төр” гэсэн жүжиг үзчихээд 23 цаг өнгөрч байхад “К к” пабад эхнэрийн найз Д-ий төрсөн өдөр дээр очсон. Пабад очих үед Д нь хоёр найзын хамт сууж байсан. Тухайн үед Д нь хэт их архи ууснаас болоод пабын шалан дээр бөөлжчихсөн юм. Энэ үед З гэж зөөгч уурлаад байсан тэгэхээр нь би мөнгийг нь өгчихье нэг бол өөрсдөө цэвэрлэе гэсэн чинь урдаас уурлаад байхаар нь бид хоёр маргалдсан. Маргаан болох үед З нь миний нүүр хэсэгт 4, 5 удаа нударга зангидаж цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь нударга зангидаж 2 удаа цохьсон өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
-Хохирогч Б.З-ын “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр К к пабад ажиллаж байхад үйлчлүүлж байсан эрэгтэй хүн болон 2 эмэгтэй хүн цохисон ба эрэгтэй нь буюу М нь миний хамар хэсэг рүү цохисон, мөн текэн дээр байсан шаазан данхаар миний толгой хэсэг рүү цохисон ба данх нь хагарч миний толгойн дээр зоогдсон ба тухайн зоогдсон хагархайнуудыг би ГССҮТ-д авхуулсан. Мөн миний биед учирсан гэх гэмтлүүдийг М гэх хүн нь үүсгэсэн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Б-ын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7936 дугаартай “Н.М-ийн биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, зүүн мөрний үений холбоосны суналт, тархи доргилт, дух, хамар, зүүн нүдний зовхи, дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, хүзүү, өвчүүнд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 912 дугаартай “...Б.З-ын биед 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн толгойн томограммууд хамар ясны баруун хажуу хананы урд хэсгээр сэлтэрсэн шинэ хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт, 2022 оны 07 дугаар сарын хамар, дайврын томограммуудад хамар ясны баруун хажуу хананд бороололт ууссан хуучин сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдпоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Б.З-ын биед хамар ясны баруун хажуу хананы сэлтэрсэн хугарал, зулай, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэрэгт хөнгөн зэрэг тогтоогдпоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/,
-Яллагдагч Б.З-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас/,
-Яллагдагч Н.М-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 127-135 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К К” паб дотор Б.З, Н.М нар нь бусдад зодуулж, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.М нь хохирогч Б.З-ын биед хамар ясны баруун хажуу хананы сэлтэрсэн хугарал, зулай, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.З нь хохирогч Н.М-ийн биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал таславчийн муруйлт, зүүн мөрний үений холбоосны суналт, тархи доргилт дух хамар. зүүн нүдний зовхи. дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт. зөөлөн няцрал, уруулд язрал. хүзүү өвчүүнд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч Н.М-ийн “...2022 оны 05 дугаар сарын 30-ны орой 20 цаг 30 минутад өөрийн эхнэр А-ийн хамт Драмын театрт “Тамгагүй төр” гэсэн жүжиг үзчихээд 23 цаг өнгөрч байхад “К к” пабад эхнэрийн найз Д-ий төрсөн өдөр дээр очсон. Пабад очих үед Дөлгөөн нь хоёр найзын хамт сууж байсан. Тухайн үед Д нь хэт их архи ууснаас болоод пабын шалан дээр бөөлжчихсөн юм. Энэ үед З гэж зөөгч уурлаад байсан тэгэхээр нь би мөнгийг нь өгчихье нэг бол өөрсдөө цэвэрлэе гэсэн чинь урдаас уурлаад байхаар нь бид хоёр маргалдсан. Маргаан болох үед З нь миний нүүр хэсэгт 4, 5 удаа нударга зангидаж цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь нударга зангидаж 2 удаа цохьсон өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.З-ын “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр К к пабад ажиллаж байхад үйлчлүүлж байсан эрэгтэй хүн болон 2 эмэгтэй хүн цохисон ба эрэгтэй нь буюу М нь миний хамар хэсэг рүү цохисон, мөн текэн дээр байсан шаазан данхаар миний толгой хэсэг рүү цохисон ба данх нь хагарч миний толгойн дээр зоогдсон ба тухайн зоогдсон хагархайнуудыг би ГССҮТ-д авхуулсан. Мөн миний биед учирсан гэх гэмтлүүдийг М гэх хүн нь үүсгэсэн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,
Яллагдагч Б.З-ын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,
Яллагдагч Н.М-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 912 болон 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7936 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгч нарын өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Б.З, Н.М нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч Б.З, Н.М нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч нарын бие биетэйгээ зодолдсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б Б.З, Н.М нар нь харилцан зодолдох үедээ бие биедээ хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.З, Н.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.З, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч Б.З нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К К” паб дотор Н.М-той үл ойлголцол үүсгэн маргалдаж улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал таславчийн муруйлт, зүүн мөрний үений холбоосны суналт, тархи доргилт дух хамар. зүүн нүдний зовхи. дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт. зөөлөн няцрал, уруулд язрал. хүзүү өвчүүнд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.М нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К К” паб дотор Б.З-тай үл ойлголцол үүсгэн маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.З-ын эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хананы сэлтэрсэн хугарал, зулай, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.З, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Б.З, Н.М нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хохирогч Б.З, Н.М нараас “...Ямар нэг гомдол саналгүй...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг /хавтаст хэргийн 89 дүгээр тал/ Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Б.З, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.З, Н.М нарт 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.З, Н.М нар дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 /тав/ ширхэг сидиг тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160
дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.З, Н.М нарт тус бүр оногдуулсан 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Н.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.З, Н.М нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сидиг хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР