Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

 

 

   2023        02        10                                      2023/ШЦТ/171

                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке

Улсын яллагч Э.Уранчимэг

            Шүүгдэгч .................. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2209 00000 2403 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч .................. нь "Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Өгөөжийн уулзвар дээр 2022 оны 11 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчим цагдаагийн алба хаагч .................., Б................... нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж албаны шаалдлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэслэгч ..................ийг толгойгоороо мөргөж уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан халдсан" буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ..................ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

   Эрүүгийн 2209 00000 2403 дугаартай хэргээс

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13-р хуудас/

Хохирогч ..................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...2022 оны 11 дүгээр сарын 13-ны орой 22 цаг 13 минутад үүрэг гүйцэтгэж байх хугацаанд .................. дугаараас Лавай захын гэрлэн дохионоос Мишээл рүү .................. УБН улсын дугаартай улаан өнгөтэй “Варенглер” тээврийн хэрэгслийг согтуу жолооч жолоодож байна гэсэн дуудлага таблетаар ирсэн. Дараа нь би дуудлага өгсөн дугаар луу залгахад дуудлага өгсөн иргэн би ард нь дагаад явж байна аа, согтуу жолоочтой машин Хан-Уул дүүргийн баруун хойд уулзвараар нарны хороолол руу эргэх гээд гэрлэн дохин дээр зогсож байна гэж хэлсэн. Дараа нь би Хан-Уул дүүргийн уулзвар дээр ирээд дуудлага өгсөн хүнтэй дахин холбогдоход би нөгөө машины араас дагаад нарны гүүрээр өгсөж байна гэж хэлсэн. Би араас нь очоод Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Өгөөж" ХХК-ний уулзварын урд зам дагуу тухайн .................. УБН улсын дугаартай улаан өнгөтэй “Вранлер” машиныг тусгай дуут дохиогоор буюу чанга яригчаар зүүн шахаад зогс гэхэд хурдаа багасгаж байсан тул урд нь очоод зогссон. .................. ахмадын хамт тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалган дээр очоод өөрийгөө танилцуулаад бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тухайн жолооч 30 орчим насны залуу байсан бөгөөд тухайн машины цонх онгойх үед согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Мөн тухайн жолоочийг тээврийн хэрэгслээс буугаад ир гэж хэлэхэд өөрөө машинаасаа бууж ирсэн. Тэгээд буусны дараа та нар яасан гэж намайг шалгаж байгаа юм, би эрүүл байна гэж хэлсэн. Тэгэхэд би болон ахмад .................. нар эрүүл согтууг чинь ажил дээр очоод шалгана гэж хэлсэн. Дараа нь .................. намайг тухайн тээврийн хэрэгслийг барьчих, жолоочийг хажуу талын суудалд суу гэхэд, тухайн жолооч .................. ахмадад хандаж та нар намайг энд нь шалгаад явуул, та нарт авч явах эрх байхгүй, би эрүүл байна гэж хэлсэн. Тэгэхэд .................. ахмад танаас юу үнэртэж байгаа талаар асуухад, хариуд нь жолооч нь би вина уусан өөрийгөө эрүүл хэмжээнд байгааг мэдэж байна, та нар намайг шалгах эрх байхгүй гэж хэлээд шалгуулахаас зайлсхийж шаардлага эсэргүүцсэн. Тэгээд тухайн жолооч нь явахгүй гээд хууль ёсны шаардлага эсэргүүцээд мөн тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь асаалттай байсан тул хөдөлгүүрийг унтраах гэж .................. ахмадыг ойртох үед тухайн жолооч .................. ахмадыг араас нь татаж биед нь халдсан тул .................. ахмад гарыг нь гавал гэж хэлсэн бөгөөд би нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглаж жолоочийн баруун гарт гав зүүлгээд зүүн гарыг нь холбох гэж байхад тухайн тээврийн хэрэгслийн хойно сууж байсан эхнэр нь гэх эмэгтэй бууж ирээд манай нөхрийг яах гээд байгаа юм гэж орилоод .................. ахмадын нэр болон өвлийн ногоон хантаазнаас нь зулгааж нэрийг нь урсан. Тэгээд тухайн эмэгтэй .................. ахмад руу орилоод хувцаснаас нь татаж чангаагаад байсан. Тэр хооронд жолооч нь зүгээр байхгүй .................. ахмадыг хэл амаар доромжлоод орилж чарлаж агсам тавьж байхад нь би жолоочийн баруун гарыг нь барьж зогсож байсан. Тэгээд .................. ахмад руу дайрах гээд хөдлөх гэж оролдоход би гавтай гарыг нь барьсан байхад жолооч нь эргэж хараад толгойгоороо миний нүүрний уруул хэсэгт нэг удаа мөргөсөн. Дараа нь би тухайн жолоочид нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглаж хоёр гарыг нь ард нь гавлаад 102 дугаарт дуудлага өгсөн. Тухайн жолоочийг эрүүлжүүлэх саатуулах байранд аваачиж согтуурлын зэрэг шалгах багажаар үлээлгэхэд 0.35% зааж байсан. Эмчилгээний  төлбөрөө авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Гэрч Б...................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу 18 цагаас шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хамт үүрэг гүйцэтгэж байсан шөнийн эргүүлийн 3 цагдаа зохицуулагч нар 3 дугаар чиглэлийн хамгаалалтад 3 постонд байр эзэлсэн байсан. Энэ үед дэслэгч ..................ийн хамтаар 22 цагийн орчим дуудлагад явж байсан орой 22 цаг 13 минут .................. дугаарын утсанаас улаан өнгийн “Варенглер” маркийн .................. УБН" улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу жолооч бариад Мишээлийн гэрлэн дохионоос хотын төв руу явж байна гэж иргэнээс дуудлага ирсэн. Энэ дуудлагын дагуу дуудлага өгсөн утсаар холбогдоход тухайн тээврийн хэрэгсэл нь Нарны гүүрний урд уулзвар дээр гэрлэн дохион дээр нарны гүүр Рио маркийн 16-93 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дуудлага өгөгчтэй холбогдож араас нь очиход нарны гүүр хойшоо дагаж яваад "Өгөөж” ХХК-ийн урд уулзвар дээр утаснаас улаан өнгийн “Варенглер”  маркийн .................. УБН тээврийн хэрэгслийг зогсоосон. Дэслэгч .................. түрүүлж буугаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочид өөрийгөө танилцуулан бичиг баримтаа шалгуулахыг шаардсан энэ үед би цуг хажууд нь очиж тухайн жолоочтой харилцах үед тээврийн хэрэгслээс нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Ингээд тухайн жолоочийг тээврийн хэрэгслээс нь буулгаж хэлтэс рүү очиж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар шалгуулахыг шаардтал тухайн тээврийн хэрэгслийн жолооч би ингээд байна уу яах гээд байна би эрүүл байна гэх зэргээр өөдөөс уурлаж авч явж шалгадаг хуулиа гаргаад ир би явж шалгуулахгүй гээд эсэргүүцээд байсан. Ингээд тухайн тээврийн хэрэгсэл нь асаалттай байсан тул тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраах зорилгоор ойрттол миний хүрэмний араас тухайн тээврийн хэрэгслийн жолооч татаж эсэргүүцэл үзүүлэх үед .................. бид хоёр тухайн жолоочийг гавлах гээд ..................ид гаваа гаргаж ир гэж хэлээд гавлах гэтэл тухайн тээврийн хэрэгслийн дотор сууж явсан согтуу эмэгтэй буугаад ирчихсэн надтай зууралдаад бид нарын голоор орж ирээд зууралдаад орилоод би аваад явчихъя би аваад явчихъя гээд орилоод байсан. Ингээд шаардлага биелүүлэхгүй байхаар нь би өөрийн дугаараас 102 дугаарт залгаж нэмэлт хүч дуудсан алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй байна гэж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч И.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд манай нөхөр .................. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул дуудлагын жолооч дуудахад ирээгүй. .................. өөрөө жолоо бариад улаан хүрэн өнгийн жип ранглер маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод явсан. ... Дараа нь цагдаагийн алба хаагч бууж ирээд ..................г тээврийн хэрэгслээс бууж ирнэ үү хэмээн шаардлага тавьсан. ...Тухайн цагдаа нь ..................гийн зүүн гарыг мушгиж, хойшоо угзарч татахад .................. эргэж хараад цагдаагийн алба хаагчийг зүүн гараараа 1 удаа, баруун гараараа шанаа руу нь санаандгүй цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26  дугаар хуудас/

Шүүгдэгч ..................ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим Нүхтээс гэрлүүгээ харьж явсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан цагдаагийн алба хаагч зогсооход цагдаатай маргалдаад намайг гавлах баривчлах үед нь эсэргүүцэл үзүүлсэн. Эхнэрийн хамтаар явж байсан ба эхнэрийн биед халдсан гэж бодоод эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд гавлах явцад би гараараа цохиогүй тухайн үед нь толгойгоороо мөргөлдсөн юм өөр зүйл бол болоогүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ бол би хариуцлагаа хүлээсэн харин цагдаагийн алба хаагчийн эсэргүүцсэн үйлдэлдээ гэмшиж байна. .................. гэх цагдаагийн алба хаагчаас уучлалт гуйгаад хохирол төлбөр мөнгийг дансаар шилжүүлэн өгч гомдолгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас ял шийтгэлгүй шийдэж өгөхийг хүсэж байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15597 дугаартай "..................ийн биед уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

Шүүгдэгч ..................гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/

Шүүгдэгч ..................гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Лувсандангангийн бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 66 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байх бөгөөд ..................гийн үйлдэл нь санаатай үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн тогтоогдоогүй.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .................. нь "Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Өгөөжийн уулзвар дээр 2022 оны 11 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчим цагдаагийн алба хаагч .................., Б................... нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж албаны шаалдлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэслэгч ..................ийг толгойгоороо мөргөж уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан халдсан"  гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч ..................ы мөрдөн шалгах ажиллагаа шүүх шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн мэдүүлэг, хохирогч ..................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15597 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ..................гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул ..................г Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч .................. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 16-17 дугаар тал/ тул шүүгдэгч ..................г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос ..................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч ..................г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд , эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000/ хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч .................. нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

..................д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6  дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч ..................д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ..................г 2700 / хоёр мянга долоон зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч .................. нь оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000/ хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч .................. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1/нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ..................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4,7 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тавчууд овогт ..................г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н...................г 2700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ..................д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000/ хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .................. нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

6. Шүүгдэгч .................. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ